Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббын урилгаар 2026 оны 10 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб өнөөдөр албан ёсоор угтаж авлаа.
Ерөнхийлөгч Александер Стубб угтан мэндчилсний дараа хоёр улсын төрийн дуулал эгшиглэв. Төрийн тэргүүн нарт хоёр талын төлөөлөгчдийг танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн ордны “Хүндэт зочны дэвтэр”-т дурсгалын үг бичиж, дурсгалын зураг татуулав.
Монгол Улс, Бүгд Найрамдах Финланд Улс 1963 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Финланд Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Өлзий 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан.
Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Микко Киннунен 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд 11 жилийн дараа Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй айлчлал юм.
Бүгд Найрамдах Финланд Улсын 13 дахь Ерөнхийлөгч Александер Стубб 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажилдаа орсон.
Баасан - 10 сарын 23,
2026
Сэтгэгдэл0