УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Булган, Увс аймгийн Засаг дарга нартай холбоотой асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд Н.Учралд шаардлага хүргүүлэхээр болжээ.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин мэдээлэл хийхдээ, Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нарыг албан тушаалаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайдаас шаардаж байгаагаа мэдэгдэв.
Тэрбээр “Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат хууль зөрчсөн нь тогтоогдсон гэж үзэж байгаа тул түүнийг албан тушаалаас нь огцруулах, мөн Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөхийг Ерөнхий сайд Н.Учралаас шаардаж байна.
Эдгээр асуудлаар гаргасан шийдвэрээ ажлын долоон хоногийн дотор УИХ дахь Ардчилсан намын бүлэгт албан бичгээр ирүүлэхийг шаардлагадаа тусгасан. Хэрэв холбогдох Засаг дарга нарт хариуцлага тооцохгүй бол Ерөнхий сайд Н.Учралыг Үндсэн хуулийн цэцэд өгч, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнг Авлигатай тэмцэх газарт шалгуулна” гэв.
Мэдээллийн үеэр Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Цэндсүрэн тус аймгийн Засаг дарга Э.Насанбаттай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Ерөнхий сайд Н.Учрал саяхан авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтоохын төлөө ажиллахаа мэдэгдсэн. Гэтэл Увс аймгийн Засаг дарга Э.Насанбатыг хууль зөрчсөн, хууль бус баримт бичиг ашигласан гэж үзэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 62.8 хувийн саналаар огцруулах шийдвэр гаргаж, Ерөнхий сайдад хүргүүлсэн.
Гэвч Ерөнхий сайдаас ‘Аймгийн ИТХ-ын шийдвэрийг хүлээн авах боломжгүй байна’ гэсэн ганц өгүүлбэртэй хариу ирүүлсэн. Ингэхдээ ямар нэгэн хуулийн зүйл, заалт дурдаагүй нь нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд халдсан үйлдэл гэж үзэж байна.
Мөн Э.Насанбатыг холбогдох сургуулийг төгсөөгүй, хуурамч диплом ашигласан гэх асуудлаар Боловсролын ерөнхий газраас лавлагаа авсан.
Түүнчлэн улсын төсвөөс дэд бүтцийн ажилд зориулан хуваарилсан 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй холбоотой ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэж байгаа. Тодруулбал, Э.Насанбат өөрийн ашиг сонирхол бүхий компанид тендер олгуулж, өөрийн эзэмшлийн компанийн барьж буй орон сууцны хороолол руу төсвийн хөрөнгөөр дэд бүтэц татсан гэх асуудал бий.
Эдгээр нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй тул шалгаж, хариуцлага тооцох ёстой. Гэтэл Ерөнхий сайд аймгийн ИТХ-ын шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан учраас Үндсэн хуулийн цэцэд хандах асуудлыг АН-ын бүлэгт танилцууллаа” хэмээн мэдэгдэв.
Харин Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ганбаатар тус аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирын томилгоо, төрийн албанд ажилласан хугацаатай холбоотой асуудлыг хөндлөө.
Тэрбээр “Булган аймгийн 2024 оны орон нутгийн сонгуулиар МАН 15, АН 14 суудал авсан. Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар Д.Пүрэв-Очирыг Засаг даргад нэр дэвшүүлж, төрийн албанд ажилласан байдлыг нь Төрийн албаны зөвлөлөөр хянуулсан.
Д.Пүрэв-Очир өөрийн ажилласан байдлын тодорхойлолтод Иргэний нисэхийн ерөнхий газрын Санхүүгийн албаны даргаар гурван жил ажилласан гэж мэдүүлсэн. Төрийн албаны зөвлөл уг мэдээллийг үнэн зөв гэж үзсэний үндсэн дээр аймгийн ИТХ томилгоотой холбоотой шийдвэрээ гаргасан.
Гэвч түүний 2018-2023 оны хооронд Иргэний нисэхийн ерөнхий газрын Санхүүгийн албаны даргаар ажилласан гэх мэдээлэл бодит байдалтай нийцэхгүй болохыг холбогдох баримтаар тогтоосон гэж үзэж байна. Энэ талаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяраас 2026 оны нэгдүгээр сарын 23-нд авсан албан бичигт Д.Пүрэв-Очир тухайн хугацаанд Санхүүгийн албаны даргаар ажиллаагүй гэсэн хариу ирүүлсэн.
Иймээс түүнийг төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй гэж үзэж, албан тушаалаас нь чөлөөлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлсэн” гэв.
Мөн Д.Ганбаатар Булган аймгийн Засаг даргын ажлын гүйцэтгэл хангалтгүй байгааг шүүмжилжээ.
Түүний хэлснээр, аймгийн ИТХ-аас 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг үнэлэхэд Засаг даргын ажлын гүйцэтгэл 55 оноо авч, хангалтгүй үнэлэгдсэн байна. Түүнчлэн Засгийн газрын холбогдох хяналт-шинжилгээ, үнэлгээний байгууллагаас хийсэн үнэлгээгээр мөн хангалтгүй дүн авсан гэж мэдээлэв.
“Засаг даргын үйл ажиллагаа хангалтгүй байгаа нь аймгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Ерөнхий сайд Н.Учрал хууль тогтоомжийг хэрэгжүүлж, Булган аймагт үүссэн улс төрийн гацааг арилгана гэсэн хүлээлттэй байна” хэмээн Д.Ганбаатар хэллээ.
Ийнхүү УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Булган, Увс аймгийн Засаг дарга нартай холбоотой асуудлыг шийдвэрлэж, хариуцлага тооцохыг Ерөнхий сайд Н.Учралаас шаардаж, ажлын долоон хоногийн хугацаа өгөөд байна. Хэрэв уг шаардлагын дагуу арга хэмжээ авахгүй бол Үндсэн хуулийн цэц болон Авлигатай тэмцэх газарт хандахаа мэдэгдэв.
Н.Отгончимэг
Даваа - 11 сарын 23,
2026
Сэтгэгдэл0