sonin.mn

Цэцэгс дэлгэрэх хаврын улиралд, Хятад Улс ХКН-ын Төв хорооны хөрш орнуудын харилцааны хурал зохион байгуулсан. Ши Жиньпин дарга хурлын үеэр, хөрш орнуудын хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахад төвлөрч, хөрш орнуудын харилцааны ажилд шинэ нөхцөл байдал бүтээхэд эрмэлзэхийг онцолсон бөгөөд Хятад Улс урьдын адил хөрш орнууддаа ач холбогдол өгч, дэм тус үзүүлэх хүчтэй дохиог илгээсэн юм.


Хурлын дараахан, Ши Жиньпин дарга Вьетнам, Малайз, Камбож зэрэг улсад төрийн айлчлал хийж, Хятад Улс төрийн тэргүүний дипломат харилцааг удирдлага болгон хөрш орнуудын хамт илүү сайхан ирээдүйг цогцлоох тууштай шийдвэрээ бүрэн дүүрэн харууллаа.


Хөрш орнууд бол Хятад Улсын хөгжил, цэцэглэлтийн чухал тулгуур суурь, үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах гол цөм, гадаад бодлогын стратегийн тэргүүн чиглэл, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг ахиулах түлхүүр юм. Ши Жиньпин даргын стратегийн удирдлагын дор, Хятад Улс “найрсаг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй байх” үзэл баримтлал болон хөршүүдтэйгээ найрсгаар харилцах, хөршүүдийгээ түнш болгох зарчмыг тууштай баримталж, өөрийн улсын хөгжлөөр хөрш зэргэлдээ орнуудад хөгжлийн боломжийг авчрах, тогтвортой, тодорхой байдлыг хангахыг зорьж байна. Энэ жил, Ши Жиньпин дарга Азийн хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах санаачилга дэвшүүлсний 10 жилийн ой тохиож байна. Хятад Улс хөрш зэргэлдээ 17 улстай хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах нийтлэг тохиролцоонд хүрч, мөн 25 хөрш зэргэлдээ орнуудтай “Бүс ба зам”-ыг бүтээн байгуулах хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, 18 хөрш орныхоо худалдааны хамгийн том түнш болсон байна. АСЕАН нь Хятад Улстай хөрш зэргэлдээ оршдог жижиг дунд хөгжиж буй орнуудын нийгэмлэг болохын хувьд сүүлийн 5 жилийн турш Хятад Улстай харилцан хамгийн том худалдааны түнш хэвээр байна. Дэлхийн гурван том санаачилгыг нэн тэргүүнд хөрш орнуудад хэрэгжүүлэн туршсан бөгөөд Хятадын арга барил, үзэл баримтлал хөрш орнуудын зүрх сэтгэлд гүн гүнзгий хоногшсон юм.Мөн энэ жил Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын “Хятадын жил”, Ази, Африкийн Бандунгийн бага хурлын 70 жилийн ой юм.


Хятад Улс хөрш зэргэлдээ орнуудтай хамтран бий болгосон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Хятад–АСЕАН-ы хамтын ажиллагаа, Хятад–Төв Азийн механизм нь дэлхийн өмнөд орнуудыг нэгтгэн хүчирхэгжүүлэх чухал платформ болж, хөгжиж буй орнуудын олон улсын тавцан дахь дуу хоолой, нөлөөллийг эрс нэмэгдүүлж байна.


Энэ оны намар, Хятад Улс ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг Тяньжинь хотод зохион байгуулах бөгөөд ШХАБ-ыг Хятадаас дахин эхлүүлж, илүү нягт ШХАБ-ын хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг ахиулах болно. Намайг Монголд ажиллахаар ирснээс хойш, Ши Жиньпин даргын 2014 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр Хятад Улсын хөгжлийн галт тэргэнд суухыг урьж байсан тухай болон түүний хэлсэн “Ганц цэцэг хавар болдоггүй, цэцэг бүхэн дэлгэрвээс хавар болдог” гэх зүйр үгийн талаар олон Монгол найз нөхөд маань надтай ярилцаж байна. Хятад, Монгол хоёр улс Ковид цар тахлын үеэр “Хонины хариуд цай” буюу харилцан туслалцсан шинэ түүхийг хамтдаа бичиж, цар тахлын үеийн дараа хоёр талын худалдааны хэмжээ хоёр оронтой тоогоор хурдацтай өсөж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд Хятадын оруулсан хувь нэмэр 60%-д хүрсэн. Энэ бүхэн бол Хятад Улс хөрш орнуудтайгаа хэзээ ч хамтдаа байх, хамтын хувь заяатай болохын тод дүр зураг юм. Ши Жиньпин дарга АСЕАН-ы гурван оронд айлчлал хийх цаг үетэй зэрэгцэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга Луосан Жянцүнь Монгол Улсад айлчлал хийж буй нь Хятад Улс хөрш орнуудтай харилцах харилцаагаа тэргүүн байр суурьд авч үздэг болохын бас нэгэн нотолгоо юм.


Монголын маш олон УИХ-ын гишүүд Хятадын саяхан хийсэн хөрш орнуудын харилцааны хурлын талаар дурдахын сацуу өнөөгийн олон улсын хурцадмал нөхцөл байдалтай үед, Хятад Улс хөрш орнуудын харилцаагаа гүнзгийрүүлж буй нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд эерэг хүч оруулж, шинэ түлхэц өгнө гэж үзэж байна.


Хятад Улсын хөрш орнуудтай харилцах харилцаа сүүлийн үеийн түүхэн дэх хамгийн таатай үедээ ирж, хөрш орнуудын төлөв болон дэлхийн хувьсал шинэчлэл харилцан гүнзгийгээр уялдах чухал үе шатанд шилжээд байна. Ши Жиньпин дарга “Ази тив хөгжсөн цагт дэлхий хөгжинө” хэмээн онцолж, Хятад Улс цаашид Монгол Улс зэрэг хөрш орнуудын хамтаар, энх тайван, хамтран ажиллах, нээлттэй, хүртээмжтэй Азийн үнэт зүйлсийн үндсэн зарчмыг баримталж, “Бүс ба зам”-ыг өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтыг гол индэр болгож, хувь заяаны хамтын нийгэмлэгийн шинэ түүхийн хуудсыг тасралтгүй бичиж, “жанчлах хүч нь зөв” гэх үзлийг хамтдаа эсэргүүцэж, олон улсын шударга ёс, эрх тэгш байдлыг сахин хамгаалах болно. Хорин нэгдүгээр зуун Азийн зуун байж, хүн төрөлхтний хамтын нийгэмлэгийн ирээдүй илүү сайхан болно гэдэгт би бат итгэж байна. 



БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань