sonin.mn

Нэрт сэтгүүлч Давхардаваагийн Гансаруул “Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийцгээе” хэмээх нийтийн өргөдөл санаачилж, нийт 100,238 иргэн дэмжсэн тул зохих хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын Төрийн дээд байгууллага- Улсын Их Хурал хуулийн төслийг хэлэлцэхээр болж байгааг бүгд мэднэ. Асуудал нэгэнт олны анхаарлын төвд байгаа учир иргэд сошиалд өөр өөрийн байр сууриа янз бүрээр илэрхийлсээр байна.


Эдгээрээс Фэйсбүүкт “Урианхан Эрдэнэбилэг” гэдэг хүн “Зүгээр л Узбекистаны Оршуулгын тухай хуулийг хуулаад хийчих. Маш сайн хууль байсан...” гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн нэгэн иргэний санал миний сонирхлыг ихэд татлаа.


Түүний бичсэн мэдээллийг ChatGPT-ээс шалган нягталж өгөхийг хүсэхэд “Узбекистаны хууль тогтоомжийн албан ёсны цахим сан болох LexUz” сайтаас шалгаад, холбогдох хууль, тогтоолын эх сурвалжтай тулган үзэж зарим зүйлд бага зэрэг зөрүү байгааг тодруулж баримтад нийцүүлэн засварлаж, шаардлагатай тайлбарыг би бээр нэмж орууллаа. Узбекистан улс 2010 онд “О погребении и похоронном деле” буюу “Оршуулга ба оршуулгын үйл ажиллагааны тухай” хуулийг 2010.11.18-нд Олий Мажлис буюу манайхаар бол УИХ-аараа баталж 2010.12.27-нд ЗРУ-276 дугаартай хууль болон гарсан байна. Улмаар уг хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Узбекистаны Сайд нарын Танхимын “О мерах по реализации Закона Республики Узбекистан „О погребении и похоронном деле“ №101 тогтоол 2011.04.04-нд гарчээ.


Энэ тогтоолын 26, 45, 47 дугаар заалтад булш, хөшөө, бунханы хэмжээг тодорхой заажээ. Үүнд:


  • Нэг булшинд олгох газрын хэмжээ – дунджаар 2 × 1 метр байна
  • Булшны дээрх байгууламж (хөшөө, бунхан)-ын суурийн хэмжээ: урт нь 1.5 метрээс ихгүй, өргөн нь 1 метрээс ихгүй, газрын овгор хэсгээс дээш нийт өндөр нь 0.5 метрээс ихгүй байна.
  • Нэр, бичээс бүхий босоо чулуун хөшөө (стела) нь 1 метрээс өндөргүй байна.
  • Төмөр болон бусад хатуу хашаа булшийг тойруулан барихыг хориглоно.
  • Зөвхөн ургамлаар хийсэн ногоон хашлага зөвшөөрнө.
  • Хөрш булшны талбай эсвэл сул газрыг эзлэн томруулахыг тус тус хоригложээ.


Энэ хуульд зөвхөн булшны хэмжээг хязгаарлаад зогсохгүй, оршуулгын газрын бүртгэл, төсөв, арчилгаа, хариуцлага, газар олголт гээд бүхэл бүтэн тогтолцоог зохицуулжээ. Гэхдээ энд би бээр Узбекистаны дээрх хэмжүүр, зохицуулалтуудыг л авч хэрэгжүүлж болох юм биш үү гэсэн санааг л хэлэх гэсэн юм. Сошиал орчин дахь олон нийтийн хандлагаас харахад ч энэ саналыг нэлээд дэмжиж байгаа нь анзаарагдана. Үүгээрээ УИХ-ын эрхэм гишүүдэд ард иргэд, сонгогч олныхоо бодол санааг анхааралдаа авахыг хүсэж буйгаа уламжилж байгаа хэрэг. Ер нь энгийнээр бодсон ч шууд хуулбарлан нутагшуулахгүй гэхэд, судалж үзээд өөрийн нөхцөлд тохируулан хэрэгжүүлэхэд болохгүй гэх газаргүй байх хэмээн би бээр мунхаглана.


Гэхдээ заавал Узбекистан гэлтгүй, бусад улс орнуудын, нэн ялангуяа манай үндэстний соёл, уламжлал, нийгмийн хөгжлийн онцлогтой ойролцоо, голчлон Буддын шашинт орнуудын хууль, дүрэм, эрх зүйн зохицуулалтыг судлан үзэж, өөрийн нөхцөлд тохируулан нутагшуулж болох юм. Олон улсын ийм туршлага байдаг юм байна.


Жишээ нь, Унгар улс 1989–1990 оны ардчилсан шилжилтийнхээ үеэр голчлон Австри улс, мөн Герман, Швед зэрэг бусад орнуудын Үндсэн хууль болон бусад органик хуулиудын загвараас бүтээлчээр суралцаж, зарим зохицуулалтыг өөрийн эрх зүйн тогтолцоонд нутагшуулсан туршлага байдаг. Австрийн тухайд бол, ингэх бодитой учир шалтгаан бий. Тухайлбал, энэ хоёр улс 1867–1918 онд Австри-Унгарын Эзэнт Гүрэн (Austro-Hungarian Empire) нэртэй 51 жил оршин тогтножээ.


Нэг үгээр, цагтаа нэгэн улс байсан болохоор Австрийн хууль, эрх зүйн тогтолцоо Унгарчуудад маш ойлгомжтой байсан гэж би бээр ойлгодог. Узбекистан, Казахстаны ард түмний оршуулгын соёл, зан үйлийн онцлогийг Монголын нөхцөлд шууд хуулбарлан хэрэглэх боломжгүй нь мэдээж.


Харин манай улсын хууль, эрх зүйн орчин, нэн ялангуяа монголчуудын олон зууны турш уламжлан ирсэн, өнөөдөр ч ард иргэдийнхээ дунд өргөн дэлгэрсэн Буддын шашны зан үйл, дэг жаягтай нийцсэн оршуулгын хэлбэр, соёлыг харгалзан үзэх нь зүйтэй болов уу. Өөрөөр хэлбэл, гадаадын улс орнуудын туршлагаас хэрэгтэй зохицуулалтыг нь судлан авч, Монголын үндэсний уламжлал, шашин шүтлэг, нийгмийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх учиртай болов уу. Би бээр ингэж бодож байна, уншигч Та юу гэж бодож байна?


Жич: Нийтлэлийн маань гарчигийг наргиан гэж ойлгоорой. Анхаарал татах гэж л ийм гарчиг сонгосныг уучлана уу.


Тодын Отгонбаяр Лондон зураач 2026.11.1