sonin.mn

Урвагч гэдэг үгийг оросоор Предатель, англиар Betrayer гэж хөрвүүлдэг юм. Энэ юү гэсэн үг вэ гэвэл эх орон, төр улс, гэр бүл, нийгэм, хамт олон, шашин соёл, өргөсөн тангараг, авсан сахилаасаа няцаж урвасан хүнийг хэлдэг юм. Би бага залуу наснаасаа эхэлж Монгол улс яагаад сул дорой болов, яагаад хаангүй, төргүй 200 жил болов, яагаад коммунизмын дарангуйлалд оров, яагаад хөгжихгүй байгаа юм бэ гэдгийг түүх, нийгэм улс төр зэрэг олон талаас нь судалсан. Энэ талаар олон удаа нийтлэл бичсэн. Монголчууд ийм хүнд байдалд хүрсэн нь олон шалтгаанаас болсон боловч нэг том шалтгаанаас болжээ гэсэн дүгнэлт хийв. Энэ бол Монгол улс урвагч нарын балгаас болж монгол төрөөсөө хагацаж сул дорой болжээ гэсэн дүгнэлт юм. Урвагч гэдэг үгийн эсрэг эерэг үг бол Эх оронч юм. Урвагч нараас болж монгол төрөө алдаад зогсоогүй, монгол эх орончдоо алджээ. Урвагчдаас болж унаган монгол газар нутаг, хүн ардаа үлэмж их хэмжээгээр алджээ. Монголчууд адаг сүүлдээ урвагчдыг баатар болгож эх орончдыг дайсан болгосон эмгэнэлт түүх ч байна.


Учир иймд би 


1.Ойрдын урвагч ноёд.

2.Халхын урвагч ноёд.

3.Улаантны урвагчид” гэсэн гурван хэсэгтэй “Урвагч” хэмээх энэхүү нийтлэлийг монголын түүхийг үнэн зөв болгох зорилгоор бичлээ. 


Гурав. Улаантны урвагчид


Улаантан гэж хэн бэ? Эд нар хаанаас гараад ирсэн юм бэ? Улаантан буюу коммунистууд гэж эзэн хаанаа эсхүл хууль ёсны засгийн газрыг төрийн эргэлт хийж устгасан, язгууртан ноёд, баян чинээлэг иргэд, шашин шүтлэгтэй хүмүүсийг гадуурхан хөнөөж, ард иргэдийнхээ өмч хөрөнгийг хураан дээрэмдэж зэвсгийн хүчээр дарангуйллын засгийг тогтоосон буруу номтон харгис хүмүүсийг хэлдэг юм. Улаантны үзэл суртлын багш нь германий еврей Мордехей буюу Маркс юм. Энэ улаантны хорт үзэл хорьдугаар зууны эхээр европ болон дорно дахинд тахал мэт тархсан. Энэ бүтэхгүй утопи үзлийг амьдралд хэрэгжүүлэхийг оролдсон хүн бол оросын улаан хувьсгалч Ленин, Сталин нар юм. Эдгээр буруу номтнуудын үзэл тэр үед Орос, Хятад, Монгол мэтийн  ядуу буурай улсуудад дэлгэрсэн нь эцэстээ эмгэнэл сүйрэл болж дууссан юм. Хорьдугаар зуунд улаантнуудын хорт үзэл оросын Кремлийн хана, өрнөдийн Берлиний хананаас монголын тал нутаг, хятадын цагаан хэрэм, вьетнамын ширэнгэн ой, америкийн куба, никарагуа, африкийн ангол хүртэл тархаж хэдэн арван сая хүний амь насыг хөнөөж байлаа. Улаантны хорт үзэл дорно дахины бурханы шашинт Монгол улсад ямар ч хамаагүй байсан юм. Гэвч улаан хувьсгалыг Монголд хүчээр импортолж бүхэл бүтэн ард түмнийг туршилтын туулай болгосон эмгэнэлт түүх монголчууд бидэнд тохиосон юм. Улаан хувьсгал гэгч харгис ажиллагаа монголын уламжлалт төр шашныг устгаснаар эхэлсэн юм. 


Хэн монгол төрөөсөө урваж улаантны харгис засгийг тогтоосон юм бэ? Улаантнууд хэрхэн зохиомол хилс хэрэг тулгаж монголын эх орончдыг хөнөөж, шоронд хийж, хөдөө нутагт цөлсөн юм бэ? Монголд ямар хор уршиг учирсан юм бэ? гэдгийг үнэн баримтаар нотолж өгүүлье. Ардын намынхан гэх улс төрийн хууль бус байгууллагын долоохон хүн хууль ёсны Богд хаант монгол төрөөсөө урваж, гадаадын 15 000 улаан орос цэрэг дагуулан Монголд цөмрөн довтолж, 1921 оны 7-р сарын 6-ны өдөр нийслэл Хүрээг түрэмгийлэн эзлэв.


Улаантнууд Хүрээг эзэлсний дараа нэн даруй Богд хаант монгол төрийг устгалаа. Улаантнууд Богд хаанаас монгол төрийн хаш тамгыг булаан авч монгол төрийг устгасан нь хорьдугаар зууны монголчуудын хамгийн том эмгэнэлт явдал байлаа.Улаантнууд “Бид монголыг гамин, цагаантнаас чөлөөлсөн, ард түмэнд эрх чөлөө авчирсан. Бид ардын хувьсгалыг Монголд хийсэн. Ардын засаг тогтоосон. Одоо та нар аз жаргалтай сайхан амьдарна ”хэмээн далан жил ард түмний тархийг угаав. Улаантнууд Монголд улаантны боолчлол, харгислал, ядуурлыг авчирсан юм. 1921 онд улаантнууд монголыг гамин цэргээс чөлөөлөөгүй юм. Харин Барон жанжин 1921 оны 2-р сарын 24-ний өдөр нийслэл Хүрээг гамин цэргээс чөлөөлсөн юм. Тэр үед Барон жанжин 1921 оны 4 дүгээр сар гэхэд монголын бүх газар нутгийг гамин цэргээс бүрэн чөлөөлчихсөн байсан.Барон жанжны цэргүүдийн монголын Улаан хад, Чойр дахь хятадын гамин цэргийн эсрэг тулалдаан ялалтаар дуусав. Хиагтад байсан гамин цэрэг гэдэг нь нийслэл Хүрээнд Барон жанжинд ялагдаад Оросоор дамжин нутаг буцаж явсан өлсөж ядарсан гамин цэргийг хэлээд байгаа юм. Цагаантан гэдэг нь Богд хаант монгол төрийг сэргээж өгсөн гавьяатай Барон жанжнаар удирдуулсан хаант оросын цэрэг, офицерүүдийг хэлж байгаа юм. Харин хаант Орос улс Богд хаант Монгол улсад олон сая алтан рублийн зээл, тусламж, орчин үеийн зэр зэвсэг өгч Богд хаант төрийн цэргийг орчин үеийн цэргийн эрдэмд сургаж монгол төрийг бэхжүүлсэн гавьяатай. Хаант оросын офицерүүд Богд хаант төрийн арми байгуулахад үлэмж ихээр тусалж байсан.Тэд бол бидний дайсан байгаагүй, харин монголчууд бидний нөхөд байсан юм шүү. Хаант Оросын тусламж байгаагүй бол Богд хаант Монгол улс гэж оршиход бэрх байсан. Ардын намынхан гэж хэн юм бэ? Анх тэд монголынхоо төлөө зөв зорилготой байгуулагдаж байсан. Анх 1920 оны 6-р сард Хүрээний болон Консулын хоёр бүлгэм нэгдэж Ардын намыг байгуулсан. Эдгээр хоёр бүлгэмийн ахлагч нь Д.Бодоо,С. Данзан нар байлаа. Ардын намын анхны долоо бол Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Чагдаржав, Д.Догсомжав, Д.Лосол нар юм. Ардын намынхан 1920 оны 6-р сард намын хөтөлбөр,дүрмийн шинжтэй 9 зүйл бүхий “Намын хүмүүсийн дагаж явах тангарагийн бичиг”-ийг баталсан байдаг.


Уг бичигт: ”Үндэсний шашинд харшлах харгис дайсныг цэвэрлэж, алдагдсан эрхийг эгүүлэн аваад төр шашныг үнэн сэтгэлээр бататган мандуулж, үндэс язгуурыг алдагдахгүй сахих ба дотоод засгийг үнэн сэтгэлээр сайжруулан засамжилж, ядуу дорд ард түмнийг туйлаар бодох ба өөрийн дотоод эрхийг өнө үүрд сахиж, дарлах дарлагдахын зовлонгүй аж төрөхийг чухалчилна” хэмээжээ. Товчоор монгол төр, шашнаа мандуулна гэсэн уриа л даа. Гэвч ардын намынхны энэ зөв зорилго нь адаг сүүүлдээ алийгаа алдсан юм.Төр шашнаа бататган мандуулна гэсэн чинь улаан оросын даалгавраар уламжлалт монгол төр, шашнаа устгав. Харгис дайсныг цэвэрлэнэ гэсэн чинь улаан оросын харгис цэрэгт эзлэгдэв. Дотоод засгийг сайжруулна гэсэн чинь харгис улаантны засаг тогтоов. Ядуу дорд ардыг бодно гэсэн чинь ард түмнийхээ амин зуулга болсон хамаг мал сүрэг, хөрөнгө мөнгийг нь булаан авч ядууруулав. Өөрийн дотоод эрхийг үүрд сахина гэсэн чинь өөрийн бус зөвлөлтийн эрх ашгийг хамгаалдаг, зөвлөлтийн дагуул улс болов. Дарлагдахын зовлонгүй аж төрнө гэсэн чинь ямар ч эрх чөлөөгүй улаантны боол болов. Ардын намынхан 1920 онд улаан Оросын армид бүртгүүлсэн баримтыг би архиваас олж үзээд гайхлаа. Оросын цэргийн архивын баримт бичигт улаан Оросын 5-р армийн бүрэлдэхүүнд “монгол батальон” / товчоор “монбат” гэдэг байв / гэгчийг 1920 онд байгуулж, түүнд С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Чагдаржав, Х.Чойбалсан нарын нэр дурайтал бичигдсэн байх юм. Энэ баримт бол эдгээр хүмүүс Богд хаант монгол төрөөсөө урважээ гэдгийг нотлох хөдөлшгүй баримт шүү. Монголд улаан орос цэргийг оруулах ажлыг анх Коминтерн аль 1920 оноос эхлэн бэлтгэж эхэлжээ. Оросын Эрхүү хотод 1920 оны 10-р сард Коминтерн “Монголд түр Засгийн газар байгуулж улаан орос цэргийг Монголд оруулах” тухай асуудлыг хэлэлцжээ. Энэ хуралдаанд Оросын большевик Буртман, Гапон, Гершевич, Абрамсон, Борисов, Николаев, Дашепылов, Цыренжапов нар оролцож дор дурдсан шийдвэр гаргажээ.


1.Монгол Ардын Түр Засгийн газар байгуулахыг хүлээн зөвшөөрөхөөр санал нэгтэй шийдвэрлэв.

2.Монголын ард түмэнд хандан уриалга гаргах;

3.Монгол Ардын Нам / МАХН/-ын төлөөлөгчдийн өмнөөс уриалга гаргах;

4.Сибирийн хувьсгалт хорооноос уриалга гаргах;

5.Төлөөлөгчдийг яаралтай хил рүү Монгол руу явуулах;

6.Ховд, Улиастай руу илгээх хүмүүсийн санал оруулж ирэх;

7.Усть-Каменогорск, Бийск, Минусинск дахь зөвлөлтийн байгууллагуудыг хил орчмын монголчуудтай нэн даруй харилцаа холбоо тогтоох.

8.Нарийн бичгийн дарга Николаеваас бусад монголын хэлтсийн ажилтнуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь Троицкосавск /Хиагт/ руу илгээх;

9.Оросын коммунист намын Сибирийн товчооны нэг тэргүүлэгч гишүүнийг Хиагт руу илгээх;

10.Троицкосавскад орчуулгын ажлыг зохион байгуулах арга хэмжээ авах;

11.Монголчуудыг зэвсэглэх зорилгоор Тройцкосавск руу 1000 винтов, 200 мянган сум илгээх; 

12.Эрхүү муж болон Сэлэнгээс буриад цэргийн сургагч нарыг олж хайх асуудлыг шийдэх. Эдгээр батлагдсан бүх арга хэмжээг зайлшгүй шаардлагаар хэрэгжүүлэхийг Тэргүүлэгчид болон Монгол-Түвдийн хэлтэст даалгажээ. Эдгээр ажлыг зохион байгуулахад Оросын Коммунист намын Сибирийн товчооны дарга Н.Буртман, Монгол-Түвдийн хэлтсийн дарга С.Борисов нар голлон оролцжээ. 


Дараа жил нь Ардын намынхан Оросын нутагт буюу Троицкосавск хотод 1921 оны 3-р сарын 1-ний өдөр Ардын намын хурал хийж тэр хуралд 16 хүн оролцож тэдний дотор улаан Оросын Коминтерний төлөөлөгчид сууж ардын намыханд зааварлаж байлаа. Гамингаас эх орноо чөлөөлж монгол төр, шашнаа мандуулна гэсэн ардын намынхан ийнхүү улаан Оросын Коминтерний дуулгавартай зарц болж дүрээ хувиргав. Тэр үеэс эхлэн улаан оросууд Монголын дотоод хэрэгт шууд оролцох болжээ. Саяхан түүхийн ухааны доктор О.Батсайхан дараах баримтыг өгүүлсэн байна.


О.Батсайхан бичихдээ: “Анх 1917 оны Оросын улаан хувьсалын дараа Сибирь дэх цагаан гвардийн цэргүүдэд хөөгдсөн улаантан большевикууд Монголд нууцаар дүрвэн орж ирсэн байсан. Харин тэр үед Монголд сууж байсан Хаант Оросын консул А.Орлов зөвлөлт засгийг хүлээн зөвшөөрдөггүй хүн байсан бөгөөд 1920 он хүртэл Монголд амьдарч байжээ. А.Орлов консул “Улаан оросуудыг Монгол руу битгий оруул” гэж Богдын Засгийн газарт албан бичиг өгч байжээ. Хиагтад байсан цагаан оросуудыг улаан цэргүүд тонон дээрэмдэж барьж хориход монгол цэргүүд очиж суллаж чөлөөлдөг байв. Оросын улаантнууд анх Монголд орж ирэхдээ “Хэрэглэгчдийн холбоо” гэсэн хуурамч нэртэй байгууллагын шугамаар мах худалдаж авах нэрийн дор орж ирдэг байжээ. Харин Богд хааны Засгийн газар “Малчид малаа зарах эрхтэй” гэж үзээд улаан оросуудыг оруулсан нь маш том алдаа болжээ. Гэтэл тэдний оруулж ирсэн байгууллага 330 төлөөний газартай, мянга гаруй хүнтэй, улаан Оросын маш том сүлжээний газар байв. Энэ байгууллага коммунист үзэл суртлыг дэлгэрүүлж монголчуудын тархийг угаах ажлыг Монголд анх хийж байв. Тэд 1918-1920 онуудад Монголоос 60 000 бод мал, 100 000 гаруй бог мал худалдаж аваад Улаан Оросын Ар Байгальд байрлаж байсан улаан орос цэргийн хүнс болгон өгч байв. 


1920 оны гуравдугаар сард Зөвлөлт Орос улс төлөөлөгчөө Монголд илгээсэн ч хилээр монголчууд тэднийг оруулаагүй ажээ. Оросын Коммунист большевикуудын намын Төв хороо Москвад, Сибирийн товчоо Омскт, Сибирийн товчооны салбар Сибирийн товчооны Дорно дахины ард түмний секц гэгч нь Эрхүү хотод байрлаж байлаа.


Энэ секц ардын намын монголчуудыг Орост аваачсаны даваа “Монгол, Түвдийн хэлтэс” нэртэй болжээ. Энэхүү улаантны хэлтсийн зорилго бол Монгол, Хятад, Түвд, Солонгост коммунист нам байгуулж төрийн эргэлт хийх зорилготой байв. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд тухайн орноос большевик намыг талархан дэмждэг хүмүүсийг авчирч Зөвлөлт Орост сурган, буцаан нутагт нь аваачаад Коммунист нам байгуулж төрийн эргэлт хийх зорилготой байв. 1920 оны наймдугаар сард Эрхүүд байгуулсан “Монгол, Түвдийн хэлтсийн үйл ажиллагааны зарчим” хэмээх баримт бичигт Монгол ардын хувсгалт нам, МАХН-ын баг хуралыг байгуулна гэсэн үг байдаг. “Монголын үнэн” сонин ч энэ хэлтсийн сонин байв. Борисовоос эхлээд олон большевик орос хүн удаа дараалан Монголд нууцаар ирж, Орос руу монгол хүмүүсийг нууцаар аваачих ажлыг хийдэг байжээ. Энэ бүх хууль бус ажиллагааны дүнд монголын хилийн цаана “МАХН” гэх нууц байгууллага байгуулагджээ. МАХН-ыг С.Данзан, Д.Бодоо, Д.Сүхбаатар нар байгуулсан гэдэг нь огт худал юм. Зөвлөлт Орос улс эхлээд “Монгол товчоон” хэмээх байгууллага байгуулав. Энэ бол маш том эрх мэдэлтэй. тамгатай, бичигтэй байгууллага байлаа.Энэ байгууллага тэр үед монгол хүмүүсийг хил давуулах ажлын зохион байгуулж, тэдгээр хүмүүсийг шалгаж болохгүй, хэнтэй ч юм яриулахгүй байдаг байв. Ардын намын анхны долоо тусламж гуйхаар хил давсан гэх ажлыг яг үнэндээ дээр дурдсанчлан Борисовоос эхлээд бусад улаан оросууд зохион байгуулжээ. Хамгийн түрүүнд С.Данзан, Х.Чойбалсан хоёр Зөвлөлт Орост очсон ажээ. Энэ хоёрыг очмогц нь битүү газарт байрлуулж шалгаж байв. Монголоос очсон хүмүүсийг очингуут нь нэг хэсгийг нь хөнөөж, нөгөө хэсгийг нь Эрхүүд үлдээгээд, үлдсэнийг нь Оросын большевик намд элсүүлжээ.


Тухайлбал, Х.Чойбалсанг Оросын большевик намд элсүүлж авчээ. Ингээд МАХН-ыг байгуулахаар болсон байна. Хилийн цаана байсан “Ардын намынхан тунхаг бичиг” гэгчийг гаргасны хариуд Богд хааны Засгийн газраас хариу бичиг гаргасан ажээ.


Энэ албан бичигт “Элдэв анги нам байгуулж, Богд эзэн хааны заавар, зөвшөөрөлгүйгээр тунхаг зарлал гаргах нь олныг нэгтгэн, Монгол улс байгуулах их хэрэгт маш хортой. Даруй цаазалбал зохино. Ардын намаас Монголд тунхагласан зарлал болбоос Монголыг хуурахыг хичээж буй улаан намын заавраар бичсэн утга учиргүй хортой хэрэг болно” хэмээн бичсэн байв. Богд хаант монгол төр оросын улаантнууд гэж хэн байсныг маш тодорхой сайн мэдэж байжээ. “Улаан нам болбоос олон ардад жаргалан үзүүлнэ гэж олныг хуурч, эрх мэдлийг гартаа аваад эцэст нь тариачин, худалдаачин, тайж язгууртнуудыг дээрэмдэж, сүм хийд, шашин орныг сүйтгээд олон түмэн хүнийг алжээ. Хаад ба түүний албат нарын олон зуун жилийн турш эх орондоо байгуулсан бүхнийг дээрэмдэн сөнөөж, энэ хэрээр тэд өөрсдөө баяжин, орос ардыг хоосруулан, өлсгөлөнгөөр үхэхэд хүргэсэн байна” хэмээн дүгнээд “Ертөнцөд бурхангүй байж болохгүй. Гэр өрхөд эзэнгүй байж болохгүй. Ард түмэн хаангүй байж болохгүй. Хятад, Орос улс хаад нь байхгүй болсноос хойш ямар аюул болсоныг мэдэхгүй юу та нар” хэмээн Оросын коммунист үзэл суртлыг ямар аюултай болохыг “Энэхүү бошгыг халах суртал болвоос дэлхий дахины бүх улсын дайсан болох улааны суртал мөн болой” хэмээн бичсэн байв. Харин улаан Оросыг дагасан гүн Билэгсайхан, Д.Сүхбаатар нарын тэрхүү Богд хаант монгол төрийн эсрэг тунхаг бичиг гаргахад оролцсон төөрч будилсан хүмүүсийг нэн яаралтай Хүрээнд ирж Богдод бараалхахыг даалгасан байв. Тэр үед Богд хаан болон Богд хаант төрийн сайдууд хойд улаан Орост монголын дотоодын урвагчид Богд хаант төрийг устгах ямар аюултай сэдэл гаргаж байгааг огт мэдээгүй байсан нь маш том алдаа болсон юм.


Богд хаант төрийн тагнуулын алба гэж тэр үед байсан ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. 1921 онд монголын дотоодын урвагчдын тусламжтайгаар Оросын олон мянган улаан цэрэг хууль бусаар Монголд хил давж орж ирээд нийслэл Хүрээг түрэмгийлэн эзлэнгүүт 1921 оны долдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Хүрээн дэхь Богд хаант Засгийн газрын гишүүдийг бүгдийг нь  баривчилжээ.


 Улаан оросуудад Богд хаант монголын төрийн зүтгэлтнүүдийг барих ажилд Д.Сүхбаатар жанжин их идэвхтэй оролцож байжээ. Богд хаант монгол төрийн Засгийн газрын гишүүн Цэвээн, Тогтох тайжаас эхлээд олон монгол төрийн зүтгэлтэнүүдийг барьжээ. Улаан Орос цэрэг хятадын гамин цэрэгтэй байлдах бус, Богд хаант монгол төрийг устгах зорилготой байсныг ард түмэн огт мэдээгүй байв. Оросын улаан арми Монголд орж ирээд нийслэл Хүрээнд ард түмнийг дээрэмдэж тонож хүчирхийлэл үйлдэж байв. Аргаа барсан Ерөнхий сайд Д.Бодоо 1921 оны сүүлчээр Ерөнхий сайдаасаа огцрох өргөдөл өгөв. Удалгүй улаантнууд Бодоо, Чагдаржав нарыг цаазлав. Ардын Намын анхны дарга С.Данзан бас цаазлуулав. Оросын НКВД-ийн ил болсон баримтаас үзэхэд 1922 оны гуравдугаар сард Д.Сүхбаатар жанжин албан ёсоор Хүрээнд байгаа улаан орос цэргүүдийг гаргах шаардлагыг улаан Оросын комиссаруудад тавьжээ. Энэ шаардлагын хариу 1923 оны хоёрдугаар сард ирж, Сүхбаатар жанжин 30 насандаа хорлогдож таалал төгсөв” хэмээжээ. Түүхч О.Батсайханы ярьсан энэхүү баримт бол хөдлөшгүй үнэн түүхэн баримт юм. Улаантнууд засгийн эрхэнд гарсны дараа эзэн хаан, тайж язгууртан, эрдэмт лам хувраг, хувилгаан хүүхэд, жирэмсэн бүсгүйчүүдийг хүртэл “хувьсгалын эсэргүү” хэмээн хайр найргүй харгислан буудан хөнөөж байлаа. Удалгүй Монголд Богд хатан Дондогдулам хорлогдож таалал төгсөв.Удалгүй Богд хаан улаан оросын хортой үрэл залгиж таалал төгсөв. Улаан оросууд хааныг нь хөнөөж хатныг нь хордуулж ардын намын анхны зүтгэлтнүүдийг нь хөнөөж байхад ардын намынхан ажигч үгүй зүгээр сууж байв. Адаг сүүлд нь ардын намынханаас Чойбалсангаас бусад нь бүгд л алуулав. 1921 онд Хиагтын тулаан гэж юү болсон юм бэ? 1921 оны 3-р сард оросын улаан цэрэг монголын Хиагт хотыг эзэлсэн юм. Богд хаант төр удалгүй улаан оросын цэрэгт эзлэгдсэн Хиагтыг чөлөөлөхөөр Баяр гүний монгол цэргийг илгээжээ. Гэвч ардын намын Сүх Богд хаант төрийн монгол цэргийг /Баяр гүний 600 монгол цэрэг/ Маймаачин хот /одооны Алтанбулаг/-ын орчим 1921 оны 6-р сарын 6-ны өдөр олон мянган улаан орос цэрэгтэй хавсарч устгав.


Богд хаант төрийн Баяр гүний монгол цэргүүд Маймаачин руу довтлоход ардын намын Сүх улаан оросын халимагийн морьт цэрэг, алс дорнодын бүгд найрамдах улсын 800 гаруй улаан орос цэргийн хамт хэд хэдэн пулемёт буу бүгүүлж хэдэн талаас нь пулемёт бууны хайчин гал нээж Богд хаант монгол төрийн монгол цэргүүдийг бүгдийг нь буудан хяджээ.


Улаан Оросын халимагийн морьт цэрэг бол цагаан гвардийн Деникины армитай тулалдаж туршлагажсан цэргүүд байсан.Богд хааны цэргийн дарга Баяр гүн энэ тулаанд хүнд шархдаж шархаа даалгүй нас баржээ.Энэ тулаанд Баяр гүний цэрэгт байсан Хүрээний цэргийн сургуулийн дөнгөж 18 нас хүрсэн, байлдааны ямар ч туршлагагүй олон залуу монгол цэрэг амиа алджээ. Сүх цаашид Богд хаант төрийн цэргийн эсрэг үйл ажиллагаагаа улам өргөжүүлж Дарь эх ламын 700 гаруй монгол цэргийг мөн л улаан орос цэрэгтэй хамтарч хяджээ.Богд хаант төрийн монгол цэрэг болон цагаан гвардийн цэргийг улаан орос цэрэгтэй хамтарч устгасан Сүхийг улаан оросын большевикууд ихэд сайшааж Зөвлөлт Орос улсын Цусан гавьяаны улаан тугийн  одонгоор шагнажээ.Богд хаант Монгол төрөөсөө цэргийн боловсрол олж, цэргийн цол авсан, Богд хаант монгол төрдөө тангараг өргөсөн Сүх ийнхүү Богд хаант монгол төрөө улаан оросуудын хамт устгаж монгол төрөөсөө урважээ. Чойбалсан ч ялгаагүй Богд хаант монгол төрийг улаан оросуудтай хамтарч устгав. Монгол төрөөсөө уравсан хүнийг Чингис хаан цаазалдаг байсан. Богд хаан түвд лам хүн байсан тул 1921 онд нэг ч улаантны урвагчийг цаазлаагүй юм, 1919 онд хятадын талд урвасан нэг ч монгол ноёныг цаазлаагүй юм. Энэ нь их том алдаа болсон. Богд хаан эцэстээ өөрөө улаантнуудад хорлогдсон. Энэхүү цөвүүн цагт улаантны урвагчид баатар гэгдэж, уламжлалт монгол төрдөө үнэнч зүтгэсэн тайж язгууртнууд дайсан гэгдэж байлаа. Улаантнууд ямар ч боловсролгүй бүдүүлэг харгис хүмүүс байсан. Улаантны түүхчид Сүх, Чойбалсан нарыг улаан хувьсгалын удирдагч, коммунист энэ тэр хэмээн хэт дөвийлгөж худал домог зохиож байсан. Сүх гэж хэн юм бэ? Гарал үүсэл нь хэн байсан юм бэ? Үнэн түүхийг нь яръя. Сүх бол Сэцэн ханы харьяат Дамдины хүү. Дамдины эцэг Төгөө, Төгөөгийн эцэг Элбэг. Элбэгийн эцэг Төгс гэдэг хүн байсан. Сүхийн өвөг, элэнц эцэг нь Өвөр Монголын Үзэмчин хошууны Хайсу овгийн удмын хүмүүс байсан гэдэг. 1912 онд Богд хаант Монгол улсын цэргийн албанд дайчлагдан Хужирбулангийн цэргийн дарга нар бэлтгэх сургуульд амжилттай суралцаж пулемёт бууны сумангийн жагсаалын дарга болжээ. Д.Сүхбаатарт орчин үеийн цэргийн тактикаар хэрхэн байлдах, пулемёт буугаар хэрхэн буудах зэрэг цэргийн эрдмийг тэр үед Хужирбулангийн цэргийн сургуульд сургагч багшаар ажиллаж байсан хаант Орос улсын цэргийн офицер, монголчуудын дунд "сахалт" хэмээн алдаршсан Васильев гэдэг хүн сайтар зааж сургасан ажээ. Сүх 1918 оноос эхлэн нийслэл Хүрээнд монгол хэвлэлийн газарт үсэг өрөгчөөр ажиллаж байхдаа нийслэл Хүрээний орос хэвлэлийн газрын М.Кучеренко, Я.Гембаржевский нарын оросын еврей большевик хүмүүстэй нягт холбоо тогтоож буруу үзэлд уруу татагдаж байв. Дараа нь Сүх оросын Борис Щумяцкий, Яков Блюмкин мэтийн еврей большевикуудын нөлөөнд орсон юм. Ийнхүү Сүх хэдийгээр зоригтой, баатарлаг цэргийн жанжин байсан боловч алсын хараагүй, гэнэн болчимгүй, харалган зангаасаа болж оросын улаантан большевикуудтай нийлж “сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл, муутай нөхөрлөвөл могойн хорлол” гэгчээр эцэс сүүлдээ цэл залуудаа амьдрал нь эмгэнэлтэй төгссөн хайран монгол жанжин юм. Сүх хэзээ ч коммунист байгаагүй, хэзээ ч коммунист намыг үндэслээгүй. Гэвч Сүх эцэстээ Монголынхоо Богд хаант төрийн эсрэг тэмцэгч, Улаан оросын талыг баримтлагч хүн болжээ. Энэ нь ямар баримтаар нотлогдож байна вэ? гэвэл Цэргийн жанжин Д.Сүхбаатар 1921 оны 3-р сард Богд хаант монгол төрийн Баяр хүний удирдсан 600 цэргийг улаан орос цэргүүдтэй хамтарч тулалдаж хядсан ажээ.


Сүх жанжин ардын намын бүх цэргийн жанжин болоод 1922 онд тушаал гаргаж, Монгол улсын Ерөнхий сайд Д.Бодоо, ардын намын анхны гишүүний нэг Чагдаржав болон Богд хаант төрд зүтгэж байсан 15 монгол түшмэлийг Шар хаданд цаазлан буудан хороожээ.


Чойбалсан гэж хэн юм бэ? Гарал үүсэл нь хэн юм бэ? Чойбалсан / Дугар / бол 1895 онд тэр үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны зүүн Суваргачин отгийн хамжлага, малчин эмэгтэй Хорлоогийн гурав дахь хүү болон төржээ. Түүний эцэг Жамц нь Манжуур дахь Дагуур Монголоос цагаачилж ирсэн хүн байв. Тэр үед нутаг усныхан нь ялангуяа хошуу тамгын газраас Жамцыг “цагаач” хэмээн элдвээр хавчиж байсан тул Чойбалсангийн эх Хорлоотой гэр бүл болж чадсангүй, хүүгээ эхийн хэвлийд байхад орхин явжээ. Харин хүүгээ төрсний дараа Жамц Монголд буцан ирж, хүүдээ Дугар гэдэг нэр өгчээ. Жамц эхнэр хүүхэдтэйгээ хэсэг хугацаанд хамт байсан ч удалгүй буцаж яваад, Монголд эргэн ирж чадалгүй өөд болжээ. Дугар хүү хоёр айл дамжин үрчлэгдэж, эцэст нь төрсөн эх дээрээ буцаж ирсний дараа 7 наснаасаа эхлэн түвд ном үзэж, улмаар 13 насандаа Санбээсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэж Чойбалсан хэмээх номын нэр хүртэж лам хувраг болжээ. Ийнхүү Чойбалсан 7 наснаасаа 15 нас хүртлээ бурханы ном үзэж хийдэд шавилжээ. Чойбалсан 1910 оны зун хөдөө гэртээ буцсанаас хойш дахин Санбэйсийн хүрээндээ эргэж очсонгүй. Тэр бээр найз Гэндэн-Яринпилийн хамт Их Хүрээнд ирж, хар бор ажил хийж амьдрах болжээ. Чойбалсан 17 насандаа Богд хаант Монгол улсын Гадаад яамны байгуулсан "Орос, монгол хэл бичгийн сургууль"-д тус сургуулийн багш буриад Данчиновын дэмжлэгээр орж суралцан улмаар 1914-1917 онд хаант Орос улсын Эрхүү хотод бусад 8 монгол хүүхдийн хамт суралцжээ. Чойбалсан бол Богд хаант төрийн боловсон хүчин юм. Гэвч Чойбалсан Санбээсийн хийдэд лам хувраг байсан боловч сүм хийдээ орхиж, сахилаа хаяж улаантан хувьсгалч большевик болжээ. Бас нэгэн шинэ баримт. Богд хаант төрийн цэргийн яамны сайд Хатанбаатар Магсаржав Богд хааны зарлигаар Улиастайг тохинуулахаар Богд хаант монгол төрийн цэргүүдийг авч явсан боловч 1921 онд хамаг цэргээ аваад улаан Оросын талд урвачихжээ. Ийнхүү ардын намынхны Богд хаант монгол төрөөсөө хэрхэн уравсан түүхийн талаар атаман Г.Семёновын дурдатгалын номонд тодорхой баримтаар бичсэн байдаг юм. 1921 оны 7-р сарын 6-ны өдөр оросын Нейманы удирдсан олон арван мянган улаан орос цэрэг Сүхийн зуугаад монгол цэрэгтэй хүч хавсарч монголын нийслэл Хүрээ рүү довтоллоо.


Ямар ч хамгаалалтгүй байсан нийслэл Хүрээг 12 их буу, 156 пулемёттай,15 000 улаан орос цэрэг 1921 оны 7-р сарын 6-ны өдөр түрэмгийлэн эзлэв. Яг энэ шийдвэрэх мөчид оросын улаан цэргийн түрэмгийллийг эсэргүүцэх, нийслэл Хүрээг хамгаалах  Богд хаант төрийн монгол цэрэг нэг ч байсангүй.


Учир нь Богд хаант монгол төрийн / Баяр гүний цэрэг / цэргийг Ардын намын Сүх улаан оросын цэрэгтэй хамтарч Хиагтад устгачихсан байлаа, Улиастайд байсан Богд хаант төрийн монгол цэрэг Хатанбаатар Магсаржавыг дагаад улаан оросын талд урвачихсан байлаа.Ийнхүү Богд хаант төрийн монгол цэргийг 1919 онд монголын урвагч ноёд гамин цэрэгтэй хамтарч тарааж Богд хаант монгол төрийг устгасан, 1921 онд дахин сэргэсэн Богд хаант монгол төрийн цэргийг ардын намынхан улаан орос цэрэгтай хамтарч устгасан гэдгийг улаантнууд хав дарж нууцалсан байдаг юм.Учир нь хэрэв ард түмэн энэхүү нууцыг мэдвэл улаантнууд нүүрээ хийх газаргүй болно шүү дээ. Хорьдугаар зууны монголын түүхийг үзэхдээ 1921 онд Богд хаант монгол төрөөс уравсан ардын намын улаан хувьсгалчдыг хоосон магтах бус, харин 1911 онд тусгаар тогтносон Богд хаант монгол төрийг байгуулж, монгол төрийн төлөө эцсийн амьсгал хүртлээ тэмцсэн Сайн ноён хан Т.Намнансүрэн, Чин ван М.Ханддорж, Богд хаан, Барон жанжин, Л.Гомбо- Идшин, Баяр гүн, М.Дорждэрэм, Д.Дүваа, Жамбалон, бэйс Дугаржав, Дарь эх лам, түшмэл Гэлэг Ёндон, Дугаржав мээрэн, Лувсанцэвээн, Э.Тогтох, Ө.Чулуун, Б.Мааньжав, М.Ярин нарын Богд хаант төрийн зүтгэлтэн, түшмэд, цэрэг эрсээ монголын нийгэмд эзлэх түүхэн баатруудын байр суурин дээр нь гаргаж тавих цаг нь болжээ.


1911 оны туурга тусгаар Монголын төлөө амь хайргүй тэмцсэн Өвөр монголын Тогтох тайж, Хайсан гүн, манлай ван Ж.Дамдинсүрэн, Удай ван, шударга гүн Бавуужав, гүн Гончигсүрэн, Ялгуун баатар Сумъяа нар бол монголын жинхэнэ баатар эх орончид байсан юм.


1921 оны ардын хувьсгал гэгч нь үнэн хэрэгтээ ардын хувьсгал огт биш, харин харийн улаан оросын цэргийн хүчээр ардын намынхан гэх хууль бус байгууллагын долоохон хүн хууль ёсны Богд хаант монгол төрийг устгасан улаантны төрийн эргэлт байсан юм. 1921 онд Монголд болсон “ардын хувьсгал” гэгч нь 1917 онд Орост болсон улаан хувьсгал гэгч төрийн эргэлттэй ижил, түүний  нэгээхэн бяцхан хувилбар, оросын еврей большевикуудын экспортолсон “улаан хувьсгал” байлаа. Энэ бол түүхийн үнэн. Ийнхүү Монгол улс Зөвлөлтийн төлөөлөгч, Коминтерний тагнуул Элбэгдорж Ринчино болон Турар Рыскуловын заавраар Зөвлөлт Оросын автономит улсын хувилбар загвараар “БНМАУ” гэгчийг 1924 онд байгуулж, улаан оросын загвараар ангич, коммунист шинжтэй, хувийн өмч эзэмших, шашин шүтэх эрхийг нь хориглосон, ард түмнээ ялгаварлан гадуурхсан, улаан Оросын дагуул улс болсон юм. Улаан монголчуудын магтдаг орос ах нар нь БНМАУ–ыг 1946он хүртэл хүлээн зөвшөөрдөггүй байсан юм л даа. 1922-1925 онуудад монголын төрийн зүтгэлтнүүдийг буудан хорооход Коминтерний тагнуул, буриад Элбэгдорж Ринчино, Коминтерний тагнуул, улаан большевик Турар Рыскулов, оросын чекист еврей Яков Блюмкин нар гол үүрэг гүйцэтгэжээ. Ингэж нэр нь “БНМАУ” гэсэн ч нидэр дээрээ ямар ч эрх мэдэлгүй, Зөвлөлтийн хараат улс буй болсон юм. Зөвлөлт улс яагаад Монголыг залгиагүй юм бэ гэвэл Хятад улстай нууц хэлэлцээр хийж Монголыг Хятадын нэг хэсэг хэмээн зөвшөөрчихсөн байдаг юм. Ардын нам яагаад хууль бус байсан юм бэ? гэхлээр тэд өөрсдөө дур мэдэн хийсэн хуурамч модон тамгаараа дарсан элдэв бичгээр 1920,1921 онд Монгол улсын нэрийн өмнөөс гадаад оронтой өөрөөр хэлвэл Улаан Оростой элдэв гэрээ хэлэлцээр хийж нөгөө гамин цэрэгтэй тэмцэх зэвсэг гуйхаар явсан ардын намынхан чинь бүр сүүлдээ улаан орос цэрэг Монголд оруулж, Богд хаант монгол төрөө устгахаар болсон байгаа юм. Хууль ёсны байгууллага гэж тухайн орны шүүхээр эсхүл бүртгэлийн газраар албан ёсоор бүртгүүлж хуулиар зөвшөөрөгдсөн байгууллагыг хэлдэг. Тэгвэл монголчуудыг 70 жил удирдсан “ардын хувьсгалт нам” гэдэг чинь хууль бус чигээрээ 70 жил явсаар байгаад 1990 онд л бусад улс төрийн шинэ намуудтай хамт анх удаа шүүхээр бүртгүүлж албан ёсны хуулийн этгээд болж, албан ёсны улс төрийн нам болсон байгаа юм.Тэхлээр монголчууд бид далан жил хууль бус намаар удирдуулж, хууль бус намын гаргасан элдэв хууль бус тогтоол шийдвэрээр төрийн ажлаа явуулсан болж таарч байна.


Толь бичигт: “Төрийн эргэлт гэж зохион байгуулалттай хэсэг бүлэг хүмүүс эсхүл цэргийн эрхтэнүүд тухайн улсын хууль ёсны засгийн газрыг түлхэн унагаж, өмнөх удирдагчийг нь шоронд хорих эсхүл хөнөөж, засгийн эрхийг хүчээр булаан авахыг хэлнэ” хэмээн тодорхойлжээ. Яг ийм явдал 1921 оны 7-р сарын 6-ны өдөр Монголд болсон юм. Монголчууд “Төгсгөл” кинон дээр гардаг шиг үй олон улаан орос цэрэг хийгээд ардын намынхныг 1921 оны 7-р сард нийслэл Хүрээнд орж ирэхэд ард түмнээрээ алга ташин угтаж аваагүй юм. Алга таших ёс чинь гучаад оноос Монголд дэлгэрч эхэлсэн орос ёс юм. Ард түмэн тэр үед “Ардын намынхан гэдэг муу хүмүүс хойд зүгээс үй түмэн улаан орос цэргийн хамт нийслэл Хүрээнд ирж бурханы сүм хийдийг устгаж, лам хуврагуудыг буудан хөнөөж, ардын мал сүргийг нь булаан авч байна гэнэ” хэмээн ихэд айж цочин шуугиж байсан гэдэг.


Ардын намынхан ийнхүү монгол төрийг устгаснаар харийн улаантны харгис засаг тогтож далан жил Монгол орон сүйрлийн замд орно гэдгийг тэр үед хэн мэдэх билээ. Богд хаан цэргийн жанжин байгаагүй, улс төрч байгаагүй, харин шашны гэгээнтэн хутагт байсан.Тийм ч учраас монгол төрөөсөө уравсан этгээдүүдийг цаазлахгүй зүгээр өнгөрөөсөн нь маш том алдаа болсон юм. 


Ардын засгийн анхны жилүүдэд Богд хаанд түшиг тулгуур болж байсан түүний итгэлт монгол төрийн түшээд ноёд харгис улаантны гарт үхэж үрэгдэж байлаа. Богд хаан монголын төрөөс урвасан ардын намын долоон хүнтэй монголын хууль цаазаар хатуу хариуцлага тооцож, тэднийг монгол төрөөсөө урвасан ялаар шийтгэж байсангүй. Богд хаан монголын төрөөс урвасан нэг ч хүнийг цаазлаагүй. Харин Богд хаан гэнэн харалган Сүх болон Богд хаант төрийн хамаг цэргээ даатгасан Магсаржав нарт их итгэл найдвар тавьж байж том алдаа гаргасан юм. Тэр үед Богд хаант монгол төрийн төлөө амь биеэ хайрлалгүй тулалдаж явсан Монголд элэгтэй, хаант Орос улсын генерал, буддын шашинт барон Унгерн ч гэсэн урвагч монголчуудын балгаар амь насаа алдаж байлаа. Барон жанжин 1921 оны 6-р сард улаан оросын цэргүүдэд ялагдмагц түүнээс зарим офицер цэргүүд нь урваж эхлэв. Хуйвалдагчид Бароны ойр дотны офицер, цэргүүдийг буудан хөнөөв.Тэд Барон жанжны майхан руу буудаж эхлэв. Барон жанжин өөрийн итгэдэг, хамт тулалдаж явсан монгол цэргүүд рүү давхин очлоо. 1921 оны 8-р сарын 20-ны өдөр Барон жанжин Богд хаант монгол төрийн төлөө хамт мөр зэрэгцэн тулалдаж явсан Сундуй гүн дээр давхин очжээ. Сундуй гүн бол Барон жанжны удирдлага дор байлдаж байсан монгол ноён юм. Гэвч Сундуй гүн Дэжид, Лувсан-Очир гэсэн хоёр монгол цэргийн хамт Барон жанжныг баривчлахаар үгсэн хуйвалдсан байлаа. Сундуй гүн Барон жанжнаас гаансны тамхи асаах гал гуйхад Барон жанжин өврөө уудалж шүдэнз гаргах тэр агшинд хоёр монгол цэрэг гараас нь угзарч мориноос нь татан унагаж Барон жанжныг баривчилж хүлжээ. Сундуй гүн “би үхэхийн оронд чи үх” гэгчээр Барон жанжныг ийнхүү баривчилж Щетикины удирдсан улаан орос цэргийн ангид тушаажээ. Сундуй гүнийг дагаж Богд хаант төрийн 125 монгол цэрэг улаан оросын талд урважээ.


Сундуй гүн бол Богд хаант цэргийн гол зүтгэлтэн, Богд хаант төрийн 800 монгол цэргийн захирагч байсан хүн. Монголын тусгаар тогтнолын төлөө бүхнээ зориулсан Барон жанжин хамт мөр зэрэгцэн тулалдаж явсан монголчуудын энэхүү гэнэтийн урвалтад огт итгэж өгөхгүй байсан гэдэг.


Хэдхэн сарын өмнө монголын ардууд хийгээд лам хуврагууд Барон жанжныг “Дайны Бурхан, Жамсран бурхан, Махагал бурхны хувилгаан” хэмээн магтаж, Богд гэгээнтэн Барон жанжинд хандаж “Барон жанжин Таны гавьяа бол Сүмбэр уул мэт агуу билээ” хэмээн захидал явуулж “Улсыг мандуулагч их баатар жанжин” хэмээн цол хэргэм өгч байж билээ. Барон жанжны итгэж явсан монголчууд ийнхүү түүнээс нүүр буруулжээ. Гэвч Барон жанжин өргөсөн тангарагтаа үнэнч үлдэж, оросын эзэн хаанаасаа ч урваагүй, монголын Богд хаанаас ч урваагүй, өөрөөсөө ч урваагүй, өөрийн итгэл, үзэл бодлоосоо ч урваагүй юм. Жинхэнэ баатар эр гэдэг ийм л байдаг аж. Ийнхүү Барон жанжны 1920 оны 11-р сараас эхлэн 1921 оны 8-р сарын дунд үе хүртэл Богд хаант монгол төрийн төлөө хийсэн тулалдаан дууслаа. Урвагч монголчуудын балгаар баригдсан Барон Унгернийг оросын улаантнууд Лениний тушаалаар оросын Новониколаеск хотод 1921 оны 9-р сард яаралтай цаазлан хороов. Ер нь 1919 онд хятад цэргийг нийслэл Хүрээнд оруулах болон 1921 онд улаан орос цэргийг нийслэл Хүрээнд оруулж Богд хаант монгол төрийг устгах ажилд тэр үеийн Богд хаант монгол төрийн Гадаад явдлын яамны тэргүүн сайд асан Балингийн Цэрэндорж гол үүрэг гүйцэтгэж Богд хаант монгол төрөөсөө урваж байжээ. 1921 онд улаан Оросын цэргийг Монголд оруулах ажиллагаанд ардын намынхан болон Хиагтаас зугатааж улаан Орост очсон хятадын генерал, цэргийн зүтгэлтгүүд гол үүрэг гүйцэтгэжээ.  Бодит үнэн ердөө л энэ юм. Юун монголын улаан хувьсгал, юун монголын ардын засаг. Энэ бол зүгээр л монгол төрийг устгаж хууль бусаар төрийн эргэлт хийж засгийн эрхийг авсан түрэмгийллээ зөвтгөх гэсэн улаантнуудын зохиосон үлгэр, үнэн нүүрээ халхавчилсан хуурамч баг юм. 1921 онд Монголд чухам юу болсон бэ? Богд хаант монгол төрийг хэн устгасан бэ? гэдгийг Барон жанжны армид алба хааж, Богд хаант монгол төрийн төлөө тулалдаж явсан хаант Оросын өндөр боловсролтой, эрэлхэг дайчин офицерууд үнэн зөв дүгнэж бичсэн байдаг юм.


Ялангуяа польш офицер Ф.Оссендовский, Өвөр Байгалийн атаман Г.Семёнов, Азийн морин дивизийн штабын дарга, хурандаа М.Торновский, подпоручик Н.Князев нарын бичсэн баримтат дурдатгалын номуудад тодорхой, ойлгомжтой, дүн шинжилгээтэй, үнэн бодитой,баримттай өгүүлсэн байдаг юм.


Монголд 1921 онд харгис улаантны засаг тогтсоны дараахан удалгүй  улаантны хядлага эхэлсэн юм. Улаантны аллага, хэлмэгдүүлэлтийг гурван үе шатаар авч үздэг.Улаантны их аллагын нэг дэх үе. /1921-1939 он /. Сүх жанжин энэхүү цаазын ялыг гүйцэтгэсэн цэргүүдэд 10 янчаан олгож шагнахыг зөвшөөрсөн баримт нь архивт хадгалагдан үлджээ. Бодоо гэж хэн бэ? Догсомын Бодоо нь 1885 онд Манзшир хутагтын шавь Дэндэвийн отогт (одооны Төв аймгийн Сэргэлэн сум) төржээ. Их Хүрээн дэх Монгол хэл бичгийн сургуульд суралцаж Шавийн яаманд бичээч хийж байжээ. Хаант Орос улсын консулын дэргэдэх орчуулагч хэлмэрчдийн сургуульд багшаар ажиллаж оросын залуу дипломатуудтай ойр холбоотой байжээ. Бодоо нь монгол, түвд, манж, хятад хэл бичгийн өндөр боловсролтой, тэргүүний сэхээтэн хүн байв. Бодоо бол Ардын намыг анх үүсгэн байгуулсан хүний нэг байв. Удалгүй 1923 онд дөнгөж гучин нас хүрсэн Сүх жанжин гэнэт үл мэдэгдэх шалтгаанаар нас барлаа. Сүх жанжин нийслэл Хүрээнд дээрэм, аллага, хүчирхийлэл хийж байсан улаан орос цэргийн тоог 15 000 байсныг ядаж 500 болтол нь бууруулах, орос цэргийг нутаг буцаах санал гаргаж, тариачин гаралтай улаан орос цэргийн комиссар нарын мэдлэг боловсрол нимгэн, хүн чанар муутайг нь шүүмжилж байсан тул улаан орос цэргийн комиссарууд түүнд дургүйцэн хуйвалдаж тэр үед Сүх жанжинд ханиад өвчинд сайн эм хэмээн хор өгч хөнөөсөн гэсэн түүхийн зарим эх сурвалжийн сэжүүр байдаг юм билээ. Сүх жанжныг улаан Оросын террорист, тагнуулч, чекист Яков Блюмкин хөнөөсөн байх бүрэн магадлалтай. Дараа нь 1924 онд ардын намын анхны дарга Солийн Данзанг баривчилж буудан хороолоо. Солийн Данзан гэж хэн бэ? 1885 онд Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйсийн хошуунд мэндэлсэн ард гаралтай, бичиг үсгийн боловсролтой, ухаан хурц нэгэн байжээ. Ардын намыг анх байгуулсан хүний нэг. Ардын намын анхны дарга Данзанг цаазлахад Элбэгдорж Ринчино, Чойбалсан нар гол үүрэг гүйцэтгэжээ. 1923 онд Богд хатан Дондогдулам үл мэдэгдэх шатлгаанаар дөнгөж дөчин настай таалал төгслөө. Улаантнууд Богд хатныг хорлосон гэдэг. 1924 онд монголын хамгийн сүүлчийн хаан Богд гэгээн үл мэдэгдэх шалтгаанаар таалал төгсөв. Улаантнууд Богд хаанд эм хэмээн хортой үрэл өгч хөнөөсөн гэдэг. Богд хаант монгол төрийн зүтгэлтэн, сайд, түшмэд нарыг хөнөөх ажиллагааг 1922 оноос эхлэн идэвхтэй явуулж байв. Ер нь 1922-1925 оны хооронд Монголд болсон анхны улаан хядлагын эзэд нь улаан Оросын Коминтерний төлөөлөгч Элбэгдорж Ринчино, Турар Рыскулов, чекист Яков Блюмкин нар болон ардын намынхан өөрсдөө байсан юм. 1930 онд Богд хаант монгол төрийн гарамгай зүтгэлтэн Егүзэр хутагтыг улаантнууд буудан хөнөөв. Улаан Оросын Коминтерний чекист, улаан Монголын Дотоодыг Хамгаалах байгууллагыг үндэслэгч Яков Блюмкин /1900-1929/ гэж хэн бэ? Яков Блюмкин бол 1990 онд оросын Одесса хотод төрсөн, улаан Оросын тагнуулч, чекист , алан хядагч еврей юм.


Яков Блюмкин 18 настайдаа 1918 онд Орос улсад суугаа Германий элчин сайд гүн Мирбахыг буудан хөнөөж анхны алан хядах ажлын гараагаа эхэлсэн террорист юм. Блюмкин Перс, Афганистан, Кавказ, Монгол, Түвд, Хятадад хүртэл ажиллаж байхдаа олон хүн алаад ямар ч ул мөр үлдээдэггүй байсан гэдэг.


Блюмкин Монголд байхдаа өөрийн талын улаан орос цэргийн жанжин Щетинкиныг хүртэл нийслэл Хүрээнд буудан алж байлаа. Я.Блюмкин бол монголын дөрвөн том төрийн зүтгэлтэн /Д.Бодоо, Д.Сүхбаатар, Богд хаан, С.Данзан/ болон 600 түвд, монгол цэргийг хөнөөсөн улаантны алан хядагч хэмээн зарим эх сурвалжид үздэг юм билээ.Тэр бээр монголын Богд гэгээнийг 1924 онд хорлож алаад дараа нь Түвдэд очсон Рерихийн экспедицийн дотор зүсээ хувилган нэвтрэн орж 13 дугаар Далай ламыг алах гэж оролдсон гэж үздэг. 1927 онд Кремлийн удирдагчид түүнийг Монголд дахин очихыг санал болгоход тэр бээр царай нь барайж: “Би тэнд олон монгол хүнийг алсан шүү дээ. Би буддын лам нар болон түвд, монголын гэзэгтэй цэргүүдийг буудахын өмнө гэзгийг нь өөрийн гараар огтолж бууддаг сан” гэсэн гэдэг. 1922-1924 оны хооронд Яков Блюмкин Монголд улаан хувьсгал экспортлох ажиллагааны алан хядах хоёрдугаар шатны үйл ажиллагааг “амжилттай” хэрэгжүүлжээ. Энэхүү улс төрийн тагнуулын үйл ажиллагаа нь хоёр үе шаттай байсан аж. Улаан Орос улсад 1920 онд Коминтерний дэргэд Монгол, Түвдийн асуудал хариуцсан хэлтэс байгуулагдахад даргаар нь томилогдсон Сергей Борисов “Шашны фанатикуудаас агент элсүүлж, цэрэг байгуулан тэднээр удирдуулах” эхний үе шатны үйл ажиллагааг Монголд амжилттай хэрэгжүүлсэн бол “Оросын коммунист чекистүүдийн даалгавраар ажиллахыг зөвшөөрөхгүй бол Монголын Засгийн газрыг нь устгах, шашны тэргүүнийг нь алах” хоёрдугаар шатны үйл ажиллагааг Яков Блюмкин удирдсан ажээ. Монголыг түшиглэн Түвдэд коммунист үзэл санааг түгээх коминтерний зорилгыг давхар биелүүлж явсан Яков Блюмкин Далай ламын эсрэг хэзээ ч хөдлөхгүй монголын төр засаг, шашны удирдагчдыг Бодоогоос эхлээд Богд гэгээнийг хүртэл алж, буудах эрхээ хэтрүүлсэн тул Москвад түүнийг 1925 онд буцаан дуудсан гэдэг. 1921-1924 оны хооронд хамаг удирдагчидаа улаантнуудад хөнөөлгөсөн Монгол орон эзэнгүй болсон бөгөөд Монголыг харийн Коминтернийхэн л удирдаж байлаа. Монголын нийслэл Хүрээг 1921 онд эзлэн түрэмгийлсэн зөвлөлтийн цэргийн ангиуд Зөвлөлт - Хятадын Бээжин хот дахь хэлэлцээрийн дагуу 1924 онд Улаанбаатар хотыг орхин гарав. 1921-1924 онд монголын төрийг хутган үймүүлэгч, Коминтерний төлөөлөгч Элбэгдорж Ринчино, Турар Рыскулов нарыг Москва дуудаж тэд Монголоос буцлаа. Үүлэн чөлөөний нар гэгчээр зөвлөлтийн нөлөө суларсан энэ хугацааг ашиглан монголын удирдагчид өөрсдийн мэдлээр 1925-1928 оны хооронд гуравхан жилийн хугацаанд улс орноо удирдаж эхлэв. Монголын удирдагч Дамбадорж, Цэвээн Жамсрано нар капиталист орнуудаар Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх арга зам хайж байв. Энэ үед монголын хэсэг оюутнуудыг Герман, Франц орнуудад сургахаар илгээв. Герман, Дани зэрэг орны хувийн хэвшлийнхэн Монголд орж ирэв. Коминтернийхэн монголын удирдагчид улаан оросуудын үгэнд орохгүй байсан тул 1928 онд Монголд дахин төрийн эргэлт хийв. Коминтерний төлөөлөгч Шмераль 1928 онд Монголд ирж МАХН-ын 7 дугаар их хурлыг зарлан хуралдуулж өмнөх удирдлагыг буулган зайлуулж, Бадрах, Шижээ хэмээх хоёр ойрад залууг дагуулан ирж, тэднийг намын шинэ удирдлагад шургалуулав. Улаан оросуудын зорилго нь үгэнд орохгүй монголын удирдагчдыг “баруунтан” хэмээн шүүмжлэн зайлуулаад оронд нь улаан оросын үгэнд дуулгавартай ордог хөдөөний залуучуудыг монгол төрийн удирдлагад оруулах явдал байв. Бадрахыг Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга гэсэн хамгийн өндөр албан тушаалд томилж, Шижээг Үйлдвэрчний Төв Зөвлөлийн даргаар тавьжээ. Үүнээс хойш дөрвөн жил үргэлжилсэн “зүүнтний нугалаа” гэж нэрлэгддэг коммунист хийрхлийг  Бадрах, Шижээ нар толгойлжээ. 1930 онд болсон МАХН-ын VIII их хурлаар Шижээ Төв Хорооны гурван нарийн бичгийн даргын нэгээр нь сонгогдов.


Намын дарга болсон Ө.Бадрах нь Цэрэндорж, Дамбадорж, Цэвээн нарын монголын туршлагатай удирдагч нарыг “пан монгол үзэлтэн”, “баруунтан” хэмээн шүүмжилжээ. Шижээ, Бадрах нар 1929 онд Чандмань уулын аймаг, Увс нуур аймаг хоёрыг нийлүүлэн “Дөрвөдийн автономи” байгуулах санал гарган Төв Хороонд оруулжээ. 


Энэ солиоролыг 1930 оны 1 дүгээр сард хуралдсан Төв Хорооны хуралд оролцсон 35 гишүүний 27 халхууд байсан болон Гэндэн эсэргүүцсэн тулдаа Увс аймгийг Тува шиг Зөвлөлтөд алдах аюул өнгөрөв. Шижээ, Бадрах нарын далд санаа нь оросын Коминтерний даалгавраар Дөрвөдийн автономийг байгуулан Монголоос салгаж Тувад нэгтгэн алсдаа Зөвлөлт улсад нийлүүлэх явдал байлаа. Ийнхүү 1921 онд байгуулагдсан Ардын нам 1928 оноос эхлэн МАХН буюу улаантны хэт зүүний харгис коммунист нам болон хувирч монголын ард түмнийг дарангуйлагч харгис хүчин болсон юм. Ийнхүү ардын нам харгис коммунист нам болсон түүхтэй. 1928 оноос эхлэн төрийн толгойд гарсан Коминтерний төлөөлөгчид болон монголын зүүнтэнгүүд “Лам нартай тэмцэнэ, буддын сүм хийдийг устгана, хар феодалуудын хөрөнгийг хураана, нийгэм журамд яаралтай дэвшинэ” хэмээн дөвчигнөж, ард түмнийхээ хэдэн зууны турш байгуулсан 1250 бурханы сүм хийдийг нь шатааж, бурхан тахилыг нь булаан устгаж, амин зуулгын хэдэн малыг нь хураан авч ард түмнээ амьдрах аргагүй болгов.”Нударган баячуудтай тэмцэнэ” гээд жирийн чинээлэг дунд ардын хөрөнгийг хуу хаман дээрэмдэв.Сүм хийдэд өндөр татвар ногдуулж, лам нарыг хүчээр хар болгов. Бурханы шашныг хавчин гадуурхсан нь ард түмний дургүйцлыг ихэд хүргэв.


Жасын мал гэхэд л 1932 оныг 1930 онтой харьцуулахад 10 дахин буурчээ. Монголын мал сүрэг 1929-1932 оны хооронд 6 сая малаар хорогдов. Улаантны эсрэг ард түмний анхны бослого 1929 онд Увс аймгийн Төгсбуянтын хүрээнд эхэлсэн юм.Улаантнууд Төгсбуянтын бослогыг хамгийн харгис аргаар даржээ.


Ард түмний бослого 1932 онд улам эрч хүчээ авч баруун таван аймгуудыг бараг бүхэлд нь хамарч байлаа.Босогчид эхлээд “Очирбатын яам” хэмээх бослогыг удирдах байгууллагыг байгуулж түүний бүрэлдэхүүнд С.Буриад, Дандар, Жамсран, С.Нямаа,тайж Дондогдорж, ерөнхий жанжин Самбуу дүвчин нар оржээ.Босогчид яамны тамга, өөрийн тугтай болов.Босогчид өөрсдийгөө “Шашны шар цэрэг” хэмээн нэрийдэж байв.Очирбатын яамны гол удирдагч нь Самбуу дүвчин, тэргүүн сайд нь “чойжин” Буриад нар байжээ.


Ардын босогчдын бусад удирдагчдын нэрсийг дурдвал: Д.Дамдинсүрэн,Эрэндэв, Дорж, Сэрээтэрийн Нямаа тайж, Санжид, Цэдэнгийн Жамц, Батболдын Түгж, Ванчингийн Магнай, Пүрэвжав, Тогоогийн Самдан, Дамдин бишрэлт, Данзаны Сумъяа, Э.Тарав, Доржпалам, Шагдар, Түмэнбаяр нар байлаа. Босогчдын уриа бол: “Богд ламын Шарын шашныг дэлгэрүүлэгч шавь нар болсон бид нар шар тугийг мандуулж, шашны сүрийг бадруулагч шар цэргийн хэрэг улмаар мандах болмуй”, “Ардын хувьсгалт улаан цэргийн толгойтой ардын засгийн халимаган толгойтнуудыг нэгийг ч үлдээлгүйгээр бидний шар цэргийн шар тугийн дор даруй сөнөөтүгэй”, “Ардын засгийн алмас шуламсуудыг үндсээр нь нэгийг ч үлдээлгүй сөнөөтүгэй”, ”Бидний олон шар цэргүүдийн байгуулсан шашин төр бат бэх мандан бадрах болтугай”, ”Энд тэндгүй явж буй улаан хувьсгалчдыг нэн даруй хөнөөтүгэй” гэсэн байлаа. Босогчид Очирбатын яамны нэрийн өмнөөс ард түмэндээ хандаж нэгэн чухал тунхаг бичиг гаргажээ.Уг тунхаг бичигт:”Арван нэгэн жилийн доторхи ардын засгийн үед энэ улаантны засаг шашны ашгийн тулд юу ч хийгээгүйгээр барахгүй, харин шашныг мөхөөхийн төлөө нягтран тэмцэв.Улаантнууд манай хутагт хувилгаад, лам, ноёдыг барин авч, тэдний хамаг хөрөнгө малыг хураан авч алан хороож байна. Тэд ард олныг хууран мэхэлж, хамтралын нэр дор ардын хөрөнгийг хураан авч татвар ногдуулж байна. Жасыг хураан хоосруулж устгаж байна, сүм хийдийн хөрөнгийг дээрэмдэн үрэгдүүлж, сүм хийдийг хааж байна, лам ноёдыг олноор нь барин зодож хэрцгийлж алан устгаж байна. Улаан Орос Монголыг хамгаалах нэрийн дор монголын мал сүргийг улаан армийн хэрэгцээнд хэрэглэж, ард түмэнд бараа таваар нийлүүлэн ирүүлэхээс татгалзаж байгаагаас гачигдал хомсдол гарч байна. Монгол эрчүүдийг улаан цэрэгт татаад дараа нь буцахад нь коммун байгуулж коммунизмд шилжинэ гэдгээр ашиглах бөгөөд үүний зэрэгцээ ноёд тайж, лам нарыг бүрмөсөн устгаж байна. Дэг журам, амар тайван, шашныг чөлөөлөх нь дээдсээс итгүүлсэн зарлиг билээ. Эдүгээ шашны дайсныг устгах цаг нь ирээд байна.Үүнд итгэлгүй бол Шамбалын зэвсэгээс үхэх болно.Шамбалын цэргийн талд түргэн шилжин ирэх хэрэгтэй. Улаан хувьсгалчдыг барин авч нөгцөөгөөд Асгат хүрээний шар цэрэгтэй нэгдэх хэрэгтэй. Нам, эвлэлийн гишүүд шашинтайгаа холбоо бүхий бөгөөд чин сэтгэлийн үүднээс бидэнд зүтгэж хичээвэл алуулахаас айх ёсонгүй бөгөөд бид та нарыг баяртай хүлээн авна.Бидний хүмүүс аль болох хүн хөнөөдөггүй. Гагцхүү шашны харш дайсныг бол хөнөөн устгана. Бурхан шүтээнээ хараагчдыг хөнөөн устгахад нүгэл байх огтын үгүй болой” хэмээжээ. 1932 оны ардын бослого бол улаантны харгислалд залхсан ард түмний эцсийн бослого байсан юм. “Жинхэнэ монгол төр, шажнаа мандуулна” хэмээн уриа гаргаж боссон монголын ард түмний энэхүү бослого зохион байгуулалт муу, гадаадаас тусламж дэмжлэг авч чадаагүй, цэргийн эрдэмтэй, туршлагатай удирдагч байгаагүй зэргээс болж богино хугацаанд улаантнуудад ялагдсан юм. Босогчид цөөхөн бирдаан буу, винтовоос өөр зэвсэггүй, ихэнхи нь шийдэм бороохойтой, огт зэвсэггүй байв. Энэ бослогын талаар Монголд байсан улаан Оросын төлөөлөгч нэн даруй Москвад Сталинд мэдэгджээ.


Сталин гадаад Монголыг зөвлөлтийн нөлөөнөөс алдах нь хэмээн  ихэд сандарч яаралтай хурал хийж Монголд оруулах зөвлөлтийн цэргийн ангиудыг Өвөр Байгалийн хилийн дагуу байлдааны бэлэн байдалд оруулж, нэн даруй монголын улаан армид “Р-5” маркийн байлдааны 10 нисэх онгоц, байлдааны 8 хуягт машин үнэгүй шилжүүлжээ.  


Монголын улаантнууд 1932 оны 5-7-р сард тэрхүү зөвлөлтийн талаас ирүүлсэн орчин үеийн танк, нисэх онгоцыг ашиглаж, зэр зэвсгийн хүчээр ард түмний бослогыг богинохон хугацаанд харгислан даржээ. Босогчдын тал, улаан цэргийн талыг харьцуулвал шүдээ хүртэл зэвсэглэсэн улаан цэргийн хүч илт давуу байлаа. Ард түмний бослогонд оролцсон, оролцсон байж бозошгүй хэмээн сэжиглэгдсэн олон мянган монгол хүнийг улаантнууд буудан хөнөөв. Ардын бослого Архангай, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай зэрэг таван аймгийн хүн амын 70 хувийг хамарсан бөгөөд нийт 10 000 хүн алагдсан гэсэн мэдээ байдаг. Зарим мэдээнд нийт 6000 монгол хүн алагдсан гэсэн мэдээ ч байдаг. Босогчид хувьсгалын эсэргүү байгаагүй юм, тэд харгис улаантны эсрэг зориг гарган боссон ардын баатрууд байсан юм. Эдгээр босогчид бол эсэргүү биш, харгис улаантантай тэмцсэн ардын баатрууд юм. Ард түмний 1932 оны бослогын үеэр улаантнууд зөвхөн босогчдыг хөнөөгөөд зогсохгүй бас ард түмний хөрөнгө өмчийг феодалын өмч хэмээн булаан авч Богд хаант монгол төрийн зүтгэлтэнүүд, тайж язгууртан болон лам нарыг ангийн дайсан хэмээн хөнөөсөөр байсан юм. Ардын энэхүү бослогын талаар ном бичсэн Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны Академийн Ахлах ажилтан, доктор Сергей Кузьмины ”1932 оны Монгол дахь ардын бослого бол лам нар, феодалуудын гадаадын империалистуудаас турхирсан зэвсэгт бослого биш, харин ардын бослого гарч, улмаар иргэний дайнд шилжсэн байна. Үүний дотоод шалтгаан нь улаантны “зүүний нугалаа”, гадаад шалтгаан нь улаан Оросын большевикуудын Монголд экспортолсон социализм мөн” гэсэн дүгнэлттэй би санал нэг байна. Тэр үед хамаг өмч хөрөнгө, мал сүргээ улаантнуудад булаалгасан, ачит лам багш нараа улаантнуудад алуулсан ард түмэн аргаа бараад Өвөр Монгол руу өмнөд хил даван зугтав. 1930 оны эхээр нийтдээ 7542 өрхийн 30 000 монгол хүн улаантны харгис засгаас зугтаан дүрвэж хил давжээ. Дүрвэлт дөчөөд он хүртэл тасралтгүй улам нэмэгдэж байв. 1932 оноос эхэлж зөвлөлтийн коммунист удирдлага оросын христийн үнэн алдартны шашныг устгасан туршлагаа Монголд хүчээр хэрэгжүүлэхийг тулгаж эхлэв.Энэ талаар олдсон архивын зарим баримт,пототоколыг үзвэл зөвлөлтийн коммунист удирдагчид монголын буддын сүм хийд, лам нарыг устгах талаар монголын ардын намынханд хатуу даалгавар өгдөг байжээ.


Үүнийг үзвэл: Протокол 1. 1933 оны 12 дугаар сарын 25, Сталин, Ворошилов нар монголын төлөөлөгч Довчин, Элдэв-Очир нартай Москва хотод уулзалт хийсэн протокол:

“К.Е.Ворошилов: -Монголын 700 мянган хүн амд 120 мянга орчим лам ногдож байна. Лам нар бол сүсэгтэн ардуудын хувьд багшаас гадна эмч, гар урчууд, худалдаачин, зөвлөхүүд нь гэх юм билээ. Лам нар гомосекс хийж тэнд очиж буй залуусыг биеийг муутгаж байна.


И.В.Сталин: -Энэ бол улс дотор улс байна шүү дээ. Чингис хаан лав ингэж тэднийг зүгээр байлгахгүй. Тэдний бүгдийнх нь хоолойг огтлох байсан биз. Иймд лам нарыг дотроос нь хагалан бутаргах хэрэгтэй. Бурханд сүсэгтэй юу, үгүй юу гэдгээр бус, ардын хувьсгалт төрд хэрхэн хандаж байгаагаар нь задлах хэрэгтэй. Ардын намын 200 итгэлтэй сайн гишүүнийг сүм хийд рүү явуулж лам нарыг бутаргах хэрэгтэй. Бид Христийн үнэн алдартны шашинтныг ингэж задлан бутаргаад үлдсэнийг нь бүрэн бут ниргэсэн юм шүү” гэжээ.


Протокол 2. 1935 оны 12 дугаар сарын 30. Москва хот. Сталин, Молотов, Ворошилов, Литвинов, Стомоняков нар монголын төлөөлөгч Гэндэн, Дэмид, Намсрай нартай уулзалт хийсэн протокол.


“И.В.Сталин: - Юуны өмнө та нар улс доторхи лам нарын улсыг үгүй хийх хэрэгтэй. Гэндэнгийн Засгийн газар лам нарынхаас хүчтэй байвал зохино. Ядуу дорой амьтдыг зодож жанчдаг бөгөөд зөвхөн хүч тэнхээтэй хүмүүсийг хүндэтгэж байдаг юм гэдгийг та нар мартаж болохгүй. Өнөөдөр танай лам нар тун их хүчтэй байна. Лам нарыг устгах талаар та нар юу ч хийхгүй байна. Лам нар та нарыг идэж, хэмлэж,мөлжиж тэд өсч бэхжсээр байна. Та нар хүчирхэг арми байгуулаад лам нараа устгахгүй бол энэ их муу хэрэг болно. Учир нь лам нар бол танай сайн арми, түүний ар талыг бутаргаж чадна. Намсрайн толгойлж байгаа Улсыг аюулаас хамгаалах газар лам нартай тэмцэх талаар юу ч хийхгүй байна. Урьд өмнө ч гэсэн, одоо ч гэсэн манай Онцгой Комисс / ВЧК / оросын христийн санваартан нарын эдийн засаг, улс төр, ёс суртахууны үндсийг задлан бутаргахын төлөө тэмцсээр байна. Харин танайд ийм ажил байхгүй байна. Намсрай та энэ талаар юу ч хийгээгүй, харин ч лам нарыг өөгшүүлж байна.


В.М.Молотов: -Та нар лам нартай тэмцэхгүй юм бол, та нарт бид туслах хэрэг байхгүй. Одоо үед танай лам нарын улс нь Гэндэнгийн толгойлж байгаа танай төрөөс ч илүү хүчтэй байна. К.Е.Ворошилов -Та нар лам нартай, япончуудтай, империалистүүдтэй тэмцэл хийхгүй юм бол та нарт бид туслах ямар хэрэгтэй юм бэ. Хожим энэ тусламж маань лам нарт, империалистүүдэд өгсөн тусламж болно шүү дээ.


И.В.Сталин: – “Нөхөд Гэндэн, Намсрай нар аа, Та нарт лам нартай тэмцэх дур хүсэл огт алга байна. Идэх л юм бол арааныхаа шүлсийг гоожтол идэх хэрэгтэй юм шүү“ гэжээ. Энэ муйхар тулгалтыг монголын удирдагч А.Амар, П.Гэндэн нар эсэргүүцэж байлаа. Харин монголын удирдагч Х.Чойбалсан л зөвлөлтийн удирдагчдын энэ солиотой тулгалтыг ихэд дэмжиж ард түмнээ цусан далайд живүүлсэн юм. Монголд болсон улс төрийн их хэлмэгдүүллийн том эхлэл нь 1933 оны “Лхүмбийн хэрэг” гэгч байлаа. Энэ хэрэгт, улс төр, нам, цэргийн албан хаагчид болон хэдэн зуун энгийн иргэд энэхүү аллаганд өртсөн юм. Энэ хэрэг нь огт ор үндэсгүй зохиомол зүйл байсан нь тогтоогдсон. Жамбын Лхүмбэ бол Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга байсан хүн юм. Ж.Лхүмбэ болон тэр хэрэгт холбогдсон бусад хүмүүсээс гаргуулж авсан мэдүүлгээс үзвэл тэдэнд “ Япон улсын тагнуулын даалгавараар ажилладаг байгууллагыг Монголд үүсгэн байгуулсан, хувьсгалын эсрэг зэвсэгт бослого зохион байгуулахаар бэлтгэж байсан” гэсэн зохиомол хэрэг тулгасан байдаг. Гэхдээ тэдгээр бүх мэдүүлэг нь нотлогдоогүй, анх тэр хэргийг үүсгэх гол нотлох баримт гэгдэж байсан захиаг бичсэн хүн нь шууд гүтгэлэг байсныг хүлээсэн бөгөөд тэр нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон юм. Дотоодыг хамгаалахын ногоон малгайтнууд энэхүү зохиомол хэргийг тулган хүлээлгэхэдээ үнэн мөнийг тогтоохын оронд баригдсан хүмүүсийг нойр хоолгүй байлган жижүүрлэн байцаах, зодох, өшиглөх, айлган сүрдүүлэх зэрэг хууль бус харгис аргуудыг өргөнөөр хэрэглэдэг байжээ. Мөн хэргийг таслан шийтгэх ажлыг шүүх байгууллагаар оруулалгүй, прокурорын хяналтаас гадуур, сэжигтэнд биеэ өмгөөлөх ямар ч боломж олголгүй шууд гүйцэтгэдэг байв. “Лхүмбийн хэрэг” гэгчээр гэм зэмгүй 1500 орчим хүн нэр холбогдсон байдаг бөгөөд тэдэнд буудан алах ял болон 10-20 жил хорих ял оноосон байдаг. Ерөнхий сайд асан А.Амар, П.Гэндэн нар энэхүү яргалалыг эсэргүүцэж байв. 1933 онд Лхүмбэ нарын хэрэгт олон зуун хүнийг буудаж байхад, олон зуун буриадуудыг баривчилж ЗХУ-руу буцаан хөөж шоронд хийж хөнөөж байхад хэн ч эсэргүүцсэнгүй. Гуравхан жилийн дотор Чойбалсангийн толгойлсон “Онцгой бүрэн эрхт комисс” гэгч хорь гаруй мянган гэмгүй монгол хүнийг буудахад хэн ч эсэргүүцээгүй, номхон хүлцэнгүй байжээ.


Харин Ерөнхий сайд асан А Амар буудуулахын өмнө: “Би Лхүмбийн хэрэг гэгч худал гэдгийг мэдэж байна. Та нарын ялын гэх тогтоолд чинь би гарын үсэг зурахгүй, би жирийн л нэг иргэн, би бас үзэл бодлоо худал хилсээр зольж чадахгүй” хэмээн хэлж байв.1937 оны есдүгээр сард нам, улс төр, цэргийн голлосон олон зуун хүнийг прокурорын зөвшөөрөлгүй, ямар ч шүүхгүйгээр баривчилж бууджээ. Мөн “Цэмбэний фабрик шатсан хэрэг”, “Гэндэн-Дэмидийн хэрэг”, “Германы тагнуулын хэрэг”,”Японы тагнуулын хэрэг” гэх зэрэг олон арван зохиомол хэргээр олон мянган монгол хүнийг цаазалж хороов. Герман,Японы тагнуул хэмээн гүтгэсэн хүмүүс нь Герман, Япон улс хаана байдгийг ч мэдэхгүй, эдгээр улсын нэрийг ч бараг мэдэхгүй жирийн ардууд байлаа. Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дийлэнх нь лам нар байв. Лам нар нь дуулгавартай, хүлцэнгүй байсан нь зохиомол хэрэг хүчээр тулган хүлээлгэхэд хялбархан байжээ. Лам нарын ихэнх нь түвд бичиг үсэгтэй, босоо монгол бичиг мэддэг байсан. Ногоон малгайтнууд баригдсан хүмүүсийн мэдүүлээгүй зүйлүүдийг нь мэдүүлсэн болгож, хийгээгүй хэргийг нь хийсэн болгон бичиж хуурч мэхлээд хурууных нь хээг даруулдаг байв. Түүнээс гадна байцаагч нар лам нараас цөөхөн асуулт асуудаг байжээ. Тэр нь “Та хэн хэнийг таних вэ?, Таны багш лам хэн бэ?” гэж асуудаг байв. Байцаагдаж байгаа лам өөрийн танидаг лам, багш нарынхаа  нэрийг хэлэхэд тэднийг нь эсэргүү бүлгийн гишүүд болгож бичээд гэвш, гавж зэрэг цолтойг нь толгойлогч болгон бичээд гарынх нь хээг даруулаад л шууд буудчихдаг байжээ. Тухайн үед нэрсийн жагсаалтын дагуу болон баривчлах хүний тоог дээрээс гаргаж өгдөг байсан байна. Ногоон малгайтнууд өөрсдийн нормоо биелүүлэхийн тулд нэрсийн жагсаалтанд ороогүй, тааралдсан нэг айлаасаа л хүн баривчлаад аваад явдаг байсан тохиолдол олон гарчээ. 


Дорноговь аймгийн дотоод яамны төлөөлөгчийн газрын шоронд хүн багтах зайгүй болсон тул ямар ч гэм зэмгүй 30 хүнийг буудан хөнөөж шоронгийн хорих байранд зай гаргаж байсан тухай баримт үлджээ.


Мөн сэжигтнүүдийг баривчлан авч явахдаа ачааны машин дээр олон зуугаар нь давхарлан ачаад бүтээлгээр бүтээж, овойсон газар нь бороохойдож, буудаж байсан баримт гарчээ. Ийнхүү баривчлагдан хүргэгдэх замдаа нэг машинд дунджаар 2-3 хүн үхдэг байжээ. Дотоод Явдлын Яамны сайд X.Чойбалсан 1937 оны 5 дугаар сард Зөвлөлт Холбоот Улсын Дотоод Хэргийн Ардын Комиссар /НКВД/-ын дарга Н.И.Ёжовт бичсэн захидалдаа: “Сүүлийн үеийн ДЯЯ-ны ажлын гол асуудал бол түвд лам нар лугаа тэмцэх асуудал байсан амуй. Лам нар болбаасу Японы эсэргүү ажлын гол суурь болохын дээр Монголын ард түмний хөгжих, үндэсний тусгаар тогтнолд саад тотгор учруулагч гол харгис хүчин хэмээн тэмцсээр ажгуу. Танай газрын зөвлөх нөхөр Чопяк болон бусад сургагч нарын шууд тусламж, мөн СССР улсын Элчин нөхөр Таировын зүйл бүрийн дэмжлэгээр Х.Чойбалсан миний бие лам нарын өсөлтийг хязгаарлан боох, тэднээс ард олны дунд нөлөөлөхийг таслан зогсоох тухай улс төр, эдийн засгийн арга хэмжээнүүдийг намын Төв Хороо, Засгийн газраар оруулж чадсан билээ. Бид энэ ажилдаа нөхөр Сталингаас өгсөн даалгаврын дагуу дээд ангийн лам нарын улсаас урваж тагнуул хийсэн ба зэвсэгт бослого гаргах хэмээсэн хэрэг 5-ыг бэлтгэж, өргөн олны дунд ил хурлаар үзүүлэн таслуулах арга хэмжээг авч нөхөр Сталины зөвлөлгөөг биелүүлж гүйцэтгэж чадсан амуй. Эл таслан шийтгэсэн хэргүүд нь дээд ангийн лам нарыг маш гутааж чаджээ. Лам нараас хураах албан татвар 1936 онд 4 сая нэг зуун мянган төгрөг байсан бол 1937 онд лам нараас авах татвар улам өссөөр байгаа болно. 1937 онд шийтгэгдсэн лам дээд анги 439, дунд анги 404, доод анги 603. Лам нартай тэмцэх ажилд бүх албан газрыг татан оруулсан. Цаашид Чойбалсан миний бие лам нарын тухай тогтоол бодлого, улс төр, үзэл суртлын тэмцлийг лам нарыг устгах ажлын цохилт лугаа зохицуулан явуулахыг өөрийн өмнө үүрэг болгоно. Хүндэтгэн ёсолсон: Таны үнэнч зарц Х.Чойбалсан” хэмээжээ. Улаан Оросын гар хөл болсон ийм л урвагч нар тэр үед монголын төрийг удирдаж ард түмнээ хэдэн арван мянгаар нь хөнөөж байсан гэдэг нь баримтаар нотлогдож байна. Чойбалсан бол өөрийнх нь хэлснээр үнэхээр улаан оросын үнэнч дуулгавартай зарц байлаа. Чойбалсан бол Сталин, Берия, Фриновский нарын монголын ард түмнийг устгах тушаалыг хэрэгжүүлэгч зарц байсан нь олон баримтаар нотлогддог юм. Хожим олдсон Чойбалсангийн хувийн тэмдэглэлд “1937- 1939 он хүртлэх хугацаанд баривчлагдсан хүмүүс 56 мянга 938. Үүний дотор бүх буудагдсан хүн 20 396. Жич, эдгээр баривчлагсадын дотроос 17 мянга 335 нь лам нар болно” гэжээ. Энэ бол зөвхөн Чойбалсангийн тушаалаар хөнөөгдсөн монгол хүмүүс. Цаана нь ямар ч бүртгэл тэмдэгдэлд тусгагдаагүй хөнөөгдсөн хэдэн арван мянган монгол хүмүүс буй.


Дотоодыг хамгаалахын ногоон малгайтнууд эхлээд лам нарыг бөөн бөөнөөр нь ямар ч үндэслэлгүй баривчилж, байцаахыг нь байцаасан болж, эс байцаасан лам нарыг уулын эрэг ганганд олноор нь буудан хөнөөж булшилж байлаа.


Лам нарын ихэнхи нь буудуулж амиа алдсан, амьдаараа шороонд булуулсан, эсвэл шорон гянданд хоригдсон бөгөөд үлдсэн цөөн хэсэг нь дүрвэн явжээ. Хоосон үлдсэн тэрхүү сүм хийдүүдийг устгаж үгүй хийх нь техникийн хувьд бүр ч хялбар үйлдэл байжээ, Сүм хийдийг устгах ажлыг ердөө 1937-1938 онд голчлон дуусгав.Монголын ард түмний хүч хөрөнгөөр дөрвөн зууны турш барьж байгуулсан 1250 хүрээ хийд, олон мянган дуган сүм, хэдэн мянган жасыг ердөө л гурав, дөрөвхөн жилийн дотор үнсэн товрог болгов. Арван цагаан буяныг эрхэмлэдэг лам нар маань буудуулахын өмнө бие биендээ хойд насандаа Майдарын оронд уулзахын ерөөл тавиад алтан амиа алддаг байлаа. Ганц хоёр жишээ хэлэхэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт Хүүхэн хутагтын хийд, Балдан Бэрээвэн гэдэг сайхан хийд байдаг байлаа.Хүүхэн хутагт дөнгөж арван хэдхэн настай байхад нь Богд хааны багш Саж лам түүнтэй уулзаж эрдэм авьяасыг нь гайхаж байсан гэдэг. Хүүхэн хутагт Цэрэнамжилын Найдансүрэн нь эрдэм номтой, сайхан залуу хутагт байжээ. Залуу хутагт Найдансүрэн нь Хүүхэн хутагтын сүмийн тэргүүн, Богдын тамгатай есөн хутагтын нэг байлаа. Дөнгөж хорин нас хүрч байхад нь Монголд харгис улаантны засаг тогтож, удалгүй 1922 онд улаан цэргүүд түүнийг хөнөөхөөр хийд рүү нь ирж явааг дуулаад Хүүхэн хутагт Өвөр Монгол руу дүрвэж амжжээ. Гэвч 4 жилийн дараа дотоодыг хамгаалахын хоёр ажилтан зүсээ хувилган лам хуврагийн хувцас өмсөж Өвөр Монголд ном хурж байсан түүний сүм хийдэд шургалан орж нутгаасаа монгол лам ирлээ хэмээн тэднийг баярлан угтсан Хүүхэн хутагтыг тэд буудан хөнөөжээ. Энэ үед Хүүхэн хутагт дөнгөж хорин таван настай залуу сайхан хувраг байжээ. Манай Хэнтий нутгийн Мөрөн, Баянхутаг сумын ард олны дунд Цорж багш хэмээн хүндлэгдэн “Богдын Цорж” хэмээн алдаршсан Чойнзон хэмээх эрдэм номтой лам байлаа. Буян номоо үйлдэж нутаг усныхандаа тус хүргэж байсан Цорж багшийг улаантнууд 1937 онд баривчлан буудан хөнөөсөн юм. Хэнтийн Баян-Адрага сумын нутагт 1936 онд төрсөн, дараа нь Өмнөдэлгэр сумын малчин ард Гомбынд өргүүлсэн “Мэргэн жаал”, “Ламаадан хутагт” хэмээн алдаршсан Цэрэнпунцаг гэдэг хувилгаан хүүхэд тавхан наснаасаа эхэлж оюун билиг, зөн билгээрээ нутаг орондоо гайхагдаж байв. Улаантнууд эхлээд малчин эцэг Гомбо, дараа нь эх Янжинлхамыг нь баривчлан Улаанбаатарт авчирч Түргэний голын орчим буудан хороожээ. Эцэст нь 12 настай бяцхан Ламаадан хутагтыг 1948 онд буудан хөнөөжээ. Өмнөдэлгэр сумын нутагт байсан Балданбэрээвэн хийдийн таван мянга гаруй лам хуврагийг улаантнууд 1937 онд буудан хөнөөж байлаа. Ийнхүү улаантнууд монголын хэдэн арван мянган монгол лам хуврагийг буудан хөнөөж, бурханы сүм хийдэд хуримтлагдсан бурхан шүтээн, алт мөнгөн бурхан, эдлэл, үнэт хөгжмийн зэмсэг, суврагын шүнжиг хадаг яндар, торго дурдан эдлэл, мөргөлийн хувцас, хэдэн сая үлэмж үнэт судар ном (9 эрдэнээр бүтсэн ном ч олон байсан) бүгдийг нь хулгайлахыг нь хулгайлж, устгахыг нь устгаж сүйтгэв. Япон улс хаана байдгийг ч мэдэхгүй, японоор нэг ч үг мэддэггүй жирийн ард олныг японы тагнуул хэмээн баривчилж буудан хөнөөж байлаа.


Бэлчээр дээр малаа хариулж явсан жирийн малчин өвгөнийг “нэг хүн дутчихлаа” хэмээн баривчилж буудан хөнөөж байлаа, билчээр дээр малаа хариулж явсан ах, дүү хоёрыг бас л хүн дутчихлаа хэмээн буудан хөнөөж байлаа, хэвлийдээ үрээ тээсэн жирэмсэн монгол бүсгүйчүүдийг “хувьсгалын эсэргүү” хэмээн буудан хөнөөж байлаа.


1941 онд эхээр Дотоодыг хамгаалах яамнаас Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарт өгсөн тайлангаас дурдвал: “Монголд 1937 онд буддын хүрээ сүм хийд 767 байсныг 1939 он гэхэд бүгдийг устгаж хөрөнгийг нь улсад хураав. Үүнд: нийт 2265 тооны сүм хийдийн барилга. Алт 30.9 кг, Монгол төгрөг 233 847, Хятад янчаан 5055, Бусад хогшлын үнэ 388 564 төгрөг улсын орлогод авсан, гуулин бурхан хэрэглэлийн зүйлс 71 644 кг-ийг ЗХУ-д шилжүүлэн тушаасан. 1937 онд баригдсан лам 1689, үүнээс буудагдсан 1548; 1938 онд бүх баригдсан лам 15 268, үүнээс буудагдсан лам 12 100, хоригдсон лам 3165; 1939 онд бүх баригдсан лам 47, үүнээс буудагдсан 31, одоо улсын хэмжээнд хоригдож буй лам 2938” гэжээ. Монгол даяар гучаад онд улаантны харгислал улам дэвэрч лам хувраг, буриад ардуудыг үй олноор нь буудан хороож, ардын мал сүрэг, хөрөнгө өмчийг нь булаан дээрэмдэж хураан авч эх орондоо амьдрах аргагүй болгож байсан тул 1930-аад онд хил орчмын аймгуудын 7542 өрхийн 35000 ард улаантны харгислалаас зугтааж өмнөд хил даван Өвөр Монгол руу нүүж байлаа.Улаантны нийтийг хамарсан “Заговор” хэмээх ажиллагааны аллага Монголд 1937 онд дээд цэгтээ хүрчээ. Зөвлөлтийн чекистүүд аллагын ажиллагаагаа монголын маршал Г.Дэмидээс эхлэв. 1937 оны 8-р сарын 27 -ны өдөр ЗХУ-ын Дотоодыг хамгаалах газрын ардын комиссар Михайл Фриновский, ЗХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Петр Смирнов нарын тушаалаар зөвлөлтийн чекистүүд ЗХУ-ын маршал Климент Ворошиловын урилгаар Москва хот руу цэргийн сургуулилт үзэхээр уригдан явж байсан, БНМАУ-ын ЦЯЯ-ны сайд, бүх цэргийн өрлөг жанжин, маршал Гэлэгдоржийн Дэмидийг ЗХУ-ын Сибирийн тойргийн Кемеров мужийн Тайга өртөөн дээр хоолонд нь хор хийж хорлож хөнөөв. Улаантнууд Дэмид маршалын гэргий Б.Навчааг зургаан сартай хүүхэд хэвлийдээ тээсэн жирэмсэн байх үед нь баривчлан буудаж хөнөөв. Дэмид маршалыг хөнөөсөн өдрийн маргааш нь Фриновский Москвагаас Улаанбаатарт ирж 1937 оны 8-р сарын 28-ны өдөр 115 хүний нэрс бүхий "Хуйвалдаан" буюу “Заговор" хэмээх тушаалыг БНМАУ-ын маршал, ДЯЯ-ны сайд Хорлоогийн Чойбалсанд гардуулж Монголд хэрэгжүүлэхийг тушаажээ. Ийнхүү Х.Чойбалсан зөвлөлтийн улаантнуудын тулган шаардсан энэхүү ямар ч үндэслэлгүй “Заговор” хэмэх алллагын ажиллагааг Монголд хэрэгжүүлэхээр ханцуй шамлан орлоо.


Нэрсийн жагсаалтыг Чойбалсан гаргаж улаан оросуудад өгсөн нь мэдээж. 1937 оны 9-р сарын 10-ны өдөр Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК) гэх түр байгууллагыг ДЯЯ, ДХГ (Дотоодыг хамгаалах газар) -ын дэргэд, ЗХУ-ын НКВД-ын сургагч нарын хатуу хараа хяналтан дор байгуулж, энэ комиссын даргаар Х.Чойбалсанг томилж, 1937 оны 9-р сарын 11-ны шөнө орон даяар хууль бус баривчилгааг эхлүүлсэнээр цуст аллага дээд цэгтээ хүрэв.


Чойбалсангийн энэхүү онцгой комисс гэгч анхны тушаалаараа “анхны 14-ийн хэрэг гэгч” зохиомол хуурамч хэргийг үүсгэж монголын ардын армийн дээд тушаалтан  Ж.Малж, Л.Дарьзав, Д.Жамьянжав, Л.Дэндэв,Ц.Өлзий нарыг баривчлан буудан хөнөөв. Хэдхэн жилийн өмнө “эсэргүү бослогыг” дарж монголчуудаа буудаж явсан цэргийн залуу дарга Малж эргээд өөрсдийнхөө улаантан дарга нарын суманд амиа алдах нь тэр. Чойбалсан энэ хэргийг улам дэвэргэж нийтдээ монголын цэргийн дээд тушаалтан 77 цэргийн дарга буюу цэргийн дээд албан тушаалтны 95 хувийг цаазаар авчээ. Чойбалсангийн тушаалаар монголын сэхээтэн давхаргын хүмүүс болох лам хувраг нарыг “шар феодал”, боловсролтой буриад хүмүүсийг “цагаантны үлдэгдэл” хэмээн зохиомол хэрэг тулгаж ямар ч гэмгүй хэдэн арван мянган монгол хүмүүсийг хөнөөв. Хэнтий, Дорнод аймгийн хойд зүгийн сумдын бүх эрэгтэй буриад иргэд улаантнуудад хөнөөгдөж, хонь гаргах эрэгтэй хүн олдохгүй болсон гэдэг. Улаантнууд монголын хөл хүнд жирэмсэн бүсгүйчүүдийг хүртэл “хувьсгалыг эсэргүү” хэмээн гүтгэж буудан хөнөөж байв. Хөнөөгдсөн бүсгүйчүүдийн дунд Дунгаржид, Навчаа, Дулмаа, Долгор, Гэнэнпил, Янжинлхам нарын арав гаруй бүсгүйчүүд байв. Энэхүү цуст хядлагын дүнд Монгол улс бүх эрчүүдийнхээ хорин хувийг хөнөөжээ. Ийм аймшигт аллага дэлхийн аль ч улсад хэзээ ч гарч байгаагүй юм. 1937 онд улаантнууд монголын Шижээ, Бадрах нарыг баривчилж хувьсгалын эсэргүүгээр зарлаж, Москвагийн ойролцоо Шижээг 1941 онд буудан хороов. Энэ газар улаантан оросууд Монгол улсын Ерөнхий сайд А.Амар, Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, МАХН-ын нарийн бичгийн дарга Д.Лувшаншарав, Сангийн сайд С.Довчин, Дотоод яамны дэд сайд Насантогтох нарыг буудан хөнөөсөн юм. 1939 оны МАХН-ын Төв Хорооны 12-р бага хурлаар Чойбалсан өмнөх Ерөнхий сайд Анандын Амарыгаа "Японы тагнуул, шар толгой лам нар, хар феодалуудыг устгах хувьсгалын үйл хэрэгт санаатайгаар саад учруулсан хувьсгалын эсэргүү этгээд" хэмээн гүтгэж шүүмжлээд албан тушаалаас нь буулгаж, Зөвлөлт улсад илгээж Москвад цаазаар авхуулсан байдаг. Амар ерөнхий сайдыг оросууд хаана хөнөөж, хаана оршуулсан нь мэдэгдэхгүй, цогцос нь огт олдоогүй ажээ.


1936-1940 онд монголын ДЯЯ-нд НКВД-ийн зөвлөх сургагчаар ажиллаж байсан М.И.Голубчик, М.П.Чопяк, Л.Б.Ничиков, Ф.С.Ситиков, А.В.Сигаев, В.А.Авилов, В.Л. Светлов болон бүрэн эрхт элчин сайд байсан С.Н.Миронов нараас баривчлагдсан монгол иргэдийн талаар тэднээс мэдүүлэг авахад тэд Монголд энэ бүх цуст аллагыг зохион байгуулж монгол хүмүүсийг эрүүдэн шүүж байснаа хүлээн зөвшөөрчээ.


Баривчлагдсан монгол иргэдэд “Хувьсгалын эсэргүү”, “Панмонгол”-ын үндсэрхэг байгууллагын идэвхитэй гишүүд, удирдагч, монгол-зөвлөлтийн нөхөрсөг харилцааг салгаж, Монголын ардын хувьсгалыг устгахын тулд Японы дэмжлэг туслалцаанд тулгуурлаж, хамтран ажилласан хэмээн РСФСР-ийн Эрүүгийн хуулийн 58-ын 1, 2, 7, 11 дүгээр зүйл ангиар ялыг хилсээр оноож баригдсан монголчуудын ихэхийг нь буудан хороож байжээ. Монгол хүнийг оросын хуулиар буудаж байжээ. Улаантнууд лам нараас гадна Чингис хааны алтан ургийн ноёд, тайж язгууртан нарыг бүгдийг нь буудан хөнөөсөн юм. Далай Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошууны сүүлчийн засаг ноён, Чингис хааны 28 дахь, Батмөнх даян хааны 14 дахь үеийн Эрдэнэ дайчин чин ван Шадар сайд, Шүүн таслах яамны дэд сайд, дайчин жонон, засаг төрийн жүн ван Намсрайжавын Цогбадрах, Чингис хааны алтан ургийн сүүлчийн удам Сэцэн хан Навааннэрэн нарыг 1937 онд буудан хөнөөв. Х.Чойбалсан тэр үед "Прокурорын байгууллага нь Дотоод яамны нэр хүндийг унагаж, хувьсгалын эсэргүүнүүдтэй тэмцэх ажилд саад учруулж байна" хэмээн Ардын Их Хуралд гомдол гаргаж байв. АИХ-аас Прокурорын газрыг дахин тийм явдал гаргахгүй байхыг үүрэг болгон шийдвэрлэсэн нь Дотоод яамыг хэмжээгүй эрхт цуст байгууллага болгон хувиргажээ. Тэр үед Дотоод яам хувьсгалын эсэргүү нарыг илрүүлэх ажилд иргэдийг дайчилж, дотоодын тагнуулын мэдээлэгч нарын тоо 50 000-д хүрч байжээ. Хууль бус цуст ажиллагааг давраасан нэг хүчин зүйл нь аливаа хэргийг шүүх байгууллага шүүн тасалдаггүй, харин Онц Бүрэн Эрхт Тусгай Комисс гэгч хууль бус байгуулага шийдэж байлаа. Энэ нь Дээд шүүхээс гадна бас дахин нэг хууль бус шүүх үүсчээ гэсэн үг. Тухайн үеийн улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж байсан бүх хүмүүс энэхүү хууль бус байгуулагаар хэрэг нь шийдэгдэж байсан нь шүүх байгууллагын үүргийг бүрмөсөн үгүйсгэсэн явдал байлаа. Бүрэн эрхт тусгай комисс нь “улс төрийн хэрэгтнүүд”-ийн хэргийн хавтастай танилцдаггүй, хэргийг шалгадаггүй, зөвхөн нэрсийн жагсаалтаар таамгаар ял оноодог байв.Түүнээс гадна Бүрэн Эрхт Тусгай Комиссын шийдвэрт давж заалдах эрх яллагдагчид огт байдаггүй байв.


Х.Чойбалсангаар толгойлуулсан гурван хүний бүрэлдэхүүнтэй “Бүрэн эрхт тусгай комисс” гэгч нь 1937- 1939 он хүртэл ямар ч гэм зэмгүй нийт 25824 хүнд хилс ял оноож 20 474 хүнийг буудан хөнөөжээ. 


5103 хүнд 10 жилийн ял оноож, 240 хүнд 10-аас доош жил хорих ял оноожээ.1932-1940 онд нийтдээ 28451 хүн баригдаж,  нийт 20822 хүн буюу 72 хувийг нь буудан хөнөөжээ. Улаантнууд Монголд  нийтдээ 35 000 ямар ч гэм зэмгүй монгол хүнийг буудан хөнөөж, эрэгтэй хүн амынхаа хорин хувийг устгаж, 150 000 хүнийг хэлмэгдүүлсэн гэдэг нь юүг харагдуулж байна вэ гэхлээр тэр үед Монголд жинхэнэ монгол төр байсангүй, шударга хууль ч байсангүй, эрх чөлөө ч байсангүй, харин “хүн алж, хүрээ талдаг” харийн улаантны харгис төр байсан гэдэг нь түүхийн баримтаар нотлогдож байна. Улаантны их аллагын үед Монголд 35 000, эсхүл 45 000, эсхүл 100 000 монгол хүн алагдсан гэсэн тоонууд байдаг. Улаантнууд алсан хүнийхээ тоо баримтыг ихэд нууцалж холбогдох баримт бичгийг устгадаг байсан тул яг үнэн зөв тоо гаргахад ихэд бэршээлтэй байсан аж. Ард түмнийг аврах ёстой ардын засаг, ардын нам тэр үед юү болсон бэ? Бүр баларч дууссан байлаа. Ардын намын анхны долоогоос зургаа нь улаантнуудад буудуулан нас барав.Намын дарга нар нь толгой дараалан баригдан буудуулж байв.1928 оноос 1940 оны хооронд улаан оросын Коминтернийнхан монголын улаан намын дарга нарыг нь адил эрхт гурван нарийн бичгийн дарга хэмээн 3 хүн зэрэг томилж намыг нь толгойгүй болгож байв. Намын нарийн бичгийн дарга байсан Ө.Бадрах,Б.Элдэв-Очир, П.Гэндэн, Ж.Лхүмбэ, Д.Лувсаншарав, Д.Дамба нарыг буудан хөнөөв. 1940 онд Намын Х их хурлын өмнө намын цэвэрлэгээ явагдав. Намын их хурлын өмнө намын дарга Баасанжавыг баривчлан алахыг Зөвлөлтийн Дотоод хэргийн сайд Берия Чойбалсанд аман тушаал өгч даалгажээ. Монголд нам талаасаа ганц үлдсэн том дарга нь Баасанжав байжээ. Чойбалсангийн тушаалаар Баасанжав болон түүний бүлэг гэгдэх хүмүүсийг баривчлан шоронд тамлан зовоосны эцэст Баасанжав дарга цус алдан үхжээ. Ийнхүү малгай дээрээ улаан таван хошуу хадсан Чойбалсангийн улаан монгол цэргүүд 1932- 1937 онуудад монголын ард түмнийг буудан хөнөөж байв. Монголчуудыг хэдэн арван мянгаар нь хоморголон хөнөөсний дараа Зөвлөлтийн төр засаг 1940 онд Чойбалсанг Лениний одонгоор шагнажээ. Одоо болтол Монголд хорин нэгдүгээр зуун гарчихаад байхад Улаанбаатар хотод Чойбалсангийн хөшөө сүндэрлэж, Дорнод аймгийн төвийг Чойбалсан хэмээн нэрлэж байгаа нь юутай гутамшиг. 


Дэлхийн II дайны дараа Хятадаас Монгол улсад дүрвэн ирсэн 500 орчим барга голдуу малчин өвөр монголчуудыг японы тагнуул хэмээн шийтгэв.Улс олон нийтийн өмчийг хамгаалах тухай “Жамбалдоржийн хар хууль” гэж нэрлэгдсэн хууль 1947 онд гарчээ.


Улсын өмч тун өчүүхнээр дутаасан, өмч дутаасан хэрэгт хардагдсан гүтгэгдсэн ардуудыг олон жилээр шоронд хорьж заримыг нь цаазаар авч байв. Энэ хуулийн дагуу огт гэмгүй 342 ардад  хүнд ял тулгаж ихэнхийг нь цаазаар авчээ. 1948 онд Порт-Артурын тагнуулын хэрэг” гэгч зохиомол хэргийг Ю.Цэдэнбал санаачилжээ. Энэхүү “Порт Артурын хэрэг” гэгч зохиол хэргээр ямар ч гэм зэмгүй олон монгол хүнийг цаазлав.  Чойбалсангийн амь насанд халдахаар завдсан хэмээх энэ зохиомол хэрэгт 100 гаруй гэм зэмгүй монгол хүнийг баривчилж 40 гаруйг нь буудан хороов. 1949 онд Монголын Дотоодыг Хамгаалахынхан Өвөр Монголын удирдагч Дэмчигдонровыг Монголд хуурамчаар урив. Түүнийг ирэхгүй болохоор нь Улаанбаатарт дотоодыг хамгаалахынханд барьцаалагдсан хүүгээр нь захидал бичүүлж түүнийг хуурч Улаанбаатарт авчрав. Ирснээс нь хойш тун удалгүй 1950 оны 2-р сарын 27-ны өдөр өвөр монголын алтан ургийн ван Дэмчиндонровыг цэрэг-улс төрийн хүнд гэмт хэрэгтэн, Зөвлөлт улсыг устгах гэсэн хэмээн зохиомол хэрэг тулган баривчлав. Түүнд Япон, Америк, Гоминданы тагнуул гэсэн зохиомол ял тулгав. Өвөр, Ар Монголыг нэгтгэхийн төлөө, монголын тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, алтан ургийн ван Дэмчигдонровыг Чойбалсангийн тушаалаар 1950 оны 10-р сард улаан Хятадад барьж өгөв. 1950 онд Чойбалсангийн тушаалаар Дэнчигдонровын хүү Дугарсүрэнг шууд буудан хороов. Улаанбаатарт монголын дотоодыг хамгаалахынханд барьцаалагдсан Дэмчигдонроьын эхнэр, нялх хүүхдүүдийг нь алс хөдөө нутагт цөлөв. 1950 онд Чойбалсан  Сталинаас монголын малын тоог 200 саяд хүргэх даалгавар авав. Ингээд богино хугацаанд малын тоо толгойг 200 саяд хүргэхийн тулд малчдын хээлтэгч малыг нэг бүрчлэн бүртгээд хойтон жил төллөсний дараа хоёр дахин тоо нь нэмэгдэхээр тооцоолов. Энэ хий тооноосоо мах, ноос, ноолуурын үлэмж их татвар нэхэж эхлэв. Эндээс “ялтай мал” гэсэн үг гарч малтай ардууд малаасаа салахын түүс болов. Малын татвар төлөөгүй хэргээр олон зуун малчин ард шоронд оров.Монголын мал сүрэг хоёр зуун сая бүү хэл, хорин сая ч хүрэхгүй байсан тул хөөрхий малчид яалтай билээ.Тэр үеийн монголын удирдагчид ийнхүү улаан Оросын гар хөл болж байлаа. Улаан Оросын НКВД-ийн ажилтан /үнэмлэх нь хадгалагдан үлдсэн/, большевик Чойбалсан бол улаан Оросын дуулгавартай зарц байлаа. Зөвлөлтийн КГБ-ын ажилтан /үнэмлэх нь хадгалагдан үлдсэн/, орос эхнэртэй, ойрд Цэдэнбал бол зөвлөлтийн коммунистуудын заавраар Москвагийн дохиогоор хөдөлдөг, Баабарын хэлдэгээр “Кремлийн утсан хүүхэлдэй” байв. Эд нарыг монголын ард түмэн сонгоогүй юм. Большевик Чойбалсан, коммунист Цэдэнбалыг улаан Москва зөвлөлтийн эрх ашгийг Монголд хамгаалах “улаан хамгаалагч”-аар томилсон юм.1952 онд монголын большевик удирдагч Чойбалсан нас барав. Чойбалсангийн үе дуусч Цэдэнбалын үе эхлэв.


Оросын цэргийн түүхч Евгений Трифонов тэр үеийн Цэдэнбалын томилолтын тухай дүгнэж бичихдээ: “Чойбалсангийн хамт “ардын” Монголын нэг эрин улиран одов. Тэрээр монголчуудын уламжлалтай холбоотой үндэстний дээдсийн сүүлчийн төлөөлөгч байсан бөгөөд монгол түмнийг нэгтгэхийг эрмэлзсэн сүүлчийн тэмцэгч байлаа. Хувьсгалын дараа өсөж байжсон, ард түмнийхээ түүхийг мэддэггүй, үндэсний соёлоо үгүйсгэдэг, зөвлөлтийн аль л базаахгүй загварыг үлгэр болгон хүмүүжсэн үеийнхэн болох жинхэнэ мангуурагчид засгийн эрхийг авлаа. Улс орны толгойд гарч ирсэн шинэ дээдчүүдийн хэв шинжит төлөөлөгч болох шалихгүй боловсролтой, зүрх зориггүй, архаг архичин, юу ч ойлгодоггүй, бас юу ч бүтээж чаддаггүй, аль ч юмны учрыг олдоггүй, дураараа авирласан эхнэр болон зөвлөлт “нөхдийнхөө” гарт бүрэн орсон, Бүх холбоотын коммунист (большевик) намын гишүүн, гадаадын тусгай албадын (НКВД болон КГБ) мэдээлэгч Юмжаагийн Цэдэнбал хэзээ нэгэн цагт дэлхийг донсолгож асан хүчирхэг түүхт Монголыг ганцаар удирдахаар гарч ирлээ” хэмээжээ. Улаантны их хэлмэгдүүлэлтийн гурав дахь үе бол 1956-1990 он юм. Улаантнуудын “улс төрийн” гэх зохиомол хэрэгүүд нь 1990 он хүртэл үргэлжилж, олон гэм зэмгүй монгол хүмүүсийн амьдралыг үрэн таран хийсэн билээ. 1956-1957 онд “Сэхээтний төөрөгдөл” хэмээх зохиомол хэрэг гарав. Зөвлөлтийн коммунист намын ХХ их хурлын дараа хятадын сэхээтнүүд социализм байгуулалтын явцад гарч буй дутагдлыг шүүмжлэх болов. Үүнийг дэврээж Хятадын удирдагч Мао Зэдун “цэцэг болгон дэлгэрэг, эрдэмтэн бүхэн уралдаг” хэмээх кампанит ажил зохион сэхээтнүүдийн дунд чөлөөтэй үгээ илэрхийлэн ажлын дутагдлаа хамтаар хэлэлцье хэмээн уриалжээ.


Мао хятадын сэхээтнүүдийг ийнхүү хуурч мэхлээд шүүүмжлэл хэлж ил гарч ирсэн сэхээтнүүдийг баривчлан хэлмэгдүүлжээ. Хятадад гарсан энэ арга хэмээг монголын улаантнууд шууд дууриан МАХН монголын сэхээтнүүдийг чөлөөтэй шүүмжлэл хэлэхийг уриалав.


Хэсэг хугацааны дараа эх орноо хөгжүүлэх санал, хөгжилд саад бологсдыг шүүмжилсэн хүмүүсийг сайтар бүртгэж аваад “Сэхээтний төөрөгдөл” хэмээх кампанит ажил зохион байгуулж сэхээтний цэвэрлэгээ явуулж олон зуун сэхээтнийг ажлаас нь халж хөдөө нутаг заан цөлж арга хэмжээ авав. Намын шийтгэл авч намаас хөөгдсөн олон зуун хүмүүс нийгмээс тусгаарлагдаж, бүх насаараа гадуурхагдав. Эхнэр, хүүхдийг нь хүртэл ажлаас нь халж, сургуулиас нь хөөжээ. 1958 онд Намын дарга Дамба нь Сайд нарын зөвлөлийн дарга Цэдэнбалыг ард түмнээ хэлмэгдүүлж байсан тухай ихэд шүүмжилжээ. Цэдэнбал өөрийг нь шүүмжилсэн Дамбын эсрэг тэр даруй арга хэмжээ авч Дамбыг Намын дарга асан Баасанжавыг хөнөөхөд оролцсон хэмээн гүтгэж хэрэг нээн мөрдүүлж түүнийг хэрэгтэн болгов. 1959 онд “Хоцрогдсон удирдлагын хэрэг” гэгч гарлаа. Зөвлөлт улсад “Намын эсрэг бүлэглэл” гэгчийг илрүүлж намын дарга Никита Хрущёв Зөвлөлт Холбоот улсын Сайд нарын Зөвлөлийн дарга болсноор бүх эрхийг гартаа авлаа. Үүнийг дууриаж тухайн үед МАХН-ын дарга байсан Дамбын албан тушаалыг Цэдэнбал авахаар шийдэж намын бүгд хурлаар Дамба, Сүрэнжав, Ламчин нарыг “хоцрогдсон” гэдэг шалтгаанаар намын удирдлагаас зайлуулж бүх эрхийг өөрийн гартаа авав.


Цэдэнбал өмнөх удирдагч Чойбалсангийн ямар ч гэм зэмгүй хорин хоёр мянган монгол хүнийг цаазалсан хар нүглийг нь огт шүүмжилдэггүй, нэг хүнийг тахин шүтэх явдлын хор уршгийг огт дурддаггүй хүн байсан юм. Тэр үед Улс Төрийн Товчооны гишүүдийн гуравны нэг нь орос эхнэртэй байжээ.


Улс Төрийн Товчооны 8 гишүүний 3 нь Увс нутгийнх байлаа. Монголын төрийн толгойд гарсан ойрад коммунист Ю.Цэдэнбал монголыг 40 жил хаанчлав. Цэдэнбалын үед монголын уламжлалт соёл, шашин үгүй болж, босоо монгол бичиг устгагдаж, эх орноо хөгжүүлэх эрмэлзлэлтэй, чөлөөт сэтгэлгээтэй үндэсний сэхээтнүүдийг шоронд хийж үлдсэнийг нь хөдөө нутаг заан цөлж байлаа. 1959 онд “доктор Ринчингийн хэрэг” хэмээх зохиомол хэрэг гарав. Үндсэрхэг үзэл гаргадаг, коммунист үзэл сурталд тохирохгүй ном бичиж хэвлүүлсэн зэрэг асуудлаар Бямбын Ринчинг буруутгав. Доктор Б.Ринчин монгол бичгийг кириллээр сольсонд сталинизмыг буруутгаад одоо нэгэнт сталинизм буруудсан тул энэ алдааг засъя гэсэн санаатай захидлыг Хрущёв, Мао Зэдун нарт бичжээ. Ринчингийн хэвлүүлсэн хэд хэдэн номыг хориглон устгав. 1976 онд Зөвлөлт Оросын буриад монголч эрдэмтэн Санжеев гэгч Ринчин докторын тухай түүний эцэг, өвөг эцэг нь хувьсгалын эсэргүү, цагаантны үлдэгдэл байсан тухай гүтгэлгийн захиаг Цэдэнбалд ирүүлжээ. Цэдэнбал түүний захиаг ихэд олзуурхан авч, тусгай баг Оросын Буриад руу томилон явуулж олон гүтгэлэгийн материал Ринчин докторын эсрэг нэмж цуглуулжээ. Удалгүй доктор Ринчиний тухай “Намын амьдрал” сэтгүүлд “Хуучныг баримтлагч, хувьсгалын эсэргүү, үндэсний үзэлтэн, цагаатны үлдэгдэл” гэх мэтээр элдвээр гүтгэсэн өгүүлэл гарав. Энэ гүтгэлгийг тэсэж чадалгүй өндөр настай агуу эрдэмтэн Б.Ринчин гуай 1977 оны хавар нас барав.  1962 онд “Төмөр-Очирын хэрэг” гэгч зохиомол хэрэг гарав. Хятадад эмчлүүлж байсан Төв Хорооны нарийн бичгийн дарга Төмөр-Очир Монголд буцаж ирэхдээ “Өвөр Монголд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэх гэж байна.БНМАУ гэсэн ч хоцорч болохгүй” хэмээн мэдэгдэж, түүний идэвхитэй санаачлагаар Монголд Чингис хааны 800 жилийн ойг даруухан тэмдэглэв. Энэ үед Москвад амарч байсан Цэдэнбалыг Зөвлөлтийн удирдагч Никита Хрущёв дуудан зэмлэж Монголд болж буй үндэсний үзлээр гаргасан үзэл суртлын алдаагаа яаралтай залруулах үүрэг түүнд өгөв.


Цэдэнбал нэн даруй арга хэмжээ авч Төмөр-Очирыг үндэсний үзэлтнээр зарлаж, намаас хөөж хөдөө цөлжээ. Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд хийсэн марк, ил захидлыг шатаан устгаж, Чингис хааны ойд зориулж бичсэн яруу найрагч Д.Пүрэвдоржийн “Чингис”, ”Тусгаар тогтнол” зэрэг бүтээлийг нь хориглов.


Хожим Төмөр-Очирыг үл мэдэгдэх шалтгаанаар гэрт нь амь насыг нь хөнөөжээ. Дараа нь Цэдэнбал 1962 онд Цэндийг намаас хөөж хөдөө цөлөв. 1964 онд МАХНамын бүгд хурал дээр Ц.Лоохууз, Х.Нямбуу, Б.Сурмаажав нарын намын олон гишүүд ажлын дутагдал гаргасан Ю.Цэдэнбалыг хүчтэй шүүмжилжээ. Хурлын үеэр НАХЯ-ны цэргүүд төрийн ордныг бүсэлж хэнийг ч орж гаргуулахгүй хяналтандаа авчээ. Ж.Самбуу тэргүүтэй улаантнууд Цэдэнбалыг өмөөрч хурлын уур амьсгалыг эргүүлж, Цэдэнбалыг албан тушаалд нь авч үлдэв. Тэр хурал дээр Цэдэнбалыг шүүмжлэгчдийг “намын эсрэг бүлэг” хэмээн нэрлээд шүүхийн ямар ч тогтоолгүйгээр тэдний гэр байшинг нь хураан авч, өвлийн хүйтэнд задгай машин дээр ачин алс аймгууд руу цөлжээ. Тэдэнд хамгийн бага цалинтай биеийн хөдөлмөрийн хүнд ажил оноож, орон нутгаасаа гарч явахыг хориглов. Тэд 25 жил нийслэл хот руу ч очих эрхгүй цөллөгийн нөхцөлд хүнд хэцүү амьдарчээ. Ц.Лоохууз, Х.Нямбуу, Б.Сурмаажав нарын гэр бүл, хүүхэд, найз нөхдийг нь ажил сургуулиас нь халж энэ "хэргээр" далимдуулан эх оронч эрдэм мэдлэгтэй олон сэхээтэн, зохиолч, яруу найрагч, багш, эрдэмтдийг ажлаас нь халж, алс хол нутаг заан цөлж, шоронд олон жилээр хорьж шийтгэв.1965 онд “Эдийн засгийн сургуулийн багш Баасаннжавын хэрэг”, “Их сургуулийн багш Лхамжавын хэрэг” гэгч зохиомол хэрэг гарав. 1968 онд “Зураач нарын хэрэг” гэх зохиомол хэрэг гарав. Залуу уран бүтээлчдын анхдугаар зөвлөлгөөн болж уг үйл явдлыг тохиолдуулан залуу зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн гаргажээ. Гэтэл Зураач Дунбүрээгийн “10 улаан ямаа”-ны зураг олны анхаарлыг татав. Улаантнууд эдгээр ямаануудын зургийг үзээд Улс төрийн товчооны 10 гишүүдийг ёгтолж зурсан байна хэмээн тэр зураачийг буруутгав. Үүнээс цаашлан бусад зургаас нь алдаа сэв эрж “хөрөнгөтний хийсвэрлэх урлагийн нөлөө” орсон байна гэж үзээд авьяаслаг залуу уран бүтээлчдийг гурван жилийн хугацаагаар хөдөө цөлжээ. Тэдэнд хүчээр албадан марксизм коммунист үзэл зааж,  хөдөө мод бэлтгэх ажилд хүчээр дайчилж албадан хийлгэв. 1969 онд “эрдэмтэн Дамдинсүрэнгийн хэрэг” гэгч зохиомол хэрэг гарав.


Нэрт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн тавин мянган үгтэй “Орос Монгол толь” бичигтээ монголын түүхтэй холбоотой “мянган жилийн харьцуулсан хүснэгт” зохиосноо хавсаргажээ.


Гэтэл Монгол дахь Зөвлөлт Холбоот Улсын Элчин Сайдын яамнаас анхааруулга ирж, уг хүснэгтэд лам, феодалуудын тухай маш олон баримт оржээ, Ленин, Богд хаан нарын төрсөн он, нас барсан оныг нэг хүснэгтэд хамт оруулан бичжээ хэмээн шүүмжилжээ. Үүний дараа эрдэмтэн Ц.Дамдинсүрэнг МАХН-ын Улс Төрийн Товчоонд дуудан түүнийг буруутгаж уг толийг устгах, гарсан зардлыг зохиогчоор өөрөөр нь төлүүлэх шийдвэр гаргаж хэрэгжүүлжээ. 1974 онд яруу найрагч “Чойномын хэрэг” гэгч зохиомол хэрэг гарав. Яруу найрагч Р.Чойномын хэвлэгдээгүй шүлгүүдийг Хэнтий аймгийн НАХЯ-ны нэгэн төлөөлөгч айлд санаандгүй олжээ. Чойномын “Уур минь хүрч байна” зэрэг эх оронч шүлгүүдийг олсон төлөөлөгч “эсэргүү хэрэг” илчилсэн хэмээн сайшаагдаж “хошууч” цолоор шагнагджээ. Яруу найрагч Р.Чойномыг баривчлан шүүхээр оруулж түүнийг “нам төрийг гутаасан шүлэг бичиж түүнийгээ бусдад ашиглуулсан” гэсэн зохимол ял тулгаж чанга дэглэмтэй шоронд дөрвөн жил хорив. Шоронд бие нь муудсан суут яруу найрагч Чойном удалгүй 1979 онд нас барав. 1974 онд Баянхонгор аймгийн дунд сургуулийн монгол хэл - уран зохиолын багш Тангадын Галсанг улс төрийн ёгт далд утгатай шүлэг бичсэн хэмээн гүтгэж алсын говийн суманд нутаг заан цөлж нэгдлийн тэмээчин болгож байв. Улаантнууд түүний шүлгийн анхны түүвэр “Төрсөн хүүгийн тань үг” номыг нь хураан авч шатааж байжээ. 1976 онд дахин “Лоохуузын хэрэг” гэгч зохиомол хэрэг гарлаа. Тэр үед хөдөө туслах малчнаар хөөгдөж цөлөгдсөн Лоохууз сүүлийн арав гаруй жилд өөрийн овсгоо самбаа, хөдөлмөрөөрөө нилээд баяжжээ. Тэр бээр хоёр хувийн машинтай, гахайн туслах аж ахуйтай болсон аж. Түүний амжилтанд атаархаж хорссон хүмүүс Төв Хороонд матаас бичиж, түүнийг хөдөлмөрийн бус орлогоор амьдарч байна хэмээн үзэж нарийн шалгасан боловч гэмт хэргийн үндэслэл болгох баримт огт олдсонгүй. Улаантнууд арга ядаад “импортын бараа бүтээгдэхүүн ашиглаж худалдаа наймаа хийхийг хориглосон засгийн тогтоолыг зөрчсөн, түүний өөрийн гараар урласан эмээл, гөлөм зэрэгт хадаас, цавуу гэх мэтийн импортын бүтээгдэхүүн орсон байна” хэмээн хүчээр буруутгаж 6 жил хорих ял оноож шоронд хийв. 1977-1979 онуудад ”Үнэн сонины ажилтан Цэдэндоржийн хэрэг”, “Эмч нарын хэрэг”, “Шүүгч нарын хэрэг” гэсэн зохиомол хэргүүд шил дараалан гарав.


Наяад онуудад гарсан зарим зохиомол хэргийг дурдвал: 1981 онд зөвлөлтийн армийн нэг жолооч орос цэрэг монгол ажилчдын автобус дайрч олон хүн бэртэж автобус нь шатаж нэг монгол залуу шатаж буй автобуснаас олон хүнийг гаргаж амийг нь авраад өөрөө нас баржээ. Энэ баатарлаг залуугийн тухай сонинд өгүүлэл бичсэн сэтгүүлч Жамьян, Барамсай, Дашдондог зэрэг авьяаслаг сэтгүүлчдийг ажлаас нь халж хөдөө цөлөв.Энэ зохиомол хэргийн санаачлагч нь Зөвлөлт Холбоот Улсын Монгол дахь Элчин сайдын яамны ажилтнууд байв. 1981 онд “Академийн хэрэг” гэгч гарав. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Ширэндэв, Улс төрийн Товчооны гишүүн, Шинжлэх ухаан техникийн улсын хорооны дарга Д,Майдар, Дээд боловсролын улсын хорооны дарга Д.Цэвэгмид нарын хооронд Монголын шинжлэх ухааныг хэн нь тэргүүлэх вэ? асуудлаар нэлээд хэдэн жилийн өрсөлдөөн болжээ. Мэдээж Б.Ширэндэв л тэргүүлэх нь ойлгомжтой шүү дээ. Гэтэл Майдар, Цэвэгмид нар үгсэн хуйвалдаж, академич Б.Ширэндэвийг Цэдэнбал, Филатова нарт муучлан матаж ШУА-д Намын хянан шалгах хороо, Ардын хянан шалгах хороо, НАХЯ, Цагдаагийн байгууллагын хамтарсан шалгалт оруулж нэрт эрдэмтэн Б.Ширэндэвийг албан тушаалаас нь буулгав. 1983 онд “С.Жалан-Аажавын хэрэг” гэгч зохиомол хэрэг гарав. Улс төрийн товчооны гишүүнээр олон жил ажилласан С.Жалан-Аажав нь Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга, АИХ-ын орлогч дарга байлаа. Дал, наяад онуудад Жалан-Аажавын лекцүүд ихэд алдартай байв. Гэтэл гэнэт түүнийг 1982 онд тэтгэвэрт гаргажээ. Удалгүй 1984 онд тэтгэвэрт гарсан түүнийг гэнэт улс төрийн онц ноцтой хэрэгт гүтгэн буруутгаж намаас нь хөөж ялтан болгож хөдөө цөлөв.


Учир нь С.Жалан-Аажав гуай бол хуульч мэргэжлийнхээ дагуу Улс төрийн товчоонд хуулийн чиглэлийн ажил хариуцдаг байлаа. Тэр бээр тухайн үедээ НАХЯ-ны сайд байсан, малын эмч мэргэжилтэй Бугын Дэжидийн ажилд шүүмжлэлтай ханддаг, ажлын дутагдалыг нь зааж зэмлэдэг байжээ.


Б.Дэжид удалгүй тушаал дэвшиж Намын Хянан Шалгах Хорооны дарга болжээ. Б.Дэжид Жалан-Аажаваас өшөөгөө авахаар шийдэв. С.Жалан-Аажавыг тэтгэвэрт гарангуут нь Б.Дэжид Цэдэнбалд хандаж “С.Жалан-Аажав бол 1964 оны намын эсрэг бүлгийн далд удирдагч нь байсан юм байна. Түүнд ял шийтгэл ногдуулах хэрэгтэй” хэмээн гүтгэв. Цэдэнбал нэн даруй шийдвэр гаргаж тэтгэвэрт гарсан С.Жалан-Аажавын байр орон сууцыг нь хураан авч, өвлийн хүйтэнд хаа холын Завхан аймгийн алслагдсан суманд цөлөв. Зөвлөлт улсад их сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй Цагдаагийн офицер байсан Жалан-Аажавын хүүг нь ажлаас нь халуулж хөдөө цөлж алслагдсан сумын дэлгүүрийн ачигчаар бага цалинтай туслах ажилчин болгожээ. Дөнгөж их сургууль төгсөөд МУИС-д багшаар ажиллаж эхэлж байсан, өндөр боловсролтой охин Ж.Хандсүрэнг нь “Эсэргүүний охин их сургуулийг багш болчихоод микрофон ашиглаад оюутнуудын толгойг эргүүлнэ” хэмээн сэжиглэж ажлаас нь халжээ. Урьд өмнө нь С.Жалан-Аажавтай хамт ажиллаж байсан албан хаагчид, түүнтэй найз нөхөр, багш шавийн барилдлагатай байсан бүх хүмүүст намын шийтгэл оногдуулж ажлаас нь халжээ. Ю.Цэдэнбал “БНМАУ-ыг Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд орохыг зөвшөөрнө үү. Энэ бол монголчууд коммунизмыг байгуулах хамгийн дөт зам юм” хэмээн Зөвлөлт Холбоот улсын Коммунист Намын Төв Хороонд гурван удаа өргөдөл гаргаж байлаа. Харин тэр үеийн зөвлөлтийн удирдагчид арай ухаалаг хүмүүс байсан тул Цэдэнбалын мулгуу саналд татгалзсан хариу өгсчээ. 1957 онд Зөвлөлт Холбоот Улсаас БНМАУ-д сууж байсан Элчин сайд В.Молотов монголын талд хандаж "Тувагийн үлдсэн 7445 ам дөрвөлжин км газар нутгийг Зөвлөлт улсад өг" хэмээн хууль бус тулгалт шахалт үзүүлж байсныг тухайн үеийн БНМАУ-ын Гадаад Явдлын сайд С.Аварзэд зөвлөлт монголын хил тогтоох хэлэлцээр дээр эсэргүүцэж унаган монгол нутгаа Зөвлөлт улсад өгөхгүй хэмээн тэмцэж байсныг Ю.Цэдэнбал зогсоож, эх оронч сайд С.Аварзэдийг албан тушаалаас нь буулгаж, түүнийг алс хол хөдөө нутаг заан цөлж, зөвлөлтийн талын хууль бус шаардлагыг зөвшөөрч, зөвлөлтийн талд монголын Увс, Хөвсгөл аймгийн хойд нутаг нийт 7445 ам дөрвөлжин км газар нутгийг найр тавин бэлэглэж өгсөн нь жинхэнэ урвагчийн үйлдэл байлаа. Яагаад монголын эх орончид Цэдэнбалыг ялж чадаагүй юм бэ? Цэдэнбалын ард Зөвлөлт Холбоот Улсын Коммунист нам, зөвлөлтийн цэрэг арми, зөвлөлтийн элчин сайдын яам, зөвлөлтийн КГБ, монголын аюулаас хамгаалахын яам, монгол ардын хувьсгалт нам, монголын улаан арми, монголын урвагчид байсан учраас тэр үлэмж их хүчтэй байсан юм.


Харин Цэдэнбалын дараа наяад оны дунд үеэс эхлэн аядуу зөөлөн Ж.Батмөнх даргын үед Монголд үндэсний үзэл сэргэж монгол соёл шашин дахин дэлгэрч эхэлсэн юм. Удалгүй 1990 онд ардчилсан хөдөлгөөн Монголд ялж Монгол улс эрх чөлөөтэй ардчилсан улс болов.


Монголын түүхэнд Монголд хамгийн их хохирол учруулсан хамгийн том урвагч бол 1686 онд Халхын Түшээт ханы 20 000 халх цэргийг хядаж, Монгол улсыг үгүй болгосон ойрдын Галдан бошигт, 1919 онд Хятадын цэргийг нийслэл Хүрээнд оруулж, 1921 онд улаан Оросын цэргийг нийслэл Хүрээнд оруулж Богд хаант монгол төрийг устгахад гол үүрэг гүйцэтгэсэн Богд хаант монгол төрийн Гадаад яамны тэргүүн сайд асан Балингийн Цэрэндорж, 1937 онд 35 000 гэм зэмгүй монгол хүнийг цаазалж хөнөөсөн улаантан большевик Чойбалсан, монголын сэхээтэн эх орончдыг шоронд хийж, нутаг заан цөлж хэлмэгдүүлсэн, 1958 онд монголын 7.4 мянган квадрат км газар нутгийг Зөвлөлт улсад бэлэглэсэн, 1959 онд монголын бүх малчдын хамаг мал сүргийг хураан авч ядууруулсан ойрд коммунист Цэдэнбал, 1944 онд монголын 200 000 квадрат км газар нутгийг 100 000 урианхай монгол хүн амтай нь Оросын бүрэлдэхүүнд оруулсан Тувагийн улаантан коммунист Салчак Тока нар юм. Галдан, Чойбалсан хоёр бол эхлээд сахил авч буян үйлддэг лам хувраг байсан бол удалгүй Бурханы шашнаасаа урвасан юм. Дараа нь тэр хоёр монгол төрөөсөө урваж монголчуудаа хэдэн мянгаар нь хөнөөсөн араатан болсон юм. Эдгээр урвагчдыг өмнөх 70 жилийн соцын үе шигээ дахиад битгий л баатар болгож тэнэгтээрэй дээ. Харин монголын жинхэнэ эх орончид бол Богд хаант монгол төрийн сайд Чин ван М.Ханддорж, Т.Намнансүрэн, Богд хаан, Барон жанжин, Да лам Цэрэнчимэд, Манлай ван Ж.Дамдинсүрэн, Ерөнхий сайд асан А.Амар, Гадаад явдлын яамны сайд асан С.Аварзэд, эрдэмтэн доктор Бямбын Ринчин, яруу найрагч Р.Чойном, ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зориг нар юм. Жинхэнэ эх орончид маань дотоодын урвагч дайснуудад хорлогдон хөнөөгдөж алтан амиа алдсан гэдгийг бүү март.


Монголчууд бид сонор сэрэмжгүй, эв нэгдэлгүй байдлаасаа болж ихийг алдсан даа. Ийнхүү Монгол улс коммунизмын дарлал дор 70 жил тарчилж, ард түмэн нь улаантны боол болж, хөгжлөөрөө африкийн ядуу орны түвшинд буюу нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь / GDP / 300 ам доллар болсон дэлхийн хамгийн хоцрогдсон ядуу орны нэг болсон эмгэнэлт түүхтэй юм.


Ганц Монгол ч биш, хорьдугаар зуунд коммунизмын дарангуйлалд орсон бүх улсууд улаантны аллага, хэлмэгдүүлэлт, ядууралд өртсөн юм. Хоёр хуваагдсан өрнөд Герман, зүүн Герман, хоёр хуваагдсан хойд Солонгос, өмнөд Солонгос, хуваагдсан эх газрын Хятад, Тайваний хөгжлийн ялгааг харахад бүх юм ойлгомжтой байдаг. Оросын агуу эрдэмтэн Лев Гумилев “Дэлхий дээр хамгийн их хэлмэгдсэн ард түмэн бол монголчууд” хэмээн хэлсэн байдаг. Улаантнууд монголын эрэгтэй хүн амын 20.0 хувийг хөнөөжээ. Улаантнууд ямар улсад хамгийн олон хүн хөнөөсөн бэ гэвэл азийн Камбожи улсын хүн амын 50.0 хувийг хөнөөсөн байдаг юм. Дэлхий дээр коммунистууд нийтдээ 100.0 сая хүний амь насыг хөнөөжээ. Эцэст нь дүгнэлт хийхэд монголын урвагчдын балгаар монголчууд хойд монголын 2.0 сая квадрат км газар нутаг, 1.0 сая монгол угсаатан, өмнөд болон баруун монголын 2.5 сая квадрат км газар нутаг, 6.0 сая монгол угсаатанаа Орос болон Хятад улсад алдаж, Монгол улс орчин үед 10.0 сая хүн амтай, 8.0 сая квадрат км газар нутагтай хүчирхэг улс байх боломжоо алдсан нь хамгийн том эмгэнэл юм. Хайран эх орон. Хайран ард түмэн Орчин үед ч гэсэн дотоодын урвагчид зүсээ хувирган Монголыг хорлосоор байна. Монгол улсын Засгийн газрыг дунджаар 1,2 жилийн настай болгон огцруулж, улсын төсөл хөтөлбөрийг гацааж, аж үйлдвэржилтийг эсэргүүцэн зогсоож, монголыг хөгжүүлэх зориулалттай олон зуун сая долларын төсөл, зээлийг хувьдаа завшсан, төрийн өмчийг их наяд, тэрбумаар нь хулгайлдаг, хуулийг улан дороо гишгэж авилгал, гэмт хэргийг өөгшүүлдэг хүмүүс бол монголын эрх ашгаас уравсан урвагчид юм. Монголын төр урвагчид, авилгачидтай тэмцэж ялж чадахгүй юм бол монголын хөгжил цэцэглэлтийн тухай яриад ч хэрэггүй. Урвагчдад амьсгалах агаар, гишгэх газар байхгүй.


Ашигласан эх сурвалж ном зүй :


Д.Сүхбаатар,  “Бурхан - Хүмүүн ертөнц” ном,  Улаанбаатар хот, 2005 он

Д.Сүхбаатар,   “Алтан ураг” ном,   Улаанбаатар хот, 2020 он

Д.Сүхбаатар , “Хувирсан монгол хүн” ном, Улаанбаатар хот, 2024 он

“Монгол цэргийн түүхийн товчоон” ном, 1, 2-р боть, Улаанбаатар хот. 1996 он.

Баабар ,   “ Монгол түүх” ном, Улаанбаатар, 2020 он

Баабар,     “Монгол дело” , Улаанбаатар хот, 2020 он

Григорий Семёнов, “Атаман Семёнов, О себе.Воспоминания, мысли, выводы”, 2007 г

С.Кузьмин, “Барон Унгерны түүх: Үнэнийг дахин сэргээсэн туршилт”, УБ хот, 2013 он

С.Кузьмин, “Социализмын эсрэг Монгол дахь 1932 оны бослого” ном , УБ хот, 2014 он

Ц.Доржготов,  “Олбогны төлөөх тулаан”, Улаанбаатар хот, 2020 он


Доржийн СҮХБААТАР    2026.08.28