ХХ зуун эхлэхэд 30 настай Максим Горький Оросын утга зохиолын ноён оргилын нэг болсон байлаа. Хоёр том гигант Толстой, Чехов нар тэгэхэд амьд сэрүүн байсан, Горький ч тэдэнтэй нэг биш удаа уулзаж байлаа. Гадаадад ч тэрээр алдартай, түүнийг Америкт айлчлахад нь Марк Твэйн угтан авч байсан. Горькийн нэр Нобелийн шагналд нийт 5 удаа дэвшиж байсан нь хожим ил болсон.
Горький улс төрч байгаагүй, гэхдээ тодорхой улс төрийн үзэл бодлыг идэвхитэй дэмжигч байв. Тэрээр хилийн чанадад байгуулагдсан Оросын социал-демократ намыг дэмждэг, 1905 оны хувьсгалын дараа тус намд элссэн. Гэхдээ тэр намын сахилга батад захирагддаггүй, хэсэг хугацаанд “чөлөөт гишүүн” явсан төдий.
Богостроительство буюу марксизмыг шашинтай эвлэрүүлэх үзэлтэн. Горький Оросын социал-демократ намд элссэнийг Ленин ихэд олзуурхав, учир нь Оросын нийгэмд ийм алдар хүндтэй хүн намд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, зохиол бүтээлээрээ хувьсгалт хөдөлгөөнд нөлөөлөх чадвартай нөлөө бүхий зүтгэлтэн гэж үнэлдэг байв. Гэвч энэ байдал удаан үргэлжлээгүй. Ленин намыг хатуу төвлөрсөн, сахилга баттай байлгахыг шаардаж, өрсөлдөгчдөө шахаж байхад Горький намын доторх эвлэрлийг дэмжиж, олон сэхээтнийг намын хяналтаас гадуур байлгахыг хүсдэг байв. Тэд нэг хэсэг дотно байсан үе бий ч энэ нь уран зохиол, санхүү, хувьсгалын романтизм дээр тулгуурласан бөгөөд улс төр, үзэл суртлын хувьд олон удаа хурцаар зөрчилдөж байсан түүхтэй. 1906 оны хавар тэрээр хувьсгалт хөдөлгөөнд санхүүгийн дэмжлэг босгох зорилгоор АНУ-д очсон. Тэрээр Нью Йоркод байхдаа "Эх" романаа бичжээ. Энэ нь 1905 оны хувьсгалын дараах тэмцлийн уур амьсгал, бодит ажилчдын түүхээс сэдэвлэн Горькийн өөрийн санаачилгаар бичигдсэн зохиол юм. 1905 оны хувьсгал дарагдсаны дараа хувьсгалчдын дунд үүссэн уналт, шантралыг сэргээх зорилго зохиолчид өөрт нь хүчтэй байв. Зохиол бичигдсэний дараа Ленин уншаад "Яг цаг үеэ олсон, маш хэрэгтэй ном" хэмээн сайшааж байсан нь хожим Зөвлөлтийн үзэл сурталд энэ зохиолыг "социалист реализмын анхны сонгодог бүтээл", "пролетарийн Библи" болгон өргөмжлөх гол үндэслэл болжээ. Гэвч Америкт очсон нь түүний алдар нэрийг улам өргөхын оронд харин ч унагасан явдал нь хэвлэл мэдээллээр түүнийг албан ёсны эхнэр нь биш, харин жүжигчин Мария Андрееваг дагуулж ирсэн гэх дуулиан дэгдэж, олон зочид буудал тэднийг хүлээж авахаас татгалзаж байв.
Максим Горький АНУ-д очиход түүнийг эхэндээ хувьсгалт тэмцэгч, дэлхийд танигдсан зохиолч хэмээн мянга мянган хүн уухайлан угтаж байсан ч хэдхэн хоногийн дотор ёс суртахууны том дуулиан дэгдэж, аялал нь бараг бүтэлгүйтэх шахсан. Горький, Андреева хоёр Нью-Йорк дахь Бэлклэр зочид буудалд буугаад удаагүй байтал дуулиан дэгдэж, буудлын захиргаа тэднийг хөөсөн. Энэ явдлын дараа тэд арга буюу танил нөхөд, дэмжигчдийнхээ гэрт болон залуу зохиолчдын жижиг клубт орогнох зэргээр хоног өнгөрөөхөд хүрчээ. Горькийг ирэхэд Марк Твэн Оросын хаант засаглалын эсрэг хувьсгалт тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлэн, зохиолчдын хүндэтгэлийн оройн зоог зохион байгуулахаар амлаж байв. Тэрээр Горькийн зохиол бүтээлийг өндөр үнэлдэг тул эхэндээ идэвхтэй дэмжсэн юм. Гэвч Мария Андрееватай холбоотой гэр бүлийн дуулиан дэгдэж, олон нийтийн шүүмжлэл ширүүсэхэд Марк Твэн төлөвлөсөн уулзалт, арга хэмжээнээсээ ухарч, Горькийтой олон нийтийн өмнө ил гарах нь улс төрийн хувьд ч, зохион байгуулалтын хувьд ч зохимжгүй болсныг мэдэрсэн байдаг. 1905 онд Горький намд гишүүнээр элссэн боловч сахилга баттай, байнгын намын зүтгэлтэн хэзээ ч байгаагүй бөгөөд хожим намын гишүүнчлэл нь тасарсан түүхтэй. 1917 оны сүүлчээр Ленин зэвсэгт бослогоор засаг авахыг уриалж байхад Горький "Новая жизнь" сониндоо үүнийг эрс эсэргүүцэн, оросын ард түмэн, соёлыг сүйрүүлэх "адал явдал" хэмээн бичиж байв. Энэ үед тэдний харилцаа бараг тасарч, Ленин Горькийг намынхаа эсрэг ажиллаж байна хэмээн уурсаж байжээ. Зөвлөлтийн пропагандын дүрсэлдэг шиг тэдний хооронд үргэлж нэг зорилготой, санал нийлдэг, "төгс" нөхөрлөл байгаагүй бөгөөд үзэл бодлын хурц зөрөлдөөн, хөндийрөл, бүр харилцаагаа таслах хүртэл явж ирсэн. Петроград дахь эрх мэдлийн төв болсон Зиновьев хотын "журам", большевикуудын хяналтыг хатуу тогтоохын тулд "Новая жизнь" сониныг хаахыг зорьж байв. Горькийн хувьд энэ нь зөвхөн сонин хаагдсан хэрэг биш, харин хувьсгалын нэрээр үг хэлэх эрх чөлөө, соёлын орон зайг боомилж буй явдал байсан тул Зиновьев болон большевикуудын энэ үйлдлийг эрс эсэргүүцэж байжээ.
Ленин Горькийг намын зорилгод хор хүргэж байна гэж удаа дараа бухимдаж байв. Эцэст нь 1918 оны 7-р сард сонинг нь бүрмөсөн хаах шийдвэрт Ленин өөрөө оролцсон. Энэ үеэс тэдний харилцаа тасарч, Ингээд Горький эмчлүүлнэ гээд Орос орноос гарч одов.
Европт амьдарсан тэр жилүүдэд түүний бичсэн бүтээл, нийтлэл, ярилцлагууд маш өвөрмөц зөрчилтэй, Ленин болон хожим Сталинд огт таалагдахгүй байсан нь түүхийн баримтад тод үлдсэн байдаг. “Оросын тариачдын тухай”, “Хувьсгал ба Оросын харанхуй бүдүүлэг чанар”-ын тухай эргэцүүлэл болон “Новая жизнь” сонинд бичиж байсан хатуу шүүмжлэлийнхээ хэлхээг Европт гарсныхаа дараа ч захидал, ярилцлагуудад үргэлжлүүлсэн. Горькийн хувьд Орос орон соёлын болон сэтгэлзүйн хувьд боловсроогүй байж социалист туршилт хийх нь “боловсроогүй сая сая хүнийг аюултай туршилтад түлхэж буй хэрэг” учир хувьсгалын харгислал, хүчирхийллийг зөвтгөхгүй байхыг уриалж байв. Европт байх хугацаандаа Горький гадаадын болон оросын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагууд, захидлууддаа Зөвлөлт засаглалын дотоод дахь хэвлэлийн хяналт, сэхээтнүүдийг хавчин гадуурхах явдал, уран зохиол-соёлын эрх чөлөө хумигдаж буйд маш шүүмжлэлтэй хандаж байв. Ийм нэрд гарсан хүнийг очоод амийг нь хороосонд орвол, авчраад хүмүүжүүлсэн нь дээр. Сталин 1920-иод оны сүүлчээр Горькийг ЗХУ-д буцааж авчрах, түүний нэр хүндийг өөрийн бодлого, соёлын фронтод ашиглах сонирхолтой болжээ. 1928 онд Горький түр хугацаагаар ЗХУ-д ирэхэд тэд биечлэн уулзаж, хамт зураг авахуулж, найрсаг дүр төрх харуулж эхэлсэн. Сталин түүнд онцгой хүндлэл, анхаарал халамж үзүүлж байсан нь Горькийн эргэн ирэлт болон хожмын хамтын ажиллагааны суурийг тавьсан юм.
Сталин болон Зөвлөлтийн үзэл суртал Горькийг "пролетарийн их зохиолч", Лениний үнэнч анд нөхөр болгон дүрслэх нь Зөвлөлтийн соёлын бодлогыг зөвтгөхөд маш ашигтай байв. Тиймээс хувьсгалаас өмнөх хурц маргаан, шүүмжлэлүүдийг бүдгэрүүлж, хоёр их хүний "гүн бат нөхөрлөл"-ийг сурах бичиг, уран зураг, дурсамжаар дамжуулан баталгаажуулсан юм.
Ингээд Горькийг ЗХУ-д эргүүлэн авчирах Үйлдвэрчний хөдөлгөөн өрнүүлсэнд өвгөн зохиолч уяран эргэж ирлээ. Горькийд зориулж Москва болон Крымд тохилог хоёр харш барьж өглөө. Дотоод яамнаас хариуцсан дээдсийн хангамжид гэр бүлийг нь хамруулав. Тэр байтугай гадаад дотоодод аялахад нь зориулж тусгай богоон гаргаж өгөв. Горькийн өчүүхэн хүсэлтийг ч хүлээн авч дор нь гүйцэтгэгчээр Дотоод яамны сайд Ягодаг нь томилов. Үүнд дороо дассан Горький Ягодаг “жимсгэнэ” гэж нэрлэх болж. Жил бүр Италид сувилалд очиж байхыг нь зөвшөөрсөн тул тийш явахад нь бие хамгаалагчид, үйлчлэгч, эмч дагалдана. Зохиолчийг бие даан Орос орноор сэлгүүцэхийг зөвшөөрөхгүй, гэхдээ Москва орчмын урьдчилж тусгайлан бэлдсэн үйлдвэр завод, сургуулиар оруулж бишрүүлнэ. Тэр байтугай гэмт хэрэгтнүүд хэрхэн социалист маягаар засран хүмүүжиж байгааг харуулсан шоронд хүртэл аваачиж харуулжээ. Хамтралд аваачина, тариачид алга ташин угтах ба Горькийн зохиолыг цээжээрээ уран уншина. Хөөрхий зөнөсөн өвгөн уяран нулимс дуслуулах аж. Амьдрал улам сайхан болж буй тухай ажилчин тариачдын бичсэн гэх захидал цахилгаан өвгөнийг дарах боллоо.
Социалист реализм гэх хэнд ч ойлгомжгүй цоо шинэ урлаг утга зохиолын урсгалыг Горькийд зориулан байгуулж, даргаар нь төдийгүй үндэслэгчээр нь тавьж орхилоо. 1930 оны сүүлчээр Зөвлөлтийн төв хэвлэлүүд болох "Правда" болон "Известия" сонинуудад Горькийн бичсэн "Дайсан бууж өгөхгүй бол түүнийг устгадаг" нэртэй нийтлэл зэрэг хэвлэгдлээ. Тэр үед ЗХУ-д "Аж үйлдвэрийн намын хэрэг" (Промпартия) гэгч зохиомол шүүх хурал болж, хуучин сэхээтнүүд, инженер техникийн ажилтнуудыг "хорлон сүйтгэгчид" хэмээн яллаж байлаа. Горький тус нийтлэлдээ дотоодын "хорлон сүйтгэгчид" болон гадаадын империалистуудын эсрэг хайр найргүй тэмцэхийг уриалж, "Хүн төрөлхтний үзэн ядалт нь зөвхөн хамгаалалтаар хязгаарлагдах ёсгүй... Дайсан бууж өгөхгүй бол түүнийг устгадаг” гэжээ. Хэдийгээр Горький үүнийг 1930 онд бичсэн ч 1936–1938 оны Сталины Их хядлагын үед, тэр дундаа Зиновьев, Каменев, Бухарин нарыг шүүж цаазлах үед Зөвлөлтийн прокурор Андрей Вышинский болон тухайн үеийн хэвлэлүүд Горькийн энэ ишлэлийг өдөр бүр давтан ашиглаж, "ардын дайснуудыг" цаазлах хууль ёсны болон ёс суртахууны зөвтгөл болгож байжээ. 1931 онд гэмт хэрэгтэн гэх 41 хүнийг цаазлан хороосон тухай мэдээ хэвлэлд гарсныг уншсан Горький боож үхэх дөхөв. Тэрээр Ягодад энэ бол бузар гэмт хэрэг мөн гэв. Олон улсын ардчилсан зохиолчдын хуралд оролцох урилга Горькийд ирлээ.
“Зөвлөлтөд хүмүүсийг олноор нь цаазалж байгааг эсэргүүцсэн хүний эрхийн хорооны мэдэгдлийг эсэргүүцэж эх орныхоо нэр төрийг хамгаалж, гүтгэлэгт хариу няцаалт өгсөн үг хэлнэ гэж Улс төрийн товчоо танд найдаж байна” гэсэн Ягодагийн хүсэлтэд харин ч тэр дор нь нь няцаалт өгөн татгалжээ.
Хөгшин баавгай нэг л биш болж байгааг ойлгосон Сталин ингээд түүнийг улам алдаршуулан хүмүүжүүлэхээр шийджээ. Москвагийн гол гудамж Тверийн өргөн чөлөөг Горькийгоор нэрлэв. Оросын эртний хот Нижний Новгородыг Горький хот болгон өөрчлөх шийд гаргалаа. Москвагийн уран сайхны театр Горькийн нэрэмжит боллоо. “Цаадахын чинь бие гайгүй бол Ленин, Сталин нарын тухай ном бич гэж ятгаач” гэж Сталин Ягодагаар хэлүүлжээ. Цаг хугацаа өнгөрсөөр, Горький ном бичсэнгүй. Ахмад большевикуудын мөрдөн хавчих нь улам идэвхижих болов. 1932 онд Горькийтой олон жил дотно харилцаатай байсан Каменовыг баривчилжээ. 1936 оны зун Итали явж эмчлүүлэхийг хүсэхэд Сталин зөвшөөрсөнгүй. “Хамартаа дөртэй хөгшин баавгай” гэж Роман Роллан түүнийг нэрэлсэн нь тун оновчтой үнэн хочлол.
“Жисгэнэ” Горькийн бэртэй илээр учир ургуулах боллоо. Сүйрлийг зөгнөх мэт Зөвлөлтийн социалист амжилтын бэлгэ тэмдэг болсон, дэлхийн хамгийн том онгоц “Максим Горький” 1935 онд осолд орон сүйджээ. Нэрт яруу найрагч Луй Арагонд бичсэн захидалдаа Горький түүнийг ирж уулзаач гэж гуйсныг Ягода Сталинд үзүүлэв.
Горький Арагонд дахин дахин бичсээр. Дөртэй баавгайг улам чандлан цагдаж, дайсанд ашиглуулахгүй байх үүргийг Сталин Ягодад үүрэгдэв. Орос эхнэртэй коммунист Арагон Москвад ирэнгүүт нь “Эхлээд эхнэрийгээ ээжтэй нь, ах дүүтэй нь уулзуул, Горькийтой хэзээ ч уулзаж болно, яарах явдалгүй” гээд бултуулж дөнгөв. Өөр нэг зочин тэр үед ирсэн нь Францын алдарт зохиолч Анрэ Жид. Зургадугаар сарын 18-д Москвад газардангуутаа Горькийг сураглав. Дэлхийд нэртэй тийм том зохиолчийг уулзъя гээд байхад нь татгалзалтай нь биш. Гэвч зохиолчийг ирдэг тэр өдөр Горький үхчихсэн нь нэн тоогой еэ. Ингэж “Жимсгэнэ” Жидийн хамрын урдуур амжиж хэц татсанаар пролетарийн сонгодог зохиолчийн нэрийг хиртүүлэлгүй аварч хоцорлоо. Аварга хорих лагерийн хамгийн чөлөөтэй хоригдол нь сүр дуулиантай оршуулагдах гавъяатай нэгэн. Сталин өөрөө аугаа дуучийн шарилтай авсыг мөрлөн сүүлчийн замд нь үдэв.
Баабар 2026.11.26
Лхагва - 11 сарын 25,
2026