-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-81 дүгээр 6 чуулганд оролцож Монгол Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааг илтгэсэн үг хэлжээ.
-Эдгээр 6 чуулганы гуравт нь миний бие дагалдан оролцох завшаан тохиосон.
-Энэ удаагийн нэг онцлог нь манай улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ойн босгон дээр оролцсоноороо онцлог.
-Тэгээд ч би судлаачийн өнцгөөсөө энэ удаагийн 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд илтгэсэн үгсийг тайлбарлая.
Монгол Төрийн тэргүүн дэлхийн хамтын нийгэмлэгийн их хуралд оролцохдоо олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар манай улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм-эдийн засгийн байдлын талаар үг хэлдэг уламжлалтай. Энэ удаагийн 81 дүгээр чуулган “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, бүгдэд хүртээмжтэй НҮБ-ыг цогцлоохуй” сэдвийн дор зохион байгуулагдаж Төрийн тэргүүний маань үг тэр агуулга дээр төвлөрчээ. Үүнд НҮБ-ыг бэхжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэл гаргах, олон улсын харилцааг олон ургальч үзлийг хүндэтгэсэн олон тулгуурт зарчмаар хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагаа, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, хүүхэд, эмэгтэйчүүд, далайд гарцгүй орнуудын хөгжил зэрэгт улам илүү анхаарах шаардлагатайг онцолжээ.
НҮБ үүргээ гүйцэтгэж чадахгүй байна, үр дүнгүй боллоо гэдгийн эсрэг манай улс зогсож ирсэн ба энэ удаа ч тэр байр сууриа “НҮБ-ыг улам хүчирхэгжүүлж, хүчирхэг НҮБ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг илүү үр өгөөжтэй ханган хэрэгжүүлж, үр шимийг нь гишүүн орон бүр хүртэх нөхцөл бүрдэх болно” гэж илэрхийллээ.
Дэлхий ертөнц амаргүй цаг үед байгааг бас хүлээн зөвшөөрлөө. “Зөрчил мөргөлдөөний аянга цахилж, үл итгэлцлийн хана улам өндөрсөж, үл ойлголцлын ангал улам гүнзгийрч байгаа энэ үед олон улсын харилцааг талцал хуваагдал руу чиглүүлсэн олон туйлт бус, харин аливаа улс орны үүх түүх, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэсэн, олон тулгуурт зарчмаар цогцлоон хөгжүүлэх нь нэн чухал”, “Хүн төрөлхтөн хөгжил дэвшлийн өндөр түвшинд хүрсэн хэдий ч энэ цаг үед манай гараг дээр 90 гаруй зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаагийн 30 гаруй нь олон улсын шинжтэй болсон нь дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал тогтворгүй, геополитик, геостратегийн өрсөлдөөн улам хурцдаж байгааг илтгэж байна”, “олон улсын харилцаанд Дэлхийн II дайнаас хойш тогтсон дэг журмыг сулруулж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг өөрчлөн, олон талт харилцаа, хамтын ажиллагааны тогтвортой байдлыг алдагдуулж байна” гэлээ. Америк ба Өрнөдийг сөрсөн олон туйлт дэлхийн тухай манай хоёр их хөршийн байр сууринаас ялгаатай шүү, олон туйлт биш олон тулгуурт шүү хэмээн НҮБ-ын индрээс тэрээр олонтаа мэдэгдэж буй.
Чингисийн байлдан дагуулалт хэмээн улигладаг олон улсын түүхчдийн амыг таглаж эсрэгээрээ “Монголын их амар амгалан” хэмээн НҮБ-ын индрээс шинэ дүгнэлтээ илтгэсэн Монгол Төрийн тэргүүн хэмээн ноён У.Хүрэлсүх тэмдэглэгдэнэ.
НҮБ-ын реформын амин сүнс нь юу вэ гэдэгт дахин хариулт өглөө. “НҮБ-ын шинэчлэлийн цөмд Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэл байх ёстой” гэж үздэг тул НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хөгжиж буй орнуудын төлөөллийг зохих ёсоор хангах, үйл ажиллагааг нь илүү нээлттэй, ил тод болгох гэсэн зарчмын байр суурийг манай улс баримталдаг гэлээ. “Монгол Улс нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллаж байгаагүй 58 улсын нэг юм. Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудал, сорилт бэрхшээлд хамтын шийдэл олоход хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна. Иймээс Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна”–энэ бол энэ удаагийн хэлсэн үгийнх нь нэг чухал онцлог, шигтгээ боллоо.
Монгол бол жижиг бага улс. Гэвч НҮБ-д чамгүй хувь нэмрээ оруулдаг, оруулсан ба оруулж байгаа үзүүлэлтээрээ манлайлал бүхий нэг гишүүн нь хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ тухай ноён Ерөнхийлөгч юу гэж хэлэв? Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах тухай гадаад бодлогын зорилт болох нутаг дэвсгэрээ “Цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласан, “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг 1998 оноос хойш хоёр жил тутам НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулж байна. 2002 оноос хойш дэлхийн халуун цэгүүдэд 23 мянга гаруй цэрэг, цагдаагийн албан хаагчаа илгээн, НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд идэвхтэй оролцуулж, дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэргийг бодитоор дэмжиж ирсэн. Өнөөдөр ч манай энхийг сахиулагчид Хаити Улсад үүрэг гүйцэтгэж “Гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх хүчин” олон улсын цэргийн ажиллагаанд оролцож байна. Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” 1325 тоот тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа тоог 15 хувьд хүргэсэн цөөхөн орны нэг нь Монгол. 2006 онд анхны эмэгтэй энхийг сахиулагчаа Баруун Сахар дахь ажиллагаанд илгээснээс хойших 20 жилийн хугацаанд монгол эмэгтэйчүүдийн эр зориг, тэсвэр тэвчээр, ур ухаан даян дэлхийн энхийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирлээ. “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын хоёр дахь удаагийн бага хурлыг 2027 онд Улаанбаатар хотноо зохион байгуулна гэж хэлжээ.
НҮБ-ын хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг хамгаалах, эдгээр улс орнуудын тусгай хэрэгцээ, шаардлага, онцлог байдлыг олон улсын хамтын нийгэмлэгт таниулах, тэдэнтэй хамтран эрх ашгаа хамгаалах, дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэх чиглэлээр манай улс манлайлан ажилласаар ирсэн ба НҮБ дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлэг, Улаанбаатар дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв зэрэг олон санал, санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байна. “Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг бодит ажил хэрэг болгохын тулд далайд гарцгүй хөгжиж буй орнууд уг хөтөлбөрийг үндэснийхээ хөгжлийн хөтөлбөрүүдтэй уялдуулахын сацуу бүх талын нөөц бололцоог ашиглан бүс нутгийн интеграцчлал, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь нэн чухал гэлээ.
“Тогтвортой хөгжлийн 2030” хөтөлбөр дуусах хугацаа хаяанд ирээд байгаа энэ үед зорилтуудын дөнгөж 36 хувь зохих хэмжээнд хэрэгжсэн, 15 хувь нь ухралтын байдалд байгааг НҮБ-ын 2026 оны тайлан харуулсан ба Стокхольмын олон улсын энхтайвны судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар дэлхийн улс орнуудын цэрэг, армийн зардал бүх цаг үеийн дээд хэмжээнд хүрч, 2.9 их наяд ам.доллараар хэмжигдэж байгаа, энэ их зардал, хөрөнгө мөнгийг дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, хүүхэд, эмэгтэйчүүдийн хөгжил зэрэг сэтгэл зовоосон олон чухал зүйлд зарцуулсан бол хүний нийгмийн хөгжил, дэвшилд ямар их эерэг нөлөө үзүүлэх байсан бол гэдгийг дэлхий нийтээрээ, эрүүл саруул ухаанаар эргэцүүлэн бодож тунгаах цаг нэгэнт болжээ гэж Төрийн тэргүүн хэлсэн нь шинэлэг санаа юм. Дайтагч ба дайн өдөөгч, цэрэг арми гэж сүйд болдог бүх улс руу хандуулсан шударга шүүмжлэл гэж үзэхээр юм.
Манай улсад шууд хамаатай дүгнэлт байна. “Тогтвортой хөгжлийн индексийн 2026 оны тайлан”-д дурдсанаар Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг 68.8 хувьтай хэрэгжүүлж байгаа гэсэн нь үлдэх гурван жилд хүчин чармайлтаа төвлөрүүлж бодит үр дүн, амжилтад хүрээсэй гэсэн ард түмэн рүүгээ хандсан уриа дуудлага юм.
Өнгөрсөн 5 жилийн хугацаанд ноён У.Хүрэлсүхийн санаачилсан том ажил үйлс болох “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Цэнхэр алт”, ”Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, тэгэх тусмаа дэлхийн дулаарал, цөлжилтийн эсрэг дэлхий нийтээрээ хамтран тэмцэхэд хувь нэмэр болж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг тодорхой дурдаж ярилаа. Манай улсын санаачилсан “2026 оныг Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон тэмдэглэх тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын хүрээнд глобал түвшний хоёр том арга хэмжээ 2026 оны зун зохион байгуулсныг бахдалтайгаар дурдлаа. “Даян дэлхийн малчдын чуулга уулзалт”, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал дэлхийн түүхнээ үүрд бичигдэн үлдэнэ.
Монгол Улсын бүс нутгийн бодлого чиглэлийг НҮБ-ын индрээс дахин тодруулан баримт түшин ярилаа. Юуны өмнө Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг 11 дэх удаагаа энэ жил зохион байгуулсан. Энэ нь бүс нутгийн ба олон улсын хэлэлцүүлэг өрнүүлдэг өвөрмөц платформ болж хөгжсөнийг тэмдэглэв.
Жендэрийн тэгш байдлыг ахиулах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх төлөөллийг нэмэгдүүлэх үйлсэд манай улс НҮБ дотроо хошуучлан явааг бахдалтайгаар тэмдэглэлээ. 2022 онд “Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурал”, 2023 онд “Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт”, 2024 онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”, 2025 онд “Дэлхийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулсныг дурдаад, энэ 10-р сарын 12-13-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-ын ач холбогдлыг онцлон тэмдэглэж, өндөр түвшинд, өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг дэлхийн бүх улс орнуудад хандан уриаллаа.
НҮБ дахь манай идэвхи санаачилгын шинэхэн жишээ болох дэлхийн ард түмнүүдийн түүх, иргэншил соёл, нийгэм-эдийн засгийн хөгжилд адууны оруулсан үнэтэй хувь нэмрийг хүлээн зөвшөөрсөн “Дэлхийн адууны өдөр”-ийн тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг (2025 он) цохон дурдлаа. Манай улс 2026-2029 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж байгааг тэмдэглэлээ.
2026 онд дэлхийн мянганы суут хүмүүн, хаадын хаан Их Эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байна гээд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан гаргасан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолд монголчууд бидний хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлснийг дахин эшлээд, нэгэнтээ найман зууны тэртээх түүхээ дэлхийн хамтын нийгэмлэгээр хүлээн зөвшөөрүүлсэн учраас “Монголын их амар амгалан”-гийн тухай үзэл санаагаа баримт дэлгэн түүхчлэн дэлгэрэнгүй яриад үгийнхээ төгсгөлийг бүр ч жинтэй хийжээ.
“Монголын их амар амгалан”-гийн үзэл санааг шингээсэн даян дэлхийн амар амгаланг тогтоох боломжтой гэдгийг Их Монгол Улсын ариун гал голомтыг сахин суугаа монголчууд бид НҮБ-ын хүндэт индрээс уриалж байна, Хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын баталгаа, дэлхийн улс орнуудын итгэл найдварын их өргөө болсон НҮБ-ыг “Даян дэлхийн амар амгалан”-г тогтоож чадахуйц хүчирхэг, нэр хүнд бүхий байгууллага болгохын төлөө дэлхий нийтээрээ хүчин зүтгэцгээе!–У.Хүрэлсүх.
Д.Баярхүү
Пүрэв - 09 сарын 24,
2026
Сэтгэгдэл2
Hoorhon goe yumaa
Hoorhon goe yumaa