Монголын Үндэсний бөхийн холбооноос Аймаг, дүүргийн баяр наадамд түрүүлсэн бөхчүүдийн тойргийн барилдааныг амжилттай зохион байгууллаа. Тус барилдаанд нийт 14 бөх хоёр хэсэгт хуваагдан, тойргийн журмаар барилдав.
Хэсгийн барилдаанаас эхний гурваар шалгарсан бөхчүүд 1-6-р байрын төлөө, дөрөв, таваар шалгарсан бөхчүүд 7-10-р байрын төлөө, зургаа, долоогоор шалгарсан бөхчүүд 11-14-р байрын төлөө барилдаж дүнгээ гаргалаа.
Энэ жил Баян-Өлгий аймгийн баяр наадамд түрүүлж хурц чимэг нэмсэн Булган аймгийн Могод сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Бумбат Ундрага ХХК, Платинум Их Өргөө Констракшн ХХК, Булган дэвжээний бөх, аймгийн хурц арслан М.Эрхэмбаяр шигшээ барилдаанд 4 даваатай тэргүүлж, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, Кеестон Ресурс ХХК, Мөрөн Групп, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх, Хөвсгөл аймгийн баяр наадмын түрүү, аймгийн хурц арслан М.Цэрэн 4 даваатай дэд байрт шалгарч, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, "Хилчин" спорт хороо, Эл Фреско ХХК, ХЦ-0208 анги, "Хантайшир" дэвжээний бөх, Говь-Алтай аймгийн баяр наадмын түрүү, аймгийн хурц арслан Д.Эрдэнэтулга 3 даваатай гутгаар байрт, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Номт Даншиг ХХК, Хэтриг Групп, Чандмань Элч ХХК, Хутагтын Их Хүчтэн дэвжээний бөх, Дорноговь аймгийн баяр наадмын түрүү, аймгийн хурц арслан Б.Бадрал 3 даваатай дөтгөөр байрт шалгарав.
Мөн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-032 анги, Ивэн Бүрэн Хан ХХК, "Таван Хан" дэвжээний бөх, Сэлэнгэ аймгийн баяр наадмын түрүү, аймгийн арслан С.Оргилбаатар тавдугаар байрт, Архангай аймгийн Өлзийт сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, Орхон аймгийн баяр наадмын түрүү, аймгийн арслан Б.Орших зургаадугаар байрт тус тус шалгарлаа.
Уран барилдааны шагналыг аймгийн хурц арслан Б.Бадралд олгов .
Долдугаар байрт Булган аймгийн баяр наадмын түрүү, аймгийн арслан С.Жавхлан,
Наймдугаар байрт Архангай аймгийн баяр наадмын түрүү, аймгийн арслан О.Доржсамбуу,
Есдүгээр байрт Дундговь аймгийн баяр наадмын түрүү, аймгийн арслан Э.Мөнхболд,
Аравдугаар байрт Увс аймгийн харьяат, Дархан-Уул баяр наадмын түрүү бөх, аймгийн арслан Г.Цэрэнтогтох,
Арваннэгдүгээр байрт Увс аймгийн баяр наадмын түрүү, аймгийн арслан Ц.Бямбацогт,
Арванхоёрдугаар байрт Ховд аймгийн харьяат, Багахангай дүүргийн баяр наадмын түрүү, аймгийн арслан Ц.Заяатүшиг,
Арвангуравдугаар байрт Өвөрхангай аймгийн харьяат, Багануур дүүргийн баяр наадмын түрүү, аймгийн арслан Г.Мөнх-Ёндон,
Арвандөрөвдүгээр байрт Баянхонгор аймгийн баяр наадмын түрүү, аймгийн арслан Э.Бямбадорж тус тус шалгарлаа.
Ням - 11 сарын 22,
2026
Сэтгэгдэл0