“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа БНХАУ-д зохион байгуулагдсан 2026 оны зуун буудалт даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан оюунлаг охин Б.Оюун-Үжинг онцолж байна.
БНХАУ-ын Шинтай хотноо болсон өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олон орны шилдэг даамчид цуглаж, оюуны чадвар, нүүдэл тооцоолох хурд, тэсвэр хатуужлаа сорьсон юм.
Энэ удаагийн тэмцээний өсвөр үеийн охидын 9-10 насны ангилалд өрсөлдсөн Ө.Оюун-Үжин рапид төрөлд алтан медаль хүртэж, дэлхийн аваргын тавцанд Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ.
Мөн блиц төрөлд мөнгөн медаль хүртэж, хоёр төрөлд дараалан шагналын тавцанд зогссон юм. Ийнхүү бяцхан тамирчин дэлхийн аваргаас нэг алт, нэг мөнгөн медаль хүртэж, ур чадвараа олон улсын хэмжээнд батлан харууллаа. Зуун буудалт даам нь тоглогчоос нүүдэл бүрийн цаадах боломжийг урьдчилан тооцоолох, өрсөлдөгчийнхөө үйлдлийг анзаарах, зөв шийдвэрийг богино хугацаанд гаргах чадвар шаарддаг спорт. Тоглолтын явцад нэг нүүдэл дараагийн олон боломжийг нээж, өчүүхэн алдаа ч өрсөлдөгчдөө давуу байдал олгох эрсдэлтэй. Тиймээс даамчин хүн тэвчээртэй, анхаарал төвлөрөл сайтай байхаас гадна нөхцөл байдлыг хурдан үнэлж, оновчтой шийдвэр гаргах хэрэгтэй болдог.
Рапид болон блиц төрөлд тамирчдаас хурд, тооцоолол, анхаарлаа төвлөрүүлэх чадварыг зэрэг шаарддаг. Тоглолтын хугацаа богино учраас нүүдэл бүрийнхээ хувилбарыг сайтар тооцоолохын зэрэгцээ цагийг зөв хуваарилах нь чухал. Ийм өрсөлдөөнд хоёр медаль хүртсэн Б.Оюун-Үжингийн амжилт түүний оюуны спорт дахь ур чадварыг харуулж байна.
Өсвөр насандаа дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртсэн түүний амжилт Монголын даамын спортын ирээдүйд итгэл нэмлээ. Дэлхийн дэвжээнд эх орноо төлөөлөн өрсөлдөж, амжилт гаргасан цаашид илүү ихийг суралцаж, ур чадвараа ахиулах урам зориг болох биз ээ.
Б.Оюун-Үжиний өмнөх амжилтуудаас дурдвал, 2024 онд Польш улсад зохион байгуулагдсан 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үндсэн болон рапид төрөлд алтан медаль, блиц төрөлд мөнгөн медаль хүртсэн юм. Мөн тухайн жилийн дөрөвдүгээр сард болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ. Үүнээс гадна 2026 оны наймдугаар сард Шинтай хотод болсон “Xintai Cup” дэлхийн цомын тэмцээний 13 хүртэлх насны охидын ангилалд мөнгөн медаль хүртэн, олон улсын тэмцээнүүдэд тогтмол амжилт гаргаж, дэлхийн тавцанд туршлага хуримтлуулсаар ирсэн оюунлаг охин билээ. Оюун ухаан, тэвчээр, нягт нямбай тооцоолол шаарддаг даамын спортод авьяас, хөдөлмөрөө сорьж яваа бяцхан тамирчин Ө.Оюун-Үжинд цаашдын тэмцээн, уралдаанд нь өндөр амжилт хүсье.
П.АМГАЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Баасан - 11 сарын 20,
2026
Сэтгэгдэл0