sonin.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Данхар төр-Дарамтат татвар” сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралаас асуулт асууж, хариулт авлаа. Асуулгын цагаар сөрөг хүчний ес, олонхийн бүлгийн хоёр, бусад улс төрийн нам эвслийн хоёр гишүүн татварын бодлого, өсөн нэмэгдэж буй татварын хэмжээ, шинэчлэн өргөн барьсан хуулийн төсөл болон НӨАТ-ын хуулийн асуудлаар асуулт асууж, хариулт авсныг тоймлон хүргэе.


УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Сүүлийн 10 жилд аж ахуйн нэгжээс авч байгаа татвар зургаа дахин нэмэгджээ. Иргэдийн орлого зургаа дахин нэмэгдсэнгүй. Ядуурал нэг ч хувиар буураагүй. Дундаж давхарга агшсан. Бодлогын алдаа гарсанд санал нэгдэж байна уу.


Ерөнхий сайд Н.Учрал: 2016 онд манай улсын хүн ам 3 сая гаруй байсан бол өнөөдөр 3.4 саяд хүрсэн. Нэрлэсэн ДНБ 29.9-аас 89.9 их наядад хүрлээ.


10 жилийн хугацаанд ДНБ тэлж, хүн ам ч өслөө. Төрийн захиргааны алба хаагчид гэхээс илүү төрийн үйлчилгээний алба хаагчид нэмэгдлээ.


2016 онд 260 мянга байсан сургуулийн насны хүүхэд 455 мянга буюу хоёр дахин өсөв. Дагаад төрийн үйлчилгээний алба хаагчид өсчээ гэсэн үг. Төрийн захиргааны буюу яамдуудад 2000 хүрэхгүй хүн л ажиллаж байгаа. Хүүхэд, хүн амын тоо өсөхийн хэрээр үйлчилгээний алба өснө. Алдаа байсан гэдэгт санал нийлнэ.


Төсөв, мөнгөний бодлогоо уялдуулж чадаагүй. Хуримтлалаа бүрэн ашиглаж чадаагүй. Олсныхоо хэрээр үрчихэж.


Алдагдалгүй төсөв батална гэсэн улстөржилтийн гайгаар олсноо үрж, урсгал зардлаа нэмсэн. Цаашдаа төсвийн мөнгөний бодлогыг уялдуулах бодлогыг барина. Хөдөлмөр эрхэлж буй хүн бүхнийг дэмжинэ.


УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Танай намын мөрийн хөтөлбөрт татвар нэмэхгүй гэжээ. Гэтэл энэ хугацаанд 17 татвар нэмжээ. Мөрийн хөтөлбөрөөсөө буцсан гэж ойлгох уу.


Ерөнхий сайд Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд нэмэгдсэн татваруудыг харлаа. Онцгой албан татвар нэмэгдсэн. Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ буюу тамхи, архины татвар нэмсэн. ХХОАТ-ыг анх удаа шаталсан тогтолцоо руу шилжүүлсэн байгаа. Нийслэл хотын татварыг 2 хувь болгосон. Агаарын бохирдлын төлбөр нэмэгдсэн. Татвар төсөв бүрдүүлдэг гол хэрэгсэл биш.


Нийгмийн баялгийг тэгш хуваарилдаг механизм. Манайх шиг оронд шаталсан татварын тогтолцоо руу шилжих ёстой гээд хамгийн эхний дэвшил нь ХХОАТ байсан. 10-15 саяас давсан орлогод 15 хувь нэмдэг.


Түүнээс дээш 20 хувь буюу өндөр орлого олж байгаагаас татвар авч, эргээд дундаж давхарга буюу бага орлоготой иргэдээ дэмждэг механизм. Ингэснээр эрүүл мэнд, боловсролын салбар, төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ. Татвараар дамжуулж чинээлэг дундаж давхаргыг бий болгохоор шаталсан татварт 2022 онд шилжсэн. ХХОАТ-ыг 1 хувь болгох нь чинээлэг дундаж давхаргынхаа эсрэг дэвшүүлж буй санал.


УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх ганц гайгүй хууль баталсан ч эндээс ухарчихлаа. Татварын хөнгөлөлтөөс буцаж байгаа нь бага, дунд орлоготой иргэнээ дэмжих бодлогоос ухарч буй хэрэг биш үү.


Ерөнхий сайд Н.Учрал: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлээд хэнд ашигтай вэ. 20 мянган төгрөг авч байгаад 40 авна. Гэтэл 300 сая төгрөгийн машин авч байгаа нь хэдийг авах вэ. Хэн хожоод байна вэ. Энэ бол хэрэглээг дэмжсэн бодлого.


Хөдөлмөрлөж байгааг дэмжинэ гэдэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэглэнэ буюу 792 мянгаас тэглэчихвэл тэр хүн 79200-г өөртөө үлдээнэ. 3 саяын цалинтай хүн 2.2 саяас татвараа төлнө.


Гэтэл бүгдийг 1 болгоно гэхээр 10 саяын орлоготой хүнээс хүртэл 1 хувь авах юм уу. Тэгээд цаашдаа яаж нийгмийн үйлчилгээг авах вэ. Дундаж давхаргаа хэрхэн дэмжих вэ. Аймаг, орон нутаг бие дааж үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрэх үү. 


УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Цалин авч байгаа хүн чинь хөдөлмөр хийж байгаа хүн. Хөдөлмөрийн хөлсөө авч байгаа. Тэр хүнийг дарамтална гэж болох уу. Их ажиллаж ихийг олох тусам ихийг авна гэх үү.


Ерөнхий сайд Н.Учрал: Та ярьж байгаагийнхаа эсрэг яриад байна. НӨАТ-ын буцаалтыг нэмэгдүүлнэ гэдэг хэрэглээг дэмжинэ.


Би хөдөлмөр эрхлэлтийг дэмжье гэж хэлээд байна. 700 мянгын худалдан авалтаас 37 мянгыг буцааж олгоод хэнд ашигтай юм. Авч байгаа цалингийн 792 мянгыг тэглэж байгаа нь хөдөлмөрлөж байгааг дэмжих бодлого.


Чинээлэг нь илүү хожихгүй. Хөдөлмөрлөснийг нь дэмжинэ. Лексус авсан хүний НӨАТ-ын буцаалт олголоо гэхэд есөн багшийн цалинг алдана. Илүү орлого олсон нь илүү төлдөг, түүгээр нь дамжуулж нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ. Монгол Улс цаашдаа шаталсан татварын тогтолцоонд шилжинэ. Хөдөлмөрлөж байгааг дэмжинэ. Хэрэглээг огт дэмжихгүй. Олон улсын жишиг ч ийм байдаг юм. НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая болгож байгаа нь 23 мянган ААН-ийг босгож ирэх бодлого.


ААНОАТ жилд 1.5 тэрбумаас доош бол 1 хувиар төлж байсныг 2.5 болгочихвол 180 мянган танайх шиг том компани төрөх нь ээ. 0-6, 6-10, 10-15 тэрбум гээд шаталсан босгуудыг нэмэгдүүлж байгаа.


Өмнө 10, 25 хувь гэж байсан. Одоо 6-10 тэрбумын орлоготой компанид 15 хувийн татвар бий болгож, 25 хувийн дунд нэг шатлал бий болгосноор дахиад 300 компанийг дэмжинэ. Би танайх шиг олон компани төрөөсэй гэж бодож байгаа шүү. Илүү олбол илүү төлөөсэй гэж байгаа юм.


УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Дутуу эхлээд хаячихсан том төслүүдийн овоолго Монгол Улсад дүүрлээ. Бүтэлгүй төслүүдийг татварын орлогоор төлөөд байгааг өөрчлөе. Том төрөөс ухаалаг төр лүү шилжих бодлого хэрэгжиж чадаж байгаа юу.


Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн өмчит компаний бүтээмж, засаглалыг сайжруулах төслийг УИХ-д өргөн бариад жил болж байна. Энэ хуулийг баталчих хэрэгтэй. Том төрөөс ухаалаг төр лүү шилжих шилжилтийг бодитой хийсээр байгаа. Ажлаа аваад хоёр сар болоогүй ч хийсэн ажил байна.


Баялгийн санг “Хөрөнгө оруулалтын сан”-гаар ажиллуулах бодлогын шинэчлэл эхлүүлсэн. “Эрдэнэс Монгол”-ын харьяанд байсан 10 компанийг татан буулгаж 67 тэрбумыг хэмнэлээ.


Хөрөнгө оруулалт, менежментийн хэд, хэдэн компанитай холбогдлоо. Хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ажиллуулж, менежментийг нь нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулна. Төрийн өмчит компаниуд 20 орчин буурсан юм билээ. Энэ тоог дахиад ч бууруулна. “Хөрөнгө оруулалтын сан”-г Узбектэй адилхан олон улсын менежментэд өгөөд, тэд бирж дээр гаргах юм. “Эрдэнэс Тавантолгой”-д олон улсын аудит оруулна. 933 төгрөгийн хувьцааны үнэлгээг багадаа 3000 төгрөгт хүргэнэ. 10 төрийн өмчит компанийг буулгах амар байгаагүй. Хүний, өөрийн намгүй над руу ярьж байгаа. 


Мега төслүүдийг бүгдийг нь эрэмбэлсэн. Гэхдээ валютын нөөцийг хадгалахын тулд гадаад зээл тусламжаа явуулна. Гишүүд хууль баталж өгсөнд талархаж байгаа. Гадаад зээл тусламж хэрэгтэй байна.


Төсөв, мөнгөний бодлогоо зөв уялдуулж явна. Эрэлтийн гаралтай инфляцид ч арга хэмжээ аваад явж байна. Бид хэтэрхий их мега төсөлд хөрөнгө оруулсан. 2016 оны 5 их наядын татвар өнөөдөр 29 их наяд болно гэдэг сайн мэдээ. Эдийн засаг томорч байна гэсэн үг. 2023 оны статистикаар Монгол Улс дундаж орлоготой улсын эгнээнд шилжчихлээ. 1986 оноос хойш төсвийн шинэчлэл хийж чадаагүй. Капитализмд шилжсэн атлаа социалист арга барилаар удирдаад байвал бэрхшээлтэй тулгарна. Үүнийг цэгцлэх үүрэг надад ирсэн учраас попрохгүйгээр үнэнийг яриад урагшилна.


УИХ-ын гишүүн Г.Очирбат: Төр данхайлаа. 21 мянган албан хаагчдаа хэрхэн цэгцлэх вэ. Төрийн хамгийн том ажил олгогч болчихлоо. Эдийн засаг тэлсэнгүй. Эсрэгээрээ татвар л нэмэгдлээ.


Ерөнхий сайд Н.Учрал: Сүүлийн 10 жилд эдийн засаг зургаа дахин тэлсэн. ДНБ 89.9 их наядад хүрсэн ч өрхийн хаалгаар орж чадаагүй. Үүнийг өөрчлөхийн төлөө ажиллаж байна.


Татварын хуулийг өргөн мэдүүлчихлээ. Хэрэглээг дэмжсэн бодлогыг өөрчлөхгүйгээр үнийн өсөлтийг барьж чадахгүй. Хоосон улстөржилт, хийрхэл л энэ замд хөтөлсөн.


Сонгууль бүрийн өмнө янз бүрийн шимтгэл, татвар бууруулсаар байгаад ийм байдалд хүргэчихлээ. Өндөр орлоготой нь илүү төл гэдэг зарчимд шилжинэ.


УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Татварын бодлого данхагар төртэйгөө шууд холбоотой. Х.Тэмүүжин гишүүний санаачилсан Ерөнхий сайдын индрийг буулгах асуудал нь өөрөө данхагар төрийг буулгах юм. Та үүнийг дэмжиж байна уу.


Ерөнхий сайд Н.Учрал: Их хурлын гишүүдийн санаачилсан хуулийг УИХ өөрөө л шийднэ. Засгийн газар шийдэхгүй. Төсвөө хэрхэн төлөвлөх, чинээлэг дундаж давхаргаа дэмжих гээд завгүй явж байна. 12 саяын цалин авч байгаа хүн 10 саяасаа 10 хувь, 2 саяасаа 15 хувь төлөх нь нийгмийн баялгийн тэгш хуваарилалт. Хэрэглээг дэмжинэ гэдэг чинь чинээлэг дундаж давхаргаа устгая гэсэн бодлого. Тэтгэврийн шударга бус тогтолцоог арилгана. Төрийн албан хаагчийн хуулийг 33 хуулийг өөрчилж, цалинг шударга болгоно. Халамжийг нэгтгэж, бууруулна.


