sonin.mn

Дэлхийд анхных болох 6 дахь үеийн F-47 сөнөөгч онгоцыг БОИНГ компанид зохион бүтээж байгаа тухай АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр мэдэгдлээ. Түүний хэлснээр, үзүүлэлтийн хувьд F-47-д дөхөж очих нэг ч сөнөөгч онгоц дэлхий дээр байхгүй ажээ. Цагаан ордны Зууван танхимд F-47 сөнөөгч онгоцны ерөнхий загварыг танилцуулах үеэр Батлан хамгаалахын сайд Пит Хегсет болон генералууд байлцжээ. Уг сөнөөгчийг яагаад F-47 гэж нэрлэх болсныг Ерөнхийлөгчөөс асуухад “энэ бол гоё тоо, генералууд өөрсдөө нэрийг сонгосон” гэж хариулсан байна. Зарим хэвлэлд бичсэнээр бол, АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчтэй холбоотой байж магадгүй гэнэ.



Трампын хэлснээр, шинэ үеийн сөнөөгч онгоц нь хурд, манервлах чадвар, байлдааны ачаалал зэрэг үзүүлэлтээр бусад бүх загварын сөнөөгч онгоцуудаас давуу бөгөөд стелс технологиор тоноглогдсон тул радарт огт баригдахгүй ажээ. Тэрбээр хэлэхдээ “F-47 онгоцыг бүтээх ажил бараг таван жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд загварыг хэд хэдэн удаа туршсан” гэлээ.



Үйлдвэрлэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг нухацтай явуулсны эцэст Агаарын цэргийн хүчний командлал БОИНГ компанийг сонгожээ. Өмнөх үеийн F-35 сөнөөгч онгоцыг Lockheed Martin концернд зохион бүтээсэн байна. Трампын хэлснээр, шинэ онгоцны хурд “хоёроос дээш” байх ажээ. Гэхдээ "хоёроос дээш" гэдэг нь 2000км/цагаас дээш, эсвэл хоёр Мах буюу 2248 км/цагаас дээш гэдгийн аль нь болох нь тодорхойгүй байна. Шинэ сөнөөгч онгоцыг ирэх хоёр жилийн хугацаанд буюу одоогийн засаг захиргааны үед үйлдвэрлэж, зэвсэгт хүчинд нийлүүлэх ажээ.


AFP агентлагийн мэдээлснээр, NGAD /Next Generation Air Dominance/ буюу 6 дахь үеийн сөнөөгч онгоцыг зохион бүтээх хөтөлбөр хэдэн жилийн турш хэрэгжиж байгаа ажээ.


2018 онд Конгрессын тооцоолж байснаар, нэг сөнөөгч онгоцыг үйлдвэрлэх өртөг 300 сая долларт хүрэхээр байсан тул 2024 онд АНУ-ын Агаарын цэргийн хүчин уг хөтөлбөрийг зогсоосон байна. Associated Press агентлагийн хийсэн тооцоогоор, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 20 тэрбум ам.доллар шаардлагатай бол зарим шинжээчдийн таамаглаж байгаагаар, энэ тоо хэдэн зуун тэрбум долларт хүрч магадгүй ажээ. Хөтөлбөрийг шүүмжилж буй хүмүүсийн ярьснаар, 6 дахь үеийн сөнөөгч онгоцны үүргийг F-35 сөнөөгч болон B-21 Raider бөмбөгдөгч онгоцууд гүйцэтгэж чадаж байгаа учраас NGAD хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай эсэх нь эргэлзээ төрүүлж байна. 


Б.Адъяахүү