ЦЮРИХ, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /BBC/. Эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн 2034 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг /ДАШТ/ Саудын Араб, 2030 оны ДАШТ-ийг Испани, Португал, Марокко улсууд хамтран зохион байгуулна гэж Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ мэдэгдлээ.
ДАШТ-ий 100 жилийн ойд зориулсан 2030 оны тэмцээний гурван тоглолт Аргентин, Парагвай, Уругвайд болно. Лхагва гарагт болсон ФИФА-гийн ээлжит бус их хурлын үеэр санал хураалт явуулж, дээрх хоёр тэмцээнийг зохион байгуулах улсуудыг тодруулжээ. Хуралд ФИФА-гийн гишүүн 211 орны төлөөлөл цахимаар оролцсон байна.
Хоёр ДАШТ болон 2030 оны 100 жилийн ойн тоглолтуудыг зохион байгуулагчдыг тусдаа санал хураалтаар баталжээ. Ингэхдээ эхлээд Уругвай, Парагвай, Аргентиныг 100 жилийн ойн зохион байгуулагчаар тодруулсан байна. Үүний дараа 2030 оны тэмцээнийг зохион байгуулах гурван орныг, мөн 2034 оны тэмцээнийг зохион байгуулагч орноор Саудын Арабыг баталгаажуулжээ.
ФИФА-гийн гишүүн орнуудын төлөөлөгчид камерын өмнө алга ташиж, баяр баясгалантайгаар саналаа өгсөн байна. Дээрх гурван шийдвэрт санал өгөх зөвхөн нэг л хувилбар байсан бөгөөд ФИФА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Маттиас Графстром мэдэгдэхдээ, бүх 211 гишүүн улс саналаа өгсөн гэв.
Английн хөл бөмбөгийн холбооны зүгээс Саудын Арабын ДАШТ-ий үеэр бүх хөгжөөн дэмжигчийг аюулгүй, найрсгаар угтан авна гэсэн баталгааг авснаа мэдэгдсэнийхээ дараа хоёр тэмцээнийг зохион байгуулах хүсэлт гаргасан орнуудыг дэмжсэн бөгөөд Шотланд, Уэльсийн холбоод мөн ижил шийдвэр гаргажээ.
Норвег улсын хувьд Саудын Арабыг зохион байгуулагчаар нэрлэсэн учраас бус “ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлт хүлээн авах ФИФА-гийн дүрэмтэй холбоотой” шалтгаанаар түдгэлзсэн байна. Данийн хөл бөмбөгийн холбоо хоёр хүсэлтийг ерөнхийдөө дэмжсэн боловч хүний эрхийн байдал сайжирч буй эсэхэд хяналт тавихыг ФИФА-гаас хүсжээ.
Швейцарын хөл бөмбөгийн холбоо 2034 оны тэмцээнийг зохион байгуулах Саудын Арабын хүсэлтийг дэмжинэ гэж мэдэгдсэн боловч хүний эрхийн байдлыг ФИФА болон олон улсын хөдөлмөрийн байгууллагын аль аль нь хянах ёстой гэсэн шаардлага тавьсан байна.
Сүүлийн жилүүдэд “олон улсын тавцанд нэр хүндээ сэргээхийн тулд спортыг ашиглаж байна” гэж Саудын Арабыг буруутгаж байгаа юм. Газрын тос олборлогч тус улс нь хүний эрхийн байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэргээс шалтгаалан тааруу байгаа нэр хүндээ сайжруулахын тулд спортод урьд хожид үзэгдээгүй их мөнгө зарцуулж байгаа аж.
2034 оны ДАШТ болох тус улсын 15 цэнгэлдэх хүрээлэнгээс одоогийн байдлаар дөрөв нь бэлэн болоод байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0