sonin.mn

ОХУ, БНХАУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт олон улсын анхаарлыг татсан үйл явдал боллоо. Үүнтэй холбогдуулан Хятадын Төв радио, телевизийн CGTN сувгаас олон улсын үзэгчдийнхээ дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 88.3 хувь нь гурван улс урт хугацаанд энх тайвнаар зэрэгцэн оршихыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Мөн 83.3 хувь нь их гүрнүүд энх тайвныг эрхэмлэж, яриа хэлэлцээг дэмжин, олон улсын нөхцөл байдлыг тогтворжуулахад орлуулшгүй үүрэг гүйцэтгэдэг гэж үзсэн байна.


Их гүрнүүдийн харилцаанд харилцан хүндэтгэл, итгэлцэл чухал байр суурь эзэлдэг. Санал асуулгад оролцогчдын 93.4 хувь нь харилцан хүндэтгэх, санал зөрөлдөөнөө яриа хэлэлцээний замаар зохицуулах, нийтлэг ашиг сонирхолд тулгуурлан хамтран хөгжих нь их гүрнүүдийн харилцааны үндсэн зарчим байх ёстой гэж хариулжээ.


Түүнчлэн оролцогчдын 88.6 хувь нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь их гүрнүүдийн харилцааг тогтвортой байлгах чухал хүчин зүйл гэж үзсэн бол 89.9 хувь нь улс орнуудын хооронд санал зөрөлдөөн гарах нь зайлшгүй учраас хямралын үед шуурхай харилцах, эрсдэлийг бууруулах механизм бий болгох шаардлагатайг онцолсон байна. Ингэснээр үл ойлголцол, маргаан зөрчил хурцдаж, олон улсын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзжээ.


НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн хувьд БНХАУ, ОХУ, АНУ нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах онцгой үүрэг хариуцлага хүлээдэг. Энэ хүрээнд санал асуулгад оролцогчдын 77.9 хувь нь гурван улс Дэлхийн хоёрдугаар дайны дараа бүрэлдэн тогтсон олон улсын дэг журмыг хамгаалж, НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмыг тууштай баримтлах ёстой гэж үзсэн байна.

Мөн бүс нутгийн мөргөлдөөн, олон улсын хурцадмал асуудлуудыг шийдвэрлэхэд гурван улс харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатайг оролцогчид онцолжээ. Тухайлбал, маргаан зөрчлийг зуучлал, дипломат яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэх, улс орнуудын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэх, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг баримтлах нь чухал гэж үзсэн байна.


Түүнчлэн мөргөлдөөнийг улам хурцатгах аливаа үйлдлээс зайлсхийж, зөрчилд оролцогч талуудад зэвсэг нийлүүлэхгүй байхыг их гүрнүүдээс хүсэж буйгаа илэрхийлжээ.


Их гүрнүүдийн харилцаа тогтвортой байх нь зөвхөн тухайн гурван улсын төдийгүй дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй. Харин тэдгээрийн хоорондын сөргөлдөөн хурцадвал олон улсын худалдаа, хөрөнгө оруулалт, бүс нутгийн аюулгүй байдалд сөрөг үр дагавар учруулах эрсдэлтэй юм.


Энэ хүрээнд санал асуулгад оролцогчид их гүрнүүд харилцан хүндэтгэлд тулгуурласан, санал зөрөлдөөнөө энхийн замаар шийдвэрлэдэг харилцааны шинэ хэлбэрийг төлөвшүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.


Санал асуулгын дүнгээс үзэхэд оролцогчид Хятадын олон улсын тавцанд гүйцэтгэж буй үүргийг мөн эергээр үнэлжээ. Тухайлбал, Хятадыг дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжигч, олон улсын дэг журмыг боловсронгуй болгоход хувь нэмэр оруулагч, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэгч гэж үзсэн байна. Мөн их гүрнүүдийн харилцааг тогтворжуулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Хятадын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлжээ.


CGTN-ийн мэдээлснээр, уг санал асуулгыг тус сувгийн англи, испани, франц, араб, орос хэл дээрх цахим платформуудаар явуулсан бөгөөд 12 цагийн хугацаанд нийт 4914 хүн оролцож, байр сууриа илэрхийлсэн байна.


Санал асуулгын дүн нь CGTN-ийн цахим платформын оролцогчдын байр суурийг илэрхийлж байгаа бөгөөд дэлхийн нийт хүн амын үзэл бодлыг төлөөлөх статистикийн судалгаа биш юм.



Г.Бямба