ВАШИНГТОН, 2026 оны есдүгээр сарын 11 /TASS/. Канад, Украин улсууд АНУ-ын “Jumpstart” механизмаар дамжуулан агаарын довтолгооноос хамгаалах цогцолборын амдан сөнөөгч пуужин нийлүүлэх тухай 253.4 сая ам.долларын өртөг бүхий хэлэлцээрийг эцэслэн тохиролцсон байна.
Энэ талаар Канадын Ерөнхий сайд Марк Карни пүрэв гарагт Альберта мужийн Калгари хотод Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
“Өнөөдөр Канад, Украин улсууд АНУ-ын "Jumpstart" механизмаар дамжуулан агаарын довтолгооноос хамгаалах цогцолборт нэн шаардлагатай байгаа амдан сөнөөгч пуужингуудыг нийлүүлэх тухай хэлэлцээрийг эцэслэн тохиролцлоо” гэж М.Карни мэдэгджээ. Түүний хэлснээр, нийлүүлэх тоног төхөөрөмжийн багцын нийт өртөг 350 сая канад доллар аж.
М.Карни мөн Украины эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад Оттава хувь нэмрээ оруулж, тэр дундаа хийн агуулах зэрэг эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгджээ.
“Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Канад улс Украинд хий худалдан авах зээлд 430 сая гаруй канад доллар буюу 311 сая орчим ам.долларын баталгаа гаргана. Мөн нийлүүлэлтийн сүлжээний найдвартай байдлыг хангахын тулд эрчим хүч, уул уурхайн салбарт нягт хамтран ажиллана” гэж Канадын Ерөнхий сайд хэлсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 09 сарын 11,
2026
Сэтгэгдэл0