Шадар сайд, УИХ-ын гишүүн, "Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Энэ үеэрээ тэрээр: "Бодь"-ийн оффтейк гэрээтэй холбоотой асуудлаар сонсгол хийх бичигт 50 орчим гишүүн гарын үсэг зурсан.Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байхаар Үндсэн хуульд заасан. Гэтэл энэ хугацаа дуусаагүй байхад Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор явуулах хуулийн зохицуулалт үйлчилж байна. Энэ хоёрын хооронд зөрчил үүсээд байна.
1992 оны Үндсэн хуульд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч төгс боловсронгуй болж чадаагүйг өнөөгийн нөхцөл байдал харуулж байна. Амьдрал өөрөө хуулийн зохицуулалтын доголдлыг ил гаргаж ирлээ.
Аливаа асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой. Тиймээс энэ асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ.
Улс төрийн нам бол хувийн компани биш. Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцохыг Н.Номтойбаяр ганцаараа шийдэхгүй. Эвслээсээ нэр дэвшүүлэх үү, бусад улс төрийн хүчинтэй хамтрах уу гэдгийг тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлыг харгалзан хамтын шийдвэрээр шийднэ.
Бид Үндсэн хууль, төрийн тогтолцоогоо эргэн харж, энэ чөтгөрийн тойргоос гарах ёстой. Эрх мэдэл нэг хүний гарт төвлөрөх нь ямар үр дагаварт хүргэдгийг Монголын улс төрийн сүүлийн 30 гаруй жилийн түүх харуулж байна.
Хуулийн зөрчил, зохицуулалтын доголдол байгааг мэдсээр байж эс үйлдэх, асуудлыг шийдвэрлэхгүй хойш суух нь нэг талаараа гэмт хэрэг юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтооход хуулийн зөрчил үүсээд байна. Үүнийг урьдчилан шийдвэрлэхгүй бол сонгууль будилаантай болох эрсдэлтэй. Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг тогтоосны дараа Үндсэн хуулийн цэц уг шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл яах вэ?” гэв.
М.Чой
Лхагва - 11 сарын 25,
2026
Сэтгэгдэл0