-Б.Двесовын бичсэн, М.Туулын хөрвүүлснээр
Казахстаны Астана хотоос Базарали Двесов “Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!” гэж бичсэнийг би хөрвүүлж уншигчиддаа хүргэсэн. Энэ удаа Украины дайны зовлон туулсан монгол бүсгүй Мягмарын Туулын хөрвүүлсний хоёр дахь хэсгийг уншигчиддаа хүргэе. Өмнөх №1 орчуулгын дор ийм нэг комент явж байсныг шууд эшлэе. Хэн бичсэнийг мэдэхгүй ч зөв ухаалаг дүгнэлт гээд эхэнд нь оруулъя:
–Миний хувьд өөр өнцөг, зөв дүгнэлт байна. Гитлерийн сүнс Путлер агуу ихийн хүсэл мөрөөдөлдөө мангуураад ямар үед амьдарч байгаагаа ухаарах сөхөө алга. Тэр зөвхөн тарж бутарсан Зөвлөлт Холбоот Улсыг дахин байгуулж газар нутгийг нь эргүүлж нэгтгэсэн гэсэн нэр зүүх агуу ихийн үл гүйцэлдэх мөрөөдөлтөй гэжээ. Базарали Двесовоор жишээлэхэд, Оросын түрэмгийллийг эсэргүүцэгчид Казахстанаас бичиж нийтэлж байгаа нь сайн хэрэг. М.Туул бүсгүй твиттерт Украины дайны тухай, Оросын ялагдлын тухай олон чухал пост оруулдаг тул би уншсаар шимтсээр байгаад одоо бүр өөрөө түгээгч нь болж байгаадаа баяртай байна гэдгээ дахинтаа давтая.
Базарали Двесов бичжээ.
Миний бодлоор өнөөдрийн Зеленскийг, ирээдүйн манлайлагчийг ойлгоход чухал нэгэн зүйл хөндөе. Эцсийн эцэст Зеленский бол дэлхийн удирдагч болж төрөөгүй. Түүхэн эсэргүүцлийг удирдахаар багаасаа бэлтгэгдээгүй. Өнгөрсөн үеийн аугаа жанжнуудын жишгээр өөрийн намтрыг бүтээж яваагүй. Тэрээр урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдалтай л халз тулсан. Тэгээд нөхцөл байдалтай хамт өөрчлөгдөхөөс өөр аргагүй болсон гэж боддог. Төсөөллийн зохиомж яриа. Хожа Насреддин түүнээс ийн асуужээ. “За, аялагч минь, чи яагаад дандаа ингэж яардаг юм бэ?”, хариу нь “Надад цаг зав алга”. Насреддин “Хачирхалтай юм даа. Хаашаа ч яардаггүй хүмүүст ч бас цаг зав байдаггүй. Ядаж цайгаа тайван ууж амждаг байгаа даа”. Хариулт.
“Би дайнтай байна шүү дээ. Насреддин минь”, цаадхи нь “Тийм болохоор л би хэлээд байна шүү дээ! Эхлээд ялчихаад, дараа нь цайгаа уу! Гагцхүү тэр үед чамд тусална гэж амласан хүмүүс цайг чинь уучихсан байхаас л болгоомжил!” гэж гэнээ.
Тусламж үзүүлнэ гэж амлах, тусламжаа цаг тухайд нь хүргэх хоёр бол тэс өөр зүйл. Энэ хошигнолын цаана гүнзгий санаа нуугдаж байгаа гэж би боддог. Түүх хүнийг яаруулдаг, харин бусдын амлалт тэр хүний цаг хугацааг хүлээдэггүй. Хувь тавилан, үүрэг зорилгоо биелүүлэхэд нь зориулж түүх төгс төгөлдөр нөхцөл бүрдүүлж өгдөггүй. Ер нь түүх тухайн хүн бэлэн байгаа эсэхийг хэзээ ч асуудаггүй. Заримдаа зүгээр л хаалгаа нээгээд, үйлдэл хийхийг шаарддаг. Бусдыг өөртөө татах увидас гэж байна. Улс төр судлалд харизм, бусдыг өөртөө татах увидас хэмээх ойлголт бий. Гэхдээ миний ярих гэснийг шинжлэх ухааны хуурай тодорхойлолт бүрэн илэрхийлж чаддаггүй юм шиг санагддаг. Бусдыг өөртөө татах увидас гэдэг нь зөвхөн царайлаг төрхтэй байх, эсвэл уран цэцэн байхыг хэлэхгүй. Энэ бол эргэн тойрныхоо хүмүүст итгэл төрүүлж, сэтгэл хөдлөлийг нь эзэмдэх чадвар юм. Заримдаа тухайн хүн өөрийн байр сууриа тайлбарлаж амжаагүй байхдаа ч тийм нөлөө үзүүлдэг. Түүнтэй ярилцагчдын нүүрний хувирал, дохио зангаа, инээмсэглэл, ярилцах үеийн уур амьсгал хэрхэн өөрчлөгдөж байгааг нь хараарай. Хувийн увидас, бусдыг өөртөө татах чадвар нь их гүрний улс төрд үлэмж хүчтэй хэрэгсэл болж чаддаг тухай ярьж байна. Улс төрчид бусдад хүндлэл төрүүлэхийг хичээдэг. Зарим нь айдас төрүүлэхийг зорьдог. Харин бусдыг өөртөө татах чадвар, дотно хандлага гэдэг өөр. Зүйрлэбээс дипломат цүнхнээс нээж чадахгүй байх тохиолдолд хаалга нээх чадвартай байхыг хэлдэг гэх үү дээ. Энд нэг зүйлийг онцлоё. Харизм буюу бусдыг өөртөө татах онцгой чадвартай байлаа гээд аугаа удирдагч шууд болчихгүй. Түүхэнд бусдыг өөртөө татах увидастай атлаа өөрийнхөө дараа тун харамсалтай үр дагавар үлдээсэн хүмүүс цөөнгүй бий.
Зеленскийн бусдыг өөртөө татах чадвар гэдэг нь Украины эрх ашигт нийцсэн бодит үр дүнд хүрэхэд тустай байгаа энэ цагт үед л жинхэнэ ач холбогдолтой. Эс бөгөөс энэ нь жүжигчний авьяасынх нь нэгэн тал төдий үлдэх байлаа.
Жижиг улс хэрхэн аугаа болдог вэ? Ер нь улсыг юу аугаа болгодог вэ? Газар нутгийн хэмжээ юу? Хүн амын тоо юу? Эдийн засгийн хүчин чадал уу? Пуужингийн тоо юу? Хэрэв сүүлийн шалгуураар хэмждэг бол зарим улс дэлхийн хамгийн ухаалаг улсуудад тооцогдох ёстойсон. Гэвч харамсалтай нь пуужин, цөмийн зэвсэг, цэргийн хүч ихтэй улс байлаа гээд тэр улс илүү ухаалаг, ухаалаг шийдвэр гаргадаг гэсэн үг биш юм. Миний бодлоор аливаа улсын аугаа нь зөвхөн материаллаг боломж, нөөц бололцоогоор нь тодорхойлогдохгүй. Тухайн улсын үйл хэрэг, ёс суртахуун нь түүхэн ямар ач холбогдолтой вэ гэдэгт л аугаа нь оршино. Жижиг улс заримдаа өөрийнхөө хэмжээнээс хавьгүй давсан нөлөөг хүн төрөлхтний хөгжилд үзүүлж чаддаг. Түүхэнд ийм жишээ олон бий. Орчин үеийн Украин ч тэдгээрийн нэг болж байгаа байж мэднэ. Түрэмгийлэгч тал цэргийн хүчээр давуу байлаа гээд хурдан ялалт байгуулах баталгаа болдоггүйг Украин ягштал харуулсан. Мөн хамгийн том гүрнүүдийн тооцоо, төлөвлөгөөг үндэсний хүсэл зориг хэрхэн өөрчилж чаддагийг нотолсон. Төрт ёсоо алдах аюултай нүүр тулсан нийгэм өөрийгөө зохион байгуулж, хамтран ажиллах ер бусын чадвараа харуулж болдгийг Украин үзүүллээ. Мэдээж энэ бүхэнд хүрэхийн тулд аймшигтай өндөр үнэ төлж байна. Хүний амь нас, сүйрсэн хотууд, хувь заяа нь орвонгоороо эргэсэн сая сая хүн. Тиймээс би энэ дайныг баатарлаг явдлын тухай сэтгэл хөдөлгөм домог болгон хувиргахыг хүсэхгүй байна. Дайн хичнээн аугаа эр зоригийн жишээ болдог ч эмгэнэлт явдал хэвээр үлддэг.
Гэхдээ яг энэ эмгэнэлт явдлын дэвсгэр дээр Украины эсэргүүцлийн түүхэн ач холбогдол бүр ч тод харагдаж байна. Зеленский ба олон улсын дэг журмын ирээдүйг төсөөлье. Би өмнөх зарим тэмдэглэлдээ өнөөгийн дайн олон улсын харилцааны бүхэл бүтэн тогтолцоонд томоохон өөрчлөлт авчирч магадгүй гэсэн таамаг дэвшүүлж байсан. Учир нь асуудал зөвхөн Орос-Украины мөргөлдөөнөөр хязгаарлагдахгүй. Энэ бол үүнээс хавьгүй өргөн хүрээтэй асуудал юм. Дэлхийн II дайны дараа байгуулагдсан олон улсын байгууллагууд Европт дахин томоохон дайн дэгдэхээс сэргийлж чадсангүй. НҮБ оршин тогтносоор, тогтоол баталж, хуралдcаар байна. Гэвч олон улсын аюулгүй байдлын тогтолцоо өөрөө хэрхэн зохион байгуулагдсанаас шалтгаалан НҮБ-ын боломж бас хязгаартай. Ялангуяа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн хориг тавих эрх үүнд нөлөөлнө. Эндээс зүй ёсны нэгэн асуулт урган гарна. Түрэмгийлэл үйлдэж буй улс өөрөө энх тайван, аюулгүй байдлын хамгийн чухал шийдвэрүүдийг хаан боогдуулах эрхтэй байдаг юм бол олон улсын дэг журмыг хүн төрөлхтөн эцэс төгсгөлгүй хадгалсаар байж чадах уу? Магадгүй эрт орой хэзээ нэгэн цагт энэ тогтолцоог нухацтайгаар эргэн харж, шинэчлэх шаардлага гарна.
Дайн дууссаны дараа Украин нь олон улсын аюулгүй байдлыг хангах шинэ механизм санаачлагчдын нэг болж магадгүй. Би үгүйсгэхгүй. Харин Зеленский өөрөө улс төрийн шаардлагатай нөлөө, итгэл хүндлэлээ хадгалж чадвал энэ үйл явцад мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэх боломжтой.
Гэхдээ энд хүсч буй зүйл, бодит байдал хоёрын ялгааг ойлгох хэрэгтэй. Олон улсын шинэ дэг журам бий болгох нь амжилттай дипломат ажиллагаа явуулахаас ч хавьгүй илүү төвөгтэй зорилт юм. Үүнийг хэрэгжүүлэхэд ганц хүний хувийн сэтгэл татах чадвар, нөлөө хангалтгүй. Улс орнуудын зөвшилцөл, эрх зүйн шинэ механизм, эдийн засгийн боломж, хамгийн гол нь улс төрийн хүсэл зориг шаардлагатай. Гэсэн ч ийм асуудлыг хөндөж тавих нь зүй ёсны хэрэг гэж надад санагддаг. Учир нь ийм өргөн цар хүрээтэй түүхэн доргилтын дараа дэлхий ертөнц өмнөх байдалдаа зүгээр л эргээд орчихно гэж үү? Үйл ажиллагаа нь шинэ эрин үе эхэлж буйн дохио мэтээр тухайн үеийн хүмүүс ойлгож хүлээн авдаг. Тийм хүмүүс хүн төрөлхтөний түүхэнд үе үе төрдөг. Гэхдээ тэд болж буй үйл явдлынхаа цар хүрээ, түүхэн ач холбогдлыг тэр бүр мэдэрдэггүй. Тэд жирийн хүний адил ядарна, алдаа гаргана, уурлаж бухимдана, инээж хөхөрнө. Харин цаг хугацаа өнгөрсний дараа л түүхчид тэдний үйл хэрэгт бэлгэдлийн утга учир өгч эхэлдэг. Гэхдээ улс төрийн аливаа зүтгэлтнийг хэт шүтээн болгон өргөмжлөхөөс болгоомжлох хэрэгтэй. Учир нь хүнийг өө сэвгүй, алдаа мадаггүй бэлгэдэл болгон хувиргах нь түүнийг жирийн хүн хэвээр байх эрхээс нь зайлшгүй салгадаг. Энэ нь зөвхөн тухайн удирдагчид төдийгүй бүхэл бүтэн нийгэмд хортой. Xүндлэл хүлээхийн тулд алдаа гаргадаггүй төгс төгөлдөр хүн байх албагүй. Түүний гаргаж буй шийдвэрүүдийг хэлэлцэж, шүүмжлэх нь боломжтой төдийгүй тэгэх зайлшгүй шаардлагатай. Түүний улс төрийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, бодитой үнэлэлт дүгнэлт өгөх ёстой.
Ардчилсан нийгэмд бүх зүйл яг ийм зарчмаар явагдах учиртай. Миний бодлоор, хүний жинхэнэ аугаа чанар нь өө сэвгүй, алдаа дутагдалгүй байхад оршдоггүй. Харин хүн өөрийнхөө төрөлх мөн чанараас үүдэлтэй хязгаарлагдмал байдлыг үл харгалзан нэр төртэй, ёс суртахуунтай үйлдэл хийж чаддагт оршдог.
Гэхдээ түүхэнд эзлэх байр суурь, үзүүлэх нөлөө нь түүний эрх мэдлийн хэмжээгээр заавал тодорхойлогддоггүй. Заримдаа бүхэл бүтэн үеийнхний ертөнцийг үзэх үзэл, аливаа зүйлийг ойлгож дүгнэх хандлагыг өөрчлөхүйц түүхэн үйл явдлын голд ганц хүн өөрийн эрхгүй гарч ирдэг. Миний бодлоор Зеленскийн хувьд яг ийм зүйл тохиож байна. Тэр өөрөөсөө хавьгүй хүчирхэг өрсөлдөгчийн эсрэг тэмцэж буй эсэргүүцлийн бэлгэдэл болж чадсан. Улс төрийн манлайлал гэдэг зөвхөн хүч чадалд тулгуурладаггүй, харин хүмүүст итгэл төрүүлж, тэдний дэмжлэгийг олж авах чадварт ч үндэслэж болдгийг харуулсан. Мөн орчин үеийн дипломат ажиллагаа заавал эцэс төгсгөлгүй ёслол хүндэтгэл, харилцан хүндлэл илэрхийлсэн сүржин үг хэллэг байх албагүйг харууллаа. Заримдаа хэдхэн энгийн үг л хангалттай. Заримдаа эрс шийдэмгий татгалзахад л болдог. Заримдаа ганцхан инээмсэглэл бүхнийг илэрхийлж чадна. Мэдээж, эцсийн дүгнэлтийг түүх л хийнэ. Магадгүй түүхийн үнэлгээ өнөөдрийн бидний төсөөлж байгаагаас ч илүү ээдрээтэй байх биз. Учир нь Украин, Европ, мөн Зеленский өөрөө цаашид ямар сорилт бэрхшээлтэй нүүр тулахыг хэн ч мэдэхгүй. Гэхдээ түүний тэгж тодорсон нь дэлхий нийтийг хамарсан хямрал, донсолгооны эрин үед төрийн удирдагч ямар байх ёстой талаархи уламжлалт ойлголтыг өөрчилсөн гэдгийг л хэлж болно. Тийм ч учраас би түүний тухай бичсээр байх болно. Түүнийг төгс хүн гэж боддогтоо биш. Харин болж буй үйл явдлын цаана олон улсын улс төрийн ээлжит нэгэн үйл явдлаас хавьгүй өргөн утга агуулга оршиж байгааг олж харсандаа бичсээр байна гэж буй хэрэг.
Төгсгөлийн оронд. Түүх хараахан дуусаагүй байна. Хүн төрөлхтөнд нэгэн гайхалтай онцлог бий. Бид түүхийг шимтэн судалдаг атлаа түүх яг нүдний өмнө маань өрнөж байхад тэр бүр анзаарч чаддаггүй. Бид өнгөрсөн үеийн баатруудыг бишэрч, тэдэнд зориулан хөшөө босгож, ном бичиж, кино бүтээдэг. Харин хэзээ нэгэн цагт үйл хэрэг нь түүх судлалын сэдэв болох ч юм бил үү гэсэн хүн бидний дэргэд гарч ирэхэд түүний намтар хангалттай сүр жавхлантай эсэхийг нь шалгаад тодруулаад эхэлдэг. Дипломат ёс жаяг баримталж чаддаг эсэхийг нь хүртэл асууна. Тэгээд ер нь яагаад урьд нь тайзнаа гарч тоглодог байсан юм бол гэж гайхна. Магадгүй өнөө цагийн хамгийн том ёжлол чухам энд л нуугдаж байгаа. Чухал царайлсан улс төрчдөд дассан дэлхий ертөнц хошин урлагийн жүжигчин байсан нэгэн гараад ирэхэд огтоос бэлэн биш байжээ. Тэрээр тэдний олонхийг улс төрд оршин байгаагийнхаа утга учрыг дахин эргэцүүлэн бодоход хүргэсэн. Гэхдээ би эцсийн дүгнэлт хийх гэж яарахгүй. Түүх цааш үргэлжилсээр байна.
Хамгийн чухал асуулт одоогоор хариултгүй хэвээр. Өрнөж буй үйл явдлаас хүн төрөлхтөн сургамж авч чадах болов уу? Хүний амь нас газар нутгийн түрэмгий амбицаас илүү үнэ цэнэтэй гэдгийг, хүний нэр төрийг танк, пуужин, цөмийн цэнэгт хошууны тоогоор хэмжиж болохгүй гэдгийг ойлгох болов уу?
Хүн төрөлхтөн үүнийг ойлгож чадна гэдэгт итгээсэй. Итгэцгээе. Замынх нь хаа нэгтээ Хожа Насреддин илжигээ унасаар түүнийг хүлээж байгаа. “За, аялагч минь”, “Чи лууг аль хэдийн ялчихсан уу?” гэж асууна. “Одоохондоо үгүй, Насреддин минь”. Цаадхи нь “Тэгвэл яагаад эргэн тойрны бүх хүн лууны эрдэнэсийг аль хэдийн хувааж эхэлсэн юм бэ?”. Хариулт “Яагаад гэвэл тэд улс төрчид шүү дээ”. Насреддин хэсэг бодлогоширсноо, алчуураа засаад “Одоо л би луу яагаад ийм урт насалдгийг ойлголоо” гэж хэлнэ. Тэгээд хоёулаа инээлдэнэ. Гэвч аялагч цааш алхсаар л байх болно. Учир нь түүний зам хараахан дуусаагүй байна. Магадгүй түүний амьдралын хамгийн чухал зүйлс одоо л өмнө нь хүлээж байгаа ч юм бил үү.
Хэзээ нэгэн цагт, олон жилийн дараа түүхчид Зеленскийн эрин үе яг хэзээ эхэлсэн талаар маргалдах болно. Зарим нь түүний Ерөнхийлөгчөөр сонгогдсон өдрийг нэрлэнэ. Зарим нь дайны эхлэсэн өдрийг. Харин бусад нь түүний дипломат ялалтуудыг онцлоно. Харин миний бодлоор бүх зүйл ердөө хоёрхон энгийн үгнээс эхэлсэн юм.
“Би энд байна!” гэсэн үг. Украин мандтугай!–Б.Двесов гэжээ. Казах нийтлэлч бичиж М.Туулын хөрвүүлснийг нэмж хассангүй. Төгсгөлд нь олон удаа давтан өчдөгөө дахин давтая. Би бол Оросыг, Оросын ард түмнийг үзэн ядагч биш. Би бол шударга бус энэ дайныг үзэн ядагч. Путины өдүүлсэн, тусгаар тогтносон Украины эсрэг энэ түрэмгий дайныг л үзэн ядагч, шүүмжлэгч. Тэр дайндаа Путин бүдрээд унасан, Орос эх орноо амьдын там руу чирч байна гэдгээсээ ухрахгүй! Хамгийн гол нь хэн ч биш байсан Зеленскийг Путин өөрөө дэлхийд мандуулчихлаа! Путин түүх сүйтгэгч, Зеленский түүх бүтээгч болж хувирлаа!
Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Лхагва - 11 сарын 18,
2026
Сэтгэгдэл0