sonin.mn

"Зууны мэдээ" сонины сурвалжлах баг Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ “Их тойрог ивээл “ компанийн үүсгэн байгуулагч, захирал Б.Нандин-Эрдэнийг “Бизнес, хөгжил” булангийн зочноор урилаа.

 

-Та бизнесээ хэдийд эхэлсэн бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?


-Би гутлын технологич мэргэжилтэй. Анх 2011 оноос гутал хийж эхэлсэн. 2017 онд бие дааж гутлын цех байгуулсан. Дархан хотод жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв гэж байдаг. 2018 онд тус төвийн төсөлд хамрагдан бойжсон. Ингээд 2023 онд гутлын үйлдвэрээ өргөжүүлэн ажиллаж байна.


-Танай үйлдвэр ямар гутал хийдэг вэ?


-Манайх ихэвчлэн гоёлын болон ажлын гутал хийдэг. Захиалга өгвөл бүх төрлийн гутлыг хийх боломжтой. Энэ зунаас бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэгдүүлж цүнх, тэлээ бүс хийхээр төлөвлөж загвар зургийг нь гаргаж байгаа.


-Үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байгаа ч Дархан хотдоо хамгийн эрэлттэй, захиалга ихтэй компани гэж байсан. Танай үйлдвэрийн давуу тал нь юу вэ?


-Гутлын үйлдвэрүүд ихэвчлэн нэг загварын гутлыг олон размертайгаар хийдэг. Бид захиалагчын гутлыг хөлнөөс нь хэмжээ авч зөвхөн тэр хүнд зориулж хийдгээрээ давуу талтай.


-Үйлдвэрийн хүчин чадлын талаар мэдээлэл өгч болох уу?


-Захиалга ер нь тасардаггүй. Хүмүүс хүнсний дэлгүүрт ороод сагсаа бариад хамгийн эко чанартай хүнсээ сонгодог шүү дээ. Түүнтэй адил манай үйлдвэрт ирээд гутал хийх материалтайгаа танилцаад, сонгоод гутлаа хийлгэдэг. Захиалагчид ихэвчлэн чийг татахгүй материалыг хайж сонгодог. Гаднын гутлууд өмсөөд удаагүй байхад чийг татдаг учраас давхар улавч хийдэг бол манайх улавч хийх шаардлагагүй байдаг.


-Ямар материалыг ашигладаг вэ?

-Чийг татах шалтгаан гутлын дотор ултай хамаатай байдаг. Гаднын гутлыг кардонан цаасаар хийдэг учраас өмсөөд хэсэг хугацааны дараа чийгээ даахгүй доошоо цөмөрдөг. Ингэснээр давхар улавчыг ашиглах шаардлага гардаг. Тиймээс бид дотор улыг зузаан ширээр хийдэг учраас чийгийг сайн шингээж урагддаггүй.


-Үйлдвэрлэл өргөжиж хөгжихийн тулд бүтээгдэхүүний борлуулалт чухал нөлөө үзүүлдэг шүү дээ?


-Манай үйлдвэр хэрэглэгчээс захиалга авах замаар борлуулалтаа нэмэгдүүлдэг. Хөлний асуудалтай байвал захиалгаар хийлгэдэг сонголттой. Дэлгүүрт худалдаалахаар гутал үйлдвэрлэж байгаа. Сүүлийн үед үйлдвэр дээр захиалга өгөхөөр ирсэн хүмүүс бэлэн бүтээгдэхүүнээс сонголт хийх болсон. Тиймээс энэ хавар үйлдвэрийн барилгаа өргөтгөн нэрийн дэлгүүр нээхээр төлөвлөсөн.


-Цаашдаа шинээр санаачлан хэрэгжүүлэх гэж байгаа бусад үйлдвэрүүдээсээ ялгарах онцлог нь юу вэ?

-Бид жил болгон гутлынхаа чанар дээр сайжруулалт шинэчлэлтийг хийдэг. Хэрэглэгчийн санал хүсэлтийг мөн асуудаг. Хэрэглэгчдийн 60-70 хувь нь чийг татах асуудал багатай байна гэдэг. Захиалга өгөөд манай үйлдвэрийн гутлыг өмсөөд хэвшчихсэн хүмүүс байнгын хэрэглэгч болдог.


-Цаашдын зорилгоо хэлж болох уу?

-Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр үйлдвэрээ тоноглосон. Тиймээс бүтээгдэхүүнийхээ гарцыг нэмж, чанарыг барьж ажиллана. Цаашлаад хүүхдийн гутал хийхээр төлөвлөж байгаа. Дотоодын үйлдвэрүүд гутал хийгээд байгаа ч хүүхдийн хөлд зориулагдсан байдлаар үйлдвэрлэх нь бага байна уу гэж хардаг. Хүний гар ажиллагаа багатай бүхий л тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа учраас 70-80 хувь нь хүүхдийн гутлыг хийнэ л гэсэн бодолтой байна. Урд нь өдөрт 5-10 гутал хийдэг байсан бол одоо өдөрт 50-80 гутал хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.


-Үйлдвэрийн хүчин чадлыг сонирхож болох уу?


-Одоогоор өдөрт дунджаар 30-50 хос гутал үйлдвэрлэдэг. Тэгэхээр жилд 600 гаруй хос гутал үйлдвэрлэх боломжтой.


-Гутлын загварыг хэрхэн гаргадаг вэ?


-Бид загвар зохион бүтээгчидтэй гэрээтэй ажилладаг. Ярилцаж байгаад загвараа гаргадаг. Массаар болон тухайн хүнд зориулагдсан цор ганц гутлыг хийдэг. Үйлчлүүлэгч цор ганц загвараар хийлгэвэл тэр загварыг нь дахиж гаргах эсэхийг ярилцдаг. Материалын хувьд ширээр дотор улыг хийдэг ч гадна улыг импортоор авдаг учраас тухайн үйлдвэртэй нь очиж танилцдаг. Мэдээж түүхий эдээ дотоодоос бэлтгэхийн зорьдог ч түүхий эдийн боловсруулалт дутмаг байдаг тал бий.


-Борлуултын сувагуудыг тань сонирхож болох уу. Магадгүй нийслэлд байгаа хэрэглэгч яаж худалдан авалт хийх вэ?


-Үйлдвэр дээрээ дэлгүүртэй. Үйлдвэрээс ирээд авч болдог. Бусад зах худалдааны төвүүдээр манай борлуулах цэгүүд нээгдэж эхэлсэн. Энэ жилээс өргөжүүлээд борлуулах цэгүүдээ нэмээд явж байна.

Үйлдвэрээс ирж авахын давуу тал нь бид гутлын бүтэц, давхарга, ямар материалаар хийгдсэнийг харуулах задалсан гутлуудыг тавьсан байдаг. Гадна дотно талыг нь харснаар сонголтоо зөв хийх боломж илүү бүрдэж өгдөг давуу талтай. Ер нь үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь улсын эдийн засаг өсөхийн зэрэгцээ үйлдвэрүүд хөгжинө. Мэдээж бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэнэ, чанар сайжирна.


-Гутлын үйлдвэрт ажилладаг хүмүүс өөрсдийн хийсэн гутлаа өмсдөг үү?


-Эхний загвар бүрийг өөрөө өмсдөг. Манай үйлдвэрийн хувьд хүний хөлний онцлог, булчин, шилбэ зэрэгт яг тааруулж хийх дээр маш их анхаардаг. Монгол хүний хөлний хэлбэр ази болон европ хүний хөлний хэлбэрээс ялгаатай байдаг.


-Орон нутагт үйлдвэрлэл явуулахад ямар асуудал тулгардаг вэ?


-Орон нутагт хүн хүчний болон материал таталтын асуудлууд байдаг. Материалаа гаднаас авдаг учраас урсгал зардал ихтэй. Дархан хотын давуу талаас ярьвал хажуудаа хоёр том үйлдвэртэй. Тэдгээрээс үйлдвэрүүдээс зарим түүхий эдээ авч байна. Харин гутал хийх гоёлын арьсаа Орос болон Хятадын шилмэл арьсуудаас сонгож авдаг.


-Үйлдвэрийн гутлын үнэ, хөлс ямар байдаг вэ?


-Хавар намрын гутлыг 220 мянгаар, өвлийн гутлыг 250 мянгаар, эсгий дотортойг 300 мянган төгрөгөөр худалдаалдаг. Хүүхдийн гутал 99-150 мянга. Хавар намрын болон өвлийн гуталны дотор солигддог учраас бага зэргийн үнийн зөрүү бас гарна.


-Ямар зарчим баримталж үйлдвэрэлэлээ явуулдаг вэ?


-Гутлаа хаана ч зарсан үйлдвэрийн үнээр заръя гэсэн зарчмыг баримталж ажилладаг. Зарагдсан гутлынхаа үнээс хувийг нь бодож гэрээт борлуулагчдаа цалинжуулдаг. Гутлын ченжүүд бөөний үнээр худалдаж авчихаад дамлаж зардаг тохиолдлууд цөөнгүй байдаг нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэхээр өндөр үнэтэй байдаг гэсэн яриаг гардаг. Бас нэг харамсмаар нь импортын бүтээгдэхүүнтэй үндэсний үйлдвэрлэгчээс гарсан эцсийн бүтээгдэхүүн өрсөлдөх боломжгүй болно. Учир нь татваргүй шахам орж ирсэн гуталтай бидний үйлдвэрлэсэн гутал үнийн хэмжээгээр өрсөлдөх боломжгүй. Энэ нь үйлдвэрлэл хөгжих боломжийг боомилдог. Тиймээс үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд өөрийн нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна даа.



С.УРТНАСАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин