sonin.mn
Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан Ажлын хэсэг байгуулж, хууль, хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнуудтай холбоотой гомдол, мэдээлэл хэргийг иргэдээс хүлээн авч хянаж, шуурхай шалгаж байгаа билээ. Уг ажлын хэсэгт нэр бүхий прокурор, хуулийн ажилтнуудтай холбоотой гомдлууд тасралтгүй ирсээр байгаа аж.  УЕП-ын газраас шударга бусын хонгилоор оруулдаг прокурор, хуулийн ажилтнуудтай тэмцэж байгаа бөгөөд энэ хүрээнд нэг ангийнхны прокурор, хуулийн ажилтнуудын оролцсон гэх нэгэн хэрэг мөрдөн байцаалтад буцаан шалгахаар болоод байгаа юм.
 
Хуурамч гарын үсэг ашигласан хэргээр шалгагдсан Д.Янжинхорлоогийн хэрэг
 
МУИС-ийн багш Д.Янжинхорлоо нь хуурамч гарын үсэг үйлдэн бусдын өмч хөрөнгийг завшсан гэх гомдлоор хууль хяналтын байгууллагаар шалгагджээ. 
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 6 давхрын барилгын гуравдугаар давхар нь О гэх иргэний нэрэн дээр өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн албан ёсны гэрчилгээтэй байв. Гэтэл Д.Янжинхорлоо нь 2009 оны аравдугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчийн гарын үсгийг хуурамчаар үйлдэн жинхэнэ өмчлөгч нь нотариатад өөрийн биеэр очоогүй байхад гэрээг 83 тоот нотариатч М.Саранцэцэг баталгаажуулан, улмаар анхны Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулан Д.Янжинхорлоо өөрийн нэрийг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн байх юм. Удалгүй 20 хоногийн дараа 2009 оны арваннэгдүгээр сарын 11-нд гарын үсгийг дахин хуурамчаар үйлдэн мөн л  нотариатын газар өөрийн биеэр очоогүй байхад нь хамтран өмчлөгчөөс хасах хэлцлийг 124 тоот нотариатч Р.Онончимэг баталжээ. Р.Онончимэг нь одоо Нотариатчдын танхимын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа.
Ингэж үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ гэрчилгээний эзэмшигч эзэн нь мэдээгүй байхад өмчлөгчөөр өөр хүн нэмж бүртгүүлчихээд сар хүрэхгүй хугацаанд жинхэнэ өмчлөгчийн нэрийг нь хасч бусдын эд хөрөнгийг нэр дээрээ шилжүүлэн авчээ.
Д.Янжинхорлоо нь  Үл хөдлөх хөрөнгийн барьцааны эрх зүйн зохицуулалт сэдвээр докторын зэрэг хамгаалсан, хууль эрх зүйгээр мэргэшсэн хуульч хүн. Гэтэл хуурамч гарын үсгээр бусдын өмч хөрөнгийг булаасан гэх маргаанд нэр холбогдчихсон явж байна.
 
 
 
Д.Янжинхорлоогийн үйлдсэн хуурамч гарын үсэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн тоот дүгнэлтээр “О-гийн гарын үсэг, бичгийн хэвтэй тохирохгүй, гарын үсэг биш байна” гэдэг нь тогтоогдчихсон. 2009 оны 10.16-ны өдөр, 2009 оны 11.11-ний өдрийн гэрээнүүдийг иргэн О-гийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдгийг шүүхийн шинжилгээний шинжээчдийн дүгнэлтээр нотолчихсон байгаа аж.
 
 
 
 
Гэтэл прокурорын байгууллага буюу түүний прокурор ангийн найз нөхөд нь үзэхдээ “Хуурамч бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинжтэй ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн хэргийг хаажээ. Д.Янжинхорлоо нь хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэргээс гадна залилах буюу хуурамч бичиг баримт ашиглаж хуурч эсвэл бичиг баримт ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхад прокуророос хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж хааж шийдвэрлэх нь үндэслэлгүй юм.
Жишээлээд үзэхэд хэн нэгэн танд мэдэгдэхгүйгээр хуурамч гарын үсэг таны өмнөөс зурж таны амьдран суугаа орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч болчихоод нэг өдөр гэрээс чинь хөөвөл танд ямар санагдах уу. Мэдээж  хуультай орны хувьд хуулийн байгууллагаар гомдлоо гаргаад явангуут өөдөөс чинь “Хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх хариултаар таны зээл  авч байж босгосон орон сууцыг хөндлөнгийн хүн авахыг зөвтгөсөн шийдвэр гаргачихвал энэ нь хууль ёсны гэж танд санагдах уу. Ийм л хэрэг болж.
 
Нас барсан хүнийг амьд мэтээр лавлагаа гаргуулан иргэн Л-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Д.Янжинхорлоо нэр дээрээ шилжүүлэн авсан хэрэг
 
Д.Янжинхорлоо нь хоёр ч хэргээр хуулийн байгууллагаар шалгагдсан. Иргэн О-гийн гарын үсгийг хуурамчаар үйлдэн үл хөдлөх хөрөнгийг нь нэр дээрээ шилжүүлэн авсан гэх дээрх хэргээс гадна тус 6 давхар барилгын  I, II, V, VI давхруудын өмчлөгч Л-ийн нэр дээрх өмчлөлийн гэрчилгээг хаясан гэж хуурамч зар гарган дахин шинээр гэрчилгээ гаргуулж өөрийн нэр дээр болгосон гэх хэргээр тус тус шалгагдсан.
Иргэн Л-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь түүний төрсөн хүүгийн сейфэнд хадгалаастай байсан учир хаяж гээсэн гэх зар анхнаасаа гаргуулах үндэслэл уг нь байхгүй байв.
Гэтэл Д.Янжинхорлоо нь холбогдох бичиг баримт бүрдүүлж, 2012 онд өвчний улмаас нас барсан иргэн Л-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шинээр дахин авахдаа талийгаачийг 2017 онд амьд мэт болгож “Иргэн Л Танаа” гэсэн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Г.Ичинхорлоогоор гаргуулсан нь анхаарал татна.
Улсын бүртгэлийн газар нь нас барсан хүнд “Иргэн Л Танаа” гэсэн лавлагааг  яагаад гаргаж өгөв. Энэ нь улсын бүртгэгч нар бусдын эд хөрөнгийг нэр дээрээ шилжүүлэн авахад оролцсон уу гэх хардлагыг төрүүлж байна.
Бүртгэлийн газрын лавлагаа гаргаж өгсөн яг тэр өдөр буюу 2017 оны зургадугаар сарын 09-ний өдөр 124 тоот дугаартай нотариатч Р.Онончимэг нь нас барсан иргэн Л-ийн өмчлөлийг  бие нь тааруу өвчтэй байгаа Ц-гийн нэр дээр шилжүүлэх өвлөх эрхийн гэрчилгээ бичиж өгчээ. Уг нь нас барсан хүний өвлөх эрхийг нотариатч бичиж өгөхдөө хууль ёсны өвлөгч нарыг дуудаж асууж тодруулан бусад өвлөгч байхгүй гэдгийг албан ёсоор тогтоосны дараа өвлөх эрхийн гэрчилгээг бичиж өгөх үүрэгтэй. Гэтэл төрсөн хүүхдүүд нь мэдэгдэхгүйгээр өв залгамжлалын гэрээг бичиж, нотариатаар баталгаажуулсан нь хууль ёсны өмчлөгч нарын эрхэнд халдсан үйлдэл болжээ. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар Өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөгдөх эд хөрөнгө, ногдох хэсгийг тодорхой заах бөгөөд түүнийг тогтоохдоо Иргэний хуулийн заалтын дагуу нас барсан хүний төрсөн хүүхэд гэх мэт бүх өвлөгчид зөвшөөрөлцөж, хууль ёсны гэрээслэлээр өвлөгч бүрт ногдвол зохих хэмжээгээр хуваарилна” гэх хуулийн заалт бий. Энэ бүхнийг мэдсээр байж нотариатч хууль зөрчиж нас барсан Л-ийн өв залгамжлалаар иргэн Ц-г дангаар нь бичиж өгсөн төдийгүй Ц нь үүнээс зургаахан хоногийн дараа буюу 2017 оны  зургадугаар сарын 15-ны өдөр өвчний улмаас нас баржээ. Ар гэрт нь уй гашуу болж байсан хүнд хэцүү яг энэ өдөр сонинд “үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гээгдүүлсэн” гэх зар өгч, хүчингүй болгуулсан нь монгол хүний хувьд арай л хүний мөсгүй гэмээр явдал болж.
 
 
 
 
 
Уй гашууг далимдуулан хаясан гээсэн зар гаргаж, улмаар Улсын бүртгэлийн газраас дахин шинэ гэрчилгээ гаргуулснаар Д.Янжинхорлоо нь Л-ийн үл хөдлөх хөрөнгийн “эзэн” болжээ. 
 
 
 
Д.Янжинхорлоогийн хэрэгт ангийн найз прокурорууд хэрхэн оролцов
 
 
Бусдын эд хөрөнгийг нэр дээрээ хууль зөрчин шилжүүлэн авсан гэх хэргээр Д.Янжинхорлоо хууль хяналтын байгууллагаар шалгагдсан. Тэгтэл түүний хэрэгт их сургууль хамт төгссөн, ангийн анд найзууд болох Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Д.Энхтөр, Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат нар оролцон, шийдвэр гаргалтад нөлөөлсөн үү гэх асуудал яригдсан. Улсын прокурорын орлогч М.Чинбат энэ хоёрдугаар сарын 9-ний өдөр № 1/368 тоот тушаал дээр “Д.Янжинхорлоогийн үйлдэл эд хөрөнгийн өмчлөлд шинээр өмчлөгч нэмэх, хасах хэлцлээс үүссэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиилагааны журмаар шийдвэрлэгдэх асуудал, Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, прокуророос хэргийг хааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа тул гомдлыг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Хуулиараа ангийн найз нөхөд гэх мэт ойр дотны хамаарал бүхий хүний хэрэгт шийдвэр гаргах нь хориотой. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар “Тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажилллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалт бий. Харин тухайн албан тушаалтан уг нөхцөлд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага албан тушаалтанд хүргүүлнэ гэж заасан байдаг.
Ингэж хуулиараа хориотой байсаар байтал УЕП-ын орлогч М.Чинбат ангийн найз Д.Янжинхорлоогийн хэрэгт холбоотой шийдвэрийг гаргасныг УЕП-ын газраас хууль зөрчсөн байна гэж үзэн 2021 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар “Хэргийг хаах тухай  хяналтын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хүргүүлж байна” гэх шийдвэрийг гаргажээ.
Энэ нь МУИС-ийн багш Д.Янжинхорлоогийн хэрэг дээр нэг ангийн найзууд болох УЕП-ын орлогч М.Чинбат, Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Д.Энхтөр болон энэ хэрэгт холбоотой ажилласан нэр бүхий прокуроруудыг УЕП-оос шалгалт оруулж, Прокурорын мэргэжлийн зөвлөлд шилжүүлэн мэргэжлийн хувьд алдаа гарсан эсэхийг нь тогтоохоор болжээ.
Энэ хэргийн хохирогчид Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Д.Энхтөр, Нотариатчдын танхимын ерөнхийлөгч Р.Онончимэг, Хууль зүйн сургуулийн багш, доктор Д.Янжинхорлоо,  Нийслэлийн прокурорын газрын хэлтсийн дарга И.Хүдэрцэцэг, Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор З.Энхжаргал, Сүхбаатар дүүргийн прокурор Т.Жавхлантөгс нарын хөндлөнгийн нөлөө оруулахгүйгээр хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх талаар арга хэмжээ авч өгөхийг УИХ-ын байнгын хороод болон АТГ, УЕП гэсэн нэр бүхий газруудад өргөдөл  гаргаад байгаа гэнэ.
 
 
Б.Мичид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин