sonin.mn

“Их Монгол оронд цогт цагийн хүрдний өв уламжлал, эрдэм судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Богдын шар ордон байгуулагдсаны 220 жилийн ойд зориулан арваннэгдүгээр сарын 22-нд Гандантэгчэнлин хийдэд болно. Үүнтэй холбогдуулан “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Монголын Бурханы шашны их сургуулийн проректор, доктор (Ph.D), дэд профессор, Г.Жалсрайжамцыг урьж ярилцлаа.

 

-Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулах вэ?


-Дэчэнгалаба дацангийн 220 жилийн ойг тохиолдуулан хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүний нэг нь олон улсын эрдэм шинжилгээний хурал юм. Тус хуралд гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид оролцоно.


Богд, сүм хийдийн түүх, Дүйнхорын цагийн хүрдний номлолыг дагнан судалдаг олон улсын болон дотоодын судлаачдыг урьсан. Мөн Гандантэгчэнлин хийд болон Дэчэнгалаба дацангийн эрдэмтэн лам хуврагууд энэ чиглэлээр илтгэл тавина.


 Олон улсын эрдэм шинжилгээний хурал гурван хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт Дүйнхорын цагийн хүрдний номлолтой холбоотой философийн чиглэлийн үндсэн илтгэлүүд тавина. Дэчэнгалаба дацан байгуулагдсаны 220 жилийн ойг тохиолдуулж байгаа учраас түүхэн сэдэвт илтгэлүүд мөн багтсан. Тухайлбал, Дэчэнгалаба дацангийн өнгөрсөн ба одоо үе, Богд Дэчэнгалаба дацантай хэрхэн холбогдсон бэ гэдэг агуулгаар хэлэлцэх юм. Хуралд ОХУ, АНУ, Энэтхэг, Унгар, зэрэг 5-6 улсын эрдэмтэн, судлаачид оролцоно.


-Сүсэгтэн олон болон сонирхсон хүмүүс хурлын үйл ажиллагаанд хэрхэн оролцох боломжтой вэ?


-Хурлын үйл ажиллагаа арван нэгдүгээр сарын 22-ны өдөр 08:00 цагаас 17:30 цаг хүртэл үргэлжилнэ. Тус хурал олон нийтэд нээлттэй учраас энэ чиглэлээр сонирхон судалдаг эрдэмтэн, судлаачид болон сүсэгтэн олон хүрэлцэн ирж, үйл ажиллагаанд оролцох боломжтой


-Богдын шар ордонд хадгалагдаж ирсэн түүхэн баримт, эд өлгийн зүйлсийн судалгаа ямар түвшинд байна вэ?


-1806 онд дөрөвдүгээр Богд Жавзандамба хутагтын санаачилгаар тухайн үеийн Богдын шар ордонд Дэчэнгалаба дацанг байгуулсан түүхтэй. Энэ дацан байгуулагдсанаар Богдын шар ордон шашин, төрийн үйл хэргийг хослон явуулдаг цогцолбор болон хөгжих үндэс тавигдсан юм.


Монголын бурхан шашны хөгжилд үе үеийн Богдууд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Богдын дэргэдэх дацан байгуулсан нь дөрөвдүгээр Богд Жавзандамба хутагтын үеэс эхтэй. Дацан нь Богдын өдөр тутмын үйл ажиллагаа болон тухайн чиглэлийн шашны зан үйлийг хариуцан эрхэлдэг.


Төвөдөд Далай ламын дэргэд өөрийн үйл ажиллагааг эрхэлдэг Намжил дацан гэж бий үүнтэй төстэй. Богдын хэд хэдэн ордон байсны нэг нь бидний сайн мэдэх Богд хааны музей буюу Ногоон ордон юм. Харин Богдын шар ордон нь түүхэн чухал үйл явдлуудтай холбоотой. Тухайлбал, 1911 онд Монгол Улс үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан тэр жилдээ Цагаан сарын золголтыг Богдын шар ордонд хийсэн байдаг. Үүнээс хойш Богд хаант Монгол Улсын үед төрийн золголтыг шар ордонд хийдэг байжээ. Наймдугаар Богд Жавзандамба хутагт шашин, төрийг хослон баригч хаан байсан учраас төр, шашны үйл хэрэг Богдын шар ордонтой салшгүй холбоотой байсан. Шар ордон болон Дэчэнгалаба дацангийн түүхтэй холбоотой судалгааны ажлууд нэлээд хийсэн байдаг. Тухайлбал, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн (ШУА) Олон улс судлалын хүрээлэнгийн доктор (Sc.D), профессор О.Батсайхан шар ордны тухай, МУБИС-ийн доктор (Ph.D), профессор Л.Алтанзаяа Дэчэнгалаба дацангийн жаягийн талаар судалсан.


Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд эдгээр эрдэмтэд “Богдын шар ордон”, “Дүйнхор дацангийн жаягийн хөрвүүлэг, тайлбарыг нягтлах нь” сэдвээр илтгэл тавина. Мөн Унгарын эрдэмтэн Богдын хүрээ, Дэчэнгалаба дацангийн түүхийг нэлээд сайн судалсан байдаг.


1937 онд Дэчэнгалаба дацан хэлмэгдүүлэлтэд өртсөн. Дацангийн ганжир одоогийн Гадаад харилцааны яамны дээвэр дээр байрладаг. Бурхан шүтээнүүдийн зарим нь үе дамжин хадгалагдаж ирсэн бол зарим нь хэлмэгдүүлэлтийн үеэр устсан. Тухайлбал, урьд нь шүтэж байсан сахиусыг тухайн үед Батлан хамгаалах яаманд шилжүүлж, улмаар Тагнуулын ерөнхий газарт хүргэсэн байдаг. 1990 онд Дэчэнгалаба дацан дахин сэргэхэд багш лам нар очиж, сахиусаа буцаан залж байсан түүхтэй. Мөн хуучин бурхан шүтээнүүдийн зарим нь Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж байна.


- Богдын Шар ордны бүтэц, зохион байгуулалтын онцлог нь ямар байсан бэ?


-Богдын шар ордоны байршил нь Зүүн хүрээ буюу одоогийн хүнсний 4 дүгээр дэлгүүрийн урд талд, бага тойруу болон Их сургуулийн гудамжны дөрвөн замын уулзвар орчимд байрлаж байсан. Харин бүтцийн хувьд ордныг тойрсон шар өнгийн хэрэм хашаа, Асарт гурван хаалга буюу баруун асарт хаалга, зүүн асарт хаалга, урд талбайн баруун, зүүн хоёр жигүүрт байрласан хажуугийн хаалганууд болон Дэчингалаба дацан, Рэгсүмгомбын сүм, Найман талт лаврин буюу Доржповрон, Төрийн тугдам, Ногоон лаврин буюу Дара эхийн сүм, Алтан шармал дээвэртэй Очир дарийн сүм мөн сүм дуганы өмнөх хашаануудад олон тооны өргөө гэрүүд байрлаж байсан. Тухайн үед Их хүрээ нь Зүүн хүрээ, Гандан гэсэн хоёр хэсэгт хуваагддаг байсан. Гандан үндсэн байр сууриа хадгалж үлдсэн бол Зүүн хүрээ түүхэн хэвээрээ үлдэж чадаагүй.


Зүүн хүрээнд Батцагаан, Дэчэнгалаба тэргүүтэй хүрээ, дацангууд байрладаг байсан бол Ганданд буддын гүн ухааны сургалт явуулдаг Дашчойнпэл, Гунгаачойлин, Идгаачойнзэнлин зэрэг буддын гүн ухааны 3 игчаны дацан сургуулиуд төвлөрч байжээ.


Буддын шашинд судар, тарнийн ёс гэж бий. Богдын шар ордон тарнийн ёсонд хамаардаг байсан. Тарнийн ном үздэг учраас судрын аймгийн номуудаа үзэж дууссан лам нар Дэчэнгалаба дацанд үргэлжлүүлэн суралцаж, дараагийн шатанд ахидаг байжээ. Мөн гэлэн лам нар суудаг Шадивлан хийд гэж байсан. Нас өндөр болох эсвэл эрүүл мэндийн шалтгааны улмаас гэлэн лам нар Дэчэнгалабад очиж ном хурдаг байсан. Дэчэнгалаба дацангийн бүтэц, зохион байгуулалтын хувьд 50 ламтай байсан бөгөөд тэдний 49 нь лам, 50 дахь нь Богд Жэвзүндамба хутагт өөрөө дорж ловонгийн хувиар багтаж байв. Албан тушаалын хувьд Дорж ловон, ловон, гэсгүй, унзад, гарбон, голч, тахилч, дуганч зэрэг албан тушаалууд байсан.


-Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулснаар ач холбогдол, үр дүнг хэрхэн харж байна вэ?


-Энэ чиглэлээр дагнан судалгаа хийдэг дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачдын бүтээлийг нэгтгэж, цаашдын судалгааны зорилт, төлөвлөгөөг тодорхойлохыг зорьж байна. Тухайлбал, олон улсын судлаачид Дэчэнгалаба дацанг хэрхэн судалж ирсэн, ямар баримт илрүүлсэн, мөн дотоодын эрдэмтэн, судлаачид, Гандантэгчэнлин хийд болон Монголын Бурхан шашны их сургуулийн багш, судлаачдын олж тогтоосон баримт, мэдээлэл юу байгааг нэгтгэх юм. Ингэснээр судалгааны үр дүнг нэгтгэж, бодит баримт болгон үлдээх ач холбогдолтой.


-Хурлын үеэр шинэ судалгааны үр дүнг танилцуулах уу?


-Арваад жилийн өмнө энэ чиглэлээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байсан. Тухайн хурлын хоёр дахь хуралдаанаар өнгөрсөн арван жилийн хугацаанд судлаачдын олж илрүүлсэн шинэ баримт, судалгааны үр дүнг танилцуулна.Хамгийн сүүлд Дэчэнгалаба дацангийн 1806 онд зохиогдсон их жаягийн анхны гар бичмэлийг бүрэн эхээр нь олсон. Мөн энэ удаагийн хурлыг Монголын Бурхан шашны их сургуультай хамтран зохион байгуулж байна. Ингэснээр шашны эрдэмтэд болон академик судлаачид хамтран ажиллаж, судалгааны үр дүнгээ нэгтгэн хэлэлцэж байгаагаараа онцлогтой.


-Цаашид өв соёлоо ирээдүй хойч, олон нийтэд таниулах чиглэлээр ямар ажлууд хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?


-Орчин үед бид өөрсдийн үүх түүхээсээ нэлээд холдсон байна. Социализмын үед бол зохион байгуулалттай холдуулж байсан бол 1990 оноос зохицуулалтгүй явах маягтай болоод эхэлсэн. Хүн болгон янз бүрийн сэдэв зүйлүүд гаргаж ирдэг. Эргээд социализмын үеийнх шиг түүхийн төөрөгдөлд орох магадлал өндөр байна. Албан түүх гэж бий. Тиймээс Дэчэнгалаба дацангийн түүхийг албан ёсны судалгаа, баталгаатай баримтад тулгуурлан нэгтгэж, түүхэн мэдээллийг нь албажуулах хэрэгтэй. Олон нийт ч энэ баталгаатай мэдээлэлд үндэслэн түүхээ ойлгох нь чухал.Түүх гэдэг дан ганц бахархах зүйл биш. Нөгөө талаас сургамж авах учиртай.


Дэчэнгалаба дацан гурван удаа галд автаж байсан. 1937 оны хэлмэгдүүлэлтэд өртөж байсан. Энэ түүхийн сургамж бидэнд соёлын биет болон биет бус өвөө үнэн зөв мэдэж, ойлгож хадгалан хамгаалах хэрэгтэйг сануулж байна.


1937 онд хүмүүсийг баривчилж, цаазалж, сүм хийдийг шатааж, устгасан. Харин өнөө үед түүх, соёлын өвийнхөө үндсэн утга агуулга, ач холбогдлыг ойлголгүйгээр гутаан доромжлох, үнэгүйдүүлэх хэлмэгдүүлэлтийн он жилүүд явж байна. Тиймээс Дэчэнгалаба дацангийн түүхийг бодит баримтаар нь олон нийтэд хүргэх нь чухал юм. Улаанбаатар хотод амьдарч байгаа бид өнөөдөр утаа түгжрэл, боловсролын систем, улс төр ярьж байна. Гэвч энэ хотын үүсэл, язгуур түүхийг мэдэж ойлгох нь ч бас чухал. Улаанбаатар хотын түүх Богдын өргөөнөөс эхтэй. Өргөө, Номын хүрээ, Их хүрээ / Да хүрээ, Богдын хүрээ, Нийслэл хүрээ, Улаанбаатар хот хэмээн хөгжиж ирсэн түүхтэй. Өнөөгийн нийслэлийн язгуур үндэс нь боловсрол, соён гэгээрлийн төвөөс эхлэлтэй юм. Улаанбаатар хот оюун санаа, ёс суртахуун, үнэт зүйлийн үзэл санаанд тулгуурлан үүсэж хөгжсөн. Богдын шар ордон болон түүний дэргэд байгуулагдсан Дэчэнгалаба дацан энэ түүхийн нэгэн чухал хэсгийг агуулж байгаа юм.


Бид түүхээ мэдэж, олон нийтэд зөв ойлгуулахын зэрэгцээ уламжлалт шашныхаа мөн чанарыг ч танин мэдэх хэрэгтэй. Би Тайландад ажлын томилолтоор явахдаа уламжлалт буддын шашнаа хэрхэн хүндэтгэж, өвлөн уламжилж байгааг харсан. Тэнд буддын шашин нь Тайландын оюун санааны амьдралын чухал төв болжээ.


Монголчуудад язгуур соёл гэж бий. Бид хэдэн сая жилийн өмнөөс нүүдлийн ахуй соёлыг бий болгож, таван хошуу малаа гаршуулж, үүнийгээ дагаж бий болсон дагавар соёлуудтай. Бид нүүдлийн соёл иргэншил болтол нь хөгжүүлж чадсан. Энэ бол бидний язгуур үндэс, язгуур соёл. Мөн бидэнд уламжлалт шашин бий. Бидний уламжлалт шашин шүтлэг, буддын шашин Монголд дэлгэрсэн нь 2000 гаруй жилийн түүхтэй, Хүннүгийн үе, Эзэнт гүрэний үе, XVI зууны үе гэсэн 3 хэсэгт авч үздэг. Өнөөдөр бид уламжлалт шашнаа бүрэн ойлгож, мэдэхгүй байгаагаас оюун санааны үнэт зүйлсээ хэрхэн авч үлдэх вэ гэдэг асуудал тулгарч байна. Дацан хийдүүдийн түүхийг судалж, баримтжуулахын цаад ач холбогдол нь оюун санаа, уламжлал, язгуур соёлоо танин мэдэхэд оршиж байгаа юм. Монгол хүн монгол ухамсартай болж төлөвших, олон зуун жилийн туршид бүрэлдсэн өв соёлоо хойч үедээ өвлүүлэх, ойлгуулах зорилготой. Тиймээс энэ хурал нийгэм, соёлын чухал ач холбогдолтой юм.


-Оюун санааныхаа үнэт зүйлсийг алдвал бид яах вэ?


-Оюун санаа, үзэл санааныхаа үнэт зүйлсийг алдвал бид Монгол хүн биш болно. Хэдий гадна төрхөөрөө монгол хүн хэвээрээ байж болох ч оюун санаа нь монгол биш, хэн ч биш болж хувирна. Ойд төөрсөн сармагчин мэт болно гэсэн үг бий. Өнөөдөр бидэнд нийтээрээ хүлээн зөвшөөрч, эрхэмлэдэг үнэт зүйлс цөөн байна. Чингис хаан бол бидний томоохон үнэт зүйлсийн нэг. Гэвч Чингис хаанаа үндэсний үнэт зүйл гэж үзэхгүй байгаа хэсэг ч бий.


Судлаачид Чингис хааныг III жарны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлсэн гэж үзэж энэ өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэдэг. Европын тооллоор 1162 оны арван нэгдүгээр сарын 4-ний өдөр. Гэвч бид энэ өдөр үндэсний бөхийн барилдаан зохион байгуулж, нийтээрээ амарч өнгөрүүлэх төдийд ойлгож болохгүй.


Мөн арван хоёрдугаар сарын 29-нд Монгол Улс Манжийн эрхшээлээс гарч, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны ойг тэмдэглэдэг. Тиймээс бид томоохон түүхэн ой, тэмдэглэлт өдрүүдийн цаана ямар үнэт зүйл байгааг ойлгох нь чухал. Чингис хаан бидэнд ямар үзэл санаа, үнэт зүйлийг өвлүүлсэн бэ, XXI зуунд амьдарч байгаа Монгол хүнд юу гэж хэлсэн бэ гэдгийг ойлгох бодох ёстой. Ингэснээр бид тэр хүний үзэл санааг тээнэ үү гэхээс, төрсөн өдөр тэмдэглээд үзэл санааг нь тээхгүй. Монгол хүн монгол хэвээрээ байхын тулд нүүдлийн соёл, ахуйгаасаа холдохгүй байх ёстой. Үүний зэрэгцээ нүүдлийн ахуй, соёлын орчинд дэлгэрч, монголчуудын уламжлалт шашин шүтлэг болон хөгжсөн буддын шашнаа зөв ойлгох шаардлагатай. Энэ шашин монголчуудын оюун санааг гэгээрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Бид язгуур соёл, уламжлалт шашин шүтлэг, түүхэн сургаалиа таньж мэдэж, үнэт зүйлээ хойч үедээ өвлүүлэх учиртай.


-Дэлхий дахинд буддын шашныг хэрхэн үзэж, судалж байна вэ?


-Дэлхий дахинд буддын шашныг шинжлэх ухааны том салбар гэж хүлээн зөвшөөрдөг. Гэтэл 2000 гаруй жилийн түүхтэй гэж үздэг буддын шашнаа Монголчууд бид өнөөдөр хүртэл шоолж, доромжилдог. Тэгэхээр бид дэлхийн хөгжлийн хаана явж байна вэ гэдгээ бодох ёстой. Бид дэлхийтэй хөгжлөө харьцуулахдаа эдийн засаг, барилга байгууламж, дотоодын нийт бүтээгдэхүүнээ ярьдаг. Гэтэл бид оюун санааны хөгжлөөр хаана явж байна вэ гэдэг бодох асуудал юм. Монгол хүн гэж хэн бэ, түүний үзэл санаа, оюун сэтгэлгээнд монгол өв соёл хэр хэмжээнд хадгалагдаж байна вэ гэдэг чухал асуудал.


Орчин үеийн залуус төдийгүй боловсролын тогтолцоонд хүүхдүүдэд үүх түүх, зан заншил, ёс уламжлал, шашин шүтлэгийн талаар зааж сургах хэрэгтэй. Би ерөнхий боловсролын сургуулийн захирлаар хэдэн жил ажилласан. Өнөөдөр хүүхдүүд гадаад хэл дээрх контент их үзэж байна.


Энэ нь гаднын соёлын нөлөөлөл агуулгыг өгч байдаг. Нөгөөтээгүүр, одоо Кембрижийн хөтөлбөртэй сургууль хамгийн сайн нь гэдэг ч Монгол Улсдаа монгол хүний түүх, соёл, сэтгэлгээг суурь болгосон үндэсний хөтөлбөртэй сургууль байх ёстой. Гадаадад бол өөр байж болно. Монгол хүний оюуны том сэт­гэлгээ бол буддын шашинд ч гардаг Монголчууд аливаа зүйлийг томоор харж задгай сэтгэж чаддаг. Гэвч өнөөдөр бид жижиг зүйл дээр төвлөрч энэ сэтгэлгээ бидэнд байхгүй болж байна. Тиймээс Дэчэнгалаба дацангийн ой, олон улсын эрдэм шинжилгээний хурлаар дамжуулан монголчууд ямар түүх, соёл, үнэт сэтгэлгээтэй ард түмэн байсныг, сүм хийдүүд энэ өвийг хэрхэн хадгалж, өнөөг хүргэсэн тухай олон нийтэд ойлгуулахыг зорьж байгаа юм.


Өв уламжлал, түүхийг цаг үе болгонд институтууд тээж ирсэн байна. Түүний нэг том институт бол Монголын буддын шашин юм. Төрт ёс, хаад ёс, Монголын алтан ургийн уламжлалыг XVI зууны үеэс авхуулаад тээж ирсэн. Өнөөдрийг хүртэл тээж байгаа.


Ганцхан буддын ном биш Монголчуудын зан заншил, үүх түүхийг тээж ирсэн. Тиймээс өнөө­дөр Гандантэгчилэн хийд дотор уламж­лалт сургалт явуулдаг дацан институт болон орчин цагийн сургалт явуулдаг инс­ти­тутууд байна. Мөн судалгаа шин­жилгээний том хүрээлэн байгаа. Тэ­гэ­хээр гандан бол зөвхөн цагаан са­раар заслаа хийлгүүлдэг газар биш. Бо­ловсрол, соёлын том цогцолбор төв болж байгаа юм. Гандантэгчилэн зүүн хүрээ бусад сүм хийдүүдийг зөвхөн шашны зан үйл хийдэг газар гэж ойлгож болохгүй.



Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин