sonin.mn

АНКАРА, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. Лхагва гарагт Туркийн нийслэл Анкара хотноо олон цаг үргэлжилсэн хэлэлцээний дүнд Этиоп, Сомалийн удирдагчид жил гаруйн турш хоёр улсын хооронд үргэлжилсэн маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр тохиролцжээ.

Этиопын Ерөнхий сайд Абий Ахмед, Сомалийн Ерөнхийлөгч Хасан Шейх Махмуд нар Анкарад лхагва гарагт хүрэлцэн иржээ. Туркийн зуучлалаар хийсэн өмнөх хоёр шатны хэлэлцээнд ахиц дэвшил гараагүй юм. 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган дээрх тохиролцоог “түүхэн гэрээ” гэж нэрлээд, энэ баримт бичиг нь “Сомали, Этиопийн энх тайван, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьж буй эхний алхам болно” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Далайд гарцгүй Этиоп улс өнгөрсөн нэгдүгээр сард Сомалиас салан тусгаарласан бүс нутаг болох Сомалиландтай гэрээ байгуулснаас хойш Зүүн Африкийн хоёр хөрш орны хооронд маргаан үүссэн юм. Гэрээ байгуулсан талууд боомт, цэргийн бааз барихын тулд эрэг орчмын хэсгийг түрээслэхээр тохиролцсон боловч Аддис-Абеба үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байна.




Ингэснээр Этиоп, Сомали хоёрын хооронд дипломат болон цэргийн маргаан үүссэн бөгөөд Сомалийн зүгээс "манай улсын тусгаар тогтнолыг алдагдуулсан явдал болж байна" гэж мэдэгджээ. Улмаар хурцадмал байдал даамжирсан нь Африкийн эвэр гэгддэг бүсэд мөргөлдөөн гарах вий гэх болгоомжлолыг төрүүлсэн байна.




Туркийн зуучлалаар байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр тал “Холбооны Бүгд Найрамдах Сомали Улсын бүрэн эрхийн хүрээнд” Этиопыг далайд “найдвартай, аюулгүй, тогтвортой нэвтрэх” боломжийг хангах худалдааны зохицуулалт болон хоёр талын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тал дээр нягт хамтран ажиллахаар тохиролцжээ. Үүний тулд хоёр тал яриа хэлэлцээг 2025 оны хоёрдугаар сарын сүүлчээс хэтрүүлэхгүйгээр эхлүүлж, дөрвөн сарын хугацаанд дуусгахыг эрмэлзэх бөгөөд аливаа санал зөрөлдөөнийг шийдвэрлэхийн тулд Туркийн дэмжлэгийг авах боломжтой ажээ.

Этиопын Ерөнхий сайд А.Ахмед хэлэхдээ “Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд үүссэн үл ойлголцлыг даван туулж чадлаа. Этиоп улсын далайд гарцтай болох эрмэлзэл нь энх тайвны зорилготой бөгөөд хөрш орнууддаа ашиг тусаа өгөх болно. Үүнийг хардлага сэрдлэгээр бус хамтын ажиллагааны үүднээс авч үзэх ёстой” гэжээ. Мөн бүтээлч яриа хэлэлцээ нь ирж буй шинэ оныг хамтын ажиллагаа, найрамдал, хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэйгээр угтах боломжийг олгож байна гэж тэрбээр нэмж хэлжээ.


Сомалийн удирдагч мөн гэрээний талаар тайлбарлахдаа, энэхүү баримт бичиг нь талуудыг санал зөрөлдөөнийг эцэслэж байгааг дурдаад, сомаличууд “Этиопын удирдагчид болон ард түмэнтэй хамтран ажиллахад бэлэн” гэж мэдэгдсэн байна.

Найман цаг үргэлжилсэн яриа хэлэлцээний дараа Эрдоган мөн мэдэгдэл хийлээ. Өнөөдөр бидний хийсэн уулзалтын үр дүнд, ялангуяа Этиоп улсын шаардлагын дагуу далайд гарцтай болоход миний ах Шейх Махмуд шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ гэдэгт би итгэж байна гэж тэрбээр хэлжээ.



Э.Хулан



Эх сурвалж: "Монцамэ" агентлаг