sonin.mn

Улаантан буюу коммунистуудын аллага хорьдугаар зууны эхэн болон дунд үед оргилдоо хүрсэн байдаг юм. Коммунистууд Зөвлөлт улсад 28 сая хүн хөнөөжээ, Хятадад 64 сая хүнийг хөнөөжээ. Камбожид хүн амынаа 50.0 хувийг хөнөөжээ. Хойд Солонгост 2 сая хүнийг хөнөөжээ. Монгол улсад эрэгтэй хүн амын 25.0 хувийг хөнөөжээ. Нийтдээ дэлхийд коммунистууд 100.0 сая хүнийг хөнөөжээ. 


Монголд улаантнууд 1921 онд төрийн эрхийг булаан аваад шууд л алан хядах ажиллагаандаа орсон юм. Богд хаант монгол төрийн зүтгэлтэн, сайд, түшмэд нарыг хөнөөх ажиллагааг 1922 оноос эхлэн Богд хааны лам багш, ойрын хүмүүс, Ардын намын анхны гишүүн Бодоо, Данзан, Богд хаан болон Богд хатан, Богд хаант монгол төрийн бүх зүтгэлтнүүдийг буудан хороов.


1922-1925 оны хооронд Монголд болсон анхны улаан хядлагын эзэд нь улаан Оросын Коминтерний төлөөлөгч Элбэгдорж Ринчино, Турар Рыскулов, чекист Яков Блюмкин нар болон ардын намынхан өөрсдөө байсан юм. Улаан Оросоос Монголд ирсэн Коминтерний чекист алан хядагч Яков Блюмкин алан хядах ажиллагааг улам гүнзгийрүүлэв. Яков Блюмкин 18 настайдаа 1918 онд Орос улсад суугаа Германий элчин сайд гүн Мирбахыг буудан хөнөөж анхны алан хядах ажлын гараагаа эхэлсэн оросын алдартай террорист юм. Блюмкин Перс, Афганистан, Кавказ, Монгол, Түвд, Хятадад хүртэл ажиллаж байхдаа олон хүн алаад ямар ч ул мөр үлдээдэггүй байсан гэдэг. Блюмкин Монголд байхдаа өөрийн талын улаан орос цэргийн жанжин Щетинкиныг хүртэл Монголын нийслэл Хүрээнд буудан алж байлаа. Я.Блюмкин бол монголын дөрвөн том төрийн зүтгэлтэн /Д.Бодоо, Д.Сүхбаатар, Богд хаан, С.Данзан/ болон 600 түвд, монгол цэргийг хөнөөсөн улаантны алан хядагч хэмээн зарим эх сурвалжид үздэг.


Монголд улаантны явуулсан аллага 1937 онд дээд цэгтээ хүрсэн юм. Тэр үед БНМАУ-ын Дотоод Явдлын Яамны сайд X.Чойбалсан 1937 оны 5 дугаар сард Зөвлөлт Холбоот Улсын Дотоод Хэргийн Ардын Комиссар / НКВД /-ын дарга Н.И.Ёжовт бичсэн захидалдаа: “ Сүүлийн үеийн ДЯЯ-ны ажлын гол асуудал бол түвд лам нар лугаа тэмцэх асуудал байсан амуй. Лам нар болбаасу Японы эсэргүү ажлын гол суурь болохын дээр Монголын ард түмний хөгжих, үндэсний тусгаар тогтнолд саад тотгор учруулагч гол харгис хүчин хэмээн тэмцсээр ажгуу. Танай газрын зөвлөх нөхөр Чопяк болон бусад сургагч нарын шууд тусламж, мөн СССР улсын Элчин нөхөр Таировын зүйл бүрийн дэмжлэгээр Х.Чойбалсан миний бие лам нарын өсөлтийг хязгаарлан боох, тэднээс ард олны дунд нөлөөлөхийг таслан зогсоох тухай улс төр, эдийн засгийн арга хэмжээнүүдийг намын Төв Хороо, Засгийн газраар оруулж чадсан билээ.


Бид энэ ажилдаа нөхөр Сталингаас өгсөн даалгаврын дагуу дээд ангийн лам нарын улсаас урваж тагнуул хийсэн ба зэвсэгт бослого гаргах хэмээсэн хэрэг 5-ыг бэлтгэж, өргөн олны дунд ил хурлаар үзүүлэн таслуулах арга хэмжээг авч нөхөр Сталины зөвлөлгөөг биелүүлж гүйцэтгэж чадсан амуй.


Эл таслан шийтгэсэн хэргүүд нь дээд ангийн лам нарыг маш гутааж чаджээ. Лам нараас хураах албан татвар 1936 онд 4 сая нэг зуун мянган төгрөг байсан бол 1937 онд лам нараас авах татвар улам өссөөр байгаа болно. 1937 онд шийтгэгдсэн лам дээд анги 439, дунд анги 404, доод анги 603. Лам нартай тэмцэх ажилд бүх албан газрыг татан оруулсан. Цаашид Чойбалсан миний бие лам нарын тухай тогтоол бодлого, улс төр, үзэл суртлын тэмцлийг лам нарыг устгах ажлын цохилт лугаа зохицуулан явуулахыг өөрийн өмнө үүрэг болгоно. Хүндэтгэн ёсолсон: Таны үнэнч зарц Х.Чойбалсан” хэмээжээ. Улаан Оросын гар хөл болсон ийм л урвагч нар тэр үед монголын төрийг удирдаж ард түмнээ хэдэн арван мянгаар нь хөнөөж байсан гэдэг нь баримтаар нотлогдож байна. Чойбалсан бол өөрийнх нь хэлснээр үнэхээр улаан оросын үнэнч дуулгавартай зарц байлаа. Чойбалсан бол Сталин, Берия, Фриновский нарын монголын ард түмнийг устгах тушаалыг хэрэгжүүлэгч зарц байсан нь олон баримтаар нотлогддог юм. Хожим олдсон Чойбалсангийн хувийн тэмдэглэлд “1937- 1939 он хүртлэх хугацаанд баривчлагдсан хүмүүс 56 мянга 938. Үүний дотор бүх буудагдсан хүн 20 396. Жич, эдгээр баривчлагсадын дотроос 17 мянга 335 нь лам нар болно” гэжээ. Энэ бол зөвхөн Чойбалсангийн тушаалаар хөнөөгдсөн монгол хүмүүс. Цаана нь ямар ч бүртгэл тэмдэгдэлд тусгагдаагүй хөнөөгдсөн хэдэн арван мянган монгол хүмүүс буй. Х.Чойбалсан тэр үед "Прокурорын байгууллага нь Дотоод яамны нэр хүндийг унагаж, хувьсгалын эсэргүүнүүдтэй тэмцэх ажилд саад учруулж байна" хэмээн Ардын Их Хуралд гомдол гаргаж байв. АИХ-аас Прокурорын газрыг дахин тийм явдал гаргахгүй байхыг үүрэг болгон шийдвэрлэсэн нь Дотоод яамыг хэмжээгүй эрхт цуст байгууллага болгон хувиргажээ.


Тэр үед Дотоод яам “хувьсгалын эсэргүү нарыг илрүүлэх ажил” хэмээн хуурамч үйлдэлдээ иргэдийг дайчилж, дотоодын тагнуулын мэдээлэгч нарын тоо 50 000-д хүрч байжээ.


Хууль бус цуст ажиллагааг давраасан нэг хүчин зүйл нь аливаа хэргийг шүүх байгууллага шүүн тасалдаггүй, харин Онц Бүрэн Эрхт Тусгай Комисс гэгч хууль бус байгуулага шийдэж байлаа. Энэ нь Дээд шүүхээс гадна бас дахин нэг хууль бус шүүх үүсчээ гэсэн үг. Тухайн үеийн улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж байсан бүх хүмүүс энэхүү хууль бус байгуулагаар хэрэг нь шийдэгдэж байсан нь шүүх байгууллагын үүргийг бүрмөсөн үгүйсгэсэн явдал байлаа. Бүрэн эрхт тусгай комисс нь “улс төрийн хэрэгтнүүд”-ийн хэргийн хавтастай танилцдаггүй, хэргийг шалгадаггүй, зөвхөн нэрсийн жагсаалтаар таамгаар ял оноодог байв.Түүнээс гадна Бүрэн Эрхт Тусгай Комиссын шийдвэрт давж заалдах эрх яллагдагчид огт байдаггүй байв. Х.Чойбалсангаар толгойлуулсан гурван хүний бүрэлдэхүүнтэй “Бүрэн эрхт тусгай комисс” гэгч нь 1937- 1939 он хүртэл ямар ч гэм зэмгүй нийт 25824 хүнд хилс ял оноож 20 474 хүнийг буудан хөнөөжээ. 5103 хүнд 10 жилийн ял оноож, 240 хүнд 10-аас доош жил хорих ял оноожээ.1932-1940 онд нийтдээ 28451 хүн баригдаж,  нийт 20822 хүн буюу 72 хувийг нь буудан хөнөөжээ. Улаантнууд Монголд нийтдээ 35 000 ямар ч гэм зэмгүй монгол хүнийг буудан хөнөөж, эрэгтэй хүн амынхаа хорин хувийг устгаж, 150 000 хүнийг хэлмэгдүүлсэн гэдэг нь юүг харагдуулж байна вэ гэхлээр тэр үед Монголд жинхэнэ монгол төр байсангүй, шударга хууль ч байсангүй, эрх чөлөө ч байсангүй, харин “хүн алж, хүрээ талдаг” харийн улаантны харгис төр байсан гэдэг нь түүхийн баримтаар нотлогдож байна.


Улаантны их аллагын үед Монголд 35 000, эсхүл 45 000, эсхүл 100 000 монгол хүн алагдсан гэсэн тоонууд байдаг. Улаантнууд алсан хүнийхээ тоо баримтыг ихэд нууцалж холбогдох баримт бичгийг устгадаг байсан тул яг үнэн зөв тоо гаргахад ихэд бэршээлтэй байсан аж. 


Улаантнууд балчир хүүхэд, хөл хүнд жирэмсэн бүсгүйчүүдийг хүртэл хайр найргүй буудан хөнөөдөг байлаа. Нийтдээ 60 гаруй монгол бүсгүйчүүд хэлмэгдсэнээс Дэмид маршалын жирэмсэн гэргий Навчаа Богданова, Богдын хатан гэгддэг Гэнэнпил бүсгүй зэрэг арав гаруй жирэмсэн бүсгүйг буудан хөнөөжээ. Мөн Хэнтийн мэргэн жаал Цэрэнпунцаг, хувилгаан хүү Очиржанцан, Равжаа хутагтын хойд дүр 14 настай бяцхан хүүг улаантнууд буудан хөнөөжээ. Улаантуудын аллага их, бага хэмжээгээр Чойбалсанг үхэх хүртэл буюу 1952 он хүртэл Монголд үргэлжилжээ. Монголын төр үнэхээр хулчгар шүү. Польш зэрэг зөвлөлтийн коммунистуудын аллаганд өртсөн зүүн европын хуучин социалист орнууд Орос улсаас алагдсан иргэдийнхээ нөхөн төлбөрөө нэхэж авсан байхад монголын төр Оросын засгийн газраас алагдсан иргэдийнхээ ямар ч нөхөн төлбөр аваагүй байдаг юм.  


Улаантнуудын аллага Монголд ямар хор хөнөөл учруулсан бэ?  


Хүний амь бол үнэлж баршгүй үнэт зүйл юм. Монголд улаантнуудын устгасан 1250 буддын сүи хийд, хэдэн зуун сая буддын ном судар, монголчуудын үнэт соёл, өв хөрөнгийг үнэлж баршгүй билээ. Улаантны аллага монголын хүн амын өсөлтийг олон жилээр ухраав. Монголын сэхээтэн, тайж язгууртан, эрдэмт лам хувраг, монгол хүмүүсийг үй олноор нь хөнөөсөн нь үлэмж их нүгэл юм. Статистикийн тоо баримтыг үзвэл Монголын хүн ам 1940 оноос 1950 он хүртэл ердөө таван зуухан хүнээр өсчээ гэсэн мэдээ байдаг. Зөвлөлтийн алдарт эрлэмтэн Лев Гумилёв “ Дэлхийд монголчууд шиг хамгийн ихээр хэлмэгдсэн ард түмэн байхгүй” хэмээн хэлсэн байдаг. Монголд ийм аймшигт аллага болсон гэдгийг ард түмэн хэзээ ч мартаж болохгүй. Дахин ийм аллага бүү давтагдаг.


Доржийн СҮХБААТАР 2026.09.11