
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /NHK/. Япон, АНУ-ын төлөөлөгчид татвар болон хоёр талын худалдааны асуудлаарх дараагийн шатны хэлэлцээг дөрөвдүгээр сарын сүүлчээр хийхээр тохиролцжээ. Энэ тухай Японы Эдийн засгийн сэргэлтийн сайд Рёсэй Аказава Вашингтон хотноо Америкийн талтай хийсэн хэлэлцээний дараа сэтгүүлчдэд мэдэгджээ.
“Яриа хэлэлцээний үеэр бид аль болох ойрын үед тохиролцоонд хүрэх талаар ярилцлаа. Хоёр талын тохиролцоог хоёр улсын удирдагчид дараа нь албан ёсоор зарлана" гэж тэрбээр мэдэгдээд, талууд энэ асуудлаар сайд нарын түвшинд төдийгүй ажлын хэсгийн түвшинд байнга холбоотой ажиллах болно гэдгийг онцолсон байна.
Гаалийн тарифын талаар Японы эрх баригчид санаа зовниж буй гэдгийг Америкийн талд уламжилсан гэдгээ Аказава онцолжээ. Тэрбээр мөн Японы тал юуны өмнө автомашин, ган, хөнгөн цагааны татварыг бууруулах талаар тууштай ажиллах болно гэж нэмж дурдаад, хоёр талын хэлэлцээний үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп байлцсаныг дурджээ. Д.Трамп Японтой хийх хэлэлцээг эн тэргүүнд анхаарна гэж мэдэгдснийг тэрбээр онцолсон байна.
Дэлхийн 185 орон, нутаг дэвсгэрээс нийлүүлж буй бүх бараанд татвар ногдуулах шийдвэр гаргаснаа Д.Трамп дөрөвдүгээр сарын 2-нд мэдэгдсэн юм. Тэрбээр улс орнуудад тус тусад нь тариф тогтоосон бөгөөд Японы бараанд 24 хувийн татвар ногдуулжээ.
Үүнээс гадна, АНУ-д нийлүүлэх бүх төрлийн авто машинд дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн 25 хувийн татвар ногдуулсан нь Японы талд хүчтэй цохилт болсон байна. Хэлэлцээ хийх хүсэлтээ илэрхийлсэн 75 орны бараанд ногдуулсан татвар хэрэгжиж эхлэх хугацааг АНУ-ын Ерөнхийлөгч 90 хоногоор хойшлуулснаа дөрөвдүгээр сарын 9-нд мэдэгдсэн юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0