УИХ-ын гишүүн Ө.Шижир: “Эрдэнэс Монгол”-ын 10 компани чинь оройтсон бороо л боллоо. Төрийн өмчийн 100, орон нутгийн өмчийн 400 компани бүртгэлтэй. 30 их наядын өртэй. Таны Засгийн газрын сайд нар эрх мэдлээ л булаалдаад төрийн өмчийг үнэгүйдүүлж, давхардуулсан бүтцийг бий болгоод байна. Бүтцийг арилгаж чадах уу.


Ерөнхий сайд Н.Учрал: Хийхээр оройтлоо гээд хийхгүй болохоор хийсэнгүй гэх юм. Зөв зүйлийг дэмжиж чадвал залуучууд улс орноо зөв хөдөлгөж чадна. Сөрөг хүчин шүүмжлэхийн төлөө байх нь утгагүй. Хийхгүйгээс оройтсон нь үнэн. Гэхдээ 10 компанийг татан буулгаад, дэргэд нь байсан менежментийн компанитай нэгтгэнэ. 260 гаруй орон тоог цомхотголоо. Хийхгүй оройтвол бүр л оройтно.


Төрийн өмчит компаниуд хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаанд оролцож байгаагаас салах хэрэгтэй. Ашигтай ажиллаж байгаа компаниудынхаа шэйрийг нийлүүлээд бирж дээр гаргах замыг сонгосон.


Засаглал ил тод болох нь хяналтад орно гэсэн үг. Таныг ЕТГ-ын дарга байхад тэтгэврийн зээл тэглэсний өр төлбөрийг “Эрдэнэс Монгол” төлсөөр л байна. ЗГХЭГ-ын дарга байхдаа Төрийн өмчит компаний бүтээмж, засаглалыг нэмэгдүүлэх хуулийн төсөл боловсруулж өргөн мэдүүлсэн. Нийтийн өмчийн хуулийг өргөн мэдүүлсэн ч жил боллоо. Би ажлаа хийсэн. Одоо энэ болгоноо угсарч үр дүн гаргахаар ажиллаж байна. Зөвийг зөв, бурууг буруу гэж дүгнэхийг хүсье.


УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Улсын төсөв 10 жилийн өмнөөс 5.5 дахин өсчээ. Татварын бус орлого 3 их наяд. Иргэдээ торгож хүү, торгуулиас л мөнгө олсон хэрэг. Дундаж орлого 3 сая, зарлага нь 3.1. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрлөөд байхад ядуураад зээл авч амьдардаг иргэдтэй болжээ.


Ерөнхий сайд Н.Учрал: Татварын хувь хэмжээ өсөөд байгаагаас татварын орлого өссөн юм биш. Уул уурхайн өсөлтийг дагаад төсвийн орлого өссөн хэрэг. Уул уурхайн салбарын ил тод байдлын тухай хууль санаачлахыг “Нээлттэй засгийн түншлэл-д төлөөлж очихдоо дэмжиж, энэ хуулийг батлуулалцсан.


Биржээр нүүрс арилжаалдаг болсноор орлого өссөн юм аа. 10 жилийн дотор ДНБ 29.9-аас 89.9 их наядад хүрчээ. Гэвч олсныхоо хэрээр үрчихсэн учраас хуримтлал үүсгэж чадаагүй.


Татварын хуулиа хийж чадвал ажлын байраа нэмэгдүүлнэ. Хэдэн жил хэрэглээг дэмжих вэ. Зөвшөөрлийн хуулиар 110 зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлнэ.


УИХ-ын гишүүн Д.Батбаяр: Иргэдийн цалин Вьетнам болон Индонези улстай адил байна. Энийг хэрхэн өөрчлөх вэ. Татвар хэтийдсэн, төр данхагар байна аа. Бодлого буруу байсныг хүлээн зөвшөөрөх үү.


Ерөнхий сайд Н.Учрал: Үеийн үед эрх барьж байгаа намыг удирдаж байгаа намын дарга нар өнгөрсөн хугацааны амжилтаа ахиулаад алдааг нь засаад урагшилдаг. Би ч тэр зарчмаар алдааг нь засаж, амжилт ололтыг нь ахиулж явахыг эрмэлзэж байна. Эдийн засаг томроод татвар авахаар их авлаа гэж ярьж болохгүй. Төсөвт реформ хийхээс өөр замгүй. Төсвийн чөдөр тушаа болж байгаа алдааг өөрчилнө. Үр дүнд хүртлээ таван жилийг давах ч эхлүүлэх цаг болсон.


УИХ-ын гишүүн Г.Хосбаяр: Аж ахуйн нэгжүүд хумигдсаар байна. Татварын дарамтаас энэ бүхэн болоод байна уу. Бүтээн байгуулалт, зам харгуйн ажлаа хийгээд явмаар байна.


Ерөнхий сайд Н.Учрал: Үндсэн хуульд заасан ялгаварлахгүй байх зарчим буюу салбар, салбарын татварыг өөр, өөрөөр тогтоох нь буруу. Өндөр орлоготойгоос илүү татвар авч дундаж орлоготой иргэдээ дэмжих нь зөв. Шаталсан тогтолцоо руу алхам, алхмаар явна. ТОП-100 аж ахуйн нэгж татварын ачааллыг нуруундаа үүрдэг. Тэдэн шиг олон компани төрөн гараасай. Миний дэвшүүлсэн “Чөлөөлье” бодлого ийшээ л чиглэнэ. Илүү олон баялаг бүтээгчийг төрүүлж гаргахын тулд Татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн барьсан.


УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Төрийн өмчийн хувьчлал 1990 онд мэдээлэлд ойр хүмүүст үйлчилсэн. Энэ удаа алдааг давтахгүй байж чадах уу. Төрийн өмчит компаниуд хувийн хэвшилтэй өрсөлдмөөргүй байна. Төрөөс тэрбумтан төрж болдгийн нэг жишээ нь Төрийн банкны захирлын жишээ. “Эрдэнэс Монгол” дээр дарга халахдаа 100-300 саяыг өгөөд явуулж байна. Энийг өөрчлөх үү.


Ерөнхий сайд Н.Учрал: Өмч хувьчлалын талаарх иргэний боловсрол 1990 оныг бодвол эрс сайжирсан. Гадаад, дотоодод өндөр боловсрол эзэмшсэн залуустай нэг баг болж хувьчлал хийгээд томоохон гэрээний төслүүдэд ажиллаж байгаа. Тэдгээр залууст итгэл үнэмшилтэй байдгаа энэ дашрамд хэльчихье. Өмч хувьчлалыг ч өөр өнцгөөр харж ажиллах болно. Буруутай этгээд байвал төлүүлэх арга хэмжээ аваад явна.


УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ард түмэн аппликейшны зээлэнд живчихсэн байна. Ард түмний амьдрал 5 дахин нэмэгдсэнгүй. Дарга нарын амьдрал 50-100 дахин нэмэгджээ. Газрын тосны үйлдвэрийн төсөв яагаад нэмэгдчихэв. Улстөрчид үүнийг шийдэх ёсгүй. Мэргэжлийн экспорт, хөндлөнгийн дүгнэлт гарсан уу?


Ерөнхий сайд Н.Учрал: Энэтхэгийн тэрбум ам.долларын буцалтгүй тусламжаар Газрын тосны үйлдвэр барих төслийг Засгийн газар санаачлан УИХ-аар батлуулсан. Өртөг нь урьдчилсан байдлаар 1.2 тэрбум гэж гарсан ч ТЭЗҮ-ийн дараа 1.7 тэрбум болсныг ч УИХ соёрхон баталсан. Гадаад зээл ашиглалтын тухай хуулийн дагуу Засгийн газар төслийг хугацаанд нь гүйцэтгэх ажлыг хариуцаж байна.


УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Хуульгүй электрон тамхи хүүхдүүддээ үүрүүлсэн тэсрэх бөмбөг боллоо. Тамхины хуулийн төсөл УИХ-д гацлаа. ЕвроАзийн түр хэлэлцээр таван улстай байгуулж, ирэх долдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Энэ хэлэлцээрт янжуур тамхины гаалийн албан татварыг тэглэж орж ирсэн. Үүнийг засах үүргийг өгсөн ч өдий хүртэл орж ирсэнгүй. Хямд өртөгтэй янжуур, электрон тамхийг хэрхэх вэ.


Ерөнхий сайд Н.Учрал: Төсөв дагуулаад онцгой албан татварыг нэмж оруулна. Тамхинд онцгой албан татвар нэмэхээр татвар нэмлээ гэж битгий шүүмжлээрэй. ЕвроАзийн түр хэлэлцээр дотоодын аж ахуйн нэгжүүдээ олон улсын зах зээлд гарахад дэмжлэг үзүүлж байгаа. Хүүхдийн асуудалд онцгой анхаарч ажиллана. Нийгэмд үүсээд байгаа цочирдом олон асуудлаар яаралтай арга хэмжээ авч ажиллана.


УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй 13 мянган хүүхдээс 20-30 хүрэхгүй хувь нь сургуульд сурч байгаа. Бусад нь боловсрол авч чаддаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, эцэг эхэд туслах сэргээн засахын мэргэжилтнийг эрэлттэй мэргэжлийн жагсаалтад оруулж өгөөч.


Ерөнхий сайд Н.Учрал: Халамж ихдээд байна гэдэг атлаа асаргаа хэрэгцээтэй иргэндээ очиж байгаа нь 26 хувь. Хөдөлмөрлөж байгаа, эрүүл саруул ажлаа хэвийн явж байгааг халамжилдаг нь 70 хувь. Халамжийг ялгаатай авч үзнэ. Боловсролын зээлийн санг хөгжлийн сан болгоно. Сэргээн засахын нарийн мэргэжлийг зээлийн жагсаалтад бичнэ. Шаардлагатай бол 100 хувь санхүүжүүлнэ. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг байгуулж байсан тул зовлонг нь ойлгож байна.


УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Улирлын шинжтэй бизнесүүдэд гаднаас ажиллах хүчин оруулж ирэх боломж, бололцоог хэрхэн судалж байна. Оюутан болон ахмадуудыг хөдөлмөрийн зах зээлд дэмжих чиглэлд ямар бодлого барих вэ.


Ерөнхий сайд Н.Учрал: Ажиллах хүчний эрэлтийн судалгаа гарчихсан. 2023 онд гэхэд 40 мянган ажиллах хүчний хомсдол үүссэн. Тантай санал нэг байгаа. Ажиллах хүчний оролцооны түвшин бага байгаа. Эрэлттэй ажлын байранд шаардлага хангах хүн олдохгүй болчихсон. Үүнд дүгнэлт хийгээд салбаруудаа онцлоод дотоодын ажиллах хүчинтэй уялдуулах бодлого барина. Бизнесийн эрх чөлөөний хуульд энэхүү зохицуулалтыг тусгасан. Алхам хийж байгаа. МСҮТ-ийг хувийн компаниудаар удирдуулахаар менежментийг тэдэнд өглөө.


УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Засгийн газар хэзээ төсвийн бодлогоо хумиад мөнгөний зөөлөн бодлого явуулж, хувийн сектороо чөлөөлөх вэ. Цаг хугацаа алдаад байна.


Ерөнхий сайд Н.Учрал: Ажлын байрыг л нэмэгдүүлнэ. Хэрэглээг би дэмжихгүй. “Чөлөөлье” бодлого ийшээ л чиглэнэ. Шударга бус байдлаар тэгшитгэхгүй. Шударга тэтгэврийн тогтолцоог бий болно. Хуулийг маань батлаад өгчихвөл намраас нэг мөр ажлаа цэгцлээд дэвшил гаргаад явна.


УИХ-ын гишүүн Б.Батбаатар: 60 хоногийн бодит үр дүнг гурван тоогоор илэрхийлж өгнө үү. 100 хоногт эдийн засгийн бодит тоог өөрчилж чадах уу. Энэ асуултад хариулна уу.


Ерөнхий сайд Н.Учрал: Засах асуудал олон байгаа. Төслүүдийг эрэмбэлсэн. Төрийн албанд процессын дахин инженерчлэл хийж дууслаа. Төсөвт бодит шинэчлэл хийхэд бэлэн болсон. Экспорт сард хоёр тэрбумаар өссөн. Нүүрс өнгөрсөн сараас 3.5 сая тонноор нэмэгдлээ.


Гадаад валютын улсын нөөцийг 7.3 тэрбум ам.доллар болголоо. Хүнсний ногоо, инфляцийг өдөөдөг мах зэрэгт зохих арга хэмжээ авснаар үнийн өсөлтийг хязгаарлаж чадлаа.


Шатахууны үнийг тогтвортой барьж байна. Үнэ өсөхөөс урьдчилан сэргийлж чадлаа. Гангийн үйлдвэрийн сонгон шалгаруулалт зарласан. Зэс боловсруулах үйлдвэрийн үнэлгээний хороо байгуулагдаж сонгон шалгаруулалт руу орж байна гэх мэтээр олон ажлууд ахиц дэвшилтэй явж байна.