sonin.mn

Прокурорын байгууллагаас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлсэн. Арга хэмжээний хүрээнд Дорнод аймгийн прокурорын газрын Хүний эрх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Т.Батжаргалтай Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн талаар ярилцлаа.


Дорнод аймгийн прокурорын газраас тус аймагт үйлдэгдсэн Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн судалгааг хийсэн байна. Энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл, байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?


Дорнод аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, шалтгаан, нөхцөлийг 2024 оноос 2026 оны эхний 8 сарын байдлаар судалсан. Тус прокурорын газраас Хүрээлэн байгаа орчны эсрэг 2024 онд 25, 2025 онд 10, 2026 оны эхний 8 сарын байдлаар 10, нийт 45 гэмт хэрэгт хяналт тавьсан. Хүрээлэн байгаа орчны эсрэг нийт гэмт хэргийн 44 хувь нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг эзэлж байгаа нь хамгийн их байгаа бол 26 хувийг байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг, 18 хувийг ой хээрийн түймэр тавих гэмт хэрэг, 9 хувийг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг эзэлж байна. Прокуророос Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн 42 хүнд холбогдох 34 хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс шүүх 40 хүнд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Үүнээс 9 хүн урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан иргэд байна. 


Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ямар төрлийн гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байна вэ?


Манай аймаг нийт 14 сумтай, газар нутгийн онцлог, байгалийн нөөц зэргээс шалтгаалаад сумдад харилцан адилгүй гэмт хэрэг үйлдэгдэж байна. Тухайлбал, хууль бусаар мод бэлтгэсэн 19 хэргийн 18 нь ой мод ихтэй Баян-Уул суманд, 1 хэрэг нь Баяндун суманд үйлдэгдсэн байна. Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг өвлийн саруудад буюу 12, 1 дүгээр саруудад зонхилон үйлдэгддэг. Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүж бэлтгэсэн гэмт хэрэг гарч байгаагаас “дэрвэгэр жиргэрүү” ховор ургамал түүх гэмт хэрэг Хөлөнбуйр, Булган сумдын нутаг дэвсгэрт 8, 9 дүгээр саруудад үйлдэгдэж байна. Дорнод аймгийн нутаг дэвсгэрийн онцлогоос шалтгаалж ой хээрийн түймэр тавих гэмт хэрэг жил бүр гарч байна. Тодруулбал хавар, намрын хуурайшилттай цаг үед ихээр гарч байна. 


Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүд гарч байгаа шалтгаан нөхцөл юу байна вэ?


Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, ан агнах, мод бэлтгэх, байгалийн ургамал бэлтгэх зэрэг гэмт хэргүүд иргэд, олон нийтэд байгаль орчноо хайрлан хамгаалах сэтгэлгээ төлөвшөөгүй, хууль бус үйлдлийн улмаас үүдэн гарах үр дагавар, хор уршгийг ойлгож ухамсарлаагүй, хууль, эрх зүйн талаарх ойлголт, мэдлэг дутмаг байдал, мөн амар хялбар богино хугацаанд ашиг олох шунахай зорилгоор үйлдэгдэж байна. Харин ой, хээрийн түймэр тавих гэмт хэрэг нь тал хээрийн нутгийн онцлог байдалтай холбоотойгоор үнс нурам, тамхины цогоо бүрэн унтраалгүй ил задгай орхих, тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэх арга хэмжээ авахгүй явах зэрэг иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалан гарч байна.


Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг дотроос хамгийн хор уршиг ихтэй нь ой, хээрийн түймэр байдаг. Дорнод аймгийн хувьд хээрийн түймэр тавих гэмт хэргийн улмаас хэчнээн хэмжээний хохирол, хор уршиг учирсан бэ?


Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Ой, хээрийн түймэр тавих гэмт хэрэг нь хэдийгээр гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг боловч хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд шууд аюул занал учруулдагаараа бусад гэмт хэргээс хохирол, хор уршиг ихтэй байдаг. Тухайлбал, сүүлийн 2 жилийн хугацаанд шалгагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас байгаль орчинд 2,6 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Гэтэл зөвхөн ой, хээрийн түймэр тавих гэмт хэргийн хохирол 2,5 тэрбум төгрөг байгаа нь нийт хохирлын 97 орчим хувийг дангаараа эзэлж байна. 


Хээрийн түймэр тавих гэмт хэрэгт хэчнээн хүн холбогдон шалгагдсан бэ? Шүүхээс ямар хариуцлага хүлээлгэсэн бэ?


Ой, хээрийн түймэр тавих гэмт хэрэгт холбогдсон 5 хүнд холбогдох 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэсэн. Үүнээс 1 нь нутгийн иргэн, 4 нь өөр сум, орон нутгийн харьяалалтай, тээврийн хэрэгсэл жолоодон тухайн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байсан явуулын хүмүүс байсан. Шүүхээс тэдгээр хүмүүст хорих ял оногдуулахгүйгээр 1-2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, учирсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн.


Дээрх хэргээс иргэдэд сургамж болох, урьдчилан сэргийлэх зорилгоор 1 хэргийг тоймлон хүргэхэд: Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт 2024 онд иргэн Н-ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн янданд өвс хуримтлагдаж оч хаясны улмаас хээрийн түймэр гарч, хүний амь нас хохирч, 81.1 мянган га талбай шатаж, байгаль орчинд 2,4 тэрбум, иргэдийн эд хөрөнгөнд 739 сая төгрөгийн хохирол учирсан. Энэ хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (болгоомжгүйгээр хээрийн түймэр тавих)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс тухайн иргэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 5 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, байгаль орчинд учруулсан хохирлын 2 хувьтай тэнцэх хэмжээний буюу 40,9 сая төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд, 99 сая төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт гаргуулж олгуулахаар шийдвэрлэсэн.


Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд юунд анхаарах шаардлагатай вэ?


Дээрх хэргийн жишээнээс үзэхэд иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэл нь хээрийн түймэр гарах эрсдэл бий болгодог гэдгийг анхаарах хэрэгтэй. Жолооч нар хөдөө, орон нутагт тээврийн хэрэгслээр зорчихдоо замгүй газраар шинэ зам гаргаж явах тохиолдол их байдаг. Энэ нь газрын хөрсийг доройтуулахаас гадна өвс, ургамал тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдаж, яндангийн халалтаас болж шатаж, улмаар хээрийн түймэр гарах нөхцөлийг бүрдүүлдэг. 


Ойн тухай хуульд “түймрийн аюултай үе" гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг.


Хавар, намрын хуурайшилтын цаг үед тал хээрийн нутгаар зорчин явахдаа техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Иймд иргэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд гал болон түргэн шатамхай зүйлтэй болгоомжтой харьцах, гал, шүдэнз, тамхи, үнс нурмаа ил задгай хаяхгүй бүрэн унтрааж байх, түймрийн аюултай цаг үед тээврийн хэрэгслийнхээ янданг оч баригчтай болгох, өвс ихтэй замгүй газраар зорчихгүй байх, янданд хуримтлагдсан өвс, ургамлыг шалгаж, цэвэрлэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.