sonin.mn

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дүрслэх урлаг” буландаа “Чингис хаан” Үндэсний музейд дэлгэсэн “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнгээс бэлтгэсэн сурвалжилгыг хүргэж байна.


Нарийн хээ угалз, өнгөний зохицол, уран нарийн хийц бүхий шаазан эдлэлүүд үзэсгэлэнгийн танхимд нүд булаана. Шавар чимэглэл, урлагийн бүтээл бүрд найман зууны тэртээх түүх, өөр өөр соёлын ертөнцийн уулзвар хадгалагдан үлджээ. “Чингис хаан”Үндэсний музейн зургаадугаар давхарт дэлгэсэн Персийн шаазан эдлэл, уран барилгын шавар чимэглэлийн ховор бүтээлүүд ийнхүү үзэгчдийг алс холын түүхээр аялуулж байна. “Чингис хаан” Үндэсний музей Монголын түүх, төрт ёсны уламжлал, соёлын өвийг судлан шинжилж, эх орондоо төдийгүй дэлхий дахинд таниулах зорилгоор дэлхийн урлагийн сор бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэсээр ирсэн.


Энэ удаа Италийн Дорно дахины урлагийн музейтэй хамтран “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг дэлгэж, Европын орнуудад хадгалагдаж буй Монголын эзэнт гүрэн, түүний бүрэлдэхүүн улс болох Ил Хаант улсын өв соёлтой холбоотой ховор нандин дурсгалуудыг эх нутагт нь толилуулж буй нь энэ.


Тус үзэсгэлэнгээр Чингис хаан болон Монголын эзэнт гүрний хаадын ивээл дор өрнө, дорнын соёл урлаг, уран баримал, шаазан эдлэлийн урлал, барилга архитектур хэрхэн хөгжсөнийг харуулжээ.


Түүнчлэн монгол хаад нүүдэлчдийн соёл, уламжлал, хэв маягаа хэрхэн хадгалан авч үлдсэнийг урлагийн бүтээлүүдээр дамжуулан танин мэдэх боломжтой юм. Их эзэн Чингис хаан болон түүнийг залгамжлагч их хаадын түүх, соёлтой холбоотой дурсгалуудыг хадгалж буй Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейтэй хамтран нийт 13 дэсийн 13 үзмэрийг тусгай үзэсгэлэнгийн танхимд дэлгэн үзүүлж байна.


Нээлтийн үеэр “Чингис хаан” Үндэсний музейн дэд захирал, доктор Д.Эрдмаа “XIII зуунд Чингис хаан болон түүний залгамжлагчдын байгуулсан эзэнт гүрэн Евроазийн өргөн уудам нутгийг хамарч, өрнө, дорнын соёлын харилцааг тэлсэн билээ. Тэр үеийн өөрчлөлт исламын ертөнцөд ч гүн ул мөрөө үлдээсэн юм.


Үзэсгэлэнд дэлгэсэн Персийн шаазан эдлэлийн хээ угалз, уран барилгын шавар чимэглэлийн нарийн хийцэд тэр цагийн урчуудын ур чадвар, гоо зүйн мэдрэмж шингэжээ. Эдгээр эх үзмэрээр дамжуулан бид Ил Хаант улсын үеийн урлагтай танилцаж, Монголын түүхийг Евроазийн соёлын харилцааны өргөн хүрээнд эргэцүүлэн харах боломжийг олгож буй” гэлээ.


Мөн Турин хотын Дорно дахины урлагийн музейн захирал, орчин үеийн урлагийн куратор Давиде Куадрио “Хоёр музейн хамтын ажиллагааны хүрээнд Занабазарын хоёр шилдэг бүтээлийг манай музейд хүлээн авч, Боргезегийн галерейд дамжин үзүүлсний дараа бид МАО-ийн цуглуулгаас сонгосон керамик эдлэлийн чухал цуглуулгыг Монголын үзэгчдэд хүргэж байна. Манай үзмэрүүдийн гурван бүтээл нь XII-XIV зууны хооронд Персийн керамикийн онцлог байсан хэлбэр, техник, чимэглэлийн хэл найруулгын олон талт байдлыг харуулж байна. Үзэсгэлэн нь түншүүдийн харилцааг гүнзгийрүүлж, цаашид улам хөгжих боломжит бат бөх суурийг тавилаа” гэлээ.


Энэхүү үзэсгэлэн Монголын эзэнт гүрний түүх, соёлын өвийг олон улсад таниулахын зэрэгцээ дэлхийн урлагийн ховор нандин бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэж буйгаараа онцлог юм. Мөн цаашид олон улсын музей, соёлын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дэлхийн болон Монголын өв соёлыг харилцан сурталчлах боломжийг нээж байна.


“Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэн “Чингис хаан” Үндэсний музейн зургаадугаар давхарт арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.


П.АМГАЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин