Өнөөдөр манай нийгмийн амьдралыг доргиож байгаа нэг том асуудал бол сэтгүүлч Давхардаваагийн Гансаруулын “Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийцгээе” хэмээх нийтийн өргөдөл санаачилсных нь төлөө түүний нэр хүнд, хувь хүнийх нь эрхэнд эрээ цээргүй халдаж, зарим казак хүмүүсийн зүгээс амь насанд нь халдахаар заналхийлж байгаа явдал болоод байна.
Тэрбээр энэхүү нийтийн өргөдөлийг анх санаачлан 2026.07.14-нд УИХ-ын “Нийтийн Өргөдлийн Сан”-д байрлуулжээ. “Ганцхан сарын хугацаанд 100 мянган хүний дэмжлэг авсан байх хатуу болзолтой бололтой. Тэгж байж гэмээр Төр засгийн сонорт хүрдэг гэнэ. Миний мэдэхээр 70 гаруй сая хүнтэй Их Британи Улсад дээрхи тооны гарын үсэг цуглуулах хугацаа зургаан сар байдаг. Дэндүү цөөн хүн амтай манай улсын тухайд бол тоо нь ч, хугацаа нь арай чангаджээ. Юун ч аймаар шахаж дарамталдаг юм, Тэгээд ч, одоо ид наадам наргианы цаг. Бас, Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж байдаг. Уг нь тун чухал, цаг үеэ олсон санаачлага юм санж. Харин хугацаагаа буруу сонгожээ”,энэ сэтгүүлч хэмээн би бээр харамсан бодож суусан юм. Гэтэл, гайхалтай гэмээр явдал болж 2026.08.14-нд гарын үсэг цуглуулах хугацаа дуусахад 100 мянган хүний босгыг давж, нийт 100,238 иргэн дэмжснийг хараад баярласан гэж. Баяр наадамаас илүү чухал асуудал байна гэж олон нийт үзжээ.
Өргөн уудам тал нутагт тархай бутархай амьдран суусаар, мянганыг илээсэн монголчууд өөд бологсдынхоо ариун сүнсийг тэнгэрт нь даатгаж, махан биеийг нь ил тавьж үүсэн бий болсон байгалд нь эргүүлэн шингээсээр иржээ. Зөвхөн Алтан ургийн хаад ноёд, язгууртнуудыг тусгай бунханд оршуулах тохиолдол байсан. Мөн, Буддын шашин дэлгэрснээр, өндөр зиндааны лам нарыг занданшуулах, чандарлах, суварганд залж хадгалах зан үйл байвч, эдгээр нь нэн ховор.
Нүүдэлчин монголчууд мянганаас мянганыг туулсан түүхэн урт хугацаанд байгаль орчинд ээлтэй үзлээр бол оршуулгын талаар “цэвэр цэмцгэр” байгальд амьдарч байж. Ёстой л нэгэн яруу найрагчийн бичсэнчлэн, “Байсан ч юм шиг, байгаагүй ч юм шиг...” нүүдэллэн амьдарсаар ХХ зууны дунд үеийг хүрчээ.
Орчин цагийн хөгжлийн эрхээр, олноороо суурин амьдралд шилжсэн сүүлийн 70 орчим жилийн өмнөөс бөөнөөр нь, бөөр нийлүүлэн булж оршуулдаг харийн ёс заншил манайд дэлгэрэв. БНМАУ-ын Засгийн газар 1955 онд уламжлалт ил оршуулгыг хориглож, нас барагсдыг зориулалтын газарт оршуулах бодлого хэрэгжүүлж эхэлжээ.
Оршуулгын талаар “цэвэр цэмцгэр” уламжлалтай, ийм үзэл сэтгэлийнх нь гүнд, далд ухамсарт нь шингэсэн монголчууд энэ талаар тухайн үеийн нам засгийн шийдвэрийг туйлын дургүйцэн хүлээн авч байсан тухай ахмадууд ярьдагсан. Нээрэн л манай хуучин оршуулгын газрууд хүнд эвгүйцэх сэтгэл л төрүүлдэг. Харин одоо цаг үе өөр болж, сайн үйлс дэлгэрч, олноо “Далан давхар” хэмээн нэрлэгддэг “Самбалхүндэв”-ын оршуулгын газрыг хэдэн жилийн өмнөөс цэвэрлэж “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулж байгаа нь үнэхээр цаг үеэ олсон сайн үйлс мөн билээ.
Монголчууд үүнийг элдэв хэл амгүй иргэний болон соёлт хүний ёсоор өндөр ухамсартайгаар хүлээн авч ажил үйлс нь элдэв саад бэрхшээлгүй урагшилж байгаа нь баярламаар. Тэнд ч миний хайртай хүмүүсийн алтан шарил байсан. Гэвч би бээр сая сая монгол хүний нэгэн адил энэ үйлсийг шууд дэмжсэн. Тэгэхээр “цэвэр цэмцгэр” байгалд ээлтэй оршуулгын уламжлал бол ганц хүний санал санаачилга биш олон нийтийн хэмжээний шаардлага болж өргөжсөний илэрхийлэл байв.
Сэтгүүлч Д.Гансаруул бээр үүнийг мэдэрч, цаг нь болжээ хэмээн үзээд дээрхи саналаа Төрийн сонорт өргөн барьжээ. УИХ түүнийг нь хүлээн авч зохих процедурын дагуу хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Тэр бээр, санаачлагчийнхаа хувьд төрийн индэрт гарч зохих тайлбараа хэлж байгаа бичлэг буй. Жинхэнэ мэргэшсэн сэтгүүлчид ингэж л нийгмийн оюун санааг хөтөлж чаддаг учир тэднийг "4 дахь Засаглал" хэмээн өргөмжилдөг.
Уг нь бол Д.Гансаруул сэтгүүлч бээр энэхүү саналаа бүр тэртээ 2013 онд анх гарган тавьж ”Өдрийн Сонин”-д цуврал нийтлэл бичиж байсан байх юм. Тэр үед түүнийг зарим ухамсаргүй казак иргэд мөн л өнөөгийнхтөй адил талаас нь “барьж идэх” шахжээ. Үүнийг нь хэн ч анхаарсангүй өнгөрч, аймшигт заналхийллээс айсан сэтгүүлч энэ эмэгтэй амаа хамхисан байна.
Гэвч, тэр цагаас хойш 13 жил өнгөрөхөд бүхий л зүйл бахь байдгаараа. Тэр ч бүү хэл бүр архагшжээ. Иргэний эр зориг, сэтгүүлч хүний мэргэжлийн өндөр ёс зүй түүнийг энэ удаа ч эрсдэл рүү түлхэж. Тэр бээр, казакуудын зүгээс дахиад л ширүүн дайралт, заналхийлэл ирнэ гэдгийг мэдэж байсан. Дахиад л хэн ч анхаарахгүй өнгөрч магадгүй. Гэвч зориг гарган бичжээ. Ийм учир би бээр энэхүү нийтлэлээ “Гансаруул сэтгүүлчийн “Ган” мэт зориг” хэмээн гарчигласан болно.
Сэтгүүлч Д.Гансаруулын өргөдөлийн үзэл санааны талаар энд нэг чухал зүйлийг онцлон хэлэх хэрэгтэй байна. Түүний өргөдөл нь ямар нэгэн үндэстэн, шашин, орон нутгийн иргэдийн эсрэг чиглэсэн бус, Монгол Улсын бүх иргэнд адил тэгш үйлчлэх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх зорилготой гэдгээ санаачлагч тодорхой илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, хэн нэгний шашин шүтэх эрх, оршуулгын зан үйлийг үгүйсгэх тухай биш, харин газар ашиглалт, байгаль орчин, нийтийн эрүүл ахуйн шаардлагыг нийтээр мөрдөх тухай асуудал юм.
Энэ талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч, “Ганц казакуудын замбараагүй, зөвшөөрөлгүй оршуулга төдийгүй, манай орны өнцөг булан бүрт иймэрхүү байдал байна, үүнийг цэгцлэх нь зүйтэй”, гэсэн утгатай үг бас хэлж байна билээ.
Хурметхан Хатран:
Миний бодож байгаагаар, оршуулгын газруудыг эмхэлж цэгцлэх энэ ажиллагаа цаашид Монгол орон даяар улам өрнөж хэрэгжих байх, хэрэв энэ хууль батлагдвал. Оргил үедээ 2 сая шахам хүн хөлхөж байдаг нийслэл хотын эргэн тойронд байх олон замбараагүй оршуулгын газрууд, тухайлбал “Наран”-гийн энгэр дахь Монголчуудын, “Алтан Өлгий” дахь Оросуудын, Амгалан дахь Хятадуудын, Налайх дахь Казакуудын оршуулгын газрыг ч ялгаагүй. Цаашлаад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Өлгий, Чойбалсан болон бусад томоохон хот суурин, мөн хөдөө хээр байдаг монгол, орос, хятад, казак, бусад оршуулгын газрыг ч хамарч таарна. Ер нь хэнийг ч ялгахгүй. Монгол Улсын Үндсэн Хуулийн үзэл санааны дагуу бүгд тэгш эрхтэй Үүнийг манай казак иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй байна.
Зуун мянган хүний дуу хоолойг төрийн сонорт хүргэх гэж ганцаараа зогссон шавилхан бүсгүйг цаашид олноороо нийлж дарамтлаж, заналхийлэхгүй байхыг дээрх хүмүүст шаардаж байна. Энэ бол Монголын ардчиллын нүүр царай биш. Төгсгөлд нь тэмдэглэхэд, Д.Гансаруулын иргэний болон хувийн эр зоригийг магтаад өнгөрөх бус, түүний дуу хоолой, хувийн болон гэр бүлийн аюулгүй байдлыг ханган хамгаалах нь манай төр засгийн эрхэм үүрэг билээ хэмээгээд энэхүү нийтлэлээ өндөрлөе.
Тодын Отгонбаяр (Лондон зураач)
2026.11.08
Даваа - 11 сарын 09,
2026
Сэтгэгдэл0