sonin.mn

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн байгуулах хурлыг энэ сарын 26-нд зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатарын талбайд өдөр бүр мэдээллийн төв ажиллуулж, хөдөлгөөнийг үүсгэн байгуулах их хуралд оролцох хүсэлтэй иргэдийг бүртгэж байна. Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, Монгол Улсынхаа ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй иргэн бүр дуу хоолойгоо өргөх боломжтой “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөний талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалтыг урьж, ярилцлаа.


-Парламентын засаглалтай манай улсад ард нийтийн санал асуулга явуулах нь ямар ач холбогдолтой вэ?


-Монгол Улсад Ард нийтийн санал асуулгын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Хуульд төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбоотой сонголт хийх шаардлага гарсан тохиолдолд нэг удаад гурваас илүүгүй асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахаар зохицуулсан.


Төрийн дотоод, гадаад бодлого нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Гэтэл өнөөдөр манай улсын төрийн дотоод бодлогын нөхцөл байдал ойлгомжгүй, шударга бус, нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэхийн оронд иргэдийг талцуулж, хуваагдалд хүргэж байна.


Мөн Үндсэн хуулийг огт мөрддөггүй, үгүйсгэсэн үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс Монголын ард түмэнд Үндсэн хуулиа дээдэлж, түүнд нийцүүлэн амьдрах уу, эсвэл Үндсэн хуулийг зөрчиж, шударга бус тогтолцоог үргэлжлүүлэх үү гэсэн асуудал тулгарч байна. Цаашдаа Үндсэн хуулиа зөрчдөг, төрийн дотоод үйл ажиллагаа нь тодорхойгүй байдлыг хүлээн зөвшөөрөөд үргэлжлүүлэх үү. Эсвэл Үндсэн хуульдаа нийцүүлж үйл ажиллагаа явуулдаг төртэй болохын төлөө өөрчлөлтийг хийх үү гэдэг сонголт хийх шаардлага гарч ирээд байгаа юм.


Монголын ард түмэн мэдэж байгаа шүү дээ. Өнөөдөр Монгол Улсад төрийн албанд очсон хүмүүс ямар нэгэн байдлаар гэмт хэрэг, үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудалд холбогдсон ч хариуцлага хүлээхгүй өнгөрдөг байдал нь хууль хяналтын байгууллага шударга үнэн ажиллаж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм.


Хууль хяналтын байгууллагууд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй болоод ирэхээр ард түмний шүүлт хийх шаардлага үүсэж байна. Ард түмний шүүлтийн хүч хэрэглэдэг хувилбарыг бид хувьсгал гэж нэрлээд байгаа юм. Жишээлбэл, ард иргэдийн дунд “непалдах” цаг болсон, хувьсал хийе гэж дуу хоолойгоо өргөдөг болсон. Зарим хүмүүс хэн нэгэн хүний аминд хүрэх талаар ярьж байна. Энэ нь зөв үү, буруу юу гэдгийг бид маш сайн тунгааж бодох хэрэгтэй. Эв нэгдэлтэй байхдаа Монгол Улс хэдийд хүчтэй байна. Хэдий чинээ талцаж хуваалцаж нэгнийгээ үзэн ядах тусам бидний амьдралын чанар, Үндэсний аюулгүй байдлын баталгаа суларч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Өнөөдөр нийгэмд өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн байр суурь олон нийтийн дунд хүчтэй яригдаж байна. Гэхдээ өөрчлөлтийг ямар арга замаар хийх нь чухал вэ. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?


-Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, нийгмийг өөрчлөх шаардлагатай гэсэн үзэл бодол иргэдийн дунд түгээмэл байна. Өөрчлөлт хийх хоёр арга зам бий. Нэгдүгээрт, хуулийн дагуу, хоёрдугаарт, хууль бус аргаар өөрчлөлт хийх. Харамсалтай нь зарим хүн хууль бус аргаар хувьсгал хийж, цус урсгах тухай ярьж байгаа бол нөгөө хэсэг нь УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй гэж үзэн, тусдаа ард түмний хурал байгуулж, түүгээрээ сонгуулийн болон бусад хуулийг батлах санал гаргаж байна. Эдгээр нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй үйлдэл учраас ийм аргаар өөрчлөлт хийх боломжгүй. Түүнчлэн ийм замаар өөрчлөлт хийсэн ч эерэг үр дүн гарах эсэх нь эргэлзээтэй.


Хүчирхийллийн аргаар хувьсгал хийвэл хүний амь нас, эрүүл мэнд хохирно. Үүний дараа ч нийгэмд зөрчил үүсэж, улс орон эмх цэгцдээ ороход олон жил шаардагдана. Өнөөдөр Монголд иргэд хоорондоо тэмцэлдэж, цусаа урсгах зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэхгүй байна.


Нэг улсад хууль ёсны парламент ажиллаж байхад дахин ард түмний хурал, Үндсэн хуулийн ассамблей байгуулж, тус тусдаа хууль баталбал аль хуулийг мөрдөх вэ гэсэн асуудал үүснэ. Энэ нь нийгмийг эмх замбараагүй байдал, үймээн самуунд хүргэх эрсдэлтэй. Тиймээс иргэд аливаа асуудалд сэтгэлийн хөөрлөөр бус, хууль эрх зүй, улс төр, эдийн засгийн мэдлэгтэйгээр хандах хэрэгтэй. Бидний хувьд өөрчлөлт хийх арга зам бол хуулийн хүрээнд ажиллах юм. Монгол Улсын Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхтэй холбоотой хоёр арга бий.


Нэгдүгээрт, ээлжит сонгууль. УИХ-ын гишүүдийг дөрвөн жилд нэг удаа, Ерөнхийлөгчийг зургаан жилд нэг удаа сонгодог. Энэ бол иргэд өөрсдийн төлөөллийг сонгож, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх хүмүүст итгэл хүлээлгэж буй хэлбэр.


Хоёр дахь арга нь Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбоотой гурваас илүүгүй асуудлаар ард иргэдээс санал авах боломж юм. Бид энэ хүрээнд “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг санаачлан ажиллаж байна. Иргэд ард нийтийн санал асуулга зохион байгуулах саналаа УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлж, тухайн асуудлыг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлүүлэх боломжтой. Энэ үйл явцад эх орноо гэсэн сэтгэлтэй иргэн бүр оролцож, хуулийн хүрээнд өөрчлөлт хийх боломжтой.


-Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнийг эхлүүлэх болсон гол зорилго юу вэ?


-Энэ хөдөлгөөний эхний зорилго бол хууль сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх юм. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг иргэдэд ойлгомжтой байдлаар тайлбарлан таниулах шаардлагатай байна.


Хуулийн талаар мэдлэгтэй хүмүүс аливаа асуудлыг хэлэлцэхдээ үр дүнтэй ярилцаж, санал бодлоо солилцож чадна. Харин тухайн хуулийг уншиж судлаагүй, ойлголтгүй хүмүүс санал бодлоо солилцох үед хоёр өөр улсын иргэн, хоёр асуудлаар ярилцаад, ойлголцохгүй байгаатай ижил.


Тиймээс юуны өмнө иргэдийн мэдлэг, мэдээллийг нэгтгэх хэрэгтэй. “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнд иргэд нэгдэж, өөрсдийн байр суурийг илэрхийлэн, тайван замаар хамгийн зөв гэж үзсэн шийдэлд хамтдаа хүрэх юм. Энэ явцад мэтгэлцэж, санал зөрж, маргалдаж болно. Гэхдээ эцсийн зорилго нь Монгол Улсынхаа сайн сайхны төлөө зөв шийдвэр гаргах явдал байх ёстой. Өнөөдөр манай улсад хуулийн дагуу, хүчирхийллийн бус аргаар нийгмээ өөрчлөх боломж хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид бий. Тиймээс иргэдийг мэдээлэлтэй, ухамсартай оролцож, хуулийн хүрээнд тайван замаар өөрчлөлт хийхийг уриалж байна.


-Та төрийн үйл ажиллагаанд хяналт тавих тогтолцоог сайжруулах шаардлагатай гэж ярьсан. Энэ асуудлыг яагаад чухалчилж байна вэ?


-Монголчууд өнгөрсөн хугацаанд төлөөллийн байгууллага болох УИХ-аа есөн удаа байгуулсан. Гэвч сонгосон төлөөлөгчдийнхөө үйл ажиллагаанд эргээд хяналт тавих механизмыг бүрдүүлж чадаагүй. Өнөөдөр улс төрийн намаар дамжин төрийн эрх мэдэлд очсон хүмүүс төсөв, тендерийн хулгайд холбогддог тогтолцоо бий болсон. Тиймээс хэн ч төрийн эрх мэдэлд очсон хулгай хийх боломжгүй, байнгын хяналттай тогтолцоог бүрдүүлэх ёстой.


1990 оноос өмнө Ардын хянан шалгах хороо төрийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг байсан. Тухайн үед санхүүгийн бага хэмжээний зөрчилд ч эрүүгийн хариуцлага тооцдог нийгэм байсан бол өнөөдөр хэдэн арван их наяд төгрөгийн хулгай, зөрчлийн тухай ярьж байгаа ч хариуцлага хүлээхгүй өнгөрөх тохиолдол байна. 


Энэ нь өнөөдөр Монгол Улсын төр өөртөө үйлчилдэг дэлгүүр шиг хүссэн болгон очоод хүссэн зүйлээ хулгайлдагтай адил болсон. Үндсэн хуульд төр иргэнийхээ эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл өнөөдөр манай төрийн түшээд дотор иргэдийнхээ амьдралын баталгааг хангахын төлөө ажиллах ёстой гэдгээ ухамсарлаж ойлгосон нь нэг ч алга.


-2018 оноос хойш “Үндсэн хуулийн дугуйлан” төслийг хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ төслийн зорилго юу вэ?


-Бид 2018 оноос хойш “Үндсэн хуулийн дугуйлан” төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Үндсэн хууль бол Монгол Улсыг удирдаж байгаа хүмүүс болон иргэдийн амьдрах гарын авлага. Жолооч хүн жолооны дүрмээ судалж байж жолоодох эрх авдаг. Үүнтэй адил Монгол Улсыг жолоодох гэж байгаа хүмүүс Үндсэн хуулиа мэддэг байх ёстой. Үндсэн хуульд төрийн албан тушаалтнууд шударга байх, хуулиа дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, үндэсний эв нэгдлийг хангах ёстой гэж Монгол Улсаа жолоодож буй хүмүүс ямар зарчимтай ажиллах вэ гэдгийг заасан байдаг. Гэтэл төрийн зарим төлөөлөгч эдгээр зарчмыг баримтлахын оронд бие биеэ нэр хочоор дуудаж, нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаа учраас өнөөдрийн төр засагт Монголын ард түмэн хариуцлага тооцох цаг болсон гэдэгт санал нэгдэж байна.


-Төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох тогтолцоог хэрхэн бүрдүүлэх ёстой гэж үзэж байна вэ?


-Өнөөдрийн төр засагт хариуцлага тооцох үндэслэл нь төрийн албан тушаалтнууд хийх ёстой ажлаа мэдэхгүй, мэдэж байгаа нь санаатайгаар хийхгүй байх тохиолдол байна. Үүний улмаас улс орон, иргэд хохирч байхад хэн нэгэн заавал хариуцлага хүлээх ёстой. Энэ бол энгийн л зарчим шүү дээ. Жишээлбэл, Хүүхэд сургуульд сураад хичээлээ давтахгүй, шалгалтад унавал дахин шалгалт өгөх, эсвэл сургуулиасаа хасагдах зэрэг үр дагавар хүлээдэг. Гэтэл улс орныг удирдаж байгаа хүмүүс хуулиа мэдэхгүй, ажлаа хийхгүй, үүний улмаас иргэд хохирч байхад хариуцлага хүлээхгүй байж болохгүй. Үүний тулд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуулиар хүлээлгэх хариуцлагыг бодитой хэрэгжүүлэх шаардлагатай. Ялангуяа авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлого улам суларч, буруутай этгээдүүд хариуцлагаас зайлсхийж, ял шийтгэл авахгүй зугтаад байгаа нь өнөөдөр төрийн эрх мэдэлд хүссэн хүн очиж, хүссэнээрээ авирлах боломж гэж харж байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд бүгдээрээ ярилцъя гэж байгаа юм.

-Монголын нийгэмд иргэдийн эв нэгдэл, харилцан итгэлцэл суларсан гэж та хэллээ. Үүнийг юунаас үүдэлтэй гэж харж байна вэ?


-Манай улсад иргэний нийгмийн байгууллагууд олон бий. Нөгөө талаар эдгээр Иргэний нийгмийн байгууллагуудын дотор ард түмнийг эв нэгдэлгүй байлгах зорилготой нөгөө эрх баригчид байгаа. Үндсэн хуулийг судалцгаая гээд Бат-Ялалт гээд хүн ярихаар ахиад нэг Үндсэн хуулиа судалъя гээд, Ард нийтийн санал асуулгаар нэгдье гэхээр мөн л үндэсний хувьсгал хийе гээд адилхан ийм байгууллагууд үйлдвэрлэдэг. Ингэснээр хүмүүсийн нэгдмэл байдлыг мохоох, нэгдлийг саармагжуулах зэрэг төрийн эрх мэдэл, эд хөрөнгийнхөө хүчээр улс орон ард түмнийхээ эсрэг байна. Үүнийг хүмүүс ойлгоосой гэж бодож байна. Мэдээж Монголын төрд шударга хүмүүс байгаа. Болохгүй байгаа зүйлсийг ойлгож байгаа хүмүүс байгаа.


Миний ярьж байгаа зүйлсийг үнэн гэдгийг мэдэж байгаа хүмүүс байгаа. Тиймээс бидний дуу хоолой, ярьж байгаа зүйл үнэн гэдгийг мэддэг энэ хүмүүст хүрээсэй гэж бодож байна. Бид айдастай амьдраад байна шүү дээ. Монгол хүн Монгол хүнээсээ айдаг болсон. Энэ бүхэн нийгмийн хамгийн том асуудлын нэг болчхоод байна.


Монгол Улсын Үндсэн хууль “Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлнэ” гэж эхэлдэг. Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал Монгол хүний зүрх сэтгэл, ухамсар, соёлд орших ёстой. Бид Сүхбаатарын талбайд 13 дахь өдрөө Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг сурталчилж, санал асуулга хөдөлгөөнд нэгдэхээр ирсэн иргэдэд мэдээлэл өгөөд бүртгэлийн ажил хийж байгаа. Гэтэл зарим хүн Монгол Улсын тусгаар тогтнол гэж байхгүй, сүйрчихсэн зэргээр ярьж, эх орныхоо үнэ цэнийг үгүйсгэж байна. Хөдөө амьдарч байгаа хүн хотод, хотод амьдарч байгаа хүн гадаадад очиж амьдрахыг хүсдэг болж. Бидний хамтын амьдралын соёл ерөөсөө л авлига болчихсон байна. Хүүхдээ сургуульд оруулахын тулд захиралтай холбогдох, гэмт хэрэгтэй холбогдвол хурандаатай танил байх ёстой гэх мэтээр хүмүүс боддог болсон нь хамгийн том асуудал болсон.


Монгол Улсын хамгийн том асуудал бол авлигажсан төр, эх орноосоо урвасан төрийн түшээд биш монгол хүн өөрөө болчихсон юм байна гэдгийг Ард нийтийн санал асуулгаар хүмүүст ойлгуулах зорьж байна. Хүн бүрийн оролцоо бидний хүч. Монголчууд бид олуулаа нэгдэж байж амжилтад хүрнэ.


Өнөөдөр олон хүн зээл, лизинг, өр төлбөртэй, амьдралынхаа төлөө ажиллаж байна. хувийнхаа амьдралыг бодох юм бол тэмцэх боломжгүй нийгмийг бий болгочихсон. Гэхдээ улс орны нөхцөл байдлыг өөрчлөхөд хүн бүр өөрийн чадах зүйлээрээ хувь нэмэр оруулах боломжтой. Олон хүн бага хэмжээний дэмжлэг үзүүлж, байнгын зохион байгуулалтад орж чадвал хөдөлгөөний үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжтой. Ингэснээр шаардлагатай үед маргаантай асуудалд мэргэжлийн ур чадвартай салбарын шинжээчдээр бодитой дүгнэлт гаргуулах нөхцөл бүрдэнэ. Бидний зорилго бол олон хүний хүчийг нэгтгэж, улс орныхоо асуудлыг хууль бус аргаар биш, бодитой зохион байгуулалт, хамтын оролцоогоор шийдвэрлэх юм.


-Иргэдийг хэрхэн зохион байгуулалтад оруулж, хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцуулах вэ?


-Иргэдийг нэгтгэхдээ хууль бус арга, сэтгэлийн хөөрөлд тулгуурлахгүй. Харин бодитой зохион байгуулалт, эмх цэгцтэй байдлаар ажиллахыг зорьж байна. Энэ хүрээнд тавтын зохион байгуулалтыг хэрэгжүүлэх санал гарсан. Нэг удирдагч, дөрвөн гишүүнтэй таван хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулж, цааш нь шат дараатайгаар нэгтгэх боломжтой гэж үзсэн.


Жишээлбэл, 10 тавт буюу 50 хүн нэгдэж сум, хорооны түвшинд зохион байгуулалтад орж болно. Ингэснээр тухайн орон нутагтаа төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, хууль сурталчлах, иргэдийн санал бодлыг нэгтгэх ажлыг зохион байгуулах боломж бүрдэнэ. Мөн сум, хороо бүрд Иргэний танхим байдаг.


Уг танхим иргэдийг соён гэгээрүүлэх, нийгмийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх зориулалттай байх ёстой. Сонгуулийн үеэр аль нэг намын сурталчилгааны байр болох, эсвэл засаг дарга нар гурил, будаа тараадаг газар байх ёсгүй. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд эдгээр танхимыг зөв ашиглах шаардлагатай. Бидний хийж байгаа үйл ажиллагаа бол эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө өөрийнхөө чадах зүйлийг хүн бүр оруулахыг уриалж байгаа юм. Хэн нэгэнд санал тулгаагүй. Бидний зорилго бол Монгол Улсын үндсэн хуулийн эрхэм зорилго. Зарим улс төрчид болон нийгэмд нөлөөлөгч хүмүүс Монгол Улс зорилго үзэл санаагүй болчихсон гэж яриад байна. Гэтэл бид өв соёл, Үндсэн хуультай. Үндсэн хуульдаа Монголын ард түмэн бидний эрхэм зорилго бол үнэнч шударга байна, хуулиа дээдэлнэ, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна гээд тодорхой зорилго тавьчхаад байхад зорилгоо мэддэггүй ард түмэн байгаа нь харамсалтай байгаа юм.


-Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд ардчилсан нийгмийн мөн чанарыг ойлгуулах нь чухал байх. Та ардчиллыг хэрхэн ойлгож байна вэ?


-Ардчилсан нийгэм гэдэг бол иргэд хэлэлцэж, санал бодлоо илэрхийлж, шийдвэр гаргахад оролцдог нийгэм юм. Монгол Улсад баг, сумын Иргэдийн Нийтийн Хурал, аймаг, нийслэлийн ИТХ, УИХ гэсэн шат шатны төлөөллийн байгууллагууд ажиллаж байна. Харин хурлын шийдвэр хэр чанартай гарах нь оролцогчдын мэдлэг, идэвх, шударга оролцооноос шалтгаалдаг.


Өнөөдөр улс төрийн намуудын хурал бараг тооны ухаан болчхоод байна шүү дээ. Хэдэн хүний саналыг авч чадах вэ гэж тоолж байгаад ялах боломжтой үедээ хуралдаж, ялагдах магадлалтай үедээ хурлаа хийдэггүй. Энэ бол ардчилсан нийгмийн сул тал болж хувирчхаад байна.


Гэтэл ардчилсан нийгэм бол хувь хүний оролцоог дэмждэг байх ёстой. Иргэд СӨХ-ны хурал, оршин суугчдын хурал, баг, хорооны Иргэдийн Нийтийн Хуралд оролцож саналаа хэлэх боломжтой. Гэвч иргэд, ялангуяа залуучууд хуралд идэвхтэй оролцдоггүй, үзэл бодол, саналаа хэлдэггүй. Харин хэдхэн хүн өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргасны дараа гомдол нэхдэг нь буруу. Ардчилсан нийгмийг хамгаалж үлдье гэж бодож байгаа бол бид хурлын тогтолцоог ойлгох хэрэгтэй, нийгмийн амьдралд бодитоор оролцох хэрэгтэй.


-Ард нийтийн санал асуулга хөдөлгөөнд оролцох хүмүүсийг бүртгэх, мэдээлэл өгөх үйл ажиллагааг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа. Хэчнээн хүн оролцож, мэдээлэл авч байна вэ. Иргэдийн хандлага ямар байна?


-Сүхбаатарын талбайд 13 хоногийн турш Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг сурталчлан, хөдөлгөөнд нэгдэх хүсэлтэй иргэдэд мэдээлэл өгч, бүртгэл хийж байгаа. Үйл ажиллагааныхаа хууль зүйн үндэслэл, зорилгыг иргэдэд зөв тайлбарлах нь чухал. Одоогийн байдлаар биечлэн болон цахимаар нийтдээ 100 гаруй мянган хүнд мэдээлэл хүргэсэн. Эдгээр хүний дийлэнх нь хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Гэхдээ санаатайгаар үймүүлэх, гүтгэх, доромжлох хүмүүс ч байна. Үнэн зүйл бол үнэн. Хуулийн дагуу хийж байгаа болохоор саад бэрхшээл гарч байгаа ч бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Бид хуулийг бичээд үлдээсэн ахмадууддаа баярлах хэрэгтэй. Бид шинэ хууль батлуулах гэж тэмцэж байгаа биш. Аль хэдийн батлагдсан, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.


-Та Монгол Улсад дарангуйлал тогтсон гэж үзэж байна уу?


-Монголд дарангуйлал тогтчихлоо, аймшигтай нөхцөл байдал үүссэн гэж ярьж байгаа хүмүүс бий. Энэ айдсаар нь Монголчуудыг удирдах хандлага байна. Өнөөдөр Монгол Улсад дарангуйлал тогтоогүй. Хэрэв дарангуйлал тогтсон бол өнөөдөр иргэд эрх баригчдыг шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлээд хилээр чөлөөтэй гарч явах боломжгүй. Гэхдээ магадгүй хэсэг хугацааны дараа ноцтой нөхцөл байдал үүсэх эрсдэл бүрдэж байна гэж харж байгаа.

П.АМГАЛАНБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин