Бид ажил, амьдралын завгүй хэмнэл дунд гэр бүл, үр хүүхэд, ажил мэргэжилдээ анхаарал хандуулсаар өөрийнхөө эрүүл мэндийг хойш тавих нь олонтой. Гэвч эрүүл мэнд гэдэг зөвхөн өвчин туссан үедээ анхаардаг асуудал биш, өдөр бүр хамгаалж байх ёстой үнэ цэнтэй баялаг билээ. Энэ удаа бид хүний их эмч, Тяньши корпорацын удирдах зөвлөлийн гишүүн Вандагийн Бат-Эрдэнэтэй эрүүл амьдралын хэв маяг, компанийн олон улсын үйл ажиллагаа, бүтээгдэхүүний нэр төрөл болон өөртөө анхаарахын үнэ цэний талаар ярилцлаа.
-Та эрүүл мэндийн салбарт олон жил ажиллаж, Тяньши компанитай 23 жилийн тууштай харилцааг бүтээжээ. Энэхүү урт хугацааны хамтын ажиллагаа хэрхэн эхэлж байв?
-Би Тяньши компанитай анх 23 жилийн өмнө холбогдож байлаа. Тухайн үед Анагаахын их сургуулиа төгсөж, эмчээр ажиллаж эхлэхдээ нэг зүйлийг анзаарсан юм. Тэр нь хүмүүсийн дунд түгээмэл тохиолддог олон төрлийн архаг өвчний эрсдэлд буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, амьдралын зохисгүй хэв маяг ихээхэн нөлөөлж байгаа явдал байв. Тэр үеэс өвчнийг зөвхөн эмчлэхээс гадна өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, хүмүүст эрүүл амьдралын зөв дадал хэвшүүлэх нь ямар чухал болохыг илүү гүнзгий ойлгосон.
Хэрэв бид зөв зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийн ач холбогдлыг ойлгож, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж чадвал олон төрлийн архаг өвчний эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулах боломжтой.
Чухам энэ ойлголт, итгэл үнэмшил маань намайг зөвхөн өвчнийг эмчлэхээс гадна хүмүүст эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллахад хөтөлсөн гэж боддог. Тэр цагаас хойш хүмүүст эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл хүргэж, зөвлөгөө өгч, өөрийн боломжийн хүрээнд тусалж дэмжсээр өнөөдрийг хүрсэн байна.
Эргээд харахад 23 жил гэдэг багагүй хугацаа. Энэ хугацаанд хүмүүсийн амьдралын хэв маяг, хооллолт, ажлын нөхцөл, эрүүл мэнддээ хандах хандлага гээд олон зүйл өөрчлөгджээ.
Өмнө нь хүмүүсийн өдөр тутмын амьдралд биеийн хөдөлгөөн харьцангуй их байсан бол өнөөдөр технологийн хөгжил, суурин амьдралын хэв маягтай холбоотойгоор бидний хөдөлгөөн багасаж байна. Ажлын ачаалал, сэтгэлзүйн дарамт ч нэмэгдэж байгаа нь ажиглагддаг. Харин энэ бүх хугацаанд өөрчлөгдөөгүй нэг зүйл бий. Тэр бол хүн бүр эрүүл, аз жаргалтай, гэр бүлтэйгээ урт удаан амьдрахыг хүсдэг явдал юм. Миний хувьд хүний эрүүл мэндэд тусална гэдэг нь зөвхөн өвчин эмгэгийн талаар зөвлөгөө өгөхөөс илүү өргөн ойлголт. Тухайн хүнд эрүүл мэндийн үнэ цэнийг ойлгуулж, өөртөө анхаарах зөв дадлыг бий болгоход нь туслах нь хамгийн чухал гэж боддог.
-Энэ хугацаанд та өнөөгийн нийгэм дэх эрүүл мэндийн хамгийн тулгамдаж байгаа асуудлыг юу гэж харж байна вэ?
-Миний анзаардаг хамгийн том асуудал бол хүмүүс өөрсдөдөө цаг гаргахаа больж байгаа явдал. Өнөөдөр хүн бүр завгүй амьдарч байна. Өглөө босоод ажилдаа яарна. Өдөржин ажиллана. Орой гэртээ ирээд гэр бүлийнхээ хэрэгцээнд анхаарна. Маргааш нь дахиад л энэ хэмнэл давтагдана. Бид ихэнх цагаа мөнгө олох, үр хүүхдийн боловсролд хувь нэмэр оруулах, гэр орноо тохижуулахын төлөө зарцуулах гэж хичээдэг. Гэтэл өөрийнхөө эрүүл мэндэд өдөрт хэдэн минут зарцуулж байна вэ гэдэг асуултад хариулахад амаргүй болсон.
Хамгийн харамсалтай нь хүн өвдөөгүй л бол өөрийгөө эрүүл гэж бодох хандлагатай байдаг. Гэтэл цусны даралт ихсэх, цусан дахь сахрын солилцоо алдагдах, цусан дахь өөх тосны хэмжээ нэмэгдэх зэрэг олон өөрчлөлт эхэн үедээ тодорхой зовуурьгүй явагдаж болно.
Өөрөөр хэлбэл, өвдөхгүй байна гэдэг нь заавал эрүүл байна гэсэн баталгаа биш.Тиймээс би хүмүүст нэг зүйлийг байнга хэлэхийг хүсдэг. Эрүүл мэнддээ цаг гаргах нь завтай хүний хийдэг ажил биш, өөрийгөө болон гэр бүлээ хайрладаг хүн бүрийн хариуцлага юм.

-Хүмүүс эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй гэдгийг мэддэг хэр нь яагаад бодит үйлдэл болгож чаддаггүй юм бол?
-Мэдэх, хэрэгжүүлэх хоёрын хооронд их ялгаа бий. Бид бүгд л хөдөлгөөн хийх хэрэгтэй, зөв хооллох ёстой, хангалттай унтаж амрах нь чухал гэдгийг мэднэ. Гэвч мэдэж байгаа зүйлээ өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх нь тийм ч амар биш.
Хүн аливаа асуудлын үр дагаврыг шууд мэдрэхгүй бол түүнийг хойшлуулах хандлагатай байдаг. Өнөөдөр дасгал хийхгүй өнгөрлөө гээд маргааш нь заавал өвдөхгүй. Нэг өдөр дутуу унтлаа гээд шууд өвчин тусахгүй. Гэхдээ ийм дадал олон сар, олон жил үргэлжлэхэд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл нэмэгддэг.
Нөгөө талаар хүмүүс эрүүл мэнддээ анхаарна гэхээр заавал их мөнгө зарцуулах, тусгай хөтөлбөрт хамрагдах, амьдралаа бүхэлд нь өөрчлөх ёстой мэтээр ойлгодог. Үнэндээ эрүүл амьдралын үндэс нь өдөр тутмын жижиг дадлуудаас эхэлдэг. Өглөө эрт босож бага зэрэг алхах, хооллолтдоо анхаарах, ажлынхаа дундуур босож хөдөлгөөн хийх, орой хангалттай унтаж амрах зэрэг энгийн үйлдэл ч маш их ач холбогдолтой. Эрүүл мэнд бол ганц өдрийн хичээл зүтгэлээр бий болдог зүйл биш. Харин өдөр бүрийн зөв сонголтын үр дүн юм.
-Таны 23 жилийн туршлага хүмүүсийн эрүүл мэндийн талаарх ойлголт өөрчлөгдөж байгааг юу гэж дүгнэх вэ?
-Сайн тал ч бий, анхаарах шаардлагатай зүйл ч бий. Нэг талаас хүмүүс эрүүл мэндийн талаарх мэдээллийг өмнөхөөсөө хамаагүй хялбар авах боломжтой болсон. Интернэт, нийгмийн сүлжээ, төрөл бүрийн сургалт, мэдээллийн сувгаар дамжуулан эрүүл амьдралын хэв маягийн тухай мэдлэг авах нөхцөл бүрдсэн. Би ч бас ажлынхаа цахим хуудсаар сүүлийн үед хичээл зааж эхлээд байгаа. Гэхдээ мэдээлэл ихтэй байна гэдэг нь хүн бүр зөв мэдээлэлтэй байна гэсэн үг биш. Зарим хүн баталгаагүй зөвлөгөөг дагах, өөрт тохироогүй бүтээгдэхүүн хэрэглэх, эмчид үзүүлэхийн оронд бусдын туршлагад хэт найдах тохиолдол бий. Эрүүл мэндийн асуудал хүн бүрд адилхан байдаггүй. Нас, амьдралын хэв маяг, удамшил, хавсарсан өвчин зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тиймээс хүн өөрийн биеийн онцлогийг ойлгож, шаардлагатай үед мэргэжлийн эмчид хандаж, шинжилгээ, үзлэгт үндэслэн зөв шийдвэр гаргадаг байх нь чухал. Миний хувьд өнгөрсөн хугацаанд хүмүүст зөвхөн мэдээлэл өгөхөөс гадна эрүүл мэнддээ илүү ухамсартай хандах хэрэгтэйг ойлгуулахыг зорьж ирсэн.
-Та 23 жил хамтран ажилласан Тяньши компанийнхаа үүсэл, онцлогийн талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Тяньши бол БНХАУ-ын Тяньжин хотод бизнес эрхлэгч Ли Жиньюанийн санаачилгаар 1990-ээд онд үйл ажиллагааныхаа эхлэлийг тавьсан олон улсын компани. Тус байгууллага 1997 оноос олон улсын зах зээлд гарч, улмаар хүнсний нэмэлт, эрүүл мэндийн чиглэлийн бүтээгдэхүүн, хувийн арчилгаа, гэр ахуйн хэрэглээ төдийгүй сургалт, боловсрол, цахим худалдаа зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.
Тяньшигийн нэг онцлог нь бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд танилцуулахын зэрэгцээ зөв хэрэглээ, хоол тэжээл, эрүүл амьдралын хэв маягийн талаар мэдээлэл түгээхийг чухалчилдаг явдал юм. Түүнчлэн олон улсад шууд борлуулалтын сүлжээгээр дамжуулан бүтээгдэхүүнээ хүргэдэг.
Миний хувьд энэ тогтолцооны үнэ цэнийг зөвхөн бараа бүтээгдэхүүнээр бус, хүнтэй уулзаж, асуултад нь хариулж, хэрэгтэй мэдлэг олгох боломжтой холбон хардаг. Анх энэ байгууллагатай холбогдоход намайг хамгийн их татсан зүйл нь хүний эрүүл мэндэд анхаарах, урьдчилан сэргийлэх талаар мэдлэг түгээх чиглэл байлаа. Энэ зарчим миний эмч хүний хувьд баримталдаг үзэл санаатай ойр байсан. Өнгөрсөн 23 жилд би хүмүүст бүтээгдэхүүний талаарх мэдээлэл өгөхөөс гадна эрүүл мэнддээ өөрөө хариуцлагатай хандахын чухлыг ойлгуулахыг хичээж ирсэн. Тиймээс Тяньшигийн тухай ярихдаа зөвхөн олон улсын компанийн түүхийг бус, хүмүүсийн өдөр тутмын амьдралтай холбогдох бүтээгдэхүүн, үйлчилгээ, зөв хэрэглээний талаарх мэдээллийг хамтад нь танилцуулахыг хүсдэг.
-Тяньши гэхээр олон хүнд кальцийн бүтээгдэхүүн хамгийн түрүүнд санаанд ордог. Өнөөдөр ямар нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд танилцуулж байна вэ?
-Тийм ээ, кальцийн цуврал бол олон хүнд танил нэр төрөл. Манай бүтээгдэхүүний дунд хүүхдийн кальци, био кальци, тархины кальци зэрэг нэршлээр хэрэглэгчдийн мэддэг сонголтууд бий. Түүнчлэн цайр, спирулина буюу замаг, кордицепс буюу хорхой өвс, хитозан, ФОС сироп, омега-3, пробиотик, эслэг, липидийн солилцооны цай зэрэг төрөл бүрийн хүнсний нэмэлтийг нэрлэж болно. Эдгээрийг нэг ижил зориулалттай бүтээгдэхүүн мэт ойлгож болохгүй. Тухайлбал, кальцийн бүтээгдэхүүнүүд нь найрлага, хэрэглэх заавар, зорилтот хэрэглэгчийн хувьд ялгаатай байж болно. Цайр, омега-3 болон бусад хүнсний нэмэлтийн хувьд ч тухайн хүний хооллолт, нас, эрүүл мэндийн байдал, хэрэгцээнд тохируулж сонгох нь чухал. Бүтээгдэхүүний нэрийг мэдэхээс гадна найрлага, шошго, зөвлөмжийг нь уншиж хэвшихийг би хүмүүст хэлдэг.
-Танай компанийн бүтээгдэхүүн зөвхөн хүнсний нэмэлтээр хязгаарлагддаггүй гэсэн. Гэр бүлийн өдөр тутмын хэрэглээнд зориулсан ямар бүтээгдэхүүнүүд байдаг вэ?
-Тяньши нь хүнсний нэмэлтээс гадна хувийн арчилгаа, эрүүл ахуй, гэр ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнтэй. Жишээлбэл, Orecare нэрийн шүдний оо, Airiz эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, нүүрний массажер зэрэг бүтээгдэхүүн бий. Бүтээгдэхүүний төрөл зүйл нь хүний өдөр тутмын арчилгаа, хэрэглээнд чиглэснээрээ онцлог. Миний бодлоор аль ч бүтээгдэхүүний үнэ цэнийг зөвхөн нэр хүнд эсвэл сурталчилгаагаар нь дүгнэхээс илүү найрлага, зориулалт, хэрэглээний заавар, тухайн хүний бодит хэрэгцээгээр нь үнэлэх ёстой. Хэрэглэгч мэдээлэлтэй сонголт хийдэг байх нь компанийн хувьд ч урт хугацааны итгэлцлийн үндэс болдог.
-Эрүүл мэндийн чиглэлийн бүтээгдэхүүн олон болсон энэ үед хэрэглэгчид юуг хамгийн түрүүнд анхаарах ёстой вэ?
-Нэн түрүүнд өөрийн эрүүл мэндийн байдлаа зөв үнэлэх хэрэгтэй. Нэмэлт бүтээгдэхүүнийг өвчнийг эмчлэх эмтэй андуурч болохгүй, мөн эмчийн бичиж өгсөн эмчилгээг дур мэдэн орлуулж болохгүй. Би хүмүүст Тяньшигийн бүтээгдэхүүнийг танилцуулахдаа ч энэ зарчмыг баримтлахыг хичээдэг. Сайн сонголт гэдэг нь хамгийн олон бүтээгдэхүүн хэрэглэх биш, өөрт үнэхээр шаардлагатайг нь зөв мэдээлэлтэйгээр сонгох явдал юм. Тийм учраас хэрэглэгчийн асуултад ойлгомжтой хариулж, шаардлагатай үед мэргэжлийн үзлэг, шинжилгээнд хандахыг зөвлөдөг.
-Манай нийгэмд хүмүүс өвдсөн хойноо эмчид хандах нь түгээмэл байдаг. Урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдлыг та хэрхэн тайлбарлах вэ?
-Анагаах ухаанд өвчнийг эмчлэхээс гадна өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг эрт илрүүлэх нь маш чухал байр суурь эзэлдэг. Зарим өвчин эхэн үедээ шинж тэмдэг багатай эсвэл огт зовуурьгүй байж болно. Харин эрт илрүүлж, зохих арга хэмжээ авснаар хүндрэл үүсэх эрсдэлийг бууруулах боломжтой. Жишээлбэл, цусны даралтаа мэддэг байх, шаардлагатай үед цусан дахь сахрын хэмжээ, өөх тосны үзүүлэлтүүдээ шинжлүүлэх, нас болон эрсдэлдээ тохирсон урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь чухал. Гэхдээ хүн бүр бүх төрлийн шинжилгээг байнга өгөх шаардлагатай гэсэн үг биш. Ямар үзлэг, шинжилгээнд хэдий хугацааны давтамжтай хамрагдахыг мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж шийдэх нь зөв. Бид автомашинаа эвдрэхээс нь өмнө үзлэг, үйлчилгээнд оруулдаг хэр нь өөрийнхөө бие махбодод тэр бүр ийм анхаарал хандуулдаггүй. Гэтэл хүний эрүүл мэндийг эд зүйлтэй зүйрлэхийн аргагүй үнэ цэнтэй шүү дээ.
-Сүүлийн үед залуу хүмүүс хүртэл ядаргаа, стресс, нойргүйдлийн талаар их ярих болсон. Энэ нь бидний амьдралын хэв маягтай хэр холбоотой вэ?
-Маш их холбоотой. Өнөөдрийн хүмүүсийн амьдрал өмнөх үеийнхээс олон талаараа өөр болсон. Технологийн хөгжил бидний ажлыг хөнгөвчилсөн ч нөгөө талаар хүнийг бараг байнга мэдээлэл хүлээн авдаг, сэтгэлзүйн хувьд завгүй байдалд оруулж байна. Өглөө сэрсэн цагаасаа эхлээд гар утсаа шалгана. Ажил дээрээ компьютерын өмнө удаан сууна. Орой гэртээ ирээд ч утас, зурагт үзсээр унтах цагаа хойшлуулдаг.
Үүний зэрэгцээ ажил, санхүү, гэр бүл, нийгмийн харилцаанаас үүдэлтэй стресс нэмэгдэх нь бий. Удаан үргэлжилсэн стресс, нойрны дутагдал, хөдөлгөөний хомсдол нь бие махбод болон сэтгэлзүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болно. Хамгийн гол нь бид амрахыг хүртэл утсаа үзэж өнгөрүүлэхтэй андуурах болсон мэт санагддаг.
Хүн өөртөө цаг гаргана гэдэг нь заавал хол аялж, их мөнгө зарцуулахыг хэлэхгүй. Заримдаа утсаа түр холдуулаад тайван алхах, гэр бүлийнхэнтэйгээ ярилцах, сайн унтаж амрах нь ч өөртөө үзүүлж буй халамж юм.
-Хэрэв хүн өнөөдрөөс эхлэн эрүүл мэнддээ анхааръя гэж шийдвэл юунаас эхлэхийг та зөвлөх вэ?
-Би хамгийн түрүүнд өөрийнхөө өнөөгийн амьдралын хэв маягийг бодитоор ажиглаж эхлэхийг зөвлөнө.
Та өдөрт хэдэн цаг унтаж байна вэ? Хэр их хөдөлж байна вэ? Өдөр тутмын хооллолт тань хэр зохистой байна вэ? Хамгийн сүүлд хэзээ эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан бэ? Эдгээр асуултад өөртөө үнэн зөв хариулах нь эхний алхам болно. Дараа нь бүх зүйлийг нэг дор өөрчлөх гэж яарах хэрэггүй. Эхлээд өдөрт 20–30 минут алхах, унтах цагаа тогтмолжуулах, хүнсний ногоо болон эслэгээр баялаг хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг бодитой зорилго тавьж болно. Насанд хүрэгчид долоо хоногт дор хаяж 150 минут дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд тустай гэж олон улсын зөвлөмжид тусгадаг. Мөн өөрийн нас, биеийн байдал, эрсдэлд тохирсон урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж хэвших хэрэгтэй. Хүн өөрийн эрүүл мэндэд анхаарахдаа зөвхөн өнөөдрийн биеийн байдлаа бус, тав, арав, хорин жилийн дараах амьдралын чанараа бодож сурах нь чухал.
-23 жилийн турш хүмүүст эрүүл мэндийн зөвлөгөө өгч ирсэн эмчийн хувьд уншигчдад хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?
-Би нэг л зүйлийг онцолж хэлмээр байна. Бид амьдралдаа маш олон зүйлийг дахин олж авч чадна. Алдсан мөнгөө нөхөж болно, ажлаа сольж болно, эд хөрөнгөө дахин бүтээж болно. Харин алдсан эрүүл мэндээ бүрэн сэргээх боломж үргэлж байдаггүй.
Хүн залуу байхдаа эрүүл мэндийн үнэ цэнийг төдийлөн анзаардаггүй. Учир нь эрч хүчтэй, бие нь зовуурьгүй үед эрүүл байх нь энгийн зүйл мэт санагддаг.
Гэтэл нас ахихын хэрээр гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа, үр хүүхдийнхээ өсөж томрохыг харах, хүссэн ажлаа хийж бүтээх, амьдралын сайхныг мэдрэх бүхний үндэс нь эрүүл мэнд гэдгийг улам сайн ойлгодог. Хүн заавал алдаж байж ухаарах шаардлагагүй. Бие өвдвөл дагаад сэтгэл санаа хямардаг, сэтгэл санаа муудсан үед хүн эрүүлээр шийдвэр гаргах чадвар алдагддаг. Тийм ч учраас монголчууд эрүүл биед саруул ухаан гэж ярьдаг. Өнгөрсөн 23 жилийн хугацаанд хүмүүст зөвлөгөө өгч, тэдний асуудлыг сонсож ажиллахдаа би эрүүл мэндийн тухай мэдлэгийг аль болох эрт олгох нь ямар чухал болохыг улам их мэдэрсэн.
Өнөөдөр бидний ихэнх нь гэр бүлдээ сайхан амьдрал бий болгохын төлөө хөдөлмөрлөж байна. Гэхдээ тэр сайхан амьдралаа өөрөө эрүүл саруул байж, хайртай хүмүүстэйгээ хамт эдлэх нь түүнээс дутахгүй чухал юм.
Тиймээс өөртөө цаг гаргаарай. Эрүүл мэндийнхээ талаар суралцаарай. Биеийнхээ өөрчлөлтийг анзаарч, шаардлагатай үед эмчид хандаж байгаарай. Эрүүл мэнддээ анхаарах хамгийн зөв цаг бол өвдсөний дараа биш, өнөөдөр юм.
Ж.ГЭГЭЭ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Даваа - 11 сарын 16,
2026
Сэтгэгдэл0