sonin.mn

Европын Комиссоос “аюулгүй улс орнуудын жагсаалт”-ыг лхагва гарагт танилцуулсан бөгөөд уг жагсаалтад Бангладеш, Колумб, Косово, Египет, Энэтхэг, Марокко, Тунис гэсэн долоон улс багтжээ. Ингэснээр орогнол хүссэн өргөдлүүдийг хүлээн авч хэлэлцэх, “аюулгүй” гэгдэх улс орнууд руу цагаачдыг буцаах үйл явц эрчимжих юм. Цагаачлалын асуудал эрхэлсэн Европын комиссар Магнус Бруннер хэлэхдээ “судалж танилцаагүй байгаа орогнол хүссэн өргөдлүүд маш ихээр хуримтлагдсан тул шийдвэр гаргах үйл явцыг түргэсгэх нь маш чухал байна” гэлээ.


“Аюулгүй” улс орнуудын иргэдийн орогнол хүссэн өргөдлийг зөвшөөрөх магадлал маш бага гэдгийг Европын Комиссын цахим хуудсанд анхааруулан дурдсан байна.


Жагсаалт гаргасантай холбогдуулан Европ ба Газар Дундын тэнгисийн орнуудад хэрэгжиж буй хүнийг эрхийг хамгаалах 68 төслийг нэгтгэдэг EuroMed Rights байгууллагаас Европын Комиссоос гаргасан дээрх санаачилгыг шүүмжилж, Египет, Марокко, Тунис улсуудад хүний эрхийг зөрчсөн тохиолдлууд баримтаар нотлогдсоор байгаа атал эдгээр улсыг “аюулгүй” улсуудын жагсаалтад багтаасан нь төөрөгдөлд оруулж байна гэж үзжээ.


Одоо дээрх жагсаалтыг Европын парламент ба Европын зөвлөл хэлэлцэн батлах ёстой. Өмнө нь гуравдугаар сард Европын Комиссоос орогнол олгохоос татгалзсан хариу авсан хүмүүсийг эх оронд нь буцаах үйл явцыг түргэсгэх төлөвлөгөөг танилцуулсан юм.


Уг төлөвлөгөөнд, эрх баригчидтай хамтран ажиллахаас татгалзсан эсвэл худал мэдээлэл өгсөн цагаачдад үзүүлэх шахалтыг чангатгахаар тусгасан байна. Мөн тэднийг нутагт нь буцаах үйл явцыг түргэсгэхийн тулд Европын Холбооны гишүүн орнуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах талаар дурджээ. Түүнээс гадна, орогнол олгохоос татгалзсан хариу авсан хүмүүсийг тус холбооны хилийн чанад дахь тусгай төвүүдэд байрлуулах боломжийг гишүүн орнуудад олгох асуудлыг тусгасан байна.



Б.Адъяахүү