Ухаалаг, боловсролтой, сайхан сэтгэлтэй эцгийн буянаар, ажилсаг, энэрэнгүй, өөдрөг сэтгэлтэй ээжийн ачаар ерөнхийдөө зөв хүн болж төлөвшсөн болохоор насан туршдаа миний бие муу, муухай, хүний мөсгүй гэхээр үйлдэл нэгийг ч хийгээгүй. Миний танилууд энэнийг мэддэг, үнэлдэг юм. Боловсролын хувьд байнгад л суралцаж ирлээ. Шалгалт бүрийг л онцсайн дүнтэй өгч байв. Энэнийг багш нар маань үнэлдэг, магтдаг байлаа. Эрхэлж ирсэн ажлын хувьд муу үг, шүүмжлэл ер сонсоогүй. Сайшаалын үнэмлэх, баярын бичиг, салбарын тэргүүний ажилтан цол, тэмдэг, ойн медалиуд, төрийн одонгуудаар шагнагдаж явлаа. Судалгааны ажлын явцад, үр дүнгээр нь 62 ном бичиж хэвлүүллээ. Заримыг нь экспертүүдээр хэлэлцүүлж, санал, шүүмж, сэтгэгдлийг нь яг тэр хэвээр нь нийтлүүлж байв. Судалгааны гэгдэхээр өгүүлэл 500 шахмыг бичиж хэвлүүлжээ. Олон сэдвээр, олон өнцгөөс үзэж, судалж, нотолгоо, баримттайгаар бичсэн юм.
Монгол хүн, монгол угсаатан, монгол төр улсын гарваль, түүхийг аль болохоор л үнэнд ойртуулж, аль болохоор л өнгөрсөнрүү уртасгаж үзэх, бичихийг эрхэмлэж ирлээ. Энэ бүхэн бол миний 50 гаруй жилийн турш дахь эрдэм шинжилгээний ажлын үр дүн юм.
Одоо бидний амьдарч байгаа нийтийн орон сууц барих ажилд боломжийн хэрээр оролцож, 3 талд нь 100 орчим мод, бут, зүлэг тарьж ургууллаа. Энэ ажлыг маань УБ хотын захиргаа үнэлж, бүтээлч ажлаар тооцож, батламж бичиг өгсөн юм. Эх оронч монгол хүн нэг бүрийн эрхэмлэж байх ёстой, үр хүүхэд, залууст сургамж болж байх учиртай асуудлуудаар судалгааны өгүүлэл бичих, нийтэд хүргэх ажлыг л 80 гарсан насандаа хийж байна. Товч намтар маань энэ. Одоо монголчууд маань аймаг, сум, ястан гэх мэтийн жалгын довын гэхээр үзэл, хандлагаа орхиод Монгол орноо, Монголын нийгмээ бүхлээр нь, нийтээр нь өөд нь татаж, хөгжүүлж, XXI зууны соёл-иргэншлийн түвшинд хүргэж төгөлдөржүүлмээр байна. Хотууд нь, хөдөө нь яг л орчин үеийн шаардлагад нийцсэн амьдрах орчин, дэд бүтэцтэй болмоор байна. Сийрэг, тархуу байдал маань дутагдал биш, давуу тал, боломж болж ашиглагдаасай. Энэчлэн л бодож, санааширч суух юм даа… Өнөөдрийг хүртэл миний бие том, жижиг ямарч асуудлаар байнгад л ард түмнийхээ талд, ядуусын талд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн талд дуугарч, зогсож, хэр чадлаараа л тэмцэж ирлээ. “Ноёдтой муудалцвал толгойгүй, нохойтой муудалцвал хормойгүйн” үнэнийг ч мэдэрч л явлаа. Нийгмийн ухаанаар мэрэгжсэн сэхээтэн хүний үүргийг биелүүлж ард иргэдээ соён гэгээрүүлэх хэрэгт 60 гаруй жил зүтгэлээ. Бичиж хэвлүүлсэн 62 ном, 500 шахам өгүүлэл маань шинжлэх ухааны үнэн мэдлэг, зөв мэдээллийг л агуулж байгаа. Суртал нэвтрүүлэгч гэгдэж 20 гаруй жил улстөр-гэгээрлийн дугуйлангуудад хичээл зааж, албан байгууллагуудад цаг үеийн асуудлуудаар лекц уншиж байлаа.
1976-1990 оны хооронд (15 жилийн дотор) 60 орчим албан газарт 177 удаа лекц уншсан тэргүүний суртал нэвтрүүлэгчээр шалгарч УБ хотын намын хорооноос сайшаалын үнэмлэх, үнэ бүхий зүйлээр шагнагдаж ч явлаа.
Өмнө товчхон дурдсан зүйлүүдийг хийж амжаад л байгалиас олгогдсон нас, амьдрал минь дуусчихаж байгаа юм даа! Богинохон ч юм, түргэн ч өнгөрөх юм. Нэг жил гэх хугацаа богинохон болохоор л 100 жил гэх их тоо яригдаж буй болохоос биш, нэг жил гэх хугацаа одоогийн 24 сараар хэмжигддэг байсан бол ердөө л 50 жил, 50 нас шүү дээ! “Ингэхэд нэг жилийг 6 сартай болгочихож байгаад 200 насалвал яасан юм бэ?” гэх хошигнол ч байдаг билээ… Том дарга байж үзээгүй, өндөр алба хашиж яваагүй атлаа олон удаа бага гэхээргүй хэмжээнд хэлмэгдэж, хавчигдаж явсныг минь мэдэх хүн цөөхөн, тэр тусмаа тэр бүхний шалтгааныг ойлгож байсан хүн бүр ч цөөхөн байж билээ. 4-р курсын оюутан байхдаа төрийн нууц тоо, баримт ашиглаж задруулсан гэх хардлагаар Ганц худагийн шоронд 126 хоног хоригдож байсныг учрыг ойлгож, бүр өөрөө намайг хэлмэгдүүлчихсэн юм шиг уучлалт гуйж байсан хүн бол тэр үеийн Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга байсан Д.Цэвэгмид гуай байв. Эхийн эндэгдэл, нярайн эндэгдэл, халдварт өвчний талаарх тоо, харьцаа, 5 жилийн төлөвлөгөөний биелэлтийн талаарх урьдчилсан тайлан мэтэд дурдагдсан зүйлүүдийг хуваариа олж эрдэм шинжилгээний хурал дээр нийтэд мэдээлсэн гэх хэргийг минь Цэвэгмид гуай албан контордоо надаас бараг 2 цагийн хэртэй удаанаар сонсож дуусаад “чамд буруу алга, чамайг сургуулиас хассан шийдвэрийг би хүчингүй болгуулна. Маргааш үдээс хойш Содном захиралтай очоод уулз. Хичээлдээ суу” гэж шууд хэлж билээ. “Чи үнэнд дуртай хүү байна. Гэхдээ олж мэдсэн үнэнийг ашиглана гэдэг амар зүйл биш шүү. Цагийн аясыг, дарга нарын үгийг дагуулж сур гэж би чамд зөвлөхгүй. Гэхдээ болгоомжтой байж сур” гэж хэлээд надруу илт өрөвдсөн нүдээр харсныг би огт мартдаггүй юм. Эрдэмтэн, зохиолч Дондогийн Цэвэгмид гэж тийм хүн, сайн хүн байсан даа. “Ийм хүн олон байвал мөн ч сайхан юм” гэсэн бодол надад шууд л төрж билээ. Иймэрхүү хүмүүсийн ачийг хариулахын тулд тун шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй гэж би өөртөө хэлсэн юм. Ирэх жил нь Цэвэгмид гуай МУИС-ийг төгсөгчдийн хуралд оролцож үг хэлээд надад “онцсайн” төгсөгчдөд өгдөг улаан диплом гардуулж “чамаас их зүйл хүсэж, хүлээх болно шүү” гэж аяархан хэлээд инээмсэглэж билээ. Иймэрхүү сайхан дурсамж надад бас ч гэж олон бий шүү…
Надад ямар ч буруу байхгүйг нь хожуу л би сайн ойлгосон юм. Тэр тоо баримтуудыг нууцалдаг болохыг би мэдэхгүй, нууцыг задруулахгүй байхыг надад хариуцуулаагүй, тийм үүрэг хүлээгээгүй болохоор Дипломын өмнөх практикийн үеэр олдсон тоо, баримт, мэдээг л би эрдэм шинжилгээний хурал дээр дурдсан байв.
