sonin.mn

“Очирдара” брэндийг үүсгэн байгуулагч Б.Цэцэг гэх бүсгүй саяхан нэгэн рээлийнхээ үеэр “Өнөөдөр 100 сая төгрөгийн татвараа төллөө. Татвар төлөхөө хэзээ ч хойшлуулж үзээгүй. Хэдийгээр цөөхөн ажилтантай жижигхэн ААН ч гэлээ миний төлөх татвар аль нэг цэрэг, цагдаа, багш, эмчийн цалин болдог учраас тэд цаг хугацаандаа цалингаа аваг дээ гэж бодож төлдөг” хэмээн ярьсан юм.


Хэдэн жилийн өмнө ЭМДЕГ-аас зарласан даатгалын талаарх сургалтад суух үеэр нэгэн сэтгүүлч бүсгүй “Би 18 нас хүртлээ төрөөс эрүүл мэндийн даатгалаа төлүүлжээ. 18-аас хойш бие дааж 12 жил төлжээ. Энэ хугацаанд нэг ч удаа ашиглаагүй. Ийм хүмүүсийн даатгалын мөнгө хаашаа ордог вэ” гэсэн асуулт асууж байсныг санаж байна.


Даатгалын мэргэжилтэн сэтгүүлчийн асуултад “Яг тань шиг 18 нас хүртлээ төрөөс төлүүлдэг хүүхдүүдийн даатгалд, таны аав, ээж, эмээ, өвөөгийн төрөөс үнэгүй авч байгаа эмчилгээ, эмэнд, тань шиг залуу эмэгтэйчүүд ээж болоход даатгалын мөнгө чинь зарцуулагдаж байгаа” гэсэн товч, тодорхой хариулт өгсөн юм. Татвар ийм л уялдаа холбоотой гэсэн үг. Миний төлсөн татвар гадаа өвлийн хүйтэнд зогсож буй замын цагдаагийн цалин, таны ээжийн тэтгэвэр, даралт, зүрхний эм, таны, миний хүүхдийн багш нарын цалин болж очдог учраас иргэн хийгээд ААН-үүд татвараа төлөхдөө хэзээ ч цааргалж байсангүй. Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 116.8 мянган аж ахуйн нэгж өдөр бүхэн л татвараа цаг хугацаанд нь төлж, тайлан тооцоогоо асуудалгүй гаргаж, ажилтнуудынхаа цалинг цагт нь олгохын төлөө цуцалтгүй ажиллаж байдаг нь үнэн. Гэтэл иргэндээ, ААН-дээ үйлчлэх учиртай төр нь татвар төлөгчдөө хуулиар дарамталж, чөлөөтэй ажиллуулах бус чөдөрлөж, тушиж, “төлдөг юм чинь нэмээд байя” гэсэн зарчмаар ажиллаж болохгүй гэдгийг өдөр бүхэн үүдээ хаасан ААН-үүд, хумигдаж буй эдийн засгийн тоо баримт хэлээд өгчихөж байна.


Улс төрийн намууд сонгууль бүрээр татвар бууруулна, иргэдийн ачааллыг хөнгөлнө гэж ярьдаг ч “манжийн есөн эрүү” шиг олон төрлийн татварын дарамтаар олон ч ААН-ийнхээ хаалга үүдийг бариуллаа.


Үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд бүтэн сар, жилээр төрийн байгууллагын үүд сахидаг, 20 гаруй зөвшөөрөл бүрдүүлж сая л нэг юм үүдээ нээдэг ч нэмээд НӨАТ, ХХОАТ, ААНОАТ зэрэг ар, араасаа залгасан татварын дарамтуудаас үүдэж хамгийн уртдаа 1 жил, богинодоо 6 сар үйл ажиллагаа явуулаад л үүдээ барьсан ААН-үүдийн тоог гаргана гэвэл барагдахгүй урт жагсаалт гарах биз. Монгол Улсын нийт татварын 65 хувийг дангаараа бүрдүүлж байгаа “ТОП-100” ААН-ийнхээ дийлэнх олонхийг нь дотоодын дайсан, баялгийн хулгайч хэмээн зарласан улс дэлхий дээр лавтай Монголоос өөр байхгүй гэчихвэл хэдийдсэн дүгнэлт болохгүй байх шүү. Тэд бол Монголын баялгийг цөлмөгсөд, 30 гэр бүл энэ улсын эдийн засгийг дампууруулсан гэх тархи угаалт асар хүчтэй явсны үр дүнд татвар төлөгчдөө, баялаг бүтээгчдээ бид “хулгайч” гэдэг ганцхан өнцгөөр л харж иржээ. Үр дүнд нь тэд төрдөө итгэж, хамтарч ажиллах бус эсрэгээрээ төрөөс л хол байя гэсэн зарчмаар явж байсан нь худлаа биш.


Биткойны олборлолтын талаар мэдээ бэлтгэж байхдаа “Уурхай л юм чинь ашиг олдог л байж таараа” гэж асуудаг онигоо шиг л компаний эзэн учраас энэ хулгайлсан л байж таарна гэсэн гадуурхалт, доромжлол, гүтгэлгээс болж баялаг бүтээгчид өөрсдийнхөө хийгээд өрөөл бусдын төлөө ч зоригтой, чөлөөтэй дуугарахаа больчихсон байв.


Тэгвэл Ерөнхий сайд Н.Учралын үндэсний хэмжээнд зарласан “Чөлөөлье” санаачилга олон мянган аж ахуйн нэгжид итгэл найдварын оч, чихэнд чимэгтэй мэдээ болсон нь үнэн. “Хувийн хэвшлээ би дайсан гэж харахгүй. Дундаж давхаргыг илүү олон болгож, ТОП-100 ААН шиг олон компани төрүүлэхийн төлөө бодлогоо хэрэгжүүлнэ. Хувийн хэвшлийн боломжийг хулгайлах бус чөдөр тушаанаас чөлөөлж, чөлөөтэй үйл ажиллагаа эрхлэх боломжийг нь бүрдүүлнэ” хэмээгээд Эдийн засгийн эрх чөлөөг дэмжих анхдагч хуулийн төслийг дагалдуулж Зөвшөөрлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаас гадна Татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, баялаг бүтээгчдээ татварын дарамт, төрийн хүнд суртал, зөвшөөрөл нэртэй хүнд суртлаас чөлөөллөө. Ингэснээр 3.1 их наядын бодит дэмжлэг ААН-үүдэд бий болох эхлэл тавигдав. Тухайлбал, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлж илүү орлоготойг дэмжих бус ХХОАТ-ын бодит дэмжлэгийг бий болгосноор иргэдийн халаасанд үлдэх мөнгөн орлогыг нэмэгдүүлэх нь ээ. НӨАТ-ын босгыг 50-аас 400 сая болгосноор 23 мянган ААН-ээ бодитоор дэмжих боломж бүрдүүлэх 2027 оны төсвийн төслөө УИХ-д өргөн барьж, онцлох есөн шийдвэрээ олон нийтэд өдөр бүхэн нэг, нэгээр нь онцлон танилцуулсаар байна.


Жилийн 36 сая хүртэлх орлоготой иргэний 792.000 төгрөгийн орлогод ногдуулах ХХОАТ-ыг 100 хувь буцааснаар сэтгүүлч би тухайлбал сардаа 79.000, жилдээ 948.000 төгрөгийг дансандаа авах боломж бүрдэнэ гэж ойлголоо.


Миний эгч өөрийн эзэмшлийн гурван өрөө байраа өөрөө хөөцөлдөж, зар тавьж, зөвшилцөж зарсныхаа төлөө ямар ч үүрэг гүйцэтгээгүй, хуруу гараа хөдөлгөөгүй төрд 2 хувийн татвар өгдөг “гажиг” тогтолцоог өөрчилснөөр 15 мянган иргэний 40 тэрбумын орлогыг дансанд нь үлдээх юм байна.  ААН-үүд борлуулалтын орлого нь жилийн 1.5 тэрбум бол 1 хувийн татвар төлдөг байсныг босгыг нь 2.5 тэрбум болгож нэмснээр үр дүнг нь бүртгэлтэй ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж чадахгүй гацаж байгаа 180 мянган ААН хүртэх нь ээ. Нэмээд 6-10 тэрбумын ашигтай ААН 15 хувиар татвар төлөх дундын шатлал нэмснээр 600 гаруй ААН-ийн татварын ачаалал буурах дүн мэдээг Засгийн газраас энэ өдрүүдэд танилцууллаа. Эдгээр онцлох өөрчлөлтүүд 2027 оны 01 дүгээр сарын 01-нээс буюу 2027 оны төсвийн төсөл Засгийн газраас өргөн барьсан хувилбараар батлагдсан тохиолдолд хэрэгжих аж.


Татварын бодит дэмжлэг, хувийн хэвшилд орон зай бүрдүүлсэн, иргэний халаас дахь бодит мөнгөн орлогыг нэмэгдүүлэх энэхүү өөрчлөлтийг олон зуун аж ахуйн нэгж, олон мянган иргэд чих тавин хүлээж байна.


Нэг гараараа боломж бүрдүүлнэ гэж амлачхаад нөгөө гараараа татвар нэмж дарамтлах бус бодит тоотой энэхүү дэмжлэг нь “Очирдара” шиг олон ААН-ийн боломжийг нээж, сэтгүүлч бүсгүй шиг хариуцлагатай татвар төлөгчийн татвараа цаг хугацаанд төлөх хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх билээ. Тиймээс сөрөг хүчин гэхээр сөрж зогсохын нэр гэж ойлгосон АН-ынхан өчүүхэн жижигхэн улстөржилтөө хойш тавьж, маргаашийн том эрх ашгийн төлөө, баялаг бүтээгчдээ дэмжих бодлогын шийдлийг нь хоёр гараа өргөөд дэмжинэ гэдэгт олон зуун иргэн, ААН итгэл тавин хүлээж буйг дуулгая. “MCS”, “АПУ”, “Тэсо”, “МАК” шиг мянга, мянган “ТОП”-ууд төрж гарах замыг чөлөөлсөн шиг чөлөөлцгөөе, улстөрчид өө. Хүнээ дэмжсэнээр ажлын байр нэмэгдэнэ. Ажлын байртай хүн орлого олно, бизнесээ ч өргөжүүлнэ. Дагаад эдийн засаг өснө, иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэх гинжин хэлхээний хамгийн эхэнд байгаа хүнээ дэмжсэн татварын бодлогыг баталж гэмээнэ элгээрээ хэвтэхэд ойрхон буй эдийн засгаа ч сэвхийтэл өргөж чадна гэдгийг бизнесийн салбарт ажиллаж, алдаа оноог нь мэдэрч үзсэн Ерөнхий сайд Н.Учрал олж харсан нь олзуурхууштай.