sonin.mn

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн эмч Ж.Номиндарийг урилаа.


Блиц:


Мэргэжил: Мэдээгүйжүүлгийн эмч

Боловсрол: Баклавр


Ажлын туршлага: 


2014-2018 Нийслэлийн яаралтай тусламжийн төвд дуудлагын их эмч

2018 оноос өнөөдрийг хүртэл Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт мэдээгүйжүүлгийн эмч   


-Өмнө нь мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж гурвуулаа нэг салбар байгаад 10-аад жилийн өмнөөс салж тусдаа гарсан. Хөдөө орон нутагт арай өөр байгаа. Нийслэлд мэргэшсэн лавлагаа шатлалын эмнэлгүүдэд тусдаа эмчилгээ хийж байна.


Манай эмнэлэг лавлагаа шатлалын эмнэлгүүд дотроо ганцаараа зүрх болон мэдрэлийн мэс заслын дараах эрчимт эмчилгээг мэдээгүйжүүлгийн эмч нар нь хариуцаад давхар хийдэг.


Бусад мэргэжилтэй харьцуулахад мэдээгүйжүүлгийн тусламж, үйлчилгээ болон мэдээгүйжүүлгийн хяналт, мэдээгүйжүүлгийн үед хэрэглэдэг эм, тариа байна. Аппарат, тоног төхөөрөмж нь харьцангуй сайжирсан. Турк, Солонгос, Япон, Австри руу яваад хүмүүстэй ярилцаж, богино хугацааны сургалтад суухад манай хэрэглэж байгаа эмнүүд харьцангуй сайн. Хяналт, үнэлгээнүүд зарим талаараа Туркээс илүү байна. Биднийг 10 жилийн өмнө мэдээгүйжүүлгээр сурах гэж байхад сэтгэл гутрал ихтэй, эмч нарын дундах амиа хорлолт өндөртэй салбар гэдэг байсан. Яагаад гэвэл хүнд нөхцөлд ажилладаг. Би дөнгөж сургуулиа төгсөөд эхний хоёр жил мэс засалд ороход тухайн хүний даралт хэлбэлзээд, пулс нь унахад “яасан юм бол” гээд их стресстдэг байсан. Учир нь тухайн үед хяналт, үнэлгээ, тоног төхөөрөмж нь муу байсан юм байна. Харин одоо мэдээгүйжүүлгийн маань аппарат сайжраад, ямар тунгаар, хэдий хэмжээний сэдээгчний бодис өгөх. Зөв үү, буруу юу, хүний маань амьсгалын тоон үзүүлэлт хангалттай байна уу гээд бүгд тодорхой. Тухайлбал, артерийн даралтыг өмнө нь манжетикаар ойрхон минут тавьж үздэг байсан бол одоо шууд гуурс байрлуулаад зүрхнийх нь цохилтоор даралтыг нь хянадаг. Тиймээс ихсэж, багасахыг нь амархан мэдэх боломжтой.


Цаашлаад унтуулгынхаа гүнийг хүртэл хэмжчихнэ. Тэгэхээр хяналтууд нь сайн болохоор юу болоод байгааг мэддэг болсон учир хамаагүй тайван болсон. Энэ нь хяналт, үнэлгээ, тоног төхөөрөмж, эм, тариа сайжирсантай холбоотой. Монгол Улсын хувьд мэдээгүйжүүлгийн салбар хөгжиж байгаа орон гэхэд илүү сайн явж байгаа.


Далд байдаг болохоор хүмүүст сайн мэдэгдэхгүй байгаа болохоос мэс заслын үеийн хяналт, үнэлгээ сайжирснаар хагалгааны үр дүн сайжирсан. Гэхдээ бүх түвшинд сайн болсон уу гэвэл үгүй. Магадгүй хөдөө орон нутагт асуудалтай байж болно. Гол тулгамдаад байгаа зүйл нь ажиллах хүчний хуваарилалт. Эмч нарын тоо дутагдалтай юу гэвэл гадаадынхтай харьцуулахад яг мэдээгүйжүүлгээр төгссөн эмчийг Монгол Улсын хүн амтай харьцуулахад бага биш. Ихэнх эмч нь төв, суурин газрын эмнэлгүүдэд орох сонирхолтой. Алслагдсан аймаг, сумдад дутмаг байгаа. Хөгжөөд байгаа юм шиг боловч хүртээмж нь жигд биш. Тиймээс хүний нөөцийн хуваарилалтыг бодлогоороо зохицуулах хэрэгтэй байна. Ер нь суралцах боломж нь ч гэсэн харилцан адилгүй. Миний хувьд гуравдугаар шатлалын эмнэлэгт ажилладаг. Эмнэлэг маань гадаадын эмнэлгүүдтэй харилцаатай болохоор тэрнийхээ журмаар суралцаад, хөгжих боломж өндөр. Харин ингэж сурч, хөгжих боломжгүй эмч нарыгаа яаж хамруулах вэ. Гадаадад сураад ирсэн төв эмнэлгийн эмч нар эргээд эмч нартаа хяналт, үнэлгээний талаар сургалт явуулбал арай илүү үр дүнтэй болов уу. Мэдээгүйжүүлгийн нийгэмлэгийн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй байгаа.


Мэдээгүйжүүлгийн бүх эмч нийгэмлэгт харьяалагддаг. Жилдээ нэг удаа том чуулган зохион байгуулж тэндээ шинэ мэдээллүүдээ солилцоод явдаг. Хөдөө орон нутгийн эмч нар маань ирж сурах сонирхолтой байдаг. Гол асуудал нь эрчимт, мэдээгүйжүүлгийн эмч нар тогтсон хуваарь гаргаад ажилладаг.


Тухайлбал, яаралтайгаар ээж төрөх боллоо. Осол гарлаа гээд бүх юм нь яаралтай байдаг болохоор хоёр хоног чөлөө аваад явчихаад ирье гэх нь ховор. Цаана нь заавал нэг хүн байхгүй бол хэцүү. Клиникийн туршлагаар хөдөө орон нутгийн эмч нар маань илүү. Яагаад гэхээр асууж сураглах хүнгүй болохоор бүгдийг нь өөрөө бие даагаад хийнэ. Бидэнтэй харьцуулахад хяналт, үнэлгээ бага. Цэвэр клиникээрээ ажиллаж байгаа болохоор практик туршлага нь илүү. Гэхдээ дан практик туршлагаар тусламж, үйлчилгээг одоо байгаагаас нь сайжруулах боломжгүй. Хэрэв би багшаасаа практик туршлагыг нь авч үлдвэл миний хамгийн сайн үр дүн нь багш маань болно. Багшаасаа арай бага болно гэсэн үг. Дан практик туршлагаар байгаа түвшнээсээ илүү өндөр хөгжих боломжгүй. Тиймээс академик сургалтыг байнга хийж байх ёстой. Тасралтгүй нэгийгээ орлоод ажиллах юм уу. Болохгүй бол онлайнаар сурах хэрэгтэй. Аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд орон тоогоороо ажиллаж байгаа. Гэхдээ давхар эрчимтээ хараад, олон хагалгаа орвол хүрэлцэхгүй. Алслагдсан газрууддаа хүн хүч бага байх шиг байна. Үүнийг манай нийгэмлэгээс нэгдсэн зохицуулалт хийдэггүй. Харин орон нутгийн удирдлагууд нь зохицуулдаг. Би тушаалаараа ес дэх жилдээ ажиллаж байна. Намайг ажилд орж байхад манай тасаг 10 эмчтэй байсан. Жил ирэх тусам хагалгааны цар хүрээ, тоо мэдээгүйжүүлгийн эмчийн орон тоо нэмэгдээд 16 болсон. Үүний хэрээр боловсон хүчин залуужиж байна. Өмнөх үетэйгээ харьцуулахад ажилласан жил нь олон юм шиг мөртлөө нас нь залуу. Насыг нь хөөж бодоход бүгд 40 хүрэх гэж байгаа, 10-аад жил ажилласан хүмүүс бий. Тушаалаараа нэг хагалгааны өрөөнд нэг эмч, нэг сувилагч байх ёстой гэдгийг барьж ажилладаг.


Дэвшилтэд тоног төхөөрөмж ашиглах нь хагалгааны хүндрэлийг бууруулдаг


-Ковидын үеэр амьсгалын аппарат, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжүүд орж ирсэн. Мөн хяналт, мониторууд, мэс заслын тусламж, үйлчилгээ сайжирч байгаатай холбоотойгоор зайлшгүйгээр нэмэгдэж байгаа. Тухайлбал, өмнө нь том судасны хагалгаанууд цөөхөн ордог байсан. Мэдрэл, зүрхний мэс заслын эмч нар маань том судасны хагалгаа хийдэг болж бэлтгэгдээд сураад ирэхээр манай эмнэлэг гүрээний судас, гол судасны хагалгаа эрчимтэй нэмэгдэж байгаа. Үүнийгээ дагаад хагалгааны явцад харвалт, шигдээсээс сэргийлэх зорилгоор тархины эдийн хүчилтөрөгчийг хэмжих шаардлага гарч ирэн бид шинэ тоног төхөөрөмж ашиглаж эхэлж байгаа юм.


Шинээр нэвтэрч байгаа тусламж, үйлчилгээгээ дагаад дагалдах шаардлагатай тоног төхөөрөмж, эм тариа, хэрэгсэл хэрэглэдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, мэс заслын хөгжлийг дагаж мэдээгүйжүүлгийн хөгжил явагддаг. Мөн манай тасагт эхоны аппарат байдаггүй байсан.


Тиймээс шинэ эхо авах төсөл бичээд сүүлийн үеийн эхо аппараттай болсон. Өмнө нь баримжаагаар буюу анатомын бүтцээр барагцаалж ажилбаруудаа хийдэг байсан бол эхоны аппараттай болсноор бүх төрлийн ажилбарыг бодит хяналттайгаар хийх болсон юм. Ингэснээр оролдлого нь багасна, амжилттай болох хувь нь дээшилнэ. Үүнийгээ дагаад хүндрэл ч багасна, цаг хугацаа хэмнэнэ гээд ач холбогдолтой. Түүнчлэн зөвхөн эхо хяналтан дор хийх боломжтой олон шинэ ажилбар, өвдөлт намдаалтуудыг хийх боломжтой болж байгаа юм. Залуу мэргэжилтэн бүрийн адилаар бага насны хүүхдүүд, ажил, ар гэрийн асуудлыг зэрэг амжуулах гэж зүтгэж явна. Монгол Улсад өнөөгийн байдлаар залуу гэр бүл жинхэнэ шуурган дунд амьдарч байна. Өглөө босоод цаг хугацаатай уралдаад амьсгаа давхцаад л өдөр эхэлдэг. Өглөөний цайгаа яарч сандарч ууна. Хүүхдүүдээ яарч сандраад зам дээр хурдал түргэл гээд буулгана. Орой ажил тараад нөгөө хэдийгээ хурааж аваад л харина.


Миний хувьд би их азтай. Аав, ээж хоёр маань манай хүүхдүүдийг хүргэж өгч, авах ажилд тусалдаг болохоор оройтож ажиллах үед хүүхдүүддээ санаа зовохгүй байдаг. Ийм тусламж дэмжлэг авч чадахгүй байгаа залуучууд маань бүр л хүндрэлтэй нөхцөлд амьдарч байна.


Ядаж замын түгжрэл ямар билээ. Ажлыг хурдан амжуулах боломж байхгүй байна шүү дээ. Эрүүл мэндийн салбарынхны цалин үнэхээр бага. Шат дарааллаар нэмэгдээд байгаа хэдий ч инфляциа дагаад амьдралд төдийлөн хангалттай биш байна. Гэхдээ ажилдаа дуртай болохоор ажиллаж байна. Ер нь хүний амьдралд мөнгө чухал ч гэсэн бас ажлаас авах урам зориг, сэтгэл ханамж их чухал байдаг. Монголд ажиллаж буй эмч, сувилагч нар маань ажилдаа үнэхээр дуртай болохоор л ажиллаж байна гэж боддог. Тухайлбал, маш хүнд хүн байлаа гэхэд хагалгаанаас амжилттай гаргаад амьсгал нь сэргээд, харьцахгүй байсан хүн толгойгоо дохиход тэр болгон чинь сэтгэл ханамж өгдөг. Хэдий цалин мөнгө бага ч кайф авах нь чухал. Манай ажил дээр биднийг халшраадаг зүйл нь нийгмийн харилцаа. Тухайлбал, миний утсан дээр миний л хүрээллийн хүмүүс байдаг болохоор дан эмч, эмнэлгийн мэргэжилтэй холбоотой зүйлс гарч ирдэг. Ийм ч эмч буруу эмчилгээ хийгээд хүн алсан байна. Тийм эмнэлэг алдаа гаргасан байна гээд уншихаар үнэхээр хэцүү. Олон цагаар нойр, хоолгүй заримдаа өдөрт юм идэж, ус уухгүй явах үе бий ч ажилдаа үнэхээр дуртай. Зарим нэг ойлгохгүй ар гэр бий. Эмнэлгийн коридорт “эмч нар нь ингэдэг гэнэ. Энэ эмч нь муухай ааштай. Тэддүгээр эмнэлэг ийм байна” гэдэг. Энэ нь үнэхээр дарамттай, урам зориг мохоодог. Заримдаа ч юу хийгээд байна даа гэж бодогддог. Гэхдээ монгол хүмүүс хэтэрхий эрх дураараа. Эмнэлэгт ирээд нэг өдрийн дотор шууд л бүх юмаа шийдүүлээд эмчлүүлээд, эмчилгээ бичүүлээд гарна гэж боддог.


Цаг авах, урьдчилан төлөвлөх, хүлээх гэдэг зүйлийг мэддэггүй. Үзлэгийн дараалал их байвал уурлана. Цаг өгчихөөд байхад эрт ирчихээд үүдэнд удаан хүлээлгэлээ гээд орилж загнана. Ер нь нийтээрээр уурлаж, айлгаад ажлаа бүтээгээд сурчихсан юм шиг санагддаг.


Гэхдээ энэ байдал засарна гэж найдаж байна. Гэтэл энд ингэж уурлаж цамнаж байсан хүмүүс гадаадад очоод эмнэлгийн дарааллаа 3-4 сар хүлээхдээ юу ч хэлэхгүй хүлээцтэй хүлээж л байдаг. Гадны улсад гаргадаг соёлтой зангаа Монголдоо ч бас гаргаад явбал гоё шүү дээ. Нийгмийн хар массын нөлөө аль ч салбарт их байгаагийн нэг адилаар эмнэлэг, эрүүл мэндийн салбарын тушаал шийдвэрт нөлөөлөөд байх шиг санагддаг. Нэг муу юм болоход л сошиал орчинд тархаад 1000 сайн хийсэн зүйл замхараад нийтээрээ муу болж харагддаг. Тиймээс эмнэлгүүдийн үйл ажиллагаа нь сурталчилгаа, ухуулга, өө сэвгүй харагдах тал руугаа нэлээдгүй чиглээд байдаг. Үүнийг бас буруутгах аргагүй мэт. Ер нь хүнд муу хэлүүлэхгүй, муухай харагдахгүй байх тал дээр хэтэрхий анхаараад байх шиг. Энэ нь жирийн ажиллаж байгаа хүмүүст бичиг цаасны, тайлан тооцоо, юм угаах, цаас хайчилж наах гэх мэт илүү ажил ихээр үүсгэдэг. Уг нь мөн чанараа гаргаад судалгаагаа хийгээд хаана юу нь болохгүй байгаа. Алийг нь засах юм. Тусламж, үйлчилгээнийх нь чанар долоо байвал найм, ес болгох уу гэсэн асуудлын мөн чанарт тулгуурлан шийдэл гаргавал зүгээр.


Нэг ч гэсэн юмыг хуваалцах хэрэгтэй


-Залуу хүний хувьд ажиглахад бид ажлын байран дээрх практик үйл ажиллагаандаа илүү анхаараад байна. Практик дадлага онолын мэдлэгийг хослуулж, судалгаа шинжилгээгээр тархиа боловсруулах хэрэгтэй. Угтаа онолын хувьд илүү боловсрох хэрэгтэй санагддаг. Гадаадад очоод үзэхээр бүх юм нь стандартын дагуу, хүн хүн өөрөөр хийгээд байхгүй. Шаардлагатай үед ямар арга хэмжээ авах вэ гэдэг нь ойлгомжтой. Ийм газрын хүмүүсийн клиник ажил явж л байгаа. Гадны том, өндөр хөгжилтэй орнуудын эмч нар нь судалгаа, шинжилгээ, сургалтад анхаардаг юм байна. Харин манайд энэ эмийг тарихаар ингэж үйлчилдэг. Хүний даралт буугаад байвал ингэж ихэсгэнэ гэж хоорондоо ярилцахаа больжээ. Харин түүнээс ч гүнзгий судлах буюу үйл явдлын цаана юу болоод байгааг анхаарч байна. Энэ эмийг хэрэглэхээр яагаад даралт нь өсөөд байгааг судлах.


Тухайлбал, бид хагалгаан дээр хамаг юм тогтвортой явах нь сайн гэж үздэг байсан бол одоо илүү цаашаа гүнзгий судлаад нэг минутад даралт өөрчлөгдвөл ямар үйл явдал болж байна.


Нэг минутад тэдэн мл литр цус алдаад тэрийгээ нөхөхгүй удвал ямар өөрчлөлт гардаг. Тэр нь цаашдаа энэ хүний амьдралын чанарт хэрхэн нөлөөлж байна гэдэг ч юм уу. Гадны эмч нар чөлөөт цагаараа байнгын судалгааны ажил уншаад тархиа боловсруулаад сууж байдаг юм билээ. Хүний тархи нь боловсроод ирэхээр бүх юмны зураглал дэс дараатай харагдаад эхэлдэг юм шиг. Мэдлэгтэй байх тусмаа ажил нь ойлгомжтой, асуудал гарсан ч шийдэл нь ойлгомжтой. Ялангуяа, залуу үеийнхэн бид ийм болбол зүгээр байна. Зарим газарт академик чадварыг нь хөгжүүлэх цагийг тусад нь гаргаж өгдөг. Мэдээж үүнд бас өөрсдийнх нь хичээл зүтгэл хэрэгтэй. Суусан цэцнээс явсан тэнэг гэдэг шиг хүмүүс яваад, судлаад юм үзээд ирэхээр “Аан, энэ чинь ийм юм байна шүү дээ” гээд юмыг өөрөөр харж эхэлдэг. Хөмөрсөн тогоон дотроо 10 биенийгээ хараад л өө би энэ дундаа болж байна гээд бодоод байвал бүтэхгүй.


Гадагшаагаа явдаггүй юмаа гэхэд дотоодын лавлагаа шатлалын эмнэлгүүдээрээ яваад солилцоод үзмээр ч юм шиг санагдсан. Хоёрдугаарт, сэтгэл хэрэгтэй. Намайг анагаахад сурч байхад аавын минь найз “Ухаантай, чадвартай эмч болгон сайн биш байдаг юм шүү.


Миний дүү мэдрэмжтэй, сэтгэлтэй л байх хэрэгтэй” гэсэн. Ажлаа, ажилбараа, мэс заслаа сайн хийдэг эмч нар байна. Гэхдээ өөрийн, өрөөлийн ч бай өвчтөнд тусламж үзүүлэхдээ үнэхээр энэ хүнийг яг юу зовоогоод, өвтгөөд байна. Яавал тэрийг нь жаахан нимгэлээд хөнгөлөөд өгөх вэ гэж хандах хэрэгтэй. Энэ бас эмчийг, эмчилгээний үр дүнг сайн болгодог. Мөн бусадтай мэдлэгээ хуваалцдаг байх нь маш чухал. Та юмыг ганцаараа мэдээд ойлгоод байгаа ч бусад чинь таньтай ижил бодол санаа, төсөөлөлтэй байхгүй л бол үр дүн сайн гарахгүй гэсэн үг. Тиймээс нэг ч гэсэн юмыг хуваалцах хэрэгтэй. Залуу хүмүүс нэг дор ажиллахын давуу тал нь цайгаа уугаад сууж байхдаа уншсан зүйлийнхээ талаар ярилцаж, мэдлэгээ хуваалцдаг. Ганцаараа юм уншаад очоод хийх айдас хүйдэстэй. Харин олуулаа ярьж байснаа бүгд зэрэгцэж зогсож байгаад “За ингээд нэг үзчих үү” гээд хийх хамтын хүч шал өөр. Нэг шинэ юм туршихад хүртэл ондоо байдаг.



Рагчаагийн ОЮУН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин