sonin.mn

Өвчтэй хүмүүст туслах нэрээр хандивын аян өрнүүлж, ингэхдээ хандиваар цугласан мөнгөний зарцуулалтын талаар эргэж дэлгэрэнгүй тайланг иргэдэд нээлттэй мэдээлдэггүй, үүний ард залилан байж болзошгүй талаар иргэн Т.Маргад-Эрдэнэ мэдээлэл хийлээ.


Энэ үеэрээ тэрээр: "Хамгийн чухал хөндөхийг хүсэж байгаа асуудал маань эрүүл мэндийн салбарт давхар стандарт үйлчилж байгаа явдал юм. Үүнд төрийн албан хаагчид хүртэл холбогдчихсон байна.



Төрийн хийх ёстой ажлыг хандиваар шийдээд яваад байх юм уу? Өнөөдөр ганц Хүсэлгоо охины асуудал биш, Хүсэлгоо шиг зуун зуун хүүхдийн асуудал хөндөгдөж байна.



Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн эмчийн дүгнэлтийг эмч нарын хурлаар хэлэлцэж, 7–28 хоногийн дотор гаргадаг байхад энэ тохиолдолд тэр өдөртөө гарч байна. Энд нөгөө л давхар стандарт үйлчилж байна.


Манай улсын зүрхний өвчлөлийн чиглэлээр мэргэшсэн гол эмнэлэг болох Улсын гуравдугаар төв эмнэлэгт ямар ч мэдээлэл очоогүй байхад хаа байсан Өргөө амаржих газрын зүрхний эхо шинжилгээний эмч тухайн хүүхдийг хэзээ, хаашаа явж эмчлүүлэхийг шийдчихсэн байх жишээтэй. Энэ нь манай эмнэлгүүд хоорондоо ямар ч уялдаа холбоогүй ажиллаж байгааг харуулж байна.

Мөн эмч нарын баг бүрэлдэхүүн хагалгааны талаар зөвлөлдөж, шийдвэр гаргадаг байхад ганц эмч ямар эмнэлзүйн үндэслэлээр шийдвэр гаргаж байгаа юм бэ?


Энэ бүх асуудал хөндөгдөж байхад эрүүл мэндийн салбарын удирдах байгууллагууд нь таг чиг байна. Иймд миний гол хөндөж байгаа асуудал бол эрүүл мэндийн салбарт давхар стандарт үйлчилж байгаа явдал юм. Мөн хэн түрүүлж мэдээллээ олон нийтэд хүргэж, олны анхаарлыг татаж чадсан нь л эрүүл мэндийн тусламж авч чаддаг юм бол бидэнд энэ олон гоё гоё хууль ямар хэрэгтэй юм бэ? Цаана нь олонд хүргэж чадахгүй байгаа Хүсэлгоо охин шиг олон хүүхэд, хүн байгаа шүү дээ.


Эмчилгээнд шаардагдах мөнгийг анх хандив хүсэх үед бүрдүүлчихсэн байхад үргэлжлүүлэн илүү мөнгө цуглуулсаар байсан. Энэ тал дээр хандивын ямар хууль, эрх зүйн зохицуулалт, заалт байдаг юм бол гэж судлахад хувь хүн хандив цуглуулах болон түүнийгээ хэрхэн захиран зарцуулж байгааг хянах тусгайлсан хууль байдаггүй юм байна. Тиймээс энэ асуудлыг шалгаж, анхаарч өгөөч гэж Мөрдөн шалгах газарт гомдол гаргаж байна." гэлээ.


Х.Цэцэн