sonin.mn

ДАМАСК, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /DW/. Сирийн түр ерөнхий сайдаар Мухаммед аль-Башир томилогдсон бөгөөд тэрбээр "Хайят Тахрир аш-Шам" бүлэглэлийн удирдагч Абу Мохаммед аль-Жулани-гийн ойрын хамтран зүтгэгч ажээ.

Мягмар гарагт аль-Башир төрийн мэдлийн телевизээр үг хэлэхдээ, түр засгийн газар 2025 оны 3 дугаар сарын 1 хүртэл эрх мэдлээ хэрэгжүүлнэ гэлээ. Тэрбээр өмнөх засгийн газрын ерөнхий сайд Мухаммад Гази аль-Жалали болон бусад сайд нартай уулзалт хийсэн бөгөөд уулзалтад "Хайят Тахрир аш-Шам" бүлэглэлийн удирдагч Абу Мохаммед аль-Жулани байлцжээ. Мөн Идлиб мужид ажиллаж байсан Сирийг аврах засгийн газрын гишүүд оролцсон байна.




Мухаммед аль-Башир 2017 онд Идлиб мужид сөрөг хүчний байгуулсан Сирийг аврах засгийн газрын тэргүүнээр ажиллаж байв. Өчигдөр тэрбээр үг хэлж байх үед түүний ард талд гурван таван хошуутай Сирийн шинэ далбаа болон лалын шашны итгэл үнэмшлийн бэлгэдэл болох шахада бичээс бүхий цагаан туг харагдаж байв.




Ройтерс агентлагийн мэдээлснээр, шинэ ерөнхий сайд Сирид төдийлөн нэрд гараагүй хүн бөгөөд Идлиб мужаас өөр газарт түүнийг бараг мэддэггүй ажээ. Тэрбээр цахилгаан инженер мэргэжлээр суралцаж байгаад хожим нь лалын шашны эрх зүйгээр зэрэг хамгаалж, янз бүрийн удирдах албан тушаал хашиж байв.   




Тус агентлагийн мэдээнд дурдсанаар, нийслэл Дамаск хотынхон хэвийн амьдралдаа эргэн орж, банкууд, дэлгүүрүүд нээгдэж, гэрлэн дохионууд асаж, зам засварын ажил эхэлж, гудамж талбайнуудыг цэвэрлэж байна.

Мөн хот дотор зэвсэгтэй хүмүүсийн тоо цөөрчээ. Босогчдын цэргийн хүчний командлал цэргүүдийг хотоос гарч явахыг тушаасан тухай хоёр эх сурвалж мэдээлсэн байна.  


Б.Адъяахүү