sonin.mn

Монголын Бие хамгаалагчдын Хүндэт академи, Монголын бие хамгаалагчдын Шадар хамгаалалтын холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, Монголын бие хамгаалагчдын үндэсний чуулганыг зохион байгуулах гэж буй талаар мэдээллээ.


Тус чуулган нь Монгол Улсын бие хамгаалалтын салбарыг мэргэжлийн хөгжлийн шинэ шатанд гаргах, салбарын байгууллага, мэргэжилтнүүдийг нэгтгэх, харилцан туршлага солилцох, цаашдын хөгжлийн бодлого, зорилтыг тодорхойлоход чиглэжээ.



Зохион байгуулагчдын мэдээлснээр, чуулганы үеэр бие хамгаалалтын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэх юм. Түүнчлэн мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэх, ёс зүй, хариуцлагыг бэхжүүлэх, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.



Мөн ахмад үеийн бие хамгаалагчдын хуримтлуулсан мэдлэг, туршлагыг залуу үед өвлүүлэх, мэргэжлийн боловсон хүчний боловсрол, ур чадварыг дээшлүүлэх замаар салбарын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьж байгаагаа илэрхийлэв.


Монголын бие хамгаалагчдын Шадар хамгаалалтын холбоо нь 2006 оны долоодугаар сарын 7-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 128 дугаар тушаалаар байгуулагдсан төрийн бус байгууллага аж. Тус холбоо нь салбарын хэмжээнд төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийг дэмжих, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хувь нэмэр оруулах, мэргэжлийн хувийн хамгаалагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.


Түүнчлэн Хувийн хамгаалалтын тухай хуулийн 10.2-т заасны дагуу хувийн хамгаалалтын чиглэлээр ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, дотоод, гадаадад мэргэжлийн сургалт зохион байгуулах, сертификат, батламж олгох, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр ажилладаг болохыг танилцууллаа.


Цаашид олон улсын бие хамгаалагчдын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, туршлага солилцохын зэрэгцээ Монгол Улсын хувийн шадар хамгаалалтын салбарын онцлогт нийцсэн мэргэжлийн арга барил, сургалтын тогтолцоог хөгжүүлэхээр зорьж байгаа аж.



М.Чой