
Японы Эзэн хаанд Монголын Эзэн хааны элч, гүн Цэрэнпилээс илгээсэн бичиг Японы Гадаад явдлын яамны архивт 1922 онд "Япон улсын Эзэн хаанд Монгол Улсын Эзэн хааны элч Цэрэнпил гүнгээс илгээсэн бичиг" хадгалагдаж байна. Тэрхүү бичгийн мөрөөр Монголд явуулсан үйл ажиллагаа хийгээд энэ талаар түүх бичлэгт хэрхэн тэмдэглэж ирсэн талаар товч өгүүлье.
Цэрэнпил гүнгийн бичгийн талаарх Япон улсын Гадаад харилцааны архивт буй мэдээллээс.
Японы Гадаад явдлын яамны архивт "Тайшогийн 12он 5 сарын 19-ний өдөр (1923 оны 5 сарын 19-0.Б) Гадаад Монголын Хутагтын төлөөлөгчийн авчирсан бичиг" гэсэн гарчиг бүхий монгол бичгээр бичсэн захидал уг эхээрээ хадгалагдаж байна. Бичгийн дугтуйн гадна талд японоор "Япон улсын Эзэн хаанд Монгол Улсын Эзэн хааны элч Цэрэнпил гүнгээс илгээсэн бичиг" хэмээх үг бичсэн байв.
Одоо энэхүү бичиг хэрхэн хүрсэн талаар тодруулж үзье.
Харбин хотноо сууж байсан Японы консулаас Японы Гадаад явдлын яамны сайдад ирүүлсэн цахилгаандаа: 1922 оны 11 дүгээр сарын 30-нд Гадаад Монголын төлөөлөгч хэмээх Цэрэнпил хоёр монгол хүнтэй хамт Гадаад Монголын хутагт Жавзандамбын илгээсэн элч гээд манай Консулын газар иржээ. Гурван хүний нэг нь хятад хэлтэй, тэр хүний ярьснаар Хүрээнд Оросын улаантан орж ирээд монголчууд их зовж байна. Гадаад Монгол нь төв засгийн газартай харилцааг тасалж, тусгаар тогтнолын байдалтай байна. Төв засгийн газраас тусламж гуйж чадахгүй, тиймээс бид танай Засгийн газраас тусламж эрэхээр Хүрээнээс мордсон.
Танай яамнаас урилгыг аваад Токио руу очоод танай Засгийн газраас зэвсгийг худалдан авч улаан цэргийг устгахад бэлдмээр байна гээд Японы Засгийн газарт хандсан бичгийг үзүүлсэн. Тэр бичиг нь монгол үсгээр бичсэн байна. Тэд зүгээр жуулчин гээд Токио руу мордоход нь бид саад хийх шалтгаан байхгүй.
Тэд тэгж зөвшөөрвөл тэдэнд жуулчны виз олгож болох уу. Хариу бичнэ үү гэсэн үгстэй цахилгааныг арван хоёрдугаар сарын 3-ны өдрийн үдээс хойш 6 цаг 45 минутад явуулжээ. Харбинд суугаа Японы Ерөнхий консулаас энэ асуудлын талаар Гадаад яамны сайддаа 1923 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр бас нэгэн захидал илгээсэн байна. Уг захидалд өгүүлэхдээ: Гадаад Монголын төлөөлөгч ирсэн асуудлын тухай ноднин жилийн арванхоёрдугаар сарын 6-нд илгээсэн таны хариу цахилгаан мэдээний дагуу Гадаад Монголын төлөөлөгч хэмээх Цэрэнпил болон бусад хоёр хүнд учрыг сайн тайлбарлаж, Япон руу одохыг нь болиулсанд хэд хоногийн дараа тэд дахин манай яаманд ирж, Дубаши гэдэг бичээчтэй уулзан "Бид Жавзандамбын тушаалаар Хүрээнээс Японд очих зорилготой Хүрээнээс мордсон. Ядаж Жав зандамбын захидлыг Японы Засгийн газарт хүр гэхийг гуйсан. Хэд хоногийн дараа уг захиаг хятад орчуулгатай хамт авчирна" гэж хэлжээ.
Түүнээс хойш дахиж тэд манай яаманд ирсэнгүй. Сурагласан чинь Тяньжин яваад энэ сарын дундуур Харбинд ирсэн байна. Түүнээс хойш хаашаа явсныг нь мэдэхгүй. Хүрээнд буцсан гэж таамаглаж байна.
Тэд Дубаши бичээчид хэлсэн нь "Одоо Хүрээ болон Хиагтын орчимд улаан цэргүүд олноор орж ирж хятадуудад бол тийм айхтар биш, харин монголчуудыг нэлээд ширүүн дарлаж байна. Тэр хавийн монголчууд их зовж байна. Тодорхой хэмжээний зэвсэг байвал нэг мянган монгол цэргийг элсүүлж, улаан цэргийг хөөн гаргаж чадна. Тиймээс бид энэ удаа Жавзандамбын тушаалаар Харбины Консулын газар урилгыг авахаар ирсэн. Токио руу мордож, Японы Засгийн газраас зэвсэг худалдан авах гэж Харбинд ирсэн гэжээ. Байдлаас нь харахад, энэ нь тэдний үнэн санаа юм шиг байна. Тэдний ярианаас зэвсэг олдохгүй зовж байгаа юм шиг байдал байна" гэжээ.
Япон улсын Архивт хадгалагдаж буй баримт бичгүүдийн мэдээллээр бол Цэрэнпил гүн нар Солонгосоор дамжин Япон орохыг оролдсон байна. Харин орчуулагчаар нь. Японы Токиогийн Гадаад хэлний их сургуулийн монгол хэлний ангийг төгсөгчдийн нэгэн болох Сато гэдэг хүн явсан аж.
Японы архивт буй эл бичигт холбогдох бас нэгэн баримт бол Мүгдэний консулаас Япон улсын Гадаад яамны сайдад ирүүлсэн 1924 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн бичиг юм. Тэрхүү бичигт "Монголын хутагтын төлөөлөгчийн тухай мэдээ" хэмээн гарчиглаад Японы эзэн хаанд өргөх бичгийг авч Мүгдэнд ирсэн хутагтын төлөөлөгч Цэрэнпил замын зардлыг авахаар Бээжинд буцсан. Бээжинд баригдаад зугтсан гэнэ. Зугтаад Карахантай уулзаж, улаан цэргийн монголчуудад үзүүлж буй хандлагыг тандаж, ЗХУ-ын Засгийн газар Хүрээнээс цэргээ татах санаа байхгүй гэдгийг лавтайяа мэдсэн. Далины 1922 оны арванхоёрдугаар сард Хүрээнээс морд сон хоёр дахь удаагийн төлөөлөгч Лувсанцэвэг, Долгор болон бас ноднин жилийн есдүгээр сарын сүүлчээр Хүрээнээс мордон Япон улсад очоод ирсэн гуравдугаар төлөөлөгч Дорж нартай уул заж, бүгд дөрвүүл Мүгдэнд ирсэн байна.
Мүгдэнд Киши гэдэг тагнуулын газрын хүнтэй уулзаж, Цэрэнпил нарын ярьсан зүйлсийг одоо бичнэ.
Нэгдүгээрт, ЗХУ-ын Засгийн газрын эрхшээлээс гарахыг хүсч байна. Үүний учир шалтгаан бол нэгд, улс төрийн шалтгаан ЗХУ-ын Засгийн газар нь хэдэн мянган цэргийг Хүрээнд байлгаж, Хутагт болон ван гүнгүүдийн төрийн эрхийг булаан авч, Монголын цэрэгт Улаан цэргийн түш мэлийг элсүүлж, монгол цэргийг тагнаж байна. Нөгөө талаар Монголын муу залуучуудтай хамтран сүүлийн үед монголчуудыг хүчээр дайчилж байгаа нь тэсэшгүй бэрх байна.
Хоёрт, Эдийн засгийн шалтгаан ЗХУ-ын Зас гийн газар сар бүр монголчуудын малыг шалгаж, 10-20 хувийг татвар хэмээн хураан авч байна. Заримдаа нуусан мал гарвал бүртгэлтэй бүгдийг хураан авдаг. Эсэргүүцвэл малын эзнийг алчихна.
Гуравдугаарт, Зөвлөлтийн эрхшээлээс гарахын тулд Японы тусламжийг авмаар байна. Зөвлөлт Орос улсын Засгийн газрын эрхшээлээс гарахад Хятадын цэргийг гуймаар байгаа боловч одоогийн Хятадын харгис бүлгийнхэн түүний дарга нар Монголд анхаарал тавьж чадахгүй. Учир нь Хятадад түүнийг эсэргүүцэгч нар олон байна. Жан Зо Лин ч бас илүү хүчгүй гээд Хутагтын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Ийнхүү Японы цэргийг гуйхаас өөр аргагүй болсон. Одоо хутагт дөрвөн аймгийн даргатай зөвлөлдөж, 15000 цэргийг элсүүлж, улаан цэрэгтэй байлдахыг бодож байна. Цэрэг элсэх нь тийм хэцүү ажил биш боловч тэр цэргийг захирах хүн байхгүй байна. Тиймээс Япон цэрэг илгээж чадахгүй бол монгол цэргийг захирах япон түшмэл илгээж туслаарай хэмээжээ.
Япон улсын Эзэн хаанд Монгол Улсын Эзэн хааны элч Цэрэнпил гүнгээс илгээсэн бичиг.
Олноо өргөгдсөний 12 дугаар он, усан нохой жилийн намрын тэргүүн сарын 25-ны өдөр. Монголын аймаг шавийг баригч, Ачит номун дүйнхор Манзушир хутагт батлан үсэг зурав. Дээр нь "Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тамга" гэсэн үг бүхий тамга дарсан байна.
Өргөн дэвшүүлэх нугалбар
Халх Монгол улсын угсаа бүхий олон хан, ван, гүнгүүд, бас олон хутагт, шанзодба лам хичээнгүйлэн үнэмлэх тамга дарсан нугалбар бичиж, Их Жа пан улсын эзэн хааны амгалан жаргалангийн наран тунамал гурван цагийн бурхан лугаа ялгал үгүй зарлигийн эрх баялаг, насан хийгээд бие сэтгэл хэмжээлшгүй хэтэрхий амгалан төгөлдөр гэгээнтний алтан өлмий дор мөргөн сөгдөж өргөв.
Дээрээс томилон тогтоож, Улаан намын тэнэмэл болсон харгис засгийг битүүгээр номхруулж, халх монголчуудыг сулхан болгож хүчийг зузаатгатугай хэмээн хүссэнийг амарлингуй, нигүүлсэнгүй буян чуулганаар авран өршөөж, улсын засагт гутамшиг үгүй болгож, сонсголонгийн алдрыг арван зүг дор дэлгэрүүлэн, гайхамшигт эрдмийн гавьяа хүчнийг нэн илэрхийлүүлэх хүнд Хишиг хүртэхийг хүсэн гуйж, өргөн дэвшүүлэхийн учир бидний монгол овогтон болбол язгуураас бурхны авран нигүүлсэх, тэнгэрийн амьдран хүмүүжүүлэх ёслолт номыг журамлаж, өчнөөн зуун жил болтол Очирдара Богд багш лам юугаа оройдоо барин, зүрхнээс хагацал үгүй шүтэж тахисаар өмсөх, идэх, уух алин хүсэлтийг нийтээр шагнасан нутаг дор итгэж аж төрсөн нь хараахан Дундад иргэн улс Эзэнт засгийн эрхийг шилжүүлэн, бошог журмыг халаад гамин нам болсон шинэ засгийн гашуун хорсолтой цаазыг эс даан, тусгаар улс болж тулгар төр байгуулан тогтносны дараах арав шахам он дор манай Засгийн газрын эрх барилцаж сайд хэмээгдсэн харгис хэдэн ноён Бээжин хотноо одож шар шашин хийгээд хаан эзэн Очирдара Богд багш лам юугаа омтгойлон огоорч гамин намын шинэ засгийн муу суртал дор дахин аялдан дагалдаж үлэмжхэн тооны цэргийг урин авчирч суулган Халх даяар хохирол, гашууныг эдлүүлэн тэсэхүйеэ бэрх зовлонгийн туйл болгож бүхий дор тэр сацуу Оросын Цагаан намын их түшмэл Барон хүчирхэг цэргийн хамтад тусламжаар Богд лам болон Халх Монголчуудыг өмгөөлөн хамгаалахаар манай Нийслэл хүрээнээ нэвтрэн ирээд тэдгээр харгис гамин лугаа байлдаж даран сөнөөгөөд түр зуур төвшитгөн тохинуулж тэнхрүүлэхийг шахамдаж ахуй дор мөн аанай манай Монголын харгис хэдэн хүмүүс умар этгээдэд асан бүхий Улаан намын оросууд лугаа хуйвалдаж цэрэг ардын хамт цөмрөн ирж тусын өршөөлт Барон түшмэл цэргүүд лүгээ хямруулан байлдуулж, Барон түшмэл цэргүүд бага дийлэгдэн зугатан гарсан дагалдаагаар эдний Улаан намын цэргүүд хүч сүрээр журамт засгийн гол цаазыг эвдэн Ардын намын засаг хэмээх үзлээр журамламой дагуулмой хэмээн эзэрхэг бидний монголчуудыг толгой дарангуйлан захираад эдүгээ үес болов.
Үнэн санаат төв шулуун түшмэл ард хүмүүн олонхыг баривчлан хорьж алаад бурхан шашны шүтлэг хийгээд дээшид Очирдара Богд багш ламын зарлиг тавыг огтхон ч ойшоохгүй шууд таслан зорчиж, басхүү олон хутагт хувилгаадын хурал номын их суртал журмуудыг хасан хомстож бас олон ван гүнгийн хэрэг хэргэмтэй угсаатныг бууруулахыг завдан, доошид олон түмнийг онц гаслангаар нэрвэгдүүлсэн зэрэг хүндэд дарлагдлаас яахин хагацах аргыг олноор дахин давтан санал гаргаж нууц зөвлөлдөөд Жа пан улсын эзэн хааны гэгээн бие болбоос маш ариун бөгөөд халдаж үл болох Их улсын тэргүүн мөн болох улсын бүх дээд эрхүүдийг биедээ товчилж, Үндсэн хуулийн ёсоор эл эрхүүдийг хэрэглэдэг Их хаантнаас тусламж гуйхаар одсугай.
Цаг тухайг үзэж дээр сонордуулан айлтгахаар нэгэн санаа, нэгэн бие, нэгэн сэтгэл нийлэлдүүлэн ихэд хөдөлбөр үгүйгээр нотод тогтоод чин үнэн хүүгээс цагийн бэрхэд гадаад, дотоодын харгис тэрслүүгийн талхинд хүндэд талхилуулсан халх монголчуудыг харанхуй зовлонгийн бүрхэгээс түргэнээ хагацуулах, их түшмэл цэргийн чуул ганыг хурднаа довтолгон өршөөн илгээгээд тэрс буруу үзлээр эзэрхэн газар орныг эзлэн түйвээсэн Улаан нам тэдэн лугаа урван нийлсэн монгол харгис хүмүүсийг хамтаар хядан сөнөөж ойр дахинаар баярлалдах, хол дахинаар сүслэлдэх гэгээн гэрэлт их засгийн хишгийг батад тогтоож, Очирдара Богд багш Жавзандамба ламыг минь хуучин хэвээр улсын эзэнд өргөмжлүүлэн, шашин төр хоёрын хэргийг хослон бариулж тахиулан явсаар ирсэн монголчуудын хэв хуулийг хэвээр хэрэглүүлэн уг үндсэн нутгийн хамтад нийтээр өршөөн гэгээн соёлоор удирдан хамгаалах хүнд хишиг хүргэхийг түмэнтээ хүсэн эл учрыг товчлон гаргаж Их Жа пан улсын эзэн хаан гэгээнтний алтан өлмий дор нугалбар өргөн дэвшүүлээд басхүү Ардын нам хэмээгчдийн санаа зорилт эзэнт хөрөнгөтөн хүчирхэг хэдэн их улсыг эзлэн бууруулахыг хичээж хуралдсан хүмүүсийн санал зөвлөлийн бичгийн хуулбаруудыг тусгай сийрүүлж хамтаар байцаан толилохуй дор бэлтгэж нэгэн дугтуй дор агуулан Монгол нэгэн өчүүхэн бөлгөө улс бүгдийн төлөөнөөс бичиг цэр гийн түшмэл Цэрэнпил, Лувсанцэрэн дор нууцаар авхуулан одуулж, өргөн дэвшүүлснийг Энэрэхүй өршөөлт, эрдэм билиг, эрх хүчин эрдэнэ улбараар төгссөн алтан гэгээнээр эл хэргийн байдал учрыг байцаан толилж өчүүхэн монголчуудыг огторгуйн наран хол боловч замбуутивийг гэрлээр гийгүүлдэг адил илбэн тэнхрүүлэх ажаам уу. Үүний тул хичээнгүйлэн ёсолж өргөн өргөв. Олноо өргөгдсөний арванхоёрдугаар он, усан нохой жилийн намрын тэргүүн сарын хорин тавны өдөр. Монгол аймаг шавийг баригч, Ачит номун Дүйнхор Манзушир хутагт батлан үсэг зурвай.
Үргэлжлэл бий.
О.Батсайхан
Сэтгэгдэл10
Arhiviin bichig barimtiig ami nasaaraa ueiin ued uurd monhod hamgaalah estoi baidag .
Arhiviin barimtiig ustgah hamaagui gar hureh gesen heniig ch gesen altugai. Yaponii arhiviin huulias:
Зүүн гурван муж буюу Манжуурыг хянаж захирч бөйсан Жан Золингоос тусламж гуйгаад цаадах нь хүч үгүй гээд татгалзсан юмуу да ! Цагтаа хунхууз байсан Жан Золинг японууд дэмжиж босгож ирсэн ! Жан Золингоор дамжуулаад Хутагтад хүссэн зэвсэгийн нь цаг тухайд нь өгсөн бол бүтэх л байж ! Хутагт 24 он гараад бурхан болоод асуудал дууссан юмуу да ! 31 онд Япон Манжуурыг сая нэг юм эзэлсэн ! болоогүй л байж дэ !
Сүүлийн үед зарим хүмүүс оросыг түшсэнээс хятадыг налж түших ёстой байсан юм ухааны юм их цухалзуулах болсон нь их сэжигтэй
1. Ухаант өвгөд, дээдэс маань Улс гэрээ ардах эзэрхүү, дээрэнгүй Оросын цуст яргалал, хомхой дээрэм, Урдах иргэн улсын уран аргат, шуналт сэтгэлт мөлжлөг, уусган мөхөөх хорт явуулгаас авч үлдэх гэж үйлээ үзэж, тамаа цайж, чөмгөө дундлан тэмцэж явсны гэрч болох энэ бичгийг уншихад яс хавтайж, цус царцмаар . . . 2. Энэ цагт утга нь мохож, үг нь ядуурч, өгүүлбэр нь богиндож яваа монгол хэл маань ямар их яруу тансаг, үгсийн сан нь далай мэт баялаг байсныг энэ яруу найраг шиг бичигээс олж мэдэж болохоор . . . Бүтэн нүүр эзлүүлэн бичсэн нэг өгүүлбэр нь л гэхэд ямар ч гацаа төвөггүй, утга алдахгүй, үг саарахгүй, булгийн ус мэт тунаран үргэлжлэх нь гайхамшиг . . .
Уран яруу утга төгөлдөр
Номт Шарнууд 202.9.46.74 0 минутын өмнө 1. Ухаант өвгөд, дээдэс маань Улс гэрээ ардах эзэрхүү, дээрэнгүй Оросын цуст яргалал, хомхой дээрэм, Урдах иргэн улсын уран аргат, шуналт сэтгэлт мөлжлөг, уусган мөхөөх хорт явуулгаас авч үлдэх гэж үйлээ үзэж, тамаа цайж, чөмгөө дундлан тэмцэж явсны гэрч болох энэ бичгийг уншихад яс хавтайж, цус царцмаар . . . 2. Энэ цагт утга нь мохож, үг нь ядуурч, өгүүлбэр нь богиндож яваа монгол хэл маань ямар их яруу тансаг, үгсийн сан нь далай мэт баялаг байсныг энэ яруу найраг шиг бичигээс олж мэдэж болохоор . . . Бүтэн нүүр эзлүүлэн бичсэн нэг өгүүлбэр нь л гэхэд ямар ч гацаа төвөггүй, утга алдахгүй, үг саарахгүй, булгийн ус мэт тунаран үргэлжлэх нь гайхамшиг . . .
Япон дагаж байгаад Зүүнгар шиг Оросуудад хядуулах байсан байна даа
үнэхээр биширмээр хэлний найруулгатай утга уян төгөлдөр бичих юм
Үүнээс өмнө Да лам Цэрэнчимидийн авч явсан Богдын захианы эх бна уу ?