ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сербийн нэрт кино найруулагч Эмир Кустурицатай хийсэн ярилцлагадаа Орос, Хятадын соёл иргэншлийн түүхэн онцлогийн талаар байр сууриа илэрхийлэхдээ Монголын эзэнт гүрний түүхийг хөнджээ. Уг ярилцлагыг баасан гарагт Кремлийн албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна.
Ярилцлагын үеэр Эмир Кустурица түүнээс “Оросын соёл иргэншил” гэх ойлголтыг хэрхэн тодорхойлох талаар асуухад В.Путин Оросыг дэлхийн томоохон соёл иргэншлүүдийн нэг хэмээн тодорхойлж, Хятадын олон мянган жилийн түүхээр жишээ татжээ.
Тэрбээр “Оросын соёл иргэншил бол дэлхийн аугаа соёл иргэншлүүдийн нэг гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ өөр олон агуу соёл иргэншил бий. Тухайлбал, хэдэн мянган жилийн түүхтэй Хятадын соёл иргэншлийг нэрлэж болно. Бид тэдний түүхээс сургамж авах ёстой. Монголчууд Хятадтай тулалдаж, тулалдсаар эцэст нь өөрсдийн Монгол-Хятадын эзэнт гүрнийг байгуулсан. Гэвч энэ бүхэн юугаар төгссөн бэ? Эцэстээ хятадууд монголчуудыг өөртөө уусган шингээсэн” хэмээн ярьсан байна.
В.Путин энэ санаагаа үргэлжлүүлэн “Хятадын төр, ард түмэн өөрсдийг нь байлдан дагуулсан ард түмнийг хүртэл уусган шингээх чадвартай. Ингээд л тэд ууссан” гэжээ.
Тэрбээр энэхүү түүхэн жишээгээр Хятадын соёл иргэншлийн оршин тогтнох чадвар, бусад үндэстэн, соёлын нөлөөг өөртөө шингээдэг онцлогийг тайлбарлахыг зорьсон байна.
Ярилцлагын гол сэдэв нь Оросын соёл иргэншил, түүхэн өв уламжлал, үндэсний онцлог болон Орос, Украины харилцааны асуудал байв. В.Путин өнөөгийн Орос улсыг Оросын соёл иргэншлийн гол төв хэмээн тодорхойлж, Украин зэрэг хөрш орнуудыг түүх, соёлын хувьд түүнтэй салшгүй холбоотой гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Түүнчлэн Украины дайны талаар байр сууриа илэрхийлэхдээ “Би Украины цэргүүдэд бууж өг гэж хэлмээргүй байна. Учир нь энэ нь тэдний хувьд доромжлол мэт сонсогдож магадгүй. Харин тэдэнд бидний талд нэгдээрэй гэж хэлмээр байна. Учир нь бид нэг талд, түүхийн зөв талд байгаа” хэмээн мэдэгдсэн байна.
Ийнхүү В.Путин Оросын соёл иргэншлийн тухай үзэл баримтлалаа тайлбарлахдаа Монголын эзэнт гүрний түүхийг Хятадын соёл иргэншлийн нөлөө, түүхэн залгамж чанарыг харуулах жишээ болгон дурджээ.
С.Сарнай
Ням - 11 сарын 22,
2026
Сэтгэгдэл0