sonin.mn

Сагсан бөмбөгийн 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтууд арваннэгдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотын “M Bank Arena”-д болно.

Энэ шатанд 12 улсын шигшээ баг хоёр хэсэгт хуваагдан, дараагийн шатанд шалгарах найман эрхийн төлөө өрсөлдөх юм. Монгол Улсын шигшээ баг F хэсэгт Тайланд, Хонконг, Малайз, Индонез, Фижийн багуудтай багтсан бөгөөд энэ сарын 26-нд Индонез, 27-нд Хонконг, 29-нд Малайзын багтай тоглоно.


Монголын сагсан бөмбөгийн холбооноос өнөөдөр тус тэмцээнд оролцох үндэсний шигшээ багийн 12 тоглогчийн нэрийг зарлалаа.


Шигшээ багийн бүрэлдэхүүнд Ш.Энхийн-Од, Н.Батбаяр, А.Азбаяр, Х.Оргил, С.Биндэръя, М.Өлзий-Орших, Г.Болор-Эрдэнэ, Б.Барсболд, О.Өсөхбаяр, Ч.Маргад, Э.Түшиг, Г.Дөлгөөн нар багтжээ.


Энэ удаа АНУ-ын NBA G лигийн “Osceola Magic” багийн тоглогч Ш.Энхийн-Од үндэсний шигшээ багийн ахлагчаар сонгогдсон байна.


Мөн Японы мэргэжлийн сагсан бөмбөгийн “Fukushima Firebonds” клубт тоглодог А.Азбаяр, “Fukui Blowinds” багийн тоглогч Х.Оргил нар эх орондоо ирж, шигшээ багтаа нэгдсэн нь онцлог юм.


Монголын шигшээ баг ийнхүү гадаадын мэргэжлийн лигүүдэд тоглож буй тамирчдынхаа оролцоотойгоор Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтуудад хүч сорих гэж байна.


Н.Отгончимэг