sonin.mn

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхтайван тус улсын Ерөнхийлөгч, Нобелийн энх тайвны шагналт Жозе Рамуш-Ортад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичиг өргөн барих үеэр Элчин сайд Д.Энхтайван Монгол Улсын Ерөнхийлөгчийн халуун дотно мэндчилгээг Зүүн Тимор Улсын Ерөнхийлөгчид уламжилж, тус улс Зүүн өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэг (АСЕАН)-ийн бүрэн эрхт гишүүнээр элссэнд баяр хүргэв. Түүнчлэн хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, боловсрол болон бусад салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.


Элчин сайд мөн Зүүн Тимор Улсад НҮБ болон Азийн хөгжлийн банкны хүрээнд Монгол Улсын иргэд ажиллаж, өөрсдийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, туршлагаараа тус улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, институцын чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэв.



Ерөнхийлөгч Жозе Рамуш-Орта Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээнд талархал илэрхийлж, хариу мэндчилгээ уламжласны зэрэгцээ Элчин сайд Д.Энхтайванд дипломат үүргээ амжилттай хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.


Элчин сайд Д.Энхтайван Зүүн Тимор Улсад НҮБ болон Азийн хөгжлийн банкинд ажиллаж буй монгол иргэдтэй уулзаж, тэдний үйл ажиллагаа, ололт амжилттай танилцан, тус улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж байгаад талархал илэрхийлэв.


Элчин сайд Д.Энхтайван нь Монгол Улс, Зүүн Тимор Улсын хооронд 2003 оны есдүгээр сарын 4-нд дипломат харилцаа тогтоосноос хойш тус улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Монгол Улсын анхны Элчин сайд болж байна.