Эцэстээ энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Намайг хэлмэгдсэнд тооцож 2003 онд байхаа нөхөн төлбөр гэж 500.000 төгрөг өгч билээ. Улстөрийн хэрэгт оюутан байхдаа холбогдож, сэжиглэгдэж байсан “Чулуунжавыг эрдмийн зэрэг хамгаалуулж болохгүй” гэсэн тушаал дээрээс ирсэн гээд “урьдчилсан хамгаалалт хийгээд, автореферат хэвлүүлээд тараачихсан” байхад минь (1983 онд) цааш нь үргэлжлүүлэхийг хориглосон шийдвэрийг сонсоод Эрдмийн зөвлөлийн дарга, миний сэдвийн удирдагч, доктор, Философи, социологи, төр эрхийн хүрээлэнгийн захирал Ч.Жүгдэр гуай надад удаах сонин үгийг хэлсэн юм. “Чи үнэнд хэтэрхий үнэнч хүн. Албан ёсны үзэл суртал, дарга нарын үг дагаж, бусдад цаасан малгай өмсүүлж, ая тал засаж явах зан ааш чамд байхгүй. Энэ бол зөв ааш авир, хүмүүжил. Ийм хүмүүжилтэй янзаараа л амьдар. Том алба, их цалингүйгээр, гэхдээ олон ном, бүтээлтэй байх нь л чамд зохино. Эрдмийн зэрэг, цол дахьж битгий горил” гэж хэлээд далыг минь алгадаж билээ. Хожим нь сонсохноо Жүгдэр гуай өөрөө багагүй хэлмэгдэж явсан хүн байв. Тэр хэрээрээ ч миний байдлыг сайн ойлгож байсан бололтой. Аспирантурын уралдаант шалгалтыг (гурван шалгалт) онцсайн дүнтэй өгсөн чинь гадаадад суралцахыг минь хориглов. Эчнээ аспирант болж дотоодод хамгаал гэсний нь дагуу диссертаци бичээд урьдчилсан хамгаалалтанд орсон чинь цааш үргэлжлүүлэхийг минь мөн л хориглов. Дэд эрдэмтний минимум гэх гурван шалгалтыг ч би бүгдийг “онц” өгсөн юм. Дээр дурдсанчлан энэ хоёр хүн л намайг зөв хэргийн төлөө хохирсныг минь ойлгож, дэмжиж, урам өгч билээ. Гэхдээ би гуниж, гутарч байгаагүй юм. Хэнд ч тохиолдож болох бэрхшээл гэж л бодож, өнгөрөөж байв. МУИС-ийг 5 жил онц суралцаж, улаан дипломтой төгсөөд сонирхлынхоо дагуу ажилд орох гэж бас л нилээд зовсон юм. Цэдэнбал даргын нутгийн хүн, том дарга асны оролцоо л надад ШУА-ийн философи, социологи, төр эрхийн хүрээлэнд ажилд орох боломж олгож билээ. Энэчлэн дурсвал олон зүйл ярьж болно л доо. Гэхдээ энэ сонин биш. Тийм нийгэм, тийм хүмүүс, өрсөлдөөн, атаархал, нэр төр, атаа жөтөө, нутгархал, жалга довын үзэл санаа их л хүчтэй байжээ. “Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй” гэх үг одоо ч мөн биелсээр, үнэн хэвээрээ л байсаар байна даа… “Чи бүх насаараа л үнэний төлөө тэмцлээ. Ялалтанд ч нэг их хүрсэнгүй, харин зүйл зүйлээр л хохирлоо. Чи надтай адил эмч болоод өвчнүүдийн эсрэг л тэмцэх байсан юм. Олон ч хүний амь аврах байсан даа, чам шиг мэриймтгэй хүн. 600 шахам ном, өгүүлэл бичиж хэвлүүлэх, 600 хүнийг өвчин, зовиураас салгах хоёрын аль нь чухал байх вэ?!” Энэ үгийг мэс заслын эмч Д.Болд маань хэлж билээ. “Өндөр албан тушаал ч хашсангүй, их цалин мөнгө ч авсангүй. Ингэж их суух, бичих хэрэг байсан юм уу? Над шиг бизнес хийсэн бол дээр байсан юм!” Яг ингэж тэрбумтан болсон нэг танил маань намайг шүүмжилж байв. Хүмүүс үр хүүхдүүддээ л эд баялаг, газар, сууц, их мөнгө үлдээх гэж л зүтгэдэг юм байна. Гэтэл та юу үлдээж байна вэ?” Ингэж төрсөн дүү минь эгдүүцэн хэлж билээ. “Их мөнгө зарагдаад дуусдаг, байр сууц элэгдээд хуучирдаг, эд хэрэглэл ч хуучраад л хаягддаг. Гэтэл хэрэгтэй, чанартай, үнэн мэдлэг, зөв мэдээлэл агуулсан номыг бол хэд дахин ч хэвлүүлж болно, хэдэн ч хувь олшруулаад борлуулж болно, хэдэн ч хэл дээр хөрвүүлж өөр улс оронд зарж мөнгө болгож болно, 100 жилийн дараа ч гэсэн таваар байх шинж нь хадгалагдсаар л байх болно. Ингэхлээр миний 62 ном ач, зээ, ачланцар, зээнцэр нарын хувьд ч мөнгө олж өгөөд л байх болно” гэж би хүмүүст хэлдэг юм. Томоохон зохиолчдын бичсэн уран зохиолын номууд үр хойчсыг нь тэжээсээр л байдаг жишээ, баримт олон шүү дээ. Бичиж хэвлүүлсэн өгүүллүүдэд үнэ цэнэтэй санаа, дүгнэлт, дэвшүүлсэн чухал асуудал ч олон байгаа.
“Байгалийн хувьслын философи”, “Монголын түүхийн философи”, “Дэлхийн түүхийн философи”, “Нийгмийн философи”, “Монголын эртний түүхийн философи”, “Иргэний нийгэм ба ардчилсан бие хүн”, “Монголын улс төрийн философи”, “Монгол улсын үндсэн хуулийн онол, практикийн асуудлууд” гэх мэтийн номыг уншсан хүмүүс бүгд л ам сайтай, чухал бүтээл болжээ гэцгээдэг юм.
Дараах нэмэж засварласан хувилбарыг нь би ивээн тэтгэнээ гэж хэлдэг нөхөд ч цөөнгүй байв. Олон номыг минь тэд ивээн тэтгэж хэвлүүлсэн юм шүү. Нийгмийн амьдралд гарч байсан дэвшилттэй бүхнийг л дэмжиж байсныг минь зарим хүн цаг цагт нь шүүмжилж, болгоомжтой байхыг анхааруулж, мөн л нөгөө “Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй”-г сануулж, сэтгэл зовж буйгаа илэрхийлдэг байв. Ардчиллын анхдагчид гэгдэх болсон залуустай 1988, 1989 оноос л холбоотой байж, энд тэнд (гэрээр) цугларсан үед нь очиж тэдний сонирхсон асуудал бүхэнд хариулт, тайлбар өгдөг байв. Тэд надтай ярилцах, зөвлөлдөх дуртай, хааяа урьдаг, ний нуугүй ярилцдаг, анхны ухуулах хуудас наагаад илчлэгдсэн өдрөө нэг нь манай хүрээлэн дээр ирж хэн илчилсэн, мэдээлэл өгсөн байж болохыг надаас асууж байсан юм… Монголын ардчилсан холбооны (МоАХ) анхдугаар их хурал 1990 оны 2-р сарын 18-нд хуралдахад надад урилга ирүүлж, би уг хуралд оролцож байв. Хожуу нь 1992 оны 10-р сарын 25-26-нд ардчиллын төлөө намуудын нэгдсэн их хуралд урьж би мөн оролцсон юм. Энэ хоёр урилга одоо ч надад байгаа. Сүүлийн урилга нь цагаан морьны зурагтай. Ардчилал сонины эрхлэгч байсан Амарсанаа, Бат-Үүлийн авгай хоёр дурсамжиндаа миний талаар дурдсан нь буй. Ардчиллынхан гэгдэх залуусын ихэнхийг нь би сайн мэднэ. Тэдний дунд үнэнийг дээдлэгч, шударга, уйгагүй хөдөлмөрч хүн тун цөөхөн байсанд нь би их харамсдаг юм. Яаж ийгээд баяжих хөрөнгөжихийг л эрмэлзсэн нь олонхи нь, бүр дийлэнх олонхи нь (90 хувь нь) байсан юм шүү. Тэд баяжих, хөрөнгөжих зорилгоо л биелүүлцгээсэн дээ. Анхны гэгдэх 10-аадхан нь хүртэл хоорондоо эв түнжингүй болцгоосон, нэр төр, албан тушаал, эд мөнгө л тэднийг эвдрэлцүүлсэн юм. Зарим нь энэ тухай надад яриад хоолой нь зангирч, нулимс унагааж байж билээ. Нэр нэрээр дурдаж хэн болохыг би энд бичээд яах билээ. Ихэнх хүмүүс тэднийг мэднэ дээ… Тэд одоо элдэвээр хэлэгдэж, гоочлогдоод явцгааж л байна. Нэг хэсэг нь надтай тааралдаад чимээгүй л зөрцгөөдөг юм. Миний нүдэн дээр яаж яаж хувьсан, юу юу хийснээ мэддэг, зарим нь ичдэг, зовдог ч байх. “Чука ах бүгдийг ойлгож байгаа, надад таагүй ханддаг болсон нь тодорхой” гэж боддог нь илт мэдрэгддэг юм. Нэг нийгэм огт өөр нийгмээр солигдоход хүмүүс өөрчлөгдөлгүй л яах билээ. Гэхдээ зарим нь ч жигшмээр муухай өөрчлөгдсөн, итгэмээргүй өөр хүн болсон юм. 1988, 1989, 1990 онд юу ярьж, юунд итгэж, хэн байсныг нь бодохлоор л гуниг төрдөг, зэвүү хүрдэг болчихож билээ. Өндөр цалин, хангамжтай том дарга болох, хулгай, луйвраар ч болов баяжих, хөрөнгөжих, хуурч мэхлээд ч болов нэр хүнд олох , гавьяа, шагнал авахыг л бодсон залуусын дараачийн ээлж нь ч гарч ирлээ.
Монгол маань үнэн, мөнд суурилсан, зөв, зохистойг дээдэлсэн, бодит байдлыг тооцож, төлөвлөж чаддаг нийгэм, улс орон болоход мөн ч хэцүүхэн л байна даа. Тийм төлөв байдлаас мөн ч хол байна.
Миний сэтгэл, хөдөлмөр, зүтгэлийг ойлгож дэмжиж ирсэн хүн тун олон буй. Мөн огт ойлгохгүй, бараг л “чамайг энэ бүхнийг хий, бич, хэвлүүл гэж хэн даалгасан юм бэ?” хэмээн зэмлэнгүй авирлаж байсан хүн ч цөөдөхөөргүй тоотой байж билээ. Тэдний дунд ШУА-ийн ерөнхийлөгч, Боловсролын яамны сайд байсан хүн ч байсан даа. “Чиний энэ бичсэн номнууд чинь төлөвлөгөөт сэдвийн дагуу юм уу, аль эсвэл чи дур зоргоороо олон ном бичээд байгаа юм уу?” гэж сүржиндүү асууж байсан хүн бол ШУА-ийн ерөнхийлөгч, академич нэгэн байж билээ. Намайг бараг л хэрэггүй юм хийж байна гэж хэлэх нь холгүй байсан юм. “Байгалийн хувьслын философи”, “Монголын түүхийн философи”, “Дэлхийн түүхийн философи”, “Монголын улстөрйин философи”, “Нийгмийн философи” гэх мэтий номнууд яагаад ч юм түүний тушаал, оролцоогүйгээр бичигдсэн, хэвлэгдсэн байх ёсгүй юм шиг өөрт нь санагдсан бололтой. Хэвлүүлсэн зардлыг нь би хувиараа гаргасан болохоор л тэр хүн сүрдүүлэх өнгө аясаа зөөлөрүүлж билээ. Энэ номнууд танд таалагдахгүй байна уу? гэж асуусан чинь “би уншаагүй, гэхдээ энэ номнууд надад байгаа” гэж хариулж байв. ШУА-ийн хэд хэдэн ерөнхийлөгч тэр албан тушаалдаа илт жижигдсэн, намын шугамаар л томилогдсон хүмүүс байлаа. Гэхдээ одоо ч гэсэн түүхийн хүрээлэн, философийн хүрээлэнд иймэрхүү сэдвээр судалгаа хийгдээгүй хэвээрээ л байгаа юм. Нийгэмд, хүмүүст хэрэгтэй ном бүтээлийг хэн ч гэсэн өөрөө санаачлан бичиж, хэвлүүлж болно л доо. Энэнд эгдүүцэх биш, харин дэмжих ёстой баймаар. Ийм үйлдэл алхмыг би 40-өөд жилийн туршид Шинжлэх Ухааны Академийн удирдлага, хүрээлэнгийн удирдлагын зүгээс олж харсангүй, мэдэрсэнгүй. Эрдэм шинжилгээний байгууллага, шинэ мэдлэгийн төлөөх байгууллага гэхэд харамсмаар, сэтгэл гонсойхоор үг, үйлдэл бүхий хүмүүс олон байсан нь мөнхүү цаг үеийн сүүдэртэй тал, согог юм даа. Аав, ээж хоёртойгоо нийлээд арван хоёулаа нэг гэр бүл гэгдэж явсан үе маань түүх болон үлджээ. Одоо байгаа нь ах дүү дөрөв. Аав минь 20 гартлаа лам, 22-тойдоо хар, 30 гаран насандаа хамтралын дарга, дараа нь 13 жил багийн дарга, үргэлжлүүлээд мужаан, дархан зураач, илээч, бариач, эсгүүрчин гэхчлэн хийгээгүй ажил бараг л байхгүй. Манайх үхэртэй, адуутай, цөөн тэмээтэй ч байсан. 10 хүүхдээ өсгөх, сургах, хооллох, хувцаслахын тулд аав ээж хоёр минь 1932-1975 оны хооронд ёстой л “борив бохис хийхгүй” хөдөлмөрлөжээ.
Таван хүүхдээ дээд боловсролтой болгож чадсан нь тэр цагтаа сумандаа ижилгүй дээд амжилт, нэг ”ёсондоо рекорд” үзүүлэлт байжээ. Аав минь бүх насаараа л суралцсан хүн. Бичиг үсэг гэхэд л яг тэр үеийн онцлогоор төвд бичиг, төвд хэл, уйгаржин монгол, тод монгол, латин үсэг, эцэсдээ кирилл үсэг бичиг сурчээ.
Аль алинаар нь уншиж, бичиж чаддаг байлаа. Зан заншил, ёс суртахууны хувьд аав минь, бас ээж минь тун даруухан хүмүүс байв. “Муу хэлэгдэж хар хэл аманд өртөх, ихээхэн магтагдаж цагаан хэл аманд өртөхийн” аль алинаас нь ихэд болгоомжлох сэтгэл, хүмүүжил аль алинд нь тун ч бөх бат суусан хүмүүс байсан юм. Даруухан, тусархаг, хүмүүнлэг байхыг л өөрсдөө хичээдэг, хүүхдүүдээ ч тийм болгохыг эрмэлзэж, бүр шаардаж шавдуулдаг байж билээ. Ганц жишээ дурдъя. Би байнгад онц сурдаг. Баярын бичиг, сайшаал үнэмлэхээр бараг л улирал бүхэнд цагнагддаг. Бага ангид байхдаа сонинд боосон чихэртэй боорцог, цаастай чихрээр, дунд сургуульд байхдаа ном, дэвтрээр, 10 дугаар анги төгсөхдөө алтан медалиар, их сургууль төгсөхдөө улаан дипломоор шагнагдаж байв. Аав, ээжийн танилууд намайг их магтдаг, үүнд ээж минь их дургүйцдэг. “Цагаан хэл ам тусах вий дээ” гэж их болгоомжилдог байлаа. Эрдмийн зэрэг хамгаалахыг минь хориглосон шийдвэр сонсоод ээж баярлаж “Эрдэмтэн энэ тэр гэгдээд хэрэггүй. Сайн л юм болж. Миний хүүд цагаан хэл ам тусахгүй байх нь л чухал” гэж аавд хэлж, аав ч “тийм ээ тийм” гэж байж билээ. Аав ээж хоёрын маань тийм сэтгэл, хүмүүжил надад шууд л халдварласан юм. Би өнөөдрийг хүртэл энгэртээ одон, медаль ер зүүж явсангүй. Шагнал авсан өрөөнөөс гараад л аваад кармаалчихаж байлаа. Бусдад атаархал төрүүлэхээс болгоомжилдог сэтгэл бүр хүүхэд байх үеэс л надад бат суужээ. Бичсэн, хэвлүүлсэн номоо хэлэлцүүлэхдээ магтсан үг, үнэлгээ хэрэггүй, алдаа, дутагдыг нь л сайн илчлээрэй, шүүмжлээрэй гэж хүсдэг байлаа. Ортой ч бай, оргүй ч бай шүүмжлэл сонсох нь хүнд их юм бодуулдаг, шинэ санаа ч их төрүүлдэг юм шүү. Ном бүтээлээ хэлэлцүүлээд ганцхүү магтаал үг хэлсэн экспертийн үгийг ер нийтлүүлж байгаагүй юм. Огт ойлгоогүй атлаа магтаж үг хэлдэг хүмүүс ч байсан юм шүү. Тийм хүний өмнөөс нүүр улайдаг байж билээ. Өвгөдийн маань товчхон, тодхон хэлчихсэн зүйр цэцэн үг, сургамжийн үгнүүд гарцаагүй л үнэнд ойрхон байдаг, ихийг бодуулдаг юм. Муу, буруу юм их хийвэл (хар хэл аманд орно) олон дайсантай, өшөөтөнтэй болно, гэхдээ хэтэрхий их магтагдвал (цагаан хэл аманд өртөх) атаархагчдын хорлолд орж ч мэднэ гэх нь өнөөдөр ч миний амьдралд байж л байна. Найз нөхдийн маань зарим нь намайг бүр загнадаг юм.
“Чамайг шагнуулах ажлыг би хөөцөлдөе. Гавьяат болох, хөдөлмөрийн баатар болох болзлыг чи бичиж хэвлүүлсэн номныхоо тоогоор ч, чанараар ч хангачихаад байна шүү дээ. Яагаад танайхан чамайг тодорхойлдоггүй юм бэ? Битгий даруу зан гарга!” гэж нэг нь хэлэхэд бусад нь нэгэн дуугаар дэмжсэн тохиолдол ч гарсан юм.
“Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөл хоёр удаа намайг гавьяатад тодорхойлсон. Тухай бүрдээ л таг болсон. Би ямар араас нь хөөцөлдөх биш” гэсэн чинь хөөцөлдөх л хэрэгтэй. Хөөцөлдөх, лавлах нь битгий хэл мөнгө амладаг, авилга ч өгдөг юм гэцгээж билээ. Манайхан шагнал, одон, гавьяат цолонд үнэхээр “нугасгүй нь” хачирхмаар шүү. Бусад улсад ч бас л тийм ч байж болох юм. Бид ямар мэдэх биш... Хүн хийсэн, бүтээсндээ л баярлаж явахаас биш авсан шагналдаа баярлах биш шүү дээ! Хүмүүс ном уншихаа больчихоод байхад чи ном бичиж яах нь вэ? гэж асуудаг хүн олон байсан, юуг нь нуух билээ? 62 ном, 500 шахам өгүүлэл бичиж хэвлүүлчихээд байхад минь тэр бүхэнтэй огт тааралдаагүй хүмүүс” захаас аван, замаар нэг” л байсан нь үнэн юм шүү. Дунд сургуульд надтай нэг ангид байсан, дээд боловсролтой хүмүүс ч тэдний дунд байж билээ. Харин цахимаар (sonin.mn) сайт уншигчдын тоо, хэмжээ овоо өссөн юм. Гэхдээ яг л үнэн мэдлэг, зөв мэдээлэл агуулсан өгүүллэгүүдийг минь хүртэл үгүйсгэсэн, бүр хараасан, зүхсэн сэтгэгдэл мөн ч олон байсан даа. Гомдохоосоо илүү тэр хүмүүсийг өрөвддөг, нэг ч удаа хариу болгож нэг ч үг хэлж байсангүй. Таныг харааж зүхэж байгаа хүмүүсийн үгийг ер битгий тоогоорой, бичээд л байгаарай гэж хэлдэг хүн ч олон байсан. Би тун олон сэдвээр бичиж байсан болохоор янз бүрийн л ажил, мэргэжлийн хүмүүс сэтгэгдлээ бичиж байсан байх. Тэдний дунд лам хүн ч байгаа нь мэдрэгддэг байлаа. Иргэд маань боловсролын хувьд ч, ёс суртахууны хувьд ч, соёл хүмүүжлийн хувьд ч уруудаж, доройтож байгаа нь хэлж байгаа үг, хэрэглэж байгаа үгсээс нь шууд л харагддаг болохоор харамсал, гуниг зэрэг л төрөх юм даа. Үнэн мэдлэг, зөв мэдээлэл, шинэ, сонин зүйлсийг ард иргэдтэйгээ хуваалцаж байгааг минь ойлгоод талархлаа утсаар илэрхийлж байсан хүмүүсийн олонх нь эмэгтэйчүүд байж билээ. Эмэгтэй хүний нинжин сэтгэл аргагүй л сайхан, өгөөмөр зүйл дээ! Монгол хүний оюун санааны ертөнцийг хэр чадлынхаа хэрээр гэгээрүүлэх гэж оролцсоор 81 хүрлээ. Одоо ч энэ зорилгодоо захирагдаж үнэн мэдлэг, зөв мэдээллийг тараасаар, худал хуурмаг бүхэнтэй тэмцсээр л явна. Парламентын гишүүн болон сайдын албан тушаалыг хүмүүс хавсран гүйцэтгэх нь юунд хүргэдийг Франц улс удтал туршаад болдоггүй юм байна гэдгийг нь нотолж бүр үндсэн хуулиараа хориглосон юм. Энэнийг би 20-од жилийн туршид олонтой ярьж ухуулсаар л байна. 2026 оны 9 дүгээр сарын байдлаар төр засаг маань яаж хямарч байна даа! Манайхан бусдын туршлага, алдаа, онооноос суралцаж чадахгүй юмаа! Сайд болж луйвар хийх гэсэн хүсэлдээ хэдэн хүн хөтлөгдөж байна вэ? Бараг л 126-уулаа шүү! Монголчууддаа би чадлынхаа хэрээр олон зөв зүйл сонсгосон, зөвлөсөн юм. Даанч сонссон, ажил төрөлдөө ашигласан, амьдралдаа авч хэрэглэсэн тохиолдол тун бага байсан даа. Амьдралын түвшин буурсан, мөнгөний төлөө л элдвийг сэдсээр ном, сонин уншихаа больсон хүнд, бэрх цаг үедээ. Боловсрох, гэгээрэхэд зарцуулах цаг, боломжгүй болчихсон хүмүүс жилээс жилд уруудах, доройтохоос өөр зам байхгүйг ойлгох, тооцох, өрөвдөхөөс биш, тэднийг үзэн ядаж, жигших сэтгэл надад харин ер байгаагүй юм шүү.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Мягмар - 10 сарын 13,
2026
Сэтгэгдэл0