sonin.mn

Манхан суманд бурхны олон шавь нар нэгэн өргөөнд чуулж, эрдэм номын хур буусан сайхан өдөр боллоо. Учир нь захчины Рашгонзиглон хийд үүсэн байгуулагдсаны 250 жил, ахин сэргээсний 22 жилийн ойд зориулсан номын хурал боллоо. Уг хуралд олноо цагаан хэмээн нэрлэгдсэн өвөг эцэг Г.Бадамын тухай тус сумын Түүх-Нийгмийн ухааны багш магистр Ц. Мөнхбат сонирхолтой илтгэл хэлэлцүүлнийг уншигчиддаа хүргэе.

 

Өнгөрсөн 90 жилийн түүхэнд манай түүх бичлэг харьцангуй намчирхах, нэг хүнийг тахин шүтэх шинжтэй болсны улмаас бие хүний гүйцэтгэсэн үйл ажиллагааг зориудаар харлуулах, хийсэн зүйлийг нь хийгээгүй мэтээр олонд таниулах өөр хүн хийсэн мэтээр түүхийг эзэнгүйдүүлж байсан. Харин 1990 онд салхи татуулан давхин ирсэн цагаан морин жилийн хувьсгалын буянаар Монголчууд бид өвөг дээдсийнхээ түүх намтар үйл ажиллагааг үнэн бодитоор бичиж, дэлгэрүүлэх түүхэн завшаан олдсон юм.

 


Миний өвөг эцэг Г.Бадам нь 1917 оны гал могой жил Ховд аймгийн Алтай сумын нутаг Бодончийн голд малчин ард Галдангийн 3-р хүү болон мэндэлсэн. Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухаанд хүүхдээ 5-10 нас хүртэл нь хажуудаа сүүдэр мэт дагуулж сурга гэж сургасны адил өвөг эцэг маань 9-н нас хүртлээ эцэг эхийн гар дээр хүмүүжиж улмаар 1926 онд Төгрөгийн хүрээнээ ирж Маарамба лам Бүрэлгүүн шавь болжээ. Өвөг эцгийнхээ намтар өнгөрүүлсэн амьдрал үйл ажиллагааг 3 ангилж үзэж болохоор байна.


1.1917- 1942 он шашин номонд гэгээрсэн

2.1942- 1990 хар болж аж төрсөн үе

3.1990- 1996 сахил санваараа авч сүм хийддээ эргэн суусан үе



1.1917- 1942 он шашин номонд гэгээрсэн

1926-1937 оны хооронд 11 жил Төгрөгийн хүрээнээ шавилан сууж, гэцэл цолыг эзэмшсэн бөгөөд 1937 онд хэцүү цагийн эрхээр сахил санваараа орхижээ. Аливаа хүний намтрыг ярихын өмнө юун түрүүн тэр үеийн нийгмийн байдлыг яривал ихээхэн чухал. 1930-аад оны дунд үеэс эхпэн Зөвлөлтийн удирдагч Сталины зааврын дагуу их хядлага эхэлж, 1937.09.10-нд “Онцгой бүрэн эрхт комисс” гэгчийг байгуулж, Даргаар нь X. Чойбалсан гишүүдэд нь Шүүх яамны сайд Г.Цэрэндорж, Улсын бага хурлын дарга Л. Лувсаншарав нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

 

Энэ бүрэн эрхт комисс маань нийт 30 гаруй мянган энгийн номхон ардаа үгүй хийсэн байдаг. 2000 оноос “Хэлмэгдэгсдийг цагаатгах төв комисс” гэдэг байгууллага буудуулан хороогдсон өвөг дээдсээ цагаатгах ажлыг эрчимтэй хийж байна. Өвөг эцгийн маань багшийг 1937.12.31-нд Ёнзонхамба нарын “Төв" хэмээх хувьсгалын эсэргүү бүлгийн хэрэгт холбогдуулан буудан алж, хөрөнгийг нь хураах ялаар шийтгэжээ. 1992.10.22-нд Улсын дээд шүүхээс цагаатгажээ. Хилсээр багшаа буудуулахыг харсан өвөг эцэг маань сахил санваараа орхин хар болсон.

 


Түүхийн энэ аймшигт үйл явдлуудыг нүдээр харж, биеэр дайрсан өвөг эцэг маань амьд ахуй цагтаа Манхан суманд багшилж байсан урлаг судлаач, түүхч А. Баасанхүүд аман мэдээг өгсөн байдаг. Жамба Шогдон бурхан болон захчины түүхч Раднаабадраагийн туурвисан Зая бандида Намхайжамцын намтар Сарны гэрэл бүтээлийг Ж.Ванчигт хадгалагдаж байгаа. Төгрөгийн хүрээний барилгыг нурааж сумын захиргааны байшин барьсан гэх мэт үнэн мэдээллийг үлдээсэн.

 

1936 онд өөрийн багш Бүрэлгүүн дүү Тогтох буюу олноо Жондлайн охин Дагийтай гэр бүл болон миний өвөө Баасайг төрүүлжээ. Удалгүй 5-н жилийн цэргийн албанд морджээ. 1938 оны эхээр Монголын дорнод хил дээр милитарист Япончууд өдөөн хатгалга хийж Монголчуудын хүсээгүй дайныг эхлүүлсэн. Халх голын дайны хүнд бэрх цаг үед өвөг эцэг “Маань Дандар Баатарын морьт хорооны арын албанд малын эмчийн ажлыг хийж байжээ. 1939 онд дайн дуусч энх цаг ирсэн 1942 онд цэргээс халагджээ.



2.1942-1990 хар болж аж төрсөн үе

Нутагтаа халагдан ирээд 1942-1950 оны хооронд Манхан сумын Тахилт багт малын эмч, багийн даргын ажлуудыг тус тус хийсэн. 1950-аад оны дунд үеэс Монголчууд атар газар эзэмших атрын I аян мөн бүх нийгэмчилж дуусах их зорилт тавьсан байдаг. Энэ их ажлуудаа 1958 онд хийж дуусгасан миний өвөг эцэг нэгдэлд 400 гаруй малаа нэгдэлдээ нийгэмчилж, нэгдлийн гишүүн болсон.

 

Нэгдлийн малыг 10 гаруй жил маллаж байгаад 1966 онд Ховд хотод шилжин орж худалдаа бэлтгэлийн газрын манаачийн ажлыг 1977 он хүртэл хийсэн.



3.1990- 1996 сахил санваараа авч сүм хийддээ эргэн суусан үе

1977 оноос насан эцэслэлтэлд Манхан сумандаа амьдран суусан. 1990 оны Ардчиллын ариун буянаар миний эцэг Б.Цэгмид Рашгонзэглин хийдийн үйл ажиллагааг дахин сэргээж, П. Жигмэд, Ш. Доноров, Ө. Еэшээ, Г. Бадам, Т. Санжаа, Равдан, Сунгарав нарын 7 ламыг суудалд нь залж суулган шашин номынх нь үйл ажилгааг сэргээн явуулсан юм.


Миний өвөг эцэг лам байхаас гадны нутаг хошуундаа цуутай ерөөлч, уртын дууч хүн байлаа. Нутаг хошуундаа нийт 300 гаруй хурим найр ахалж айл хийсэн ачтай хүн байлаа. Өвөг эцгийн маань ерөөдөг ерөөл нь өөрөө зохиосон хүн болгон мэддэг өргөн дэлгэр ерөөлч байсан. Нутаг хошуундаа цагаан хэмээн нэрлэгдсэн учир нь цагаан царайтай байсантай нь холбоотой.

 

1930-аад оны үед Төгрөгийн хүрээнд Цагаан Бадам, цагаан Дагва, цагаан Самдан гэсэн 3-н цагаан лам байжээ. 3-н цагаан лам байсны нэг нь миний өвөг эцэг юм. Өвөг эцэг маань 1996 онд 80 насандаа бурхныхаа оронд морилсон.

Эх сурвалж: "Ховдын мэдээ"