
Чөлөөлөх дайны үеэр Зөвлөлт-Монголын цэргүүдийг командалж байсан БНМАУ-ын Баатар И.А.Плиевын хөшөөний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа Нийслэлийн Ерөнхий Боловсролын 49-р сургууль дээр боллоо. ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Николаевич Евсиков уг ёслолд оролцож үг хэлэв.
Алексей Николаевич Евсиков энэ үеэрээ: "Эрхэм орос, монголын найз нөхөд өө, ЗСБНХУ-ын хоёр удаагийн баатар, БНМАУ-ын баатар, армийн генерал Исса Александрович Плиев нь төрсөн газар Кавказын нутаг, 1941 оны хүнд хэцүү өдрүүдэд Москвагийн орчимд, Европ, Куба Улсад болон бидний найрсаг Монгол Улсад алдар гавъяа байгуулсан өвөрмөц хувь заяатай хүн билээ. Дашрамд дурдахад өнөөдөр Москвагийн тулалдаанд Улаан Арми эсрэг давшилт эхлүүлсний ой тохиож байна. Тэрээр БНМАУ-д хоёр ч удаа гавъяа байгуулсан, тухайлбал Улаанбаатар хотод цэргийн зааварлагчаар ажилласан 1936-38 онуудад болон Хянган, Мукдены ажиллагааны үеэр буюу Чөлөөлөх дайны үед зөвлөлт, монголын морьт механик нэгдүгээр бүлгийг удирдсан 1945 оны 8 дугаар сард байжээ.
1945 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн өглөөний 4 цагаас зөвлөлт, монголын цэргийн анги БНМАУ-ын хилээр гарч 9 хоног тулалдсаны эцэст Өвөр Монголын зарим хэсэгт 800 км гүнд орж, Губэйкоу хотын орчимд Цагаан хэрэмийг давч чадсан. Уг анги японы милитаристуудын эсэргүүцлийг зогсоож чадсан бөгөөд фронтын ɵргɵн хэсэгт квантуны армийг бут цохижээ. Тэр үед И.А.Плиев болон Халх-Голын байлдаанд их туршлага хуримтлуулсан түүний орлогч, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн нар дайсныг ялан дийлэх төдийгүй бие бүрэлдэхүүний амь насыг хамгаалахад бүх хүчээ дайчлан ажиллав.