sonin.mn

УИХ-д суудалтай намуудын дунд нэр дэвших боломжтой хүмүүсийн тухай яриа аль хэдийн эхэлжээ. МАН-аас Ерөнхий сайд асан Г.Занданшатар, Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нарын нэр улс төрийн хүрээнд яригдаж байна. Гэхдээ нэр яригдаж байна гэдэг албан ёсоор нэр дэвшсэн гэсэн үг биш. Намын шийдвэр, дотоод өрсөлдөөн, улс төрийн тохироо эцсийн сонголтыг тодорхойлно. Ардчилсан намаас Н.Алтанхуяг, Лу.Гантөмөр, Д.Ганбат нар нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, намынхаа сонгон шалгаруулалтад оролцохоор мэдэгдсэн байна. Нөгөө талаар АН-ын дотоод сонголтод О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж зэрэг улс төрчдийн нэр ч яригдаж байгаа бөгөөд намын эцсийн шийдвэр гарсны дараа өрсөлдөөний бодит дүр зураг тодорно.


Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүсийн тухай судалгаа, тандалт ч сонгуулийн өмнөх улс төрийн уур амьсгалыг тодорхой хэмжээнд харуулж байна. Үндэсний хэмжээний судалгаануудын заримд Г.Занданшатар, Н.Алтанхуяг нар нам тус бүрийн боломжит нэр дэвшигчдийн дунд өндөр үзүүлэлттэй гарсан тухай мэдээлжээ.


National Opinion байгууллагын 2026 оны наймдугаар сарын судалгаанд МАН-аас нэр дэвшвэл Г.Занданшатарыг 22.7 хувь, С.Бямбацогтыг 10.23 хувь, Л.Энх-Амгаланг 5.06 хувь нь нэрлэсэн бол АН-аас Н.Алтанхуягийг 18.88 хувь, О.Цогтгэрэлийг 7.37 хувь, Х.Баттулгыг 5.72 хувь нь нэрлэжээ. Энэ бол сонгуулийн саналын эцсийн дүн биш, харин нам тус бүрээс хэнийг нэр дэвшвэл дэмжих тухай нээлттэй асуултын хариу. Тиймээс МАН, АН-ын үзүүлэлтүүдийг хооронд нь шууд харьцуулж, сонгуулийн ялагчийг урьдчилан тодорхойлох боломжгүй. Гэхдээ нам доторх нэр дэвшигчдийн эрэмбэ, олон нийтийн танигдалт, боломжит дэмжлэгийн талаар тодорхой зураг өгч байна. Ерөнхийлөгчийн сонгууль бол харизма, улс орны хэмжээнд танигдсан байдал, олон нийтийн хүлээн зөвшөөрөл, улс төрийн зангарагийн тулаан. Харизма гэдэг нь бусдыг өөртөө соронз мэт татах чадвар, олон нийтийн итгэлийг өөртөө төвлөрүүлэх чанар юм. Намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан хүн, эсвэл нийгэмд асар их нөлөө бүхий хүн нэр дэвшихэд давуу талтай байдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх таамаг, улс төрийн аналитик асуудлыг хөндөж байгаа цөөнгүй хүмүүс байна.


Тэр дунд нэг хэсэг сөрөг хүчний эмэгтэйчүүдийн манлайлал байж, УИХ-ын гишүүн, сайдын албан тушаал хашиж, төрийн өндөр албан тушаалтнуудын зөвлөх, туслах хийж байсан Ц.Оюунгэрэлийн сүүлийн үед нийтэлж байгаа улс төрийн аналитик судалгаанууд олон нийтийн анхаарлыг татаж байна. Тэрээр “МАН-ын хувьд Г.Занданшатар нэр дэвших магадлал өндөр гэж олон хүн үзэж байна. УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Бямбацогт нэр дэвшихгүйгээ албан ёсоор зарласнаар энэ таамаг улам хүчтэй болж байгаа юм. Б.Жавхлангийн нэр ч яригдаж байгаа боловч өөрөө албан ёсоор нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн эсэх нь тодорхойгүй. МАН судалгаа, тандалт дээр тулгуурлан сонгуулийн тактикаа боловсруулдаг нам. Олон нийтийн дэмжлэг хамгийн өндөр байгаа хүнээ биш, өөр хүнийг нэр дэвшүүлж, сонгуулийн өрсөлдөөнд эрсдэл үүсгэх нь намын хувьд хүнд шийдвэр байх болно.


Г.Занданшатар бусад горилогчдоос олон нийтийн танигдалт, судалгааны үзүүлэлтээрээ илүү байгаа тухай хэд хэдэн судалгааны мэдээлэл гарсан. Тиймээс Ижил тэнцүү хоёр нэр дэвшигч нүүр тулсан сонгууль л олон нийтийн анхаарлыг татаж, сонгогчдыг санал өгөхөд хүргэдэг.


Мэдээж намын дотоод тохироо, судалгааны үр дүн, өрсөлдөгчдийн хүч, сонгуулийн өмнөх улс төрийн үйл явдал эцсийн сонголтод нөлөөлнө. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хүн өмнө нь хийсэн ажлаа тайлбарлахаас гадна ирээдүйд ямар төрийн тэргүүн байх вэ гэдгээ сонгогчдод ойлгуулах шаардлагатай. Төрийн бодлого, улс орны хөгжлийн чиглэл, үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаа, ард түмний амьдралд нөлөөлөх асуудлууд дээр өөрийн байр суурийг тодорхой илэрхийлэх нь чухал. АН-ын хувьд хамгийн том сорилт нь зөвхөн нэр дэвшигчээ тодруулах биш, харин сонгогчдын итгэлийг нэг хүн дээр төвлөрүүлж, намын дотоод зөрчил, хуваагдлыг даван гарах явдал юм. Нөгөөтэйгүүр сонгуулийн өрсөлдөөнд ирц өндөр байх нь чухал. Энэ талаар Ц.Оюунгэрэл “Ижил тэнцүү хоёр нэр дэвшигч нүүр тулсан сонгууль л олон нийтийн анхаарлыг татаж, сонгогчдыг санал өгөхөд хүргэдэг. Наадмын дэвжээнд хоёр аварга барилдахад хотлоороо дагаж, үнээ тугал нийлэхийг хүртэл мартан нүд чих тавьж, уулга алддаг бол улсын заан бөх арван жилийн амны хүүхэдтэй барилдахад танидаг хэдээс нь өөр хэн ч тоож сонирхдоггүйтэй адил. Хэрэв Г.Занданшатар, Н.Алтанхуяг хоёр нүүр тулбал үзээтэй сонгууль болж магадгүй” гэж бичсэн байна лээ. Гэхдээ сонгуулийн өрсөлдөөнд зөвхөн хоёр намын нэр дэвшигч биш, бусад нам, эвслийн нэр дэвшигчид ч нөлөөлнө. Санал хуваах, гуравдагч хүчний дэмжлэг, сонгогчдын шийдвэргүй байдал, сонгуулийн ирц зэрэг хүчин зүйлс үр дүнд өөрчлөлт оруулж болно. Тиймээс өнөөдрийн судалгааны үзүүлэлтээр зургаан жилийн бүрэн эрхийн эзнийг тодорхойлох боломжгүй.


Нөгөөтэйгүүр энэ бол зөвхөн Ерөнхийлөгчийн сонгууль биш. Монголын улс төрийн дараагийн зургаан жилийн чиг хандлагыг тодорхойлох өрсөлдөөн.


Ерөнхийлөгчийн институцийн эрх мэдэл, улс төрийн нөлөө, намын дотоод зохион байгуулалт, төрийн бодлогын залгамж чанар, гадаад харилцааны чиглэл зэрэг олон асуудал сонгуулийн үр дүнтэй холбоотой. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн ямар шалгуурыг хангах ёстой вэ гэдэг асуудал чухал. Төрийн тэргүүн бол зөвхөн улс төрийн намын нэр дэвшигч биш, Монгол Улсыг төлөөлөх хүн. 

Харин улс төрийн энэ уралдаанд зургаан жилийн бүрэн эрхийн төлөө зурхайн зүг хөдөлж буй горилогчид хэн нь хэн бэ, хэний улс төрийн замнал, хэний харизма, хэний бодлого, хэний туршлага ард түмний итгэлийг хүлээх бол? Энэ удаагийн сонгуулийн тайлал хаврын эхэн үед тодрох магадлалтай. Гэхдээ сонгуулийн зурхайн зүгээс түрүүлж гарсан хүн заавал барианд түрүүлнэ гэсэн үг биш. Улс төрийн уралдаанд морьдын хурд шиг нэр дэвшигчийн харизма, намын зохион байгуулалт, сонгогчдын итгэл, ирц, бодлого, улс төрийн нөхцөл байдал бүгд нөлөөлнө. Тиймээс зургаан жилийн бүрэн эрхийг горилогчдын уралдааныг ажиглахад зөвхөн зурхайн зүгт гарсан байрлалаас гадна барианд хүрэх замд хэн ямар нүүдэл хийхийг харах л үлдлээ.



Э.МӨНХТҮВШИН