sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /DW/. Украинд гал зогсоох тохиролцоонд хүрэхээс нааш Оросын эсрэг авсан хоригийг АНУ сулруулахгүй, мөн хоёр талын ямар ч хэлэлцээр байгуулахгүй гэж Төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн дарга Тэмми Брюс мэдэгджээ. 


"Энэ дайн зогсохоос нааш ямар ч хэлэлцээ, ямар ч шийдвэр, ямар ч тохиролцоо байхгүй" гэж Т.Брюс сэтгүүлчдэд хэлсэн байна.


Тэрбээр мэдэгдэхдээ, ОХУ Сумы хотод пуужингийн цохилт өгсөн нь “чухам хэн нь энх тайван, гал зогсоохыг хүсэж байгаа вэ?” гэдэг асуудлыг дахин хөндөж байна гэж онцолжээ. Мөн Украины дайныг “махны машин” гэж нэрлээд “ямар ч өөрчлөлт харагдахгүй байна” гэж нэмж хэлсэн байна.


WSJ: Оросын талаарх бодлогоо чангатгахыг зөвлөжээ


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Ерөнхийлөгчийн Украины асуудлаарх тусгай элч Кит Келлог нар Дональд Трампт хандан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний “дипломат зорилго”-д илүү няхуур болгоомжтой хандахыг зөвлөсөн тухай "The Wall Street Journal" (WSJ) сонинд мягмар гарагт бичжээ. 


Украинтай энхийн хэлэлцээ хийлгэхийн тулд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгах эсэх асуудлаар Цагаан ордонд хийсэн уулзалтын үеэр дээрх зөвлөгөөг өгсөн байна. 


Рубио, Келлог нар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй харилцахдаа болгоомжтой байж, илүү хатуу байр суурь баримтлахыг Цагаан ордны тэргүүнд зөвлөсөн байна. Ялангуяа, газар нутгийн асуудлаар буулт хийлгэх гэсэн Оросын талын шаардлагад илүү шийдвэртэй, хатуу байх суурь баримтлах хэрэгтэй гэж зөвлөжээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг