sonin.mn

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар нийгмийн сүлжээнд бичихдээ: "У.Хүрэлсүхээс гавьяат авсан, шагнал авсан ахмадууд та бүхэн хэнд ч өргүй шүү. Шагнал шорон хоёроор энэ улсыг арван жил орвонгоор нь эргүүллээ. Хүссэн үедээ ашиглах гэж командалж удирдах гэж шагналыг хавтгайруулсан. Энхийн цагт, өнгөрсөн таван жил 54 генерал цол өгсөн байна энэ хүн. Та бүхэн бод. Манай намын нэр бүхий ахмадууд энэ намын нэрийг шороотой хутгаж байгаа хулгайчийн гар хөл болж, түүний тушаалаар Нямбаатарыг намаас хөөх гарын үсэг цуглуулж байгаа юм байна. Гавьяатын өрөө Улс эх орныхоо эрх ашгаас дээгүүр тавьж, хуучин коммунист аргаар залуу үеийнхээ эрийг дарж, зоригийг мохоож, хэний зараалаар юу хийж явсан чинь түүхэнд бичигдэж үлдэх болно. Энэ нам У.Хүрэлсүхийн хувийн нам биш шүү” гэсэн билээ.


“Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч асан А.Амундрагийн намын гишүүнчлэлийн асуудлыг хөндөхдөө МАН-ын дарга Н.Учрал 2026 оны хоёрдугаар сарын 27-ны Бага хурлын үеэр намын бодлого, үйл ажиллагааг “зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж”, намын бодлогыг гуйвуулсан гэх үндэслэлийг дурдсан байдаг.



Тэгвэл Х.Нямбаатар сүүлийн сар гаруйн хугацаанд тасралтгүй МАН-ын эсрэг суртал ухуулгыг нийгмийн сүлжээгээр явуулж байна. Энэ хүн МАН-ын нэрээр УИХ-ын гишүүн болж, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, улмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хүртэл ажилласан. Түүний улс төрийн карьерын бараг бүх шат МАН-тай холбоотой.

Тиймээс намынхаа дэмжлэгээр төрийн өндөр албан тушаалуудад хүрсэн хүн албан тушаалаасаа буусныхаа дараа намынхаа удирдлагатай “үзэлцэнэ” хэмээн зарлаж, улмаар намын эсрэг зохион байгуулалттай сөрөг пиар ажиллагаа хийж буй нь илт тодорхой байхад МАН өөрийн тогтоосон зарчмаа хэрэгжүүлэхээс өөр сонголтгүй.


А.Амундрад нэг дүрэм, Х.Нямбаатарт өөр дүрэм үйлчилдэг байж болохгүй. Шулуухан хэлэхэд У.Хүрэлсүхтэй У.Хүрэлсүхгүй, ахмадуудын гарын үсэгтэй гарын үсэггүй Х.Нямбаатар МАН-аас хөөгдөх болзлоо хэдийн хангачихсан юм.



Э.Солонго