Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнөөс тавтын зохион байгуулалт хийх, ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалт: “2026.11.26-ны өдөр МҮЭСТО-нд Ард нийтийн санал асуулаг хөдөлгөөнийг үүсгэн байгуулах их хурал болно. Энэхүү хөдөлгөөн нь тусдаа хуулийн этгээд болохгүй. Харин эх орныхоо төлөө гэсэн, шударга ёсыг хүссэн улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд , эх оронч иргэдийн хамтран ажиллах гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд байна. “Сүхбаатарын талбайд ард нийтийн санал асуулгын талаар танилцуулга хийж, иргэдтэй уулзах үеэр олон сайхан ахмад, эрдэмтэн судлаач биднийг дэмжиж, санал бодлоо хуваалцаж байгаад үнэхээр их баярлаж байна. Тэд улс орныхоо ирээдүй, үр хүүхдүүдийнхээ төлөө санаа зовниж, бидэнд сэтгэлийн дэм өгч байна. Эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэл ямар үнэ цэнтэй болохыг ахмадууд маань харуулж байна.
Харин нөгөө талд зарим залуус улс оронд болж буй үйл явдлыг өөрсдөд нь огт хамаагүй мэтээр хүлээн авч, ‘Одоо өнгөрсөн’, ‘Бүгд адилхан хулгайч’ хэмээн инээлдэж өнгөрч байна. Бид юунаас айж, юунаас ичих ёстой юм бэ? Улс оронд болж буй асуудалд санаа зовниж, үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийг шоолохын оронд өөрсдийнхөө амьдралыг нэг эргээд хараасай гэж хүсэж байна.
Өнөөдөр иргэд өр зээл, амьдралын дарамтад орж, эрх чөлөө, шударга ёсны асуудалд санаа зовниж байна. Гэтэл улс төрийн хүрээнд их хэмжээний мөнгө, авлига, албан тушаалын асуудлаар хүмүүс хоорондоо маргалдаж байхад бид түүнийг зүгээр л харж, инээлдээд суух ёстой юу? Бид өөрсдөө юу хийж чадаж байна вэ гэдгээ бодох хэрэгтэй.
Хэрэв би өнөөдөр Сүхбаатарын талбайд хувцсаа тайлаад зогсвол хүмүүс шоолох байх. Гэхдээ гаднаасаа хувцастай, эрх чөлөөтэй мэт харагдаж байгаа ч бодит амьдрал дээр эдийн засгийн хувьд ямар байдалтай байгаагаа иргэд өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Халаасандаа хэдэн төгрөгтэй, хэдий хэмжээний өртэй, маргаашийн амьдралдаа хэр итгэлтэй байгаагаа бодоод үзээсэй.
Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ёстой хууль хяналтын байгууллагууд яагаад ажлаа хангалттай хийж чадахгүй байна вэ? Яагаад жирийн иргэдэд хууль хатуу үйлчилдэг атлаа эрх мэдэлтэй хүмүүст өөрөөр үйлчилж байгаа мэт ойлголт нийгэмд төрж байна вэ? Энэ бүхэнд хариулт хэрэгтэй.
Өнөөдөр Монголд шүүх, прокурор, хууль хяналтын байгууллагад итгэх итгэл алдарснаас иргэд өөрсдөө шүүгч, прокурор болсон мэт нэг нэгнээ буруутгаж, хардаж, яллаж байна. Хүмүүсийг үзэл бодол, хувцаслалт, улс төрийн байр сууриар нь ялгаж, талцуулдаг байдал газар авлаа. Ийм нөхцөлд монголчууд бид эв нэгдэлтэй амьдрахад улам хэцүү болж байна.
Түүнчлэн Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй үйл ажиллагаанд саад учруулах, иргэдийг хооронд нь талцуулах зорилготой хүмүүс ажиллаж байна гэж бид үзэж байгаа. Эрх баригчид иргэдийн эв нэгдэлд саад учруулахын тулд зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байна гэсэн хардлага бидэнд бий. Энэ асуудлыг ч анхаарах ёстой.
Тиймээс ‘Ард нийтийн санал асуулга’ хөдөлгөөний зүгээс улс төрийн бүх нам, иргэний нийгмийн байгууллага, эх орныхоо ирээдүйд санаа зовниж байгаа хүн бүрд хандаж байна. Та өнгөрсөн хугацаанд хэн байсан нь бидний хувьд гол асуудал биш. Харин өнөөдөр улс орныхоо төлөө юу хийхийг хүсэж байгаа нь чухал.
Бид хүмүүсийг өнгөрсөн амьдралаар нь ялгаж, дүгнэхийг хүсэхгүй байна. Гэхдээ бусдыг гүтгэж, доромжилж, хагалан бутаргах зорилготой хүмүүстэй хамтрахгүй. Монголоо гэсэн чин сэтгэлтэй, шударга ёсыг эрхэмлэдэг хүн бүртэй хамтран ажиллахад бэлэн байна.
Манай хөдөлгөөний дөрвөн өдрийн үйл ажиллагаанд оролцохоор төлөвлөж байгаа иргэдийг урьдчилан бүртгүүлэхийг хүсэж байна. Учир нь үйл ажиллагааны үеэр зориудаар эмх замбараагүй байдал үүсгэх, оролцогчдыг хооронд нь талцуулах оролдлого гарч болзошгүй гэж бид болгоомжилж байгаа.
Бид хэн нэгнийг хамгаалж, хэн нэгний эсрэг ажиллахын төлөө нэгдээгүй. Бид зөвхөн шударга ёсыг хүсэж байна. Миний найз, миний танил, миний дэмждэг улс төрч хэн ч байсан хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх ёстой. Хамтран хууль бус үйлдэл хийж, дараа нь нэг нэгнээ буруутгадаг улс төрийн жишгийг таслан зогсоох хэрэгтэй.
Монголчууд бид нэг нэгнээ хүндэлдэг, хайрладаг, үзэл бодлын ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрдөг, эв нэгдэлтэй нийгэмд амьдрах ёстой.
Хамгийн гол нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Монгол Улсад Ерөнхийлөгчийн институц байх шаардлагатай юу, үгүй юу гэдэг асуудлыг ард нийтээрээ хэлэлцэх хэрэгтэй гэж үзэж байна.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай ярьж байгаа бол өнөөгийн 126 гишүүнтэй парламентын бүрэлдэхүүнээр ийм шийдвэр гаргуулахыг бид дэмжихгүй. Эхлээд УИХ-ын бүрэлдэхүүнийг шинэчилж, дараа нь Ерөнхийлөгчийн институцийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж, иргэдийн байр суурийг тодорхойлох ёстой.
Төрийн тогтолцоо, Үндсэн хуулийн өөрчлөлт бол цөөн хэдэн улстөрчийн шийдэх асуудал биш. Энэ бол Монголын ард түмний ирээдүйтэй холбоотой асуудал. Тиймээс иргэдийг ‘Ард нийтийн санал асуулга’ хөдөлгөөний үйл ажиллагаанд хуулийн хүрээнд оролцож, санал бодлоо илэрхийлэхийг уриалж байна” гэв.
Н.Отгончимэг
Даваа - 11 сарын 23,
2026
Сэтгэгдэл0