
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /AP/. Тэнгэрийн ван гаргийн нэг өдөр 28 секундээр уртассаныг “Хаббл” сансрын дурангаар хийсэн ажиглалтаар тогтоожээ.
“Хаббл” дурангаар хийсэн ажиглалтаар Тэнгэрийн ван гараг 17 цаг 14 минут 52 секундэд тэнхлэгээ бүтэн эргэдэг болохыг тогтоосон нь 1980-аад онд НАСА-гийн “Вояжер-2” сансрын хөлгийн тооцоолсон хугацаанаас 28 секундээр урт юм.
Франц судлаачийн ахалсан баг Тэнгэрийн вангийн соронзон орныг судлахын тулд туйлын туяаг арван жилийн турш ажигласан байна. Энэхүү урт хугацааны ажиглалтын дүнд Нарны аймгийн долоо дахь гараг болох Тэнгэрийн ван гаргийн эргэлтийн хугацааг илүү нарийвчлалтай тогтоожээ. Тэнгэрийн ван гараг дэлхийн 84 орчим жилтэй тэнцэх хугацаанд Нарыг тойрдог ажээ.
Парисын одон орны ажиглалтын төвийн судлаач, судалгааны ахлагч Лоран Лами хэлэхдээ, “Хаббл”-аар тасралтгүй ажиглалт хийх нь маш чухал байсныг онцолжээ.
Л.Лами болон түүний багийнхан энэхүү шинэ арга нь туйлын туяа, соронзон давхарга бүхий аливаа гаргийн тэнхлэгээ бүтэн эргэх хугацааг тодорхойлоход тус дөхөм болно гэж үзэж байна. “Nature Astronomy” сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү нээлтийг “Хаббл”-ыг хөөргөсний 35 жилийн ой болохоос хэдхэн долоо хоногийн өмнө хийжээ. НАСА-гийн “Discovery” сансрын хөлөг 1990 оны дөрөвдүгээр сарын 24-нд уг сансрын дуранг тойрог замд хүргэсэн билээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0