sonin.mn

Шинэ нам мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэд: “2024 оны 6-р сарын 28-ны өдөр болсон УИХ-ын ээлжит сонгуульд 19 нам, 2 эвсэл, 39 бие даагч нийт 1341 нэр дэвшигч оролцсон. Үүнээс 5 нам, эвсэл УИХ-д суудалтай болсон. Монгол Усын хэмжээнд нийт 2.238.005 сонгогчдоос 1.455.188 сонгогч санал өгсөн тоон мэдээ гарсан.


Эдгээр сонгогчдын 207.887 саналыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 74.2, 74.2.2, 74.3. дахь заалтуудыг үндэслэн эдгээр 5 нам, эвсэлд сонгогчдын саналыг хуваан өгснийг Үндсэн хуулийг зөрчсөн явдал гэж бид үзэж байна.


Энэхүү үндэслэлээр бид 2024 оны 7-р сарын 2-ны өдөр Үндсэн хуулийн Цэцэд хандаж шаардлага хүргүүлсэн. Бидний шаардлагад дурдсан зөрчил нь үндсэн хуулиар баталгаажсан хууль дээдлэх, тэгш шударга ёсны зарчим иргэдийн сонгох, сонгогдох эрх, сонгуулийн тэгш шууд зарчим, улс төрийн намуудын эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан үйлдэл болсон.


Үндсэн хуулийн 21-р зүйлийн 21.1-д “48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэсэн заалтыг зөрчиж нам, эвсэлд 4, 5, 7 гэсэн босго тавин 2023 оны 6-р сарын 16-ны өдөр Сонгуулийн нэмэлт өөрчлөлт гэсэн хулгайн заалтыг баталж байхад Үндсэн хуулиа хамгаалах үүрэгтэй Үндсэн хуулийн Цэц үндсэн ажлаа хийсэнгүй.


Дээрх хулгайн заалтын дагуу завшсан хорт үр дагавараар Шинэ Нэгдсэн Эвсэлд өгсөн сонгогчдын санал болон бусад нам эвсэлд өгсөн 207.000сонгогчдын саналуудыг парламентад суудал авсан нам эвслүүдээс хамгаалж өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байна. Иймд Сонгуулийн тухай хуульд заасан босго хэмээх заалтаар бусад нам эвслүүдийн саналыг дээрэмддэг Үндсэн хууль зөрчсөн жишиг тогтож байгаа нь Монгол улсад төлөвшиж буй ардчилал, Үндсэн хуулийн үндсэн зарчим болох хууль дээдлэн сонгох, сонгогдох эрх, үндэсний эв нэгдэл, тэгш эрх, шударга ёс, Монгол улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байж, ард түмэн төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрхээ эдлэн шууд сонгох гэх мэт зарчмууд ноцтойгоор зөрчигдөж улмаар дараа дараагийн сонгуульд баталгаажих аюултай байна. Үндсэн хуулийн цэц нь үндсэн хуулийн 66.1 зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, гомдлын дагуу хянан шийдвэрлэнэ гэж заасан үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж 70 мянган иргэдийн сонгох эрхийг хамгаалж, ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23.2, 24.3-д заасны дагуу бидний маргааныг шийдвэрлэх хуралдаанаа яаралтай товлон зарлахыг шаардаж байна!” гэв.


У.Жавхлантөгс