sonin.mn

Хүмүүн болж төрсний утга учир, хүмүүн болж төрсний боломжийн тухай орчин үеийн нийгэмд тодорхой гүн сургаал, ойлголт байдаггүй. Орчин үеийн хүмүүс хөрөнгө мөнгөтэй баян хүн болох, эрдмийн зэрэг цол хүртэх, өндөр албан тушаалд хүрч сайд дарга болох, компанийн захирал болох, нэрд гарсан тамирчин, жүжигчин, дуучин, хөгжимчин болох, хамгийн хөөрхөн мисс бүсгүй болох, хамгийн сайхан булчинлаг залуу болох, хамгийн сайхан байшинтай болох, хамгийн үнэтэй автомашинтай болох гэх мэтийн ахуй ертөнцийн аахар шаахар зүйл яриад байдаг. Монгол ардын үлгэр төгсөхдөө “Хөнжлөөрөө дүүрэн хүүхэдтэй болж, хөндийгөөр дүүрэн малтай болж, хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй сархад хүртэж амар сайхандаа жаргав” хэмээн өгүүлдэг. Социализмын үед бидэнд “Хүн төрөлхтний гэрэлт ирээдүй бол хүн бүр чадлын хэрээр хөдөлмөрлөж хүн бүр хэрэгцээнийхээ хэрээр авдаг коммунизм юм” хэмээн толгой эргүүлдэг байсан.


Гэтэл 2500 жилийн тэртээ Төгс гэгээрсэн Будда Хүмүүний төрөл олж хүмүүн болсны утга учир, хүмүүн болж төрсний боломжийн тухай гайхалтай мэргэнээр заачихсан байдаг. Буддын гүн ухаанд хүмүүний төрөл олж төрөхийг “Эрдэнэт хүмүүний эрхэм дээд төрөл, сайн заяа ” хэмээн чухалчилж үздэг.


Учир нь Хүмүүн болж төрөх нь зөвхөн амьсгалж, идэж, ууж, амьдран суухын нэр биш. Хүмүүн бол бие биенээ барьж иддэг араатан амьтан биш. Хүмүүн бол өглөө бүр бэлчээртээ явж ургамал өвс идээд орой бүр бэлчээрээс ирдэг үхэр биш. Хүмүүн бол оюун билигт ховор төрөл бөгөөд Хүмүүн болж төрөх нь өөрийн сэтгэлийг танин мэдэх, буян нүглийг ялгах, мунхаглалаа арилгах, бусдын зовлонг ойлгох, улмаар гэгээрэлд хүрэх боломж юм хэмээн үздэг.

Тиймээс эгэл хүмүүний амьдралын үнэ цэнийг зөвхөн эд хөрөнгө, эрх мэдэл, алдар нэр, насны уртаар хэмждэггүй. Өөрийгөө өөрчлөх, гэгээрэх, бусдад туслах, зовлонгийн шалтгааныг таслах боломжтой байгаа эсэхээр нь ч хэмждэг.

Тэгэхлээр хүмүүн болж төрөөд бид хоолны сав болох уу? номын сав болох уу гэсэн асуулт тулгардаг. Гэрийн гадаа хөмрөөд тавьчихсан тогооны дотор нарны гэрэл хэзээ ч тусдаггүй. Үүн лүгээ адил Буддагийн сургаалыг сонсоогүй хүнд юу ч яриад хэрэггүй байдаг юм. Харин би энэ удаа номын сав болж чадах хүмүүст хандаж энэхүү нийтлэлээ бичиж байна.

Буддын гэгээрэлд хүрэх замын үе шаттай сургаалд эрдэнэт Хүмүүний төрлийг бясалгахыг номын мөрд орох эхний чухал эргэцүүллийн нэг хэмээн үздэг. Үүний гол зорилго нь Хүмүүнийг үхэл зовлонгоор айлгах бус, мохоох бус, өөрт байгаа амьдралынхаа үнэ цэнийг ухааруулж, түүнийг утга учиртай ашиглахад чиглүүлэх явдал хэмээн үздэг юм. Орчин үеийн Хүмүүн та ямар ч мэргэжилтэй, ямар ч боловсролтой байж болно. Харин Хүмүүн болж төрсний утга учир, эцсийн боломж, зорилго нь юу юм бэ гэдгийг л зөв ойлгох нь чухал юм.


1. Яагаад хүний төрлийг ховор гэж үздэг вэ?


Буддын сургаалд амьд оршихуйн хүрд буюу Самсара нь эхлэлгүй төрөл, үхэл, дахин төрөхийн үргэлжлэл хэмээн үздэг. Энэ хүрдэд амьтад үйлийн үр, мунхаглал, хүсэл тачаал, уур хилэн зэрэг сэтгэлийн хүчин зүйлсийн эрхээр янз бүрийн төрөлд төрдөг хэмээн үздэг Энд нэг чухал санаа бий. Хүмүүн болж төрсөн байх, хүний амьдралаа ухаалгаар ашиглах боломжтой байх хоёр ижил зүйл биш юм

Хүн болж төрсөн ч Үнэн худлыг ялгахыг эрмэлзэхгүй байж болно, Бусдын зовлонг үл тоомсорлож болно, Уур хилэн, шунал, атаархалдаа захирагдаж болно, Өөрийн үйлдэл бусдад ямар үр дагавар учруулж байгааг анзаарахгүй явж болно.

Мөн өөрийн алдааг таньж, сэтгэлээ засаж, бусдад энэрэл үзүүлэх замыг ч сонгож болно.

Иймээс хүмүүний төрлийн ховор чанар нь зөвхөн бие махбодын онцлогт бус, ухааралд хүрч, өөрийн үйл хөдлөлийг ухамсартайгаар өөрчлөх боломжид оршдог.


Буддын гүн ухаанд хүмүүн төрөлхтнийг бусад амьтнаас туйлын дээгүүр тавихын тулд бус, харин хүмүүний амьдралд буй энэ онцгой боломжийг ухааруулахын тулд эрдэнэт төрөл хэмээх ойлголтыг авч үздэг.


2. Харалган яст мэлхий ба далайд хөвөх буулганы сургаалт зүйрлэл


Буддын судар, тайлбаруудад хүний төрөл ховор байдгийг ойлгуулахын тулд далайн ёроолд амьдардаг харалган яст мэлхийн тухай алдартай зүйрлэл гардаг. Энэ санаа Балапандита судар зэрэг эртний буддын эх сурвалжийн уламжлалтай холбогддог.

Нэгэн хязгааргүй мэт уудам далай байжээ гэж төсөөл. Тэр далайн ёроолд хараагүй нэгэн яст мэлхий амьдардаг. Яст мэлхий зуун жилд ганц удаа усны мандалд гарч ирдэг ажээ. Далайн мандал дээр салхинд туугдан нааш цааш хөвөх, голдоо нүхтэй модон буулга байв.

Одоо бодоод үзье. Яст мэлхий усны мандалд гарч ирэх мөчдөө яг тэр буулганы нүхээр толгойгоо гаргах боломж хэр их вэ? Бараг төсөөлөхийн аргагүй бага.

Гэвч Буддын сургаалын гол санаа нь магадлалыг математикаар тооцоолоход бус, бидэнд олдсон боломж ямар эмзэг, ховор байдгийг ухааруулахад оршино.

Энэ зүйрлэлийн утга нь: Уудам далай — төрөл, үхлийн эцэс төгсгөлгүй хүрд. Хараагүй яст мэлхий — мунхаглалын эрхэнд орсон амьд оршигч. Хөвж буй модон буулга — хүний төрөл олж төрөх боломж. Буулганы нүхээр толгойгоо гаргах — ховор боломжтой учрах явдал гэсэн утгатай.

Эндээс бид нэг зүйлийг сайтар ойлгох нь чухал. Ховор боломж гэдэг нь огт боломжгүй гэсэн үг биш. Харин олдсон үед нь үнэ цэнийг нь танихгүй өнгөрөөвөл дахин хэзээ учрахаа мэдэхгүй гэсэн утгатай үг юм. Бид хүмүүний төрөл олж төрсөн учраас л өөрийн сэтгэлийг ажиглаж, хийсэн үйлдлийнхээ учир шалтгааныг эргэцүүлж, уурласан үедээ уураа таньж, бусдыг гомдоосон бол алдаагаа засаж чадна. Энэ бол эрдэнэт хүний төрлийн нэгэн чухал боломж билээ.


3. Эрдэнэт хүний төрөл гэж юу вэ?


Буддизмын уламжлалд хүний төрлийг найман чөлөө, арван учралт нөхцөл буюу нийт арван найман шинжээр тайлбарладаг. Эдгээр нь номын мөрөөр замнахад саад багатай, боломж бүрдсэн амьдралыг илэрхийлдэг.

Найман чөлөө гэж юу вэ?

Чөлөө гэдэг нь хүссэн бүхнээ хийх эрх чөлөө гэсэн утга биш. Харин зовлон, төөрөгдөл, нөхцөл байдлын улмаас ном сургаалыг сонсож, эргэцүүлж, бясалгах боломжгүй болох найман байдлаас ангид байхыг хэлнэ. Энэ нь:

1. Тамын төрөлд төрөөгүй байх — туйлын зовлонгийн улмаас сэтгэлээ хөгжүүлэх боломжгүй байдалд ороогүй байх.

2. Бирдийн төрөлд төрөөгүй байх — ханаж цаддаггүй хүсэл, гачигдлын зовлонд бүрэн автсан байдалд ороогүй байх.

3. Адгуусны төрөлд төрөөгүй байх — мунхаглал, айдас, амьд үлдэхийн төлөөх тэмцэлд хэт автаж, номын утгыг эргэцүүлэх боломжгүй байдалд ороогүй байх.

4. Урт наст тэнгэрийн төрөлд төрөөгүй байх — зарим уламжлалд амгалан, таашаалд автан номын мөрийг эрэлхийлэх шаардлагаа умартах байдлыг хэлнэ.

5. Номын сургаал үл хүрсэн зах хязгаарын нөхцөлд төрөөгүй байх — сургаалыг сонсох боломжгүй газарт амьдраагүй байх.

6. Номын утгыг ойлгоход саад болох оюун, мэдрэхүйн хүнд нөхцөлд төрөөгүй байх — сургаалыг ойлгож, хэрэгжүүлэхэд боломжгүй саад давамгайлаагүй байх.

7. Буруу үзэлд бүрэн баригдаагүй байх — учир шалтгааныг эргэцүүлэх, өөрийн үзлийг хянан шалгах боломжоо алдаагүй байх.

8. Бурхан номоо зааж, сургаал нь хүртээмжтэй байх боломжгүй цаг үед төрөөгүй байх — номын сургаалтай учрах боломжтой цаг үед амьдрах.


  Эдгээрийг тайлбарлахдаа нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүн сургаал ойлгож, бясалгаж, бусдад энэрэл үзүүлэх чадваргүй гэсэн үг огт биш. Буддын уламжлал дахь энэ ангилал нь номын мөрд саад учруулдаг нөхцөлийн тухай бөгөөд хүний үнэ цэнийг хэмжих хэмжүүр биш юм.


  Номын сургаал хүртээмжтэй газар төрсөн байх. Номын утгыг ойлгож, суралцах боломжтой мэдрэхүй, оюуны нөхцөлтэй байх. Номын мөрийг хэрэгжүүлэх боломжийг бүрмөсөн хаах сөрөг үйлдэл, амьдралын нөхцөлд автаагүй байх. Ном сургаалд итгэх, түүний утгыг танин мэдэх хүсэл эрмэлзэлтэй байх.

  Орчин, бусдаас шалтгаалах таван нөхцөл: 1. Бурхан ертөнцөд заларсан байх. 2. Бурхан номоо айлдсан байх. 3. Номын сургаал өнөөг хүртэл уламжлагдан ирсэн байх. 4. Сургаалыг хэрэгжүүлэгчид, багш нар оршин байх. 5. Номын мөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бусад нөхцөл бүрдсэн байх.

  Эдгээрийн нэршил, зарим нарийн тодорхойлолт уламжлал бүрд бага зэрэг ялгаатай байж болно. Гэвч гол утга нь ижил. Хүн болж төрөхөөс гадна сургаалтай учрах, түүнийг ойлгох, хэрэгжүүлэх боломж давхар бүрдэх нь онцгой завшаан юм.

  Энэ бүхнийг бодоод үзэхэд бидний амьдрал ганцхан шалтгаанаас бүтдэггүй нь харагдана. Эцэг эхийн ач, бусдын тус, нийгмийн амар тайван байдал, мэдлэг боловсрол, багшийн сургаал, өөрийн хичээл зүтгэл гээд олон нөхцөл нийлж байж бидний амьдрал утга учиртай хөгжих боломж бүрддэг. Тэгэхлээр эрдэнэт хүний төрлийн утга учрыг ойлгосон хүн өөрийгөө бусдаас дээгүүр тавих бус, харин өөрт олдсон боломжийн төлөө талархаж, бусдад түшиг тулгуур болохыг хичээдэг.


  4. Хүмүүний төрөл олж төрөхөд үйлийн үр ямар холбоотой вэ?


  Буддын гүн ухаанд төрөл авах явдлыг үйлийн үр, сэтгэлийн үргэлжлэл, шүтэн барилдлагын хүрээнд авч үздэг. Энэ үзлээр бидний үйлдэл бүхэн адил үр дагавартай биш. Биеэр хийсэн үйл, хэлсэн үг, сэтгэлдээ тээсэн санаа нь бусдад болон өөрт маань тодорхой үр дагавар үүсгэдэг. Үйлдлийн ёс суртахууны чанарт санаа зорилго онцгой чухал. Жишээлбэл, Амьтны амийг хамгаалах, бусдыг гэмтээхгүй байх нь үл хорлох, энэрэх сэтгэлийг хөгжүүлнэ. Өглөг өгөх, хэрэгтэй нэгэнд туслах нь харамгүй, өгөөмөр сэтгэлийг төлөвшүүлнэ. Үнэнийг хэлэх, амлалтаа биелүүлэх нь итгэлцэл, хариуцлагыг бэхжүүлнэ. Уур хилэнгээ ажиглаж, бусдыг уучлахыг хичээх нь хорсол, өс хонзонгоор үйлдэх хандлагыг сулруулна. Бусдын амжилтад баярлах нь атаархлыг багасгаж, хамтдаа сайн сайхныг бүтээх сэтгэлийг хөгжүүлнэ. Буддын сургаалд ийм сайн үйл, зөв санаа нь буянт үйлийн шалтгаан болдог хэмээн үздэг.

  Гэхдээ энд нэг нарийн ялгаа бий. Хүмүүний төрөл олж төрсөн нь урьд насандаа төгс сайн хүн байсныг батлахгүй. Мөн зовж буй хүн урьд насандаа заавал муу үйл хийсэн гэж дүгнэж болохгүй. Үйлийн үрийн тухай сургаалыг бусдыг буруутгах, зовлонг нь зөвтгөхөд бус, өөрийн үйлдлийн хариуцлагыг ухамсарлахад хэрэглэх нь чухал.

  Буян гэдэг нь зөвхөн хожмын сайн үрийг хүсэх биш, яг одоо өөрийн сэтгэл, үг, үйлдлээр сайн сайхны шалтгааныг бүтээх явдал юм. Хүний төрөл ховор гэдэг сургаал үйлийн үртэй холбогдохдоо дараах утгатай: Бидэнд сайн үйл бүтээх, муу зуршлаа засах, сэтгэлээ ариусгах боломж байна. Тэр боломжийг ашиглах эсэх нь өнөөдрийн сонголттой холбоотой.


  5. Зовлонг таньж мэдэх нь чухал


  Буддын гүн ухааны нэгэн гол санаа бол зовлонгоос зугтах төдий бус, зовлонгийн шалтгааныг таньж, түүнийг арилгах замыг олох явдал юм.

  Бурхан багшийн дөрвөн үнэн сургаал үүнийг тодорхой хэлсэн байдаг.

9. Зовлонгийн үнэн

  Амьдралд өвчин, өтлөлт, хагацал, хүссэндээ хүрэхгүй байх зэрэг зовлон бий.

10. Зовлонгийн шалтгааны үнэн

  Хүсэл тачаал, зууралдалт, мунхаглал зэрэг нь зовлонг бий болгож, үргэлжлүүлэхэд нөлөөлдөг.

11. Зовлонг арилгахын үнэн

  Зовлонгийн шалтгааныг арилгах боломжтой. Сэтгэл өөрчлөгдөн сайжирч эрх чөлөөнд хүрч болно.

12. Зовлонг арилгах замын үнэн

  Ёс суртахуун, сэтгэлийн төвлөрөл, билиг ухааныг хөгжүүлэх. Найман зөв мөрөөр замнана. Эдгээр үнэнийг сонсох төдий бус, өөрийн амьдралд ажиглан таних боломжтой байх нь хүний төрлийн нэгэн чухал давуу тал юм.

  Жишээлбэл, хэн нэгэн танхай этгээд таныг доромжиллоо гэж бодъё. Та тэр даруй уурлаж, хариу доромжлох уу? Эсхүл уур төрж байгааг анзаараад, үг үйлдлийнхээ үр дагаврыг бодож, тайван хариулахыг сонгох уу? Эхний тохиолдолд сэтгэлийн хөдөлгөөн таныг удирдаж байна. Харин хоёр дахь тохиолдолд та сэтгэлээ ажиглаж, ухамсартай сонголт хийж байна гэсэн үг. Энэ ялгаа маш чухал. Учир нь хүний эрх чөлөө зөвхөн гаднын нөхцөлөөс хамаардаггүй. Сэтгэлийнхээ хариу үйлдлийг таньж, өөрчлөх чадвар ч эрх чөлөөний нэг хэсэг юм.


  6. Хүмүүний амьдралын хамгийн том боломж юу вэ?


  Буддын их хөлгөний сургаал ёсоор бол хүний амьдралын хамгийн дээд боломж нь зөвхөн өөрийн зовлонг арилгах бус, Хамаг амьтны тусын тулд гэгээрэлд хүрэхийг зорих явдал юм. Үүнийг бодийн сэтгэл гэдэг.

  Бодийн сэтгэл гэдэг бол Бусад амьтан ч аз жаргалтай байхыг хүсэх, Бусдын зовлонг өөрөөсөө хол зүйл мэт үзэхгүй бай, Өөрийн чадлаар бусдад туслахыг эрмэлзэхийг хэлээд байгаа юм. Бусдад туслахдаа алдар нэр, ашиг хонжоо нэхэхгүй байхыг хичээх нь чухал. Бусдад туслахын тулд өөрийн мэдлэг, ухаан, сэтгэлийг улам хөгжүүлэх нь чухал. Энд нэг чухал гүн утга бий. Хүн өөрийнхөө төлөө амьдарч эхэлж болно. Харин ухаарал нь гүнзгийрэх тусам зөвхөн өөрийнхөө төлөө амьдрах нь хангалтгүй гэдгийг ойлгож эхэлдэг.


  Өлссөн хүнд хоол өгөх, өвчтэй хүнийг асрах, ганцаардсан хүнийг сонсох, зовж буй нэгнийг тайвшруулах, бусдын алдааг доромжлохын оронд засрах боломж олгох зэрэг энгийн үйлдэл ч энэрэл нигүүлслийн илрэл юм.


  Хүн гэгээрлийг зөвхөн алс холын, хүршгүй хэцүү зүйл гэж ойлгох шаардлагагүй. Өөрийн мунхаглалыг таньж, уур хилэнгээ багасгаж, бусдад хор хүргэхгүй байж, энэрэх сэтгэлээ хөгжүүлэх нь номын мөрд орж байна гэсэн үг.

  Учир иймд эрдэнэт хүний төрлийн тухай сургаал нь хүнийг өөрийн амьдралаа хайрлахаас гадна бусдын амьдралыг ч эрхэмлэхэд сургадаг ажээ.


  7. Хүмүүний төрөл мөнх бус учраас боломжоо бүү хойшлуул


  Буддын гүн ухаанд бүх нөхцөл шалтгаанаар бий болж, шалтгаан нөхцөл өөрчлөгдөхөд мөн өөрчлөгдөнө гэж үздэг. Үүнийг мөнх бусын сургаалтай холбон тайлбарладаг.

  Өнөөдөр бидний эрүүл мэнд, ой ухаан, гэр бүл, нөхөрлөл, суралцах боломж, бусдад туслах чадвар бүгд тодорхой нөхцөлөөс хамаарч байна. Эдгээр нөхцөл үүрд хэвээр үлдэх баталгаа байхгүй.

  Тиймээс мөнх бусыг бясалгах нь амьдралаас айж, гутрахын нэр биш. Харин амьдралын үнэ цэнийг одоо байгаагаар нь ухаарч, хэрэгтэй зүйлээ хойш тавихгүй байхыг сануулдаг.

  Хүн заримдаа “Би эхлээд хөрөнгө мөнгөтэй болъё. Дараа нь бусдад тусална”, “Би эхлээд хүсэл мөрөөдлөө биелүүлье. Дараа нь сэтгэлээ хөгжүүлнэ”, “Би тэтгэвэрт гарсны дараа чөлөө завтай болоод Бурханы ном үзнэ” гэх мэтээр боддог.

  Гэвч амьдралын нөхцөл байдал бидний төлөвлөгөөний дагуу болдоггүй. Энэ дэлхийд эдүгээ 8 тэрбум 300 сая хүн амьдарч байгаагийн 52.0 хувь нь ядуу амьдардаг ажээ. Би ядуу хүн, бусдад тусалж чадахгүй гэж бодоод хэрэггүй. Бусдад туслахын тулд заавал баян болох шаардлагагүй. Баян болж байж л бусдад өглөг өгдөг юм биш. Хөрөнгө мөнгөгүй хүн бусдад өглөг өгч болно. Хөрөнгө мөнгөгүй хүн бусдад өөрийн сайхан инээмсэглэл, сайхан үг, сайхан ааш, сайхан харцаараа өглөг өгч болно. Үнэнээ хэлэх, бусдыг хүндлэх, уур хилэнгээ ажиглах, буруу үйлээ засахын тулд тусгай цаг, ирээдүйн цаг ирэхийг хүлээх шаардлагагүй.

  Хүний амьдралын утга учир хэзээ нэгэн цагт хийж эхлэх зүйл биш. Өнөөдөр хийж буй зөв сонголтоос эхэлдэг. Өнөөдөр яг одоо юу хийж байна вэ? гэдэг нь чухал юм.

  Өнгөрсөн цаг үеэ санагалзаж гуниглаад ч хэрэггүй. Ирээдүйн болоогүй зүйлийн төлөө сэтгэлээ чилээгээд ч хэрэггүй. Хожим нь харамсахгүйн тулд яг одоо л буян, номыг үйлдэх хэрэгтэй.


  8. Эрдэнэт хүмүүний төрлөө хэрхэн зөв ашиглах вэ?


  Энэ сургаалыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд дараах таван зүйлийг эргэцүүлж болно. Өглөө бүр санаа зорилгоо зөв болго. Өнөөдөр өөртөө болон бусдад аль болох хоргүй, хэрэгтэй үйл хийхийг сэтгэлдээ зорь.

  Үйлдэл хийхийн өмнө шалтгаан, үр дагаврыг бод. Миний хэлэх үг хэн нэгнийг шархлуулах уу? Миний хийх үйл бусдад ямар нөлөө үзүүлэх вэ? Муу болох уу, сайн болох уу?

  Зовлонтой учрахдаа сэтгэлээ ажигла. Уур, атаархал, шунал төрөхөд тэдгээрийг өөрийн мөн чанар гэж үзэлгүй, үүсэж өөрчлөгдөж буй сэтгэлийн төлөв гэж ажигла. Өдөр бүр бага ч гэсэн буян бүтээ. Хэн нэгэнд туслах, мэдлэгээ хуваалцах, амьтанд энэрэл үзүүлэх, бусдын сайн үйлд баярлах.

  Орой бүр өөрийгөө шударгаар эргэцүүл. Өнөөдөр яг юуг зөв хийв? Юун дээр алдсан бэ? Маргааш юуг засаж юуг зөв хийх вэ? Юм болгоныг төгс хийх шаардлагагүй. Хамгийн чухал нь алдаа гаргахгүй байхыг хичээхээс гадна гаргасан алдаагаа таньж, засаж, сайн чанараа тогтвортой хөгжүүлэх нь чухал юм.


  9. Хүмүүн болж төрөхийн эцсийн гүн утга юу вэ?


  Буддын сургаалд “Эрдэнэт хүний төрлийг ухаарах үед гурван зүйл аяндаа тодордог.

  Нэгдүгээрт, Талархал. Бид өөрсдөө бүтээсэн бүх нөхцөлдөө амьдардаггүй. Бидний амьдралд эцэг эх, багш, нөхөд, нийгэм, байгаль дэлхий гээд тоо томшгүй олон нөхцөл хувь нэмэр оруулдаг. Хоёрдугаарт, Хариуцлага. Бидний бодол, үг, үйлдэл бусдын амьдралд нөлөөлдөг Иймээс өөрийн үйлдлийн үр дагаврыг ухамсарлах нь чухал. Гуравдугаарт, Энэрэл. Бусад амьтан ч зовлонгоос ангижирч, аз жаргалтай байхыг хүсдэг. Тэдний зовлонг ойлгох тусам бусдад хор хүргэхээс татгалзаж, туслах хүсэл төрүүлэх нь чухал.

  Хүмүүний төрөл ховор гэдэг нь бусдыг дорд үзэх шалтгаан биш. Харин хүн бүрийн амьдралыг хайрлаж, өөрт олдсон боломжоо зөв ашиглах шалтгаан юм.

  Буддын гүн ухааны үүднээс авч үзвэл хүний амьдралын хамгийн том гарз нь эд хөрөнгөө алдах төдий зүйл биш. Харин өөрийгөө таних, сэтгэлээ засах, бусдад туслах боломж байсаар атал түүний үнэ цэнийг огт ухааралгүй өнгөрөөх явдал юм.

  Эрдэнэт хүмүүний төрлийн утга учир нь зүгээр л хүн болж төрсөндөө бус, хүн болж төрснийхөө боломжийг ухаарал, энэрэл, билиг ухаан болгон хөгжүүлэхэд оршино.


  Бид санамсаргүй хүмүүн болж төрсөн юм биш. Бид өмнөх төрөлдөө буян үйлдсэний үйлийн үрээр хүмүүн болж төрсөн юм.



  Дараах сургаалыг сэтгэлдээ сайтар тунгаан бодоорой: Хүн болж төрөх нь ховор аз завшаан. Хүний ёсоор амьдрах нь ухамсрын сонголт. Буян бүтээх нь сэтгэлийн ариусал. Бусдыг хайрлах нь боди сэтгэлийн эхлэл. Өөрийгөө таних нь мунхагийг нимгэлэх зам. Өрөөлд туслах нь энэрлийг дэлгэрүүлэх үйл. Амьдралын үнэ цэнэ насны уртад бус, амьд бүхэнд хүргэсэн ач тусын гүнд оршдог юм.

  Орчин үеийн хүмүүс шинжлэх ухаан технологийн эрин үед амьдарч байхдаа зугаа цэнгэл, бэлэн хоол, гар утас, автомашин, хаус, телевиз, интернэт, робот, хөгжим, спорт, мөнгө хөрөнгө гэх мэтийн ахуй ертөнцийн зүйлээр амьдралын утга учир юм шиг хэт их хөөцөлдөөд өөрийнхөө сэтгэлийг шинжих, бие сэтгэлээ ариусгах, эрүүлжүүлэх, буддын судар унших, бясалгах, гэгээрэх зэрэг чухал зүйлийг орхигдуулаад байдаг.


  Бурханы номыг бид хичээл зүтгэл гаргаж оюундаа дадуулж байж л гэгээрэлд хүрнэ.



Жирийн хүмүүсийн сэтгэл олон давхар нисваанисаар бүрхэгдсэн байдаг тул сэтгэлд бугшсан нисваанис тотгор бүрийг арилгах хэрэгтэй. Хамаг саад тотгор нисваанисыг бүрмөсөн дармагц огоот гэтэлж гэгээрлийн үүд нээгдэх ажээ.

  Эгэл сүсэгтэн би вээр өөрийн бичсэн ном бүрийнхээ эхэнд:

  “Элбэрэлт эх үрээ өсгөж

  Энэрэлт Хүмүүн болгодог.

  Ачит лам багш шавиа сургаж

  Авралт Бурхан болгодог.” хэмээн бичдэг юм.

  Тэгэхлээр Хүмүүн болж төрсний утга учир, хүмүүн болж төрсний боломж бол Хамаг амьтны тусын тулд буян, номыг үйлдэж, Бурханы сургаалыг эзэмшиж, Гэгээрэлд хүрэх ажээ.



  Доржийн СҮХБААТАР


2026.11.15