sonin.mn
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.АЛТАНЗУЛТАЙ ярилцлаа.
 
-Төр, засгаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн онд танай хорооноос ямар ажлыг шат дараатай хийсэн бэ?
 
-Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос өнгөрсөн онд агаарын бохирдлыг хянах харуулын байрыг суурилуулж, РМ10/РМ2.5 тоосонцор хэмжих автомат болон зөөврийн багажаар тоноглосноор Улаанбаатар хотын агаарын чанарын 15 харуулыг автомат ажиллагаатай болгосон. Ингэснээр нийслэлийн агаарын чанарын мэдээллийг иргэдэд дэлгэцээр байнга хүргэх нөхцөлийг бүрдүүллээ.
Өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажил бол “Тавантолгой түлш” ХХК-ийн баруун бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх, зүүн бүсийн үйлдвэрийг байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх автомат системийг ажиллуулж чадлаа. Уг ажлын үр дүнд сайжруулсан шахмал түлш боловсруулах үйлдвэр өндөр хүчин чадал бүхий зургаан шугамаар цагт 180 тонн шахмал түлш үйлдвэрлэхээс гадна түүхий эдээ төмөр замаар тээвэрлэн татаж авах боломжийг бүрдүүлсэн. Зүүн бүсийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, бүрэн хүчин чадлаараа ажилласнаар нийт 1056 хүнийг ажлын байраар хангасан байна.
 
-“Яндангаа хөөлье” аяныг хэрэгжүүлснээр нийт хэдэн айлд үйлчилгээ үзүүлэв. Үүнд гэрээт ажилчдыг сургаж ажиллуулсан гэл үү?
 
-“Тавантолгой түлш” ХХК болон тус компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албатай хамтран хэрэгжүүлсэн дараагийн чухал арга хэмжээ бол “Яндангаа хөөлье” аян юм. Уг аяны хүрээнд нийслэлийн агаарын чанарын бүсэд хамаарах зургаан дүүргийн гэр хорооллын айл өрхүүдийн яндан, зуух, ханан пийшинг хөөлөх мэргэжлийн 400 яндан хөөлөгч, гэрээт ажилтныг сургаж бэлтгэсэн. Энэ хүрээнд айл өрхүүдийн яндан, ханан пийшин хөөлөх ажлыг амжилттай зохион байгуулан ажилласан. “Тавантолгой түлш” ХХК-ийн дуудлагын утсанд нийт 18 мянган дуудлагыг хүлээн авснаас 12.6 мянга гаруй айл өрхөд үйлчилгээ үзүүлсэн байна. Үүний үр дүнд угаарын хийн яаралтай түргэн тусламжийн дуудлагыг 85 хувиар бууруулсан. Мөн “Яндангаа хөөлье” аяны зааварчилгааны тараах материалыг Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, “Таван толгой түлш” ХХК-тай хамтран гэр хорооллын 200 мянга гаруй айл өрхөд хүргэж ажилласан байна.
 
 
 
“COVID-19” цар тахал гарч, хөл хорио тогтоосонтой холбогдуулж, өрхийн орлогогүй болсон зорилтот бүлгийн айл өрхүүдэд түлшний дэмжлэгийг үзүүлэх ажлыг зохион байгуулж, 7840 өрхөд 933 тонн сайжруулсан түлшийг олгосон. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн Халамжийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулж, зорилтот бүлгийн арван мянган өрхөд түлш худалдан авахад шаардагдах 1.5 тэрбум төгрөгийн дэмжлэгийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
 
 
 
 
-Эрчим хүчний яамтай хамтран гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэн нь агаарын бохирдлыг бууруулахад хийсэн чухал ажлын нэг болов уу?
 
-Эрчим хүчний яамтай хамтран нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтөд өнгөрсөн онд 12.1 тэрбум төгрөгийн төсөв баталсныг улсын төсвийн тодотголоор нэмэгдүүлж, нийт 15.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлсэн байна. Засгийн газрын 62 дугаар тогтоол, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу нийслэлийн Засаг даргын Ажлын албатай хамтран 2020 онд 16-100кВт/ц хүртэлх 2293 зуухыг төвлөрсөн дулаан, цахилгаан, сайжруулсан түлшээр хангаж эхэлсэн. Мөн 82 мянган тн орчим түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон.
Засгийн газрын 2020 оны 115 дугаар тогтоолын хүрээнд зөвхөн Улаанбаатар хотод бус цаашид бүх аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сумдад цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон хот, суурин газрын агаарын бохирдлын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх ажлыг эхлүүлж байна. Тухайлбал, арван мянгаас дээш хүн амтай Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Мандал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нийт 145 мянган өрхөд 2020 онд шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлсэн.
 
-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөнд 2025 он гэхэд агаарын бохирдлыг үе шаттайгаар 80 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн. Үүнээс Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлж нүүрсний хэрэглээг үе шаттайгаар халж чадсан. Гарсан өөрчлөлтийн талаар тодорхой хариулт өгнө үү?
 
-Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 15 цэгт агаар бохирдуулах бодисыг автомат багажаар тодорхойлж байна. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд түүхий нүүрсний хэрэглээг халсны үр дүнд агаар дахь бохирдуулагч бодисын 2020 оны жилийн дундаж агууламжийг харьцуулахад PM2.5 тоосонцор 18 хувиар буурсан үзүүлттэй байна. PM10 тоосонцор 27 хувиар багассан. Харин азотын давхар исэл өмнөх жилийн түвшинд байна.
 
-Сайжруулсан түлшийг хэрэглэж эхэлснээс хойш агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурсан үзүүлэлттэй байгаа. Яг хэдэн хувиар буурсан бол?
 
-Түүхий нүүрс хэрэглэж эхэлсэн үетэй харьцуулахад PM2.5 тоосонцор 34, PM10 тоосонцор 34 хувиар багассан бол хүхэрлэг хий болон азотын давхар исэл бага зэрэг өссөн үзүүлэлттэй байна. Үүнд автомашины яндангийн утаан дахь агаар бохирдуулагч бодис гэх мэт хүчин зүйл маш их нөлөөлдөг. Уг бодисын хэмжээг бууруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
 
-Түүнчлэн цахилгаан хийн халаагуур ашигладаг өрх олон болсон нь агаарын бохирдлыг бууруулах ажилд дэвшил авчирсан болов уу?
 
-Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах айл өрх болон аж ахуйн нэгж, байгууллагууд цахилгаан болон хийн халаагуурыг өргөнөөр ашигладаг болсноор агаарын бохирдлыг бууруулах ажилд тодорхой дэвшлийг авчирсан. Энэ нь агаарын чанарын хяналтын системийн үр дүнгийн үзүүлэлтээс харагдаж байгаа юм. Нийслэлийн хэмжээнд болон орон нутагт ажиллаж байгаа галлагаатай уурын зуухнуудад утаа шүүх шүүлтүүр суурилуулах бүрэн боломжтой. 2019 онд нийслэлийн хэмжээнд 290 зууханд утаа шүүх шүүлтүүр суурилуулсан. 2020 онд дөрвөн аймгийн дулааны цахилгаан станцын янданд шүүлтүүр суурилуулсан. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд орон нутагт ажиллагаатай байгаа уурын зуухнуудад болон дулааны цахилгаан станцын янданд утааны шүүлтүүр суурилуулах ажлыг эрчимжүүлэн, тухайн орон нутгийн агаар бохирдлын хэмжээг 20 хүртэл хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна.
 
-Сайжруулсан түлшний үнийг 75 хувиар бууруулсан нь түлшний хангамж, түгээлт нөөцөд нөлөөлсөн болов уу?
 
-Сайжруулсан шахмал түлшний үнэ 75 хувиар бууруулж нэг шуудай түлшний үнэ 900 гаруй төгрөг болсон. Улаанбаатар хотод борлуулалтын картын тогтолцоо болон цэг бүрт гэрээт ажилтнууд нэмэлтээр ажиллуулж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, сайжруулсан шахмал түлшний хангамж болон түгээлт, нөөцөд нөлөө үзүүлээгүй байна.
 
-“Агаарын чанарын ухаалаг хяналтын систем”-ийг нэвтрүүлснээр Аgaar.mn вэб сайтаар дамжуулж иргэд 30 минут тутамд мэдээлэл авах боломжтой болсон. Аль дүүргийн ямар газарт агаарын бохирдол их гардаг вэ?
 
-Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн хэмжээнд 2020 оны хүйтний улиралд агаарын чанарын индексийн үзүүлэлт дунджаар “бага бохирдолтой” түвшинд байсан. Баруун бүс орчим буюу Нисэх, Мишээл экспо, ТЭЦ-3 болон ТЭЦ-4 станц, Нэгдүгээр хороолол, Баянхошуу, Зурагт, Толгойт орчимд бага бохирдолтой. Харин зүүн бүс болох “Ургах наран” хороолол, Амгалан орчимд цэвэр, төвийн бүс буюу Баруун дөрвөн зам, Бөхийн өргөө орчим хэвийн түвшинд байсан үзүүлэлттэй байна.
 
-Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо чухал. Иргэд сайжруулсан түлшээ түлэхээс гадна угаарын хий мэдрэгчээ гэрийнхээ тохиромжтой газар байршуулах ёстой гэдэг.Таны бодлоор үүнд иргэдийн оролцоо хэр байна?
 
-“Тавантолгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны 70119400 дуудлагын утсанд ирсэн нийт дуудлагын тоо 18 мянгаас давсан. Ихэвчлэн ханан пийшин болон зуух, яндангаа хөөлүүлэх захиалга өгөх, заавар зөвлөгөө авах, угаарын хийн мэдрэгчийг байрлуулах, ажиллагааны зааварчилгаа авах тухай байсан нь иргэдийн оролцоо маш сайн буюу идэвхтэй байгааг харуулж байна. Энэ ажлын хүрээнд 400 гэрээт ажилтныг сургалтад хамруулан айл өрхүүдийн яндан, ханан пийшин хөөлөх ажлыг гүйцэтгэсэн бөгөөд дээрх яндан хөөлөгч нарт нийт 12 удаагийн сургалт зохион байгуулсан. Нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын айл өрхүүдээс 12 мянга гаруй айлын яндан, пийшинг хөөлж дотоод агаарын угаарын хийн хордлогын болзошгүй эрсдэлээс иргэдийг урьдчилан сэргийлсэн байна.
 
-Цаашид агаарын бохирдолгүй хот болохын тулд олон ажлыг хийхээр төлөвлөсөн байх. Тодруулбал ямар ажлыг хийх вэ?
 
-Гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийн хөнгөлөлт үзүүлэх, хот, суурин газрын дулааны хангамж, шугам сүлжээг өргөтгөх, шинээр дулааны эх үүсвэр барих ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, хог хаягдлыг бууруулахад чиглэсэн технологийн шинэчлэл хийнэ. Мэдээж, стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангах, үйлдвэрлэлийг дэмжин түүхий нүүрсний хэрэглээг орлуулах нь чухал. Улаанбаатар хотод ажиллаж байгаа халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчийг төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн хангамжид үе шаттайгаар холбоно.
Агаар, орчны бохирдлын эх үүсвэр, хор уршиг, сөрөг нөлөөллийн талаар олон нийтэд бодитой мэдээлэл өгч, зөв дадал хэвшилд сургах, иргэний байгаль орчныг хамгаалах журам, үүргийг таниулахад чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах зэрэг олон цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
 
 
C.Ичинхорлоо
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин