sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны аравдугаар сарын 23 /ТАСС/. "Формула-1" ангиллын авто уралдааны ДАШТ-ий 18 дахь гараа өнөөдөр буюу баасан гарагт Техас муж улсын Остин хотын "Трасса Америк" уралдааны замд болно.

Сонирхолтой нь, улирал дуусахаас өмнө таван гарааны өмнө Остинд дэлхийн аварга тодорч магадгүй байгаа юм. Учир нь, “Мерседес” багийн итали уралдаанч Кими Антонелли АНУ-д ирэхдээ хамгийн ойрын өрсөлдөгчөөсөө 102 оноогоор илүү явж байна. Энэ удаагийн гараанд дэлхийн аварга болохын тулд тэрбээр багийн анд, Их Британийн уралдаанч Жорж Расселийг 23 оноогоор, “Феррари” багийн уралдаанч, эх орон нэгт Льюис Хэмилтоныг 14 оноогоор, “Ред Булл” багийн нидерланд уралдаанч Макс Ферстаппеныг 6 оноогоор илүүрхэх хэрэгтэй.  




RacingNews365 сэтгүүлд Антонелли ярилцлага өгөхдөө “ийм боломж байгааг би харж байна, гэхдээ дээд зэргээр чармайх хэрэгтэй. Миний сэтгэл зүй огт өөрчлөгдөөгүй байгаа” хэмээн ярилаа. Хэрвээ өдгөө 20 настай тэрбээр зорьсон амжилтандаа хүрвэл "Формула-1"-ийн түүхэн дэх хамгийн залуу дэлхийн аварга болно. Одоогоор хамгийн залуу дэлхийн аварга бол Германы уралдаанч Себастьян Феттель /23 нас 134 хоног/ юм. Нөгөөтэйгүүр, Антонелли аваргалбал Жузеппе Фарина (1950), Альберто Аскари (1952, 1953) нарын дараа Италиас төрсөн гуравдахь аварга болно.



Ташрамд сонирхуулахад, АНУ-ын Гран-При уралдаан 2007 он хүртэл Индиана муж улсын Индианаполис хотод явагдаж байжээ. Уг уралдааныг ДАШТ-ий хуваариас 5 жилийн хугацаанд хассан бөгөөд 2012 онд Остины "Трасса Америк" автодромд эргэн ирсэн байна.


Баасан гарагт болон бямба гарагт шилжих шөнө I ба II чөлөөт уралдаанууд, ням гарагт шилжих шөнө III уралдаан, ням гарагт үндсэн уралдаан болно. 



Б.Адъяахүү