ЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /DW/. Газын зурваст нэн даруй, нөхцөл болзолгүйгээр, бүрмөсөн гал зогсоохыг шаардсан тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей лхагва гарагт олонхын саналаар баталжээ. Тус зурваст жил гаруйн турш үргэлжилж буй дайны улмаас 44 мянга гаруй хүн амиа алдсан гэж холбогдох албаныхан мэдээлсэн байна.
Санал хураалтад оролцсон 158 улсын төлөөлөгчид дэмжсэн санал өгсөн бол есөн улс эсэргүүцэж, 13 гишүүн улс түдгэлзжээ. Тогтоолд “нэн даруй, нөхцөл болзолгүйгээр, бүрмөсөн гал зогсоох”, "барьцаалагдсан бүх хүнийг нэн даруй, нөхцөл болзолгүйгээр суллахыг” уриалсан нь өнгөрсөн сард Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр Вашингтоны хориг тавьсан тогтоолынхтой төстэй үг хэллэгтэй байлаа.
Ерөнхий Ассамблей мөн НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагт /UNRWA/ дэмжлэг үзүүлэх тухай өөр нэг тогтоолыг баталсан байна. Израилын тал дайн эхэлснээс хойш тус байгууллагатай ширүүн зөрчилдөж иржээ. Уг тогтоолд ирэх нэгдүгээр сарын сүүлээс эхлэн тус агентлагийн Израил дахь үйл ажиллагааг хориглох тухай шинэ хуулийг баталсанд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Улмаар UNRWA-ийн бүрэн эрхийг хүндэтгэж “түүний үйл ажиллагааг ямар ч саадгүйгээр үргэлжлүүлэх боломж олгохыг” Израилиас шаарджээ. Уг тогтоолыг 159 улс дэмжсэнээр баталсан бол АНУ, Израил болон бусад долоон улс эсрэг санал өгч, 11 улс түдгэлзсэн байна.
Гал зогсоохыг уриалсан тогтоолыг АНУ, Израилын аль аль нь эсэргүүцсэн, мөн Ерөнхий Ассамблейн тогтоолуудыг заавал дагаж мөрддөггүй тул бэлгэдлийн чанартай баримт бичиг хэмээн үзэж байна. Гэхдээ уг тогтоолын улс төрийн ач холбогдол нь 14 сарын турш үргэлжилсэн дайны талаарх дэлхий дахины байр суурийг тусгасанд оршино. ХАМАС бүлэглэлийнхэн 2023 оны 10 дугаар сарын 7-нд Израилын өмнөд нутагт халдлага үйлдсэний улмаас 1200 хүн амиа алдаж, 250 орчим хүн барьцаалагдсаны дараа Израилын тал байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн юм.
АНУ Газын зурваст барьцаалагдсан бүх хүнийг сулласан тохиолдолд гал зогсоохыг шаардаж байгаа бол ХАМАС тэднийг суллахыг эрмэлзэхгүй байна. АНУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Роберт Вуд мэдэгдэхдээ, энэхүү тогтоолыг батлах нь “ичмээр буруу үйлдэл” гэжээ. Израилын төлөөлөгч Дэнни Данон санал хураалтын өмнө хэлэхдээ, тогтоолуудыг ямар ч логикгүй хэмээн тодорхойлсон байